Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 608

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Б

улсын яллагч Э,

шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ..... дугаартай хэргийг .... оны ....дугаар сарын ...ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ерөнхий цэрэг мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум ....дугаар баг Мангирт ...... дугаар хэсэг .... гудамж ...тоотод бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч С нь ..... оны .... дугаар сарын ....нөөс .....ны өдрүүдэд Баянгол дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... дугаар сургуулийн орчим болон тус хорооны СОТ ... дугаар байрны .... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Э маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  С мэдүүлэхдээ: “Тэр өдөр эхнэр бид хоёр үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхээр уулзах ёстой байсан. Тэгтэл хамт ажилладаг залуутайгаа чатласан байхыг нь хараад тэрнээс болж муудалцсан. Машинд тэр талаар ярьж сууж байгаад алгадсан. Тэгээд эвлэрээд гэртээ ороод 2 шил архи уусан ба нөгөө зүйлээ дахин ярьж хэд хэдэн удаа алгадсан” гэв. 

 

Шүүгдэгч С нь .... оны .... дугаар сарын ....нөөс ....ны өдрүүдэд Баянгол дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар сургуулийн орчим болон тус хорооны СОТ ... дугаар байрны .... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Э маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэрч С “... Би хэд хэд алгадсан юм гэж хэлж байсан. Тэрнээс нээх нарийн сайн яриагүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Хохирогч Э “Би С гэх хүнтэй .... оны .... сард танилцаад удалгүй нэг гэрт орсон. Түүнээс хойш хамт амьдарч байгаа. .... онд гэр бүлээ батлуулсан. 

..... оны .... дугаар сараас эхлээд .... бид хоёр тусдаа амьдрах болсон. Учир нь ..... нь намайг байнга хардах болсон юм. Ер нь анхнаасаа харддаг байсан ба сүүлийн үед илт хардах болсон. Ийм байдлаас болоод 6 жил амьдрахад гарч байсан нөхцөл байдлаас болоод би өөрөө гэр бүл цуцлуулах талаар санаачлага гаргасан. Ингээд би тусдаа 2 сар найзындаа байсан.

... Замдаа ..... намайг өөр эрэгтэй хүнтэй хамт байгаа гээд хардаад хэрүүл хийгээд байсан. Би бол машин дотор ямар нэгэн юм яриагүй. ....архи уухаараа амархан согтдог боловч тухайн үед хэр согтсон байсан нь мэдэгдээгүй юм. Машиныг нь дүү Билгээ барьж явсан ба ..... энд түр зогсоодох гээд зогсоогоод Билгээг гарч бай гэсэн. Ингээд хоёулаа үлдээд машин дотор Солонго намайг чи хэдэн хүнтэй унтсан бэ, энэнтэй унтсан уу гэж санаанаасаа зохиогоод яриад байсан ба би үгүйсгэсэн чинь толгойн орой хэсэг рүү болон нүүр лүү хааж байхад гар луу цохисон юм. Тэгэхээр нь би унтсан юм гээд хэлчихсэн. Зодуулахгүй гэж ингэж хэлсэн.

... Ингээд удаагүй Б нь ирсэн чинь зүгээр болоод гэртээ харьсан. Гэртээ очоод намайг дагуулаад орсон. Гэрт  С байсан. Ороод С та нар яв, өнөөдөр манайд ирэхгүй шүү гэсэн. Миний ойлгосноор С манайд С  хамт амьдарч байгаа юм байна гэж бодсон. Тэгээд хоёулаа үлдсэн бөгөөд хөргөгчинд байсан тал шил архи, Сансарын авчирсан 0,75 литрийн архийг С уусан ба дээрх ярьсан хардсан зүйлээ яриад намайг толгой руу цохиод байсан. Ингэж байгаад унтсан юм. Тэгэхээр нь би гараад цагдаад хэлсэн юм.

... Гэмтлийн зэрэг хөнгөн гарсаныг зөвшөөрч байна. Гаранд гарсан гэмтэл бол С цохилтоос өөрийгөө хамгаалах үед учирсан гэмтэл юм. Харин нөгөө нүүр, гуяны гэмтэл нь цохиж өшиглөснөөс үүссэн юм.

... Шүүх хуралд оролцохгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30-31 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5561 дугаартай:

“1. Э-н биед нүүр, их бие, мөчдөөр цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 36 дугаар хуудас/

 

С яллагдагчаар өгсөн “... Тэгээд маргаан болоод гар дээр нь цохисон. Мөн хэд хэдэн удаа алгадаад авсан. Тэгээд бид хоёр эвлэрч маргаад шөнө дууссан. Тэгээд тэр үед мөн ганц нэг гар хүрсэн зүйл байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 64-67 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч С үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч  Э “...Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн хүсэлт /хэргийн 76 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  С торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ