Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2026/00249

 

 

 

 

 

 

 

 

2026 01 28 210/МА2026/00249

 

 

 

*******-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/07668 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, *******, Г******* нарт холбогдох,

 

Дундын өмчлөлийн талбайг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг хариуцдаг.

******* ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. ******* нь тухайн гэрээг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 5 сарын хугацаагаар сунгасан. Гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрээг цуцалсан.

1.2.******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нас барсан ба түүний хүү *******, охин ******* нар өнөөдрийг хүртэл маргаан бүхий хонгилыг цоожилж, агуулахын зорилгоор хувьдаа ашиглаж байна.

Иймд ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны орцны хонгилын  талбайг ******* ХХК, *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

******* ХХК-ийн үүсгэн байгуулагч ээж *******, хувьцаа эзэмшигч болох аав ******* нар бурхан болсон. Тус байгууллагатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах болон бусад хэлбэрээр хариуцлага хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны орцны хонгилын 87.7 м.кв талбайг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай *******-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий 5 дугаар байрны доод хонгил *******-ийн хариуцах дундын өмчлөлийн эд хөрөнгө юм. ******* ХХК нь ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны доод хонгилыг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөлсөлсөн бөгөөд гэрээний хугацаа дуусаж, тус гэрээг үргэлжлүүлэн байгуулаагүй.

4.2.******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* 3 жилийн өмнө нас барж, хувьцаа эзэмшигч ******* 1 жилийн өмнө нас барсан тул хонгилыг тэдний хүүхдүүд *******, ******* нарын хууль бус эзэмшлээс шаардаж нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагч нар ******* ХХК-ийг гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нас барсан гэж тайлбарладаг боловч тэднийг хэзээ нас барсан, тус компанийн эрх, үүрэг, эд хөрөнгийг өвлөж авсан тухай тайлбар баримт өгдөггүй. Нэхэмжлэгчийн зүгээс ******* ХХК-ийг гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нас барсан талаар маргадаггүй.

4.3.*******-ны ******* ХХК-тай байгуулсан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нягтлан бодогч ******* сунгаж, гарын үсэг зурсан тул түүнийг хариуцагчаар тодорхойлсон.

4.4.Шүүх хуралдаанд гэрч ******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нар нас барснаас хойш өнөөдрийг хүртэл тэдний хүүхдүүд *******, ******* нар тус маргаан бүхий хонгилыг агуулахын зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж мэдүүлдэг. Мөн *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдаан дээр тайлбар өгсөн. Уг тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр хариуцагч нар тус хонгилыг эзэмшиж, ашигладаг нь тогтоогдож байгаа.

Хариуцагч нар хонгилыг эзэмшиж, ашигладаггүй гэж тайлбар өгөөгүй, харин ******* ХХК-ийн өмнөөс шийдвэр гаргах этгээд биш гэсэн.

4.5.Анхан шатны шүүх шийдвэрийг бичгээр гаргахдаа хариуцагч *******, ******* нарыг маргаан бүхий байрны доод хонгилыг эзэмшиж, ашигладаггүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд бичгээр шүүхийн шийдвэр гаргах үндэслэлээ өөрчилсөн байна.

4.6.Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаснаас хойш ******* ХХК-д гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тус гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ юм.

******* нь ******* ХХК-тай байгуулсан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цуцалсан, энэ хүртэлх хугацааны төлбөр нэхэмжилсэн болох нь *******-ийн удирдах зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 60 дугаар тогтоол, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоогдсон гэж тус гэрээ цуцлагдсаныг шүүх дүгнэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.******* нь ******* ХХК-д 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр албан бичгийг хүргүүлсэн. Тухайн албан бичигт үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар бусдад эзэмшүүлж байна гэх агуулгыг огт дурдаагүй. Нэхэмжлэгч нь *******-тай холбогдож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэх мэдэгдэл хүргүүлж байсан гэж тайлбарладаг боловч үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирал *******, ******* нар нь *******-ийн аав, ээж учир хүүхдүүд нь нас барсны дараа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг өвлөж авсан нь тодорхой гэх агуулгатай зүйл ярьдаг. Гэтэл хуулийн этгээдийн мэдээллийн нэгдсэн бүртгэлд ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар өөрчлөгдөөгүй, хэвээр байгаа. *******-ийн хувьд ******* ХХК-тай холбоотой эд хөрөнгийг өвлөж авсан, мөн тухайн компанийн хувьцааг эзэмшсэн зүйл огт байхгүй. Иймд *******-г маргаан бүхий эд хөрөнгийн эзэмших эрхийг өвлөж авсан гэж тодорхойлж байгаа хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

5.2.Нэхэмжлэгч гэрчийн мэдүүлгээр ******* тухайн эд хөрөнгийг эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон гэж тайлбарладаг. Гэтэл гэрч ******* тухайн эд хөрөнгийг эзэмшдэг гэдгийг нотолсон мэдүүлэг өгөөгүй, тухайн эд хөрөнгийн түлхүүр *******д байгаа байх гэх байдлаар тайлбарласан. Мөн шүүхээс яагаад *******-ийг тухайн эд хөрөнгийг эзэмшиж байна гэж ойлгож байна вэ гэж асуухад тухайн эд хөрөнгөтэй холбоотой бичиг баримт дээр ******* гарын үсэг зурсан гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, гэрч ******* болон ******* нартай огт уулзаж байгаагүй тул тухайн хүмүүсийг маргаан бүхий эд хөрөнгийг эзэмшдэг болохыг нотолж чадаагүй.

5.3.Мөн анхан шатны шүүхийн бичгээр гаргасан шийдвэр нь шүүх хуралдааны үед танилцуулсан шүүхийн шийдвэртэй адил агуулгатай, зөрүүтэй тайлбарласан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, *******, ******* нарт холбогдуулан ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны орцны хонгилын 87.7 м.кв талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч *******, ******* нараас компанитай гэрээг байгуулсан, эцэг эх нас барсны дараа компанийн хувьцааг өвлөж аваагүй тул компанитай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрхгүй, хонгилыг ашиглаагүй үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

2.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, 50 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох *******, компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох ******* нар тус тус нас барсан нь тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэгчээс ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх татгалзлыг баталж, компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцжээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1.******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах 3,4,5,7 дугаар байрнуудын оршин суугчдын бүх гишүүдийн хурлаар ******* 2005 онд байгуулагдаж, харьяа дүүргийн Засаг даргын тамгын газраас гэрчилгээ олгосон;

3.2.******* болон ******* ХХК нар харилцан тохиролцож, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны орцны хонгилын 87.7 м.кв талбайг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатай ашиглуулахаар Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ-г байгуулсан;

3.3.******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, 50 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох *******, мөн компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох ******* нар тус тус нас барсан, хариуцагч *******, ******* нар талийгаач нарын төрсөн хүүхдүүд, мөн компанийн хувьцааг өвлөж аваагүйд зохигчид маргаагүй.

 

4.Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тогтоосон ч хариуцагч тус бүрт холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг анхаараагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс хэргийн баримтын хүрээнд залруулах боломжтой тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.

 

5.Хэргийн баримтаар ******* ХХК болон ******* нарын хооронд гэрээ байгуулагдсанаар тэдгээрийн хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний үүргийг хариуцвал зохих этгээд болох ******* ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээдүүд нас барсан, ийнхүү нас барсны улмаас маргаантай эрх үүрэгт эрх залгамжлагч тогтоогдоогүй болох нь талуудын маргаангүй тайлбараар тогтоогдсон. Энэ нөхцөлд *******, ******* нарын хувьд гэрээний оролцогч биш, компанийн хувьцааг өвлөж аваагүй, компанийн эрх үүргийг хариуцахгүй талаарх татгалзал үндэслэлтэй гэж үзэх бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул үүргийн эрх зүйн хүрээнд дэлгэрэнгүй дүгнэлт өгөх шаардлагагүй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос түрээсийн гэрээ бус нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан байсан, гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдаагүй харин цуцлагдсан гэх агуулгаар гаргасан хэсгийг хангахгүй.

 

6.Харин нэхэмжлэгч ******* нь *******, ******* нарт холбогдуулж шаардлага гаргахдаа ******* ХХК-ийн эрх үүргийг шилжүүлж авсан гэх үндэслэлээс гадна давхар өмчийн эрх зүйн хүрээнд хөрөнгийг эзэмшил ашиглалтдаа байлгаж байгаа үндэслэл заасныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

6.1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн доод хонгил нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар зохицуулсан, маргааны зүйл болсон 5 дугаар байр *******-д харьяалагдах тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хувьд өмчлөгч тул тэрээр мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй этгээд гэж үзнэ.

 

6.2.Маргааны зүйл болсон 87.7 м.кв талбай бодитоор хариуцагч *******ийн эзэмшил, ашиглалтад байгаа болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тодорхой хэмжээний зүйлс хадгалагдаж байгааг үгүйсгэхгүй. Байнга ашиглаад явсан зүйлгүй гэсэн тайлбар, гэрч *******ын ...байнга мөнгөний асуудалтай зугтаад явдаг... Бид ажлыг аваад 2024 оны 12 дугаар сараас эхлээд *******тай утсаар болон мессежээр олон удаа харилцсан. Шаардлага тавихаар ******* өвчтэй байна гэдэг. Орон сууцны контортой үзлэг үйлчилгээг шалгаад явахаар түлхүүр байхгүй, бид нар орж чаддаггүй. 7 дугаар сарын эхээр үйлчлэгч надад эндээс хүмүүс юм зөөж байна гэсэн. Тэгээд нэг эмэгтэй байсан. Бичлэг хийж авсан. Ороход зөндөө хайрцагтай зүйлс байсан. Тэр эмэгтэйгээс учир байдлыг хэлэхэд би талийгаачийн бэр нь байна гэсэн. Би бодохдоо *******ийн эхнэр гэж бодсон. Мэдэгдэх хуудас өгөх гэсэн юм хаягаа өгөөч гэхэд Сонгинохайрхан дүүргийн хаягаар шуудангаар явуулсан гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгчийн гаргасан тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг тус тус нотлох баримтад тооцогдох бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадсангүй.

Түүнчлэн нотлох чиг үүргийн хуваарилалтын дагуу хариуцагч ******* дээрх баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар няцааж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

6.3.Иймд хариуцагч *******-ийн хувьд маргааны зүйл болсон хонгилын 87.7 м.кв талбайг бодитоор эзэмшиж ашиглаж байгаа, ийнхүү эзэмшилдээ байлгах эрхийг хууль ёсны дагуу олж авсан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул дээрх талбайг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцнэ.

Энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******д холбогдох шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

 

7.Хэрэгт авагдсан гэрээний хугацааг ******* ХХК-ийг төлөөлж хариуцагч *******гарын үсэг зурсан байх боловч тэрээр иргэний хувиар тухайн харилцаанд оролцоогүй тул үүргийн эрх зүйн хүрээнд түүнээс шаардах хууль зүйн үндэслэл үүсэхгүй.

Мөн иргэний хувиар хөрөнгийг эзэмшил, ашиглалтдаа байлгаж байгаа үйл баримт тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан бодитоор эзэмшилд байх, уг эзэмшил хууль бус байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзнэ. Иймд түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцэх тул шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын энэ талаар гаргасан хэсгийг хангах үндэслэлгүй.

 

8.Хэргийн баримтаар анхан шатны шүүхээс шийдвэрээ бичгээр гаргахдаа танилцуулан сонсгосон үндэслэлээ өөрчилсөн, өөр үндэслэл заасан гэж үзэх байдал тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/07668 дугаар шийдвэрийн

-Тогтоох хэсгийн 1 дахь заалтыг 2 гэж, 2 дахь заалтыг 1 гэж өөрчлөн дугаарлаж,

 

-Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар *******-ийн ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны орцны хонгилын 87,7 м.кв талбайг чөлөөлж өгөхийг хариуцагч *******-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

 

-Тогтоох хэсгийн 3 дах заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

О.ОДГЭРЭЛ