| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/05893/И |
| Дугаар | 210/МА2026/00382 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00382
“*******” ТБАГ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
“*******” ТБАГ-ын нэхэмжлэлтэй,
“*******” ХХК-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэл болон алданги 264,128,275 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
“*******” ХХК нь *******т 2020 оны 10 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагаар бүртгүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл “Ажил олгогчийн үндсэн эрх, үүрэг”-ийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл даатгалын мэндийн шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дах хэсэгт “орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх” гэж заасныг тус тус зөрчин 2023 оны 4 дүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг үүсгэсэн. Үүний улмаас 2025 оны 5 сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэл 179,912,557.18 төгрөгийн өрийг үүсгэсэн.
Тус байгууллагын удирдлагуудтай уулзалт хийн, өр авлага барагдуулах чиглэлийг өгч, шат дараатай арга хэмжээ авч ажилласан боловч шимтгэлийн өрийг одоог хүртэл барагдуулаагүй байна. Уг зөрчлийн улмаас даатгуулагч иргэдэд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоон, олгох эрх үүсэхгүй хохирч байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дах хэсэгт “төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.” гэж заасан байдаг. Дээрх заалтын дагуу төлөөгүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 84,215,718.45 төгрөгийн алдангийг тооцон ногдуулаад байна.
Иймд, нийгмийн даатгалын шимтгэлийн өр (шимтгэл, алданги) буюу нийт 264,128,275.63 төгрөгийг хуулийн дагуу гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч *******д 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар гаргаагүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар “*******” ХХК-иас 264,128,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,478,591 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ хэмээн заасан байна. Мөн зүйлийн 77.2-т “Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно” хэмээн заасан байна. Дээрх шаардлагатай тохиолдол нь газар нутгийн онцлогоос шалтгаалсан алслагдмал газар эсвэл хэт олон хариуцагчид байх тохиолдолд утас, факс гэх мэт мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Гэтэл манай тохиолдолд бид олон хариуцагчтай, эсвэл олон хаягтай газар биш, мөн газар нутгийн онцлогоос шалтгаалсан алслагдмал газар байршилтай бус, Улаанбаатар хотод оршин суудаг байхад шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудас өөр бусад хэлбэрээр буюу утас, цахим хаягаар ч мэдэгдээгүй атлаа утсаар ярьсан тэмдэглэл үйлдэн шүүх хуралдааныг товлон, шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.
Үүний үр дүнд бид өөрсдийн хуульд заасан бүрэн эрхээ эдэлж чадаагүй буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх эрхээ эдэлж чадаагүйн үр дүнд тус зүйлийн 6.1-д заасан мэтгэлцэх зарчим зөрчигдөж байна.
Иймд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд ноцтой зөрчил гаргасан Баянгол, Хан-Уул,дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/08881 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, мэтгэлцэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын захирал *******тай уулзаж, эвлэрэх санал тавьсан боловч “өмгөөлөгчтэй хамт байж эвлэрнэ, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох боломжоор хангаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан учраас шүүх хуралдааныг хойшлуулсан. Үүний дараагаар хоёр дахь шүүх хуралдаан товлогдох хүртэл “эвлэрэх санал хэвээр тул ирж уулзаарай” гэж хэлсэн боловч хариуцагч тал ирж уулзаагүй. Гурав дахь шүүх хуралдаан товлогдсон боловч тус байгууллагаас ямар нэгэн хариу, тайлбар ирүүлээгүй. Тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа, эсхүл татгалзаж байгаагаа илэрхийлээгүй тул хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж уг хэргийг шийдвэрлүүлсэн гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ТБАГ нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл болон алдангид нийт 264,128,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн боловч хүчингүй болсон хуулийн хугацаанд алданги тооцсон нь учир дутагдалтай болсон байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан баримтаар “*******” ХХК нь 2023 оны 04 дүгээр сараас 2025 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 179,912,557.18 төгрөгийн өр төлбөр үүсэж, улмаар хугацаандаа төлөөгүйгээс хуульд зааснаар алданги тооцсон болох нь тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй байна.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэл, алданги тооцсон цаг хугацаанд Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны 05 дугаар сарын 31-ний өдөр батлагдаж, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүчингүй болсон/ болон Нийгмийн даатгалын ерөнхий хууль /2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн/ тус тус үйлчилж байсан.
Үүнээс Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 20 дугаар зүйл буюу хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага /алданги/ хүлээлгэхээр болжээ.
Улмаар Зөрчлийн тухай хуульд Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих гэсэн 10.17 дугаар зүйлийг нэмж, уг заалтад нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан. Уг зүйлийн “тайлбар” хэсэгт шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож төлүүлэхээр тусгасан байна.
5. Хэргийн баримтаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ” гээд 6.15 дахь заалтад “нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил” гэж зааснаар нийгмийн даатгалын байцаагч хариуцагч “*******” ХХК-ийн зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн, шимтгэл төлөх үүргийн зөрчилд алданги тооцсон байдал тогтоогдоогүй.
Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид алданги, торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ” гэж заасан боловч зохих журмын дагуу хариуцагчид алданги ногдуулсан эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй нөхцөлд энэ зохицуулалт үйлчлэхгүй.
6. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн “тайлбар” хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон ба анхан шатны шүүх хариуцагчид алданги ногдуулсан эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 04 дүгээр сараас 2023 оны 07 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлд алданги тооцсон нь үндэслэлгүй болсон байна.
Хэрэгт авагдсан баримт болох нийгмийн даатгалын шимтгэлийн алданги тооцсон хүснэгтээс үзвэл хариуцагч “*******” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон алданги 1,932,234.87 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон алданги 4,050,178,66 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон алданги 4,255,083.07 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон алданги 4,255,083.07 төгрөг, нийт 14,523,326 төгрөг болж байна. /х.х-ийн 3/
7. Нийгмийн даатгалын ерөнхий хууль /2023 он/-ийн 32 дугаар зүйлийн 32.2-т “32.2.Ажил олгогч дараах үүрэг хүлээнэ” гээд 32.2.2-т “32.2.2.орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх” гэж, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ” гээд 44.1.2-т “төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус заасан.
Хэргийн баримтаар хариуцагч “*******” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн 2023 оны 04 дүгээр сараас 2025 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны өр 179,912,557.18 төгрөг, мөн 2023 оны 08 дугаар сараас 2025 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны алданги 69,692,392.45 төгрөг болж байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 04 дүгээр сараас 2023 оны 07 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон алданги 14,523,326 төгрөгийг хассан өөрчлөлтийг оруулна.
8. Харин хариуцагчийн гаргасан “...анхан шатны шүүх мэтгэлцэх боломжоор бүрэн хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь,
8.1. Анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШЗ2025/41763 дугаар захирамжаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 21-ны өдөр хүртэл хойшлуулж, /х.х-ийн 37/
8.2. 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШЗ2025/43988 дугаар захирамжаар мөн хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдаанд өмгөөлөгч *******тэй оролцох тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хойшлуулж, /х.х-ийн 46/
8.3. 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/46165 дугаар захирамжаар “...хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирж тайлбар өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийн хангаж шийдвэрлэжээ. /х.х-ийн 53/
8.4. Түүнчлэн хариуцагч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа өөрийн оршин суугаа хаягийг ******* дүүрэг,*******дугаар хороо, таунтоот гэж тодорхойлсон бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэхээр уг хаягаар шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд “хаягт газар ийм хүн байхгүй” гэж буцаасан, /х.х-ийн 16, 28-31/
8.5. Мөн хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэлтэй хаяг болохдүүрэг,дугаар хороо, ,тоот хаягаар шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч “уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэж буцаасан байна. /х.х-ийн 33-34/
8.6. Улмаар хариуцагчийн өмгөөлөгч *******ийн дугаар руу “...2025 оны 11 сарын 03-ны өдрийн 10 цагт боллоо. Та дараагийн хурал дээр ирэхдээ *******ыг ирэхдээ таныг оролцуулах хүсэлтээ эх хувиар нь авч ир гээрэй...” гэх зурвас бичихэд тэрээр “за, баярлалаа” гэх хариу өгснөөс гадна хариуцагчийн төлөөлөгч *******ы дугаар руу 7 удаа дуудлага хийж, “...2025 оны 11 сарын 03-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаа цагтаа ирнэ үү. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд...” гэх зурвасыг илгээжээ. /х.х-ийн 48-50/
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т “Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана” гэж зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх боломжоор хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байна.
Тодруулбал, анхан шатны шүүх хуульд зааснаар хариуцагчийн хаяг /улсын бүртгэлд бүртгэгдсэн болон өөрийнх нь тодорхойлсон/-аар баталгаат шуудангаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тухайн хаягт үйл ажиллагаа явуулдаггүй гэж буцаагдсан тул хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утас /зурвас/-аар мэдэгдсэнийг буруутгахгүйгээс гадна дээр дурдсан хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж зааснаар хариуцагчийг шүүх хуралдааны товыг лавлах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
10. Үүнээс гадна хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан боловч хуульд заасан 14 хоногийн дотор хариу тайлбар өгөөгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
11. Харин анхан шатны шүүх улсын байцаагчийн актаар тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгууль байхгүй байхад үүнтэй холбоотой зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй байх тул давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд үүнийг залруулна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул,дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/08881 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад “...30 дугаар зүйлийн 30.1.2” гэснийг “32 дугаар зүйлийн 32.2.2” гэж, “...264,128,275 /хоёр зуун жаран дөрвөн сая, нэг зуун хорин найман мянга, хоёр зуун далан тав” гэснийг “249,604,949” гэж, “...олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,523,326 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтад “...56.1” гэснийг “56.2” гэж, “...1,478,591” гэснийг “1,405,975” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,478,592 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Б.МАНДАЛБАЯР