Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 613

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Э,

улсын яллагч Э

шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ....... дугаартай хэргийг .... оны ....дугаар сарын ...ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  .... оны .... дүгээр сарын ..ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, цэнэглэгч машины оператор мэргэжилтэй, SMS ХХК-нд оператор ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Алтан овоо ... дүгээр гудамны ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч М нь ... оны .... дугаар сарын ....ний орой Баянгол дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эл хаус” зочид буудалд иргэн Г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М мэдүүлэхдээ: .... оны .... дугаар сарын ....ний өдөр Э Ш гээд инженер .... дугаар хороололд ирээд уулзаад  хамт байх гээд дуудаад байсан. Тэгээд Б, З, Д  бид дөрөв очиж уулзсан. Тэгсэн Ш инженер хоосон ирлээ гээд үг хаяад байсан. Ш инженер Г цуг явж байсан. Г бид хоёр үе тэнгийн хүмүүс гээд Ш ахыг толгой руу нь цохиод байхаар нь би миний дүү ингэж болохгүй гэж хэлсэн. Дахиад тэгэж хэлээд байхаар нь би цохисон” гэв.

 

Шүүгдэгч М нь ..... оны .... дугаар сарын ....ний орой Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эл хаус” зочид буудалд иргэн Г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Г “ ... Бид хоёр ойрд уулзаагүй гээд нэг шил 0,5 литрийн Эдэн нэртэй архи хувааж уугаад талдаа ороогүй байхад хамт ажилладаг дөрвөн эрэгтэйг дуудсан байсан. Ойролцоогоор 01 цагийн үед хамт ажилладаг гэх дөрвөн эрэгтэй ирсэн. Эдгээр хүмүүс тусдаа өрөө аваад архи аваад Ш бид хоёрын өрөөнд орж ирсэн. 2 шил архи хэдэн пиво уусан. Би Ш ахтай багаасаа нэг байранд өссөн дотно байдаг болохоор андаа гэж хэлсэн чинь ахыгаа андаа гэж хэллээ гээд М намайг нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Ингээд хамраас цус гараад би нойлын өрөөнд цусаа угаагаад толгой өвдөөд байхаар нь унтаад өгсөн. Намайг нойлд байхад гараад явсан байсан. Авсан өрөөндөө ороод унтсан юм шиг байсан. Ингээд маргааш өглөө нь Ш ах Э явсан. Би гэртээ харьсан. Ш ах М утсаа холбогдож миний хамар мурийсан талаар хэлсэн байсан. М мөнгө муутай байна гээд сүүлдээ утас нь холбогдохгүй байхаар нь 7 хоног хүлээж байгаад өргөдөл өгсөн.

... Эмчилгээний зардалд ....оны .... дугаар сарын ....ны өдөр 1.600.000 төгрөг авсан. Гомдолгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн .... оны .... дугаар сарын ..ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6752 дугаартай:

“1. Г биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний сулрал, эмтрэл, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 26 дугаар хуудас/

 

М яллагдагчаар өгсөн “... Очоод буудал руу орох гэсэн чинь олон хүн байна оруулахгүй гээд байхаар нь буудлын үүдэнд Ш дуудсан. Удалгүй Шинэбаяр гарч ирээд мэндэлээд байж байтал Ш та хэд хоосон ирсэн юм уу гээд хэлсэн. Би 00 цаг өнгөрсөн байна, одоо онгорхой газар байхгүй ш дээ гэж хлсэн. Ингээд буудлын подвальд байсан караокеноос нэг шил архи авч өгөөд явлаа гэж хэлсэн чинь буудал руу ороод ууя, машинаа зогсоол дээр байрлуулчих гэж Ш хэлсэн.

... Ингээд авсан зүйлээ уух үед Г Ш хүзүүдэж аваад дагз руу нь цохиод бид хоёр бараг үе тэнгийнх юм байгаа юм гэж хэлсэн. Би чи дүүгийнх нь найз байж арай ч ингэж болохгүй байх гэж хэлсэн. Бид хоёр чинь өвөр түрийндээ орж өссөн юм байгаа юм гэж хэлэн мөн л үг хаяад байхаар нь чи битгий маяглаад байгаарай гэж би уурлаад Г нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Г хамраас нь цус гарсан. Хамт байсан Д намайг хориод зодоон болоогүй. Би уг өрөөнөөс гараад өөрөө авсан өрөөндөө ороод унтаад өгсөн. Маргааш өглөө нь би буудлаас гараад гэртээ харьсан. Г эмчилгээний зардалд 1.600.000 төгрөг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч М үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г “... Д овогтой М хохирлын мөнгө болох 1.600.000 төгрөгийг авсан нь үнэн. Иймд би гомдол саналгүй болноо” гэсэн хүсэлт /хэргийн 25 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч М нь торгуулийн ялыг төлөхөд хэсэгчлэн төлөх хугацаа шаардлагагүй гэсэн тул түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй болно.

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  М торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  М баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ