| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/16560/И |
| Дугаар | 210/МА2026/00196 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2026/00196
2026 01 23 210/МА2026/00196
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/12531 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,309,210 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,309,210 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч *******-г ажилд эгүүлэн тогтоосон тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс ажилд томилсон 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлнэ гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ: *******-ийн цалин хөлсний олговрыг буруу тооцож олгохоор шийдвэрлэсэн тул үүний улмаас 2025 оны 4 дүгээр сар хүртэл зургаан сарын хугацаанд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хуульд заасан эрхээ эдэлсэн, захиргаа ажилтныг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Номын санч, сан хөмрөгчөөр түр томилсон боловч нэхэмжлэгч ажиллаагүй, дахин 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр томилсон тушаал гарсан. ******* нь мэргэжлийн бус, ажлын байрны тодорхойлолт тэнцэхгүй, ажил хийх сонирхолгүй гэж тайлбарлажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/04751 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2025/00142 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 001/ШХТ2025/00284 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч *******-г *******-н сангийн ******* танхимд номын санчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,167,315 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
3.2.*******-ийн захирлын 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 тоот тушаалаар *******-г жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд түр томилсон, дахин тус сангийн захирлын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар *******-г номын санчаар томилсон.
4.Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилдаа буцаан томилогдсон тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны олговрыг шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн харилцаанд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж хууль зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр гаргасан, тухайн шийдвэр алдаатай байсныг эрх бүхий этгээд тогтоосон тохиолдолд ажил олгогч ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн буруутай тул түүнд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, нөгөө талаас ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй нь ажил олгогчоос шалтгаалсан хүндэтгэн үзэх нөхцөл байдал тул түүний эдийн засгийн алдагдлыг нөхөн төлөх агуулгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийн олговрыг төлөх үндэслэл болно.
5.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэг сарын цалин хөлсийг 1,593,000 төгрөгөөр тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хуульд заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцжээ.
Ажилтны ажиллаагүй хугацааны унаа, хоолны мөнгийг хасч тооцоогүй, дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримталж ажлаас чөлөөлөхөөс өмнөх 2024 оны 2, 3, 4 сарын дунджаас нь тооцоогүй гэх агуулгатай хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Мөн ажил олгогч ажилтныг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд түр томилсон байх тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэхгүй, улмаар захиргаа ажилтныг жинхлэн томилсон тушаал гарсан 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар олговрыг тооцсон анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
6.Харин шүүх олговрын хэмжээг буруу тооцоолж хариуцагчаас 9,309,210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор алдаатай шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ажилд томилсон тушаал гарсан 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар нийтээр амрах баярын өдрүүдийг хасвал ажлын 120 хоног, нэг өдрийн дундаж цалин хөлсийг хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон нэг сарын 1,593,000 төгрөгөөс тооцоход 72,409 /1,593,000 :22/ төгрөг байх тул нийтдээ 8,689,080 төгрөг байна.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлоос тооцооллын алдаатай гэсэн хэсгийг хүлээн авч, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч *******-аас 8,689,080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцнэ.
7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/12531 дүгээр шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 8,689,080 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 620,130 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтад 56.1 гэснийг 56.2 гэж, 163,898 гэснийг 153,975 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
О.ОДГЭРЭЛ