Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2026/00248

 

 

 

 

 

 

 

 

2026 01 28 210/МА2026/00248

 

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ч.Цэнд, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/08888 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ГХОХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 43,000,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* ХХК болон ******* ГХОХХК-тай 23/ЕВ-208 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулж, ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ******* тоот 28,9 мкв талбайтай нэг өрөө орон сууцыг худалдан авахаар тохирсон.

******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 07, 08-ны өдөр Цахилгаан шат нийлүүлэх гэрээ-г байгуулж, гэрээний үүрэгтээ орон сууц авна хэмээн тайлбарласан тул энэхүү гэрээг байгуулсан.

1.2.Тус гэрээний үүрэгт 43,000,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн.

1.3.Гэтэл гэрээ байгуулсны дараа ******* ХХК-иас Цахилгаан шат нийлүүлэх гэрээ-ний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 23/ЕВ-208 дугаар орон сууц захиалгын гэрээг цуцлах саналыг хүргүүлж байгааг мэдэгдсэн.

Иймд ******* ГХОХХК-аас шилжүүлсэн 43,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Гуравласан гэрээгээр манай компани лифтийг ашиглалтад оруулах, ******* нь манайд мөнгө төлөх, ******* ХХК нь *******д байрыг хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн.

2.2.******* ХХК үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад манай компанийн дансанд мөнгө хийсэн тул манайхаас авах ёстой гэсэн дүгнэлт хийж гурвалсан гэрээний үүргийг шаардах үндэслэлгүй. Гэрээ огт цуцлагдаагүй, хүчин төгөлдөр байгаа учир гэрээний үүргээ гүйцэтгэх ёстой. Манайх үүргээ биелүүлсэн.

2.3.Хэрэгт бүрэн гүйцэт хүрэлцэхүйц хэмжээний нотлох баримт цуглаагүй, гаргаж өгөөгүй учир дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ГХОХХК-д холбогдох 43,000,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгч *******-ын захиалсан гэрээнд дурдсан орон сууц нь 2024 оны 7 дугаар сард ашиглалтад орж, өөр хүний өмчлөлд очсон, нэхэмжлэгчийн өмчлөлд очих боломжгүй, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 23/ЕВ тоот орон сууц захиалгын гэрээ бодит байдал дээр биелэгдэх боломжгүй болсон.

4.2.******* ГХОХХК нь ******* ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тул гэрээнээс татгалзаж байгаа талаар бидэнд мэдэгдсэн тул бид гэрээний үүргийг ******* ХХК-иас шаардах нь зүйтэй. Хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

******* ГХОХХК нь ******* ХХК-д хийж гүйцэтгэх ажлаа гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийн 43,000,000 төгрөгийг хэрэглэсэн байтал шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Манай компани 4 цахилгаан шат хийх байснаас 2 цахилгаан шатыг нь хийж, 1 цахилгаан шатыг хийж дуусаагүй байх үед талуудын хооронд маргаан үүссэн. Нэхэмжлэгч нь ******* ХХК-аас улсын комиссын акт, тайлан тооцоо гэх мэт баримт материалуудыг гаргуулбал манай компанийн хийж гүйцэтгэсэн ажил харагдана.

5.2.******* ХХК-ийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх агуулгаар гаргаж өгсөн албан бичигт үндэслэж, манай компанийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж болохгүй. Нэхэмжлэгчийн амьдарч буй орон сууцны цахилгаан шатыг бид 100 хувь хийж гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн.

******* ХХК-ийг хариуцагчаар татахгүйгээр энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх агуулгатай дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ГХОХХК холбогдуулан 43,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагууу явуулж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК болон ******* ГХОХХК нартай 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хотхон, ******* тоотод байрлах 1 өрөө, 28.9 м.кв талбайтай орон сууцыг 60,690,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон; /хх 5-13/

3.2.Нэхэмжлэгч ******* дээрх гэрээний 2.2-т нэрлэн зааснаар 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* ГХОХХК-ийн Төрийн банкны дансанд 43,000,000 төгрөгийг шилжүүлсэн; /хх 4/

3.3.******* ХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 24/46 тоот албан бичгээр нэхэмжлэгч *******д гэрээ цуцлах саналыг хүргүүлсэн. /хх 17/

 

4.Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5.Хэрэгт авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг нэг талаас худалдан авагч болох *******, нөгөө талаас худалдагч болох ******* ХХК, ******* ХХК нар байгуулсан байх тул дээрх хоёр хуулийн этгээд тухайн гэрээний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчид, гэрээний нэг тал байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрээс үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нэг үүрэг гүйцэтгэгч болох ******* ХХК-иас гэрээний үүргийг шаардах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцнэ.

 

6.Хэргийн баримтаар хамтран үүрэг гүйцэтгэгч ******* ХХК-иас гэрээг цуцлах саналыг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн, улмаар гэрээний зүйл болсон орон сууцыг гуравдагч этгээдийн эзэмшил, өмчлөлд шилжсэн талаар нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох тул дээрх үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

 

Нэгэнт зохигчдын хоорондох худалдах худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцэх бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах үүргийг хүлээнэ.

 

Иймд нэхэмжлэгчээс гэрээний дагуу төлсөн 43,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцэх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангана.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/08888 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* ГХОХХК-иас 43,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 372,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 372,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

О.ОДГЭРЭЛ