Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00197

 

 

 

 

 

 

 

 

2026 01 23 210/МА2026/00197

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ч.Цэнд, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/10003 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие *******-д 2009 оноос эхлэн ажиллаж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тус компанийн маркетингийн хэлтэст менежерээр ажиллах болсон.

1.2.*******ХХК-ийн захирлын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

1.3.Гэвч бодит байдал дээр маркетингийн хэлтсийн менежер гэх ажлын байр огт хасагдаагүй бөгөөд одоо өөр хүн ажиллаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар маркетингийн хэлтсийн менежер гэх ажлын байр хэвээр хадгалагдаж байх тул намайг ажлаас чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгасан нь үндэслэлгүй байна.

Иймд ******* ХХК-ийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.******* ХХК нь нийт 57 ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаад 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс хойш нийт 46 ажилтантай байхаар орон тоо цөөрүүлж, тодорхой хэмжээний ажлын байрыг хассан.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Маркетингийн хэлтэс 9 орон тоотой байсан. Компанийн шинэ бүтэц, орон тоогоор тус хэлтэс нь Маркетинг, борлуулалтын хэлтсийн нэг хэсэг болж, орон тоо 6 болж цөөрч өөрчлөгдсөн. *******-ийн ажиллаж байсан маркетингийн хэлтсийн менежер гэсэн албан тушаал байхгүй болсон.

2.2.Компани шинэ бүтэц, орон тоонд хамаарах ажлын байранд ажиллаж буй ажилтнуудаа нээлттэй өрсөлдөх зарчмаар үргэлжлүүлэн ажиллуулах, ажлын байрны өрсөлдөөнд илүү үнэлэгдсэн ажилтныг шинэ бүтэц, орон тооны ажлын байранд томилохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу ******* нь Маркетинг борлуулалтын хэлтэс-ийн менежер, Бүтээгдэхүүн үйлчилгээний хэлтэс-ийн менежер, Бизнес үйл ажиллагааны алба-ны захирлын ажлын байранд тус тус өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Гэвч Бизнес үйл ажиллагааны алба-ны захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцсон ч хамт өрсөлдсөн ажилтнаас бага үнэлэгдсэн. Бүртгүүлсэн бусад хоёр менежерийн ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцоогүй.

2.3.*******-ийн ажиллаж байсан Маркетингийн хэлтсийн менежер албан тушаал бүтэц, орон тоогоор байхгүй болсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг түүнд 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бичгээр гардуулсан.

2.4.Гүйцэтгэх захирлын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 тоот тушаалаар түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Мөн түүний компанид ажилласан хугацааг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж болгон 45,000,000 төгрөгийг олгосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүхээс нотлох баримтыг буруу дүгнэсэн.

******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 тоот тушаалаар тус хуулийн этгээд стратеги төлөвлөлтийн хэлтэс, GOGO медиа хэлтэс, маркетинг хэлтэс, мэдээллийн технологийн хэлтэс, контент бизнесийн хэлтэс, энтертайнмэнт бизнес хэлтэс гэсэн нийт 6 хэлтэстэй 57 ажилтантай байсан. Үүнээс Маркетингийн хэлтэс нь нийт 9 ажилтантай, хэлтсийн менежер 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 7 орон тоотойгоос нэхэмжлэгч уг хэлтсийн менежерээр ажиллаж байсан.

Харин гүйцэтгэх захирлын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар бүтээгдэхүүн үйлчилгээний хэлтэс 26 ажилтан, маркетинг борлуулалтын хэлтэс 18 ажилтан, нийт 2 хэлтэс 46 ажилтантай байхаар өөрчлөлт оруулсан байдаг.

Уг тушаалаар өмнөх Маркетингийн хэлтэс-ийг Маркетинг борлуулалтын хэлтэс болгон шинэчилж ажлын байрны үйл ажиллагааны чиглэлийг гурван хэсэг задалсан. Өмнөх бүтэцтэй харьцуулж харвал Борлуулалтын хэсэг болон Бизнес дэмжлэгийн хэсэг нь тусдаа бие даасан хэлтэс байгаагүй байна. Харин Маркетинг борлуулалтын хэлтэс болгож бүтэц зохион байгуулалтыг өөрчлөхдөө үйл ажиллагааны чиглэлийг нь илүү тодорхой гурван хэсэг болгон задалсан явдал болохоос өмнө байсан хэлтсийг нэгтгэсэн зүйл огт байхгүй байна. Нийт ажилчдын тоо 57-оос 46 болж хасагдсан харагдах боловч Маркетингийн хэлтэс нь Маркетинг борлуулалтын хэлтэс болж өөрчлөлт орсноор нийт ажилчдын тоо 9-өөс 18 болж нэмэгдсэн байна.

Анхан шатны шүүхээс нийт ажилчдын тоог харгалзан дүгнэлт өгч, өмнөх Маркетингийн хэлтэс-ийн 9 ажилтны орон тоог сүүлд батлагдсан Маркетинг борлуулалтын хэлтэс доторх Маркетингийн хэсэг-ийн 6 орон тоотой харьцуулан ажлын байр хасагдсан, цөөрсөн гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

4.2.Ач холбогдол бүхий нотлох баримтад дүгнэлт өгөөгүй.

Нэхэмжлэгчийн ажлын байрны нэр Маркетингийн хэлтэс-ээс Маркетинг борлуулалтын хэлтэс болж нэр томьёоны хувьд өөрчлөлт орсон ялгаатай харагдах боловч хэлтсийн менежер гэсэн шинэ хуучин 2 ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажилтны гүйцэтгэх чиг үүрэг, агуулгын хувьд ижил юм. Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтод хоёроос гурван хэсэгт хуваан хэлбэр бүтцийг өөрчлөн бичиж тодорхойлсон байдаг. Бодит байдал дээр нэхэмжлэгчийн ажлын байрны нэрийг нэр төдий сольж, ажил үүрэг нь хэвээр хадгалагдаж байхад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар цуцалсан.

Гэтэл анхан шатны шүүхээс Маркетингийн хэлтэс-ийн хэлтсийн менежер (1 ажилтан) ажлын байрны тодорхойлолт болон Маркетинг борлуулалтын хэлтэс-ийн хэлтсийн менежер (1 ажилтан) ажлын байрны тодорхойлолтод огт дүгнэлт өгөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Нэхэмжлэгчийн ажиллаж байсан менежерийн ажлын байр нь хэлтсийг удирддаг, хэлтсийн даргын статустай удирдах албан тушаал. ******* ХХК нь бүтэц, орон тоогоо цөөрүүлэхдээ 6 хэлтсийн 6 менежер байсан албан тушаалыг оновчтой болгох үүднээс 6 хэлтсийг чиг үүргээр нь хувааж 2 хэлтэс болгож, менежерийн орон тоог 6 байсныг 2 болгож өөрчилсөн. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан маркетингийн хэлтэс-ийг контент бизнес хэлтэс, энтертайнмент бизнесийн хэлтэс-үүдтэй нэгтгэж, шинэ бүтцээр маркетинг борлуулалтын хэлтэс болгосон ба чиг үүргүүдийг нь нэг хэлтэст хамааруулан, өмнөх 3 хэлтэс нь нийт 27 орон тоотой байсныг 18 болгож цөөрүүлсэн.

5.2.Удирдах түвшний ажилтны зэрэглэл, албан тушаалыг өөрийн санаачилгаар ажил олгогч бууруулах эрх хуулиар олгогдоогүй учраас сонгон шалгаруулалт зарлаж бүх ажилтнуудыг нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Нэхэмжлэгч нь нийт 3 ажлын байрны шалгалтад бүртгүүлсэн бөгөөд 1 шалгалтад орсон боловч өөр хүн тэнцсэн. Үлдсэн 2 менежерийн албан тушаалын шалгалтад бүртгүүлсэн боловч оролцоогүй тул шалгалтыг хойшлуулж, оролцох урилга дахин явуулсан боловч оролцоогүй. Нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан процесст гомддоггүй.

5.3.Ажлын байрны тодорхойлолтоор өмнө нь нэхэмжлэгч зөвхөн маркетингийн чиг үүрэг хариуцдаг байсан бол шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтоор 5 чиг үүрэг хариуцдаг болсон. Маркетингаас гадна борлуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжүүлэлт, программ систем зэргийг хариуцдаг болсон. Чиг үүргийн дагуу эрхэлдэг ажил нь өргөн хүрээтэй болсон учраас зайлшгүй өрсөлдүүлэн чадварлаг албан тушаалтныг авч үлдэх зарчмыг баримталсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч орон тоо хасагдсан үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн маргаангүй тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.******* нь ******* ХХК-ийн Маркетингийн хэлтэс-т хэлтсийн менежерээр 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан;

3.2.Тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр *******-ийг ажлаас чөлөөлж, талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон;

3.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар Гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/30 тоот тушаалаар 45.000.000 төгрөгийн тэтгэмжийг нэхэмжлэгч *******-т олгосон.

Ажил олгогч бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхдээ бодитоор орон тоог хассан эсэх, улмаар Б/29 тоот тушаалын хууль зүйн үндэслэлд зохигчид маргажээ.

 

4.Нэхэмжлэгч ******* дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрлүүлсэн, уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан журамд нийцжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Анхан шатны шүүхээс хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын компанийн бүтэц, зохион байгуулалтыг баталсан 2025 оны Б/11, Б/43 тоот тушаалууд, талуудын тайлбар зэрэгт үндэслэн тус байгууллагад бодитоор орон тоо хасагдсан, ажлын байр байхгүй болсон үйл баримт тогтоогдсон гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Тодруулбал: тус компанийн 2025 оны Б/11 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар 6 хэлтэстэй, хэлтэс тус бүрт 1 буюу 6 менежер ажлын байртай байсныг 2025 оны Б/43 тоот тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа 2 хэлтэстэй, 2 менежертэй байхаар тогтоосон, үүнээс маргаанд хамаарах нэхэмжлэгчийн ажиллаж байсан маркетингийн хэлтсийг маркетинг борлуулалтын хэлтэс болгож, тус хэлтэс дотроо маркетингийн хэсэг, борлуулалтын хэсэг, бизнес дэмжлэгийн хэсэг гэсэн гурван хэсэгтэй болгох замаар өөрчилжээ. Ийнхүү өөрчлөхдөө өмнөх бүтцийн 6 хэлтсийг 2 болгож тус бүрт нэгтгэсэн, нэхэмжлэгчийн ажиллаж байсан маркетингийн хэлтэс болон контент бизнесийн хэлтэс, энтертайнмент бизнес хэлтэс гэсэн 3 хэлтсийг нэгтгэж, хэлтэс тус бүрт ажиллаж байсан нийт 3 менежерийн ажлын байрыг 1 менежер болгосон талаарх хариуцагчийн татгалзлыг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Захиргаа бүтэц зохион байгуулалтаа өөрөө тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд орон тоогоо бодитоор багасгажээ.

 

6.Анхан шатны шүүхээс шинэ бүтэц дэх Маркетинг борлуулалтын хэлтэс-ийн 18 орон тоог өмнөх маркетингийн хэлтэс дэх 9 орон тоотой харьцуулах байтал хэлтэс доторх нэг хэсэг болох маркетингийн хэсэг-ийн 6 орон тоотой харьцуулж нотлох баримтыг буруу үнэлсэн, бодитоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэс дэх орон тоо нэмэгдсэн байсан гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

Бүтэц орон тооны өөрчлөлтөөр захиргаа 6 хэлтэст 6 менежертэй, нийт 57 орон тоотой байсныг 2 хэлтэст 2 менежер, нийт 46 орон тоотой болсон, үүнээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэст бусад хоёр хэлтсийг нэгтгэсэн нь тогтоогдсоноос гадна шинээр батлагдсан маркетингийн хэсэг дотор менежерийн ажлын байр байхгүй байна. Улмаар захиргаа шинээр батлагдсан хоёр хэлтсийн 2 менежерийн ажлын байранд нээлттэйгээр сонгон шалгаруулалт зарлах замаар ажилтнуудаас сонгож томилохоор шийдвэрлэсэн, нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн боловч оролцоогүй болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

7.Хэргийн 32-33, 133-135 дахь талд авагдсан маргаанд хамаарах менежерийн ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулбал нэхэмжлэгчийн ажиллаж байсан маркетингийн хэлтэс-ийн менежерийн гүйцэтгэх ажлын чиг үүрэг, шинээр баталсан маркетинг борлуулалтын хэлтэс-ийн менежерийн гүйцэтгэх 5 чиг үүргүүд хоорондоо адилхан, хэвээр гэж үзэх үндэслэлгүй, тухайлбал нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан маркетингийн чиг үүрэг дээр борлуулалтын чиг үүрэг нэмэгдсэн нь тогтоогдож байна.

Үүнээс үзвэл зөвхөн ажлын байрны нэршил өөрчлөгдсөн, ажил үүрэг хэвээр хадгалагдаж байгаа талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

 

8.Захиргаа ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн мэдэгдлээр мэдэгдсэн, үүнд талууд маргаагүй.

 

Иймд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх тухайн маргаанд хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/10003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

О.ОДГЭРЭЛ