Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 614

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Б

улсын яллагч Э,

шүүгдэгч Н нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Н холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .........тоот хэргийг ..... оны .....дугаар сарын ......-ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ....оны .....дугаар сарын .....ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, хүргэн, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ...дугаар хороо .... дугаар хэсгийн .... тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хургийн анхан шатны шүүхийн ....оны ....дугаар сарын ....ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Н

 

Шүүгдэгч Н нь ..... оны .... дүгээр сарын ...ны өдөр Баянгол  дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дашваанжил” ХХК-ны ажлын байранд иргэн Б “намайг ажилд гаргасангүй удаасан” гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Н мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүгдэгч Н нь ..... оны ....дүгээр сарын ....ны өдөр Баянгол  дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дашваанжил” ХХК-ны ажлын байранд иргэн Б “намайг ажилд гаргасангүй удаасан” гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Б “....оны .... дүгээр сарын ....-ны өдрийн .... цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо Дашваанжил компаний төв байрнаас над руу дуудлага ирсэн. Борлуулагч Н согтуу ирээд агсам тавиад байна гэж хэлсэн. Би цагдаа дуудаад өгчих гэхэд цагдаа ирэхгүй байна, та ир гэхээр нь би хэсэг хугацааны дараа ажил дээр очиход диспетчер лүү Наранхүү агсам тавиад байхаар нь би эрүүл ирээд учраа олдоо яв гэхэд чи бууны нохой намайг халуулахгүй шүү гээд орилж хашгираад эхэлсэн. Н намайг цохиод миний хамарнаас цус гаргаад тогтоогүй, нүдийг чинь сохолно гээд тэлээгээ  гарандаа бариад цохих гэж дайрсан. Би тэлээнд цохиулахгүй зугтсан. Удалгүй цагдаа ирээд Н аваад явсан. Миний хамар луу нэг удаа цохисон. Өөр зүйл болоогүй.

          ... КТГ-д үзүүлсэн 150.000 төгрөг, Эм жи жи эмнэлэгт үзүүлэхэд  35.000 төгрөг, 2 сарын дараа хагалгаанд орно 2.000.000 гаран төгрөг болно гэж хэлсэн. Би хамарны хагалгаанд орно энэ мөнгийг Н нэхэмжилж байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5634 дугаартай:

          “1. Б хамрын ясны хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

          4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 27 дугаар хуудас/

         

          Н яллагдагчаар өгсөн “... оны ... дүгээр сарын ...ний ажлын байрандаа очиход диспетчер намайг ажилд гаргахгүй гэсэн. Намайг сүүлийн 2 хоног ажилд гаргахгүй байсан юм. Тэгээд л би маргаан үүсгэсэн. Би сандал дээр сууж байхад Б орж ирээд юу болоод байгаан гээд миний толгой руу алгадаад авсан. Би босоод Б дух хэсэг рүү мөргөөд тэгээд бид хоёр барилцаад газар унасан. Тэгээд бид хоёр бие засах өрөө рүү ороод цусаа угаасан. Өөр юм болоогүй. Би хариад амарлаа маргааш ярилцана гээд явсан. Би гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний цалингаас Б эмчилгээний 200.000 төгрөг авсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Н үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд  шүүгдэгч Н уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н шүүхэд “Н миний Б бэлнээр 1 сая төгрөг бэлнээр өгсөн нь үнэн болно. 2019.06.24-ны өдөр. Үлдэгдэл болох 500 мянган төгрөгийг 7 сардаа багтааж өгнө. авсан- Б  өгсөн-Н” гэсэн баримтыг “Б Б Хаан банкны ...... дугаарын дансанд 1.000.000 төгрөгийн орлого гэсэн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга гаргаж өгчээ.

Иймд шүүгдэгч Н гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн  шүүгдэгч Н хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Наранхүүг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  Н баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ