Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00316

 

 

 

 

 

 

 

 

2026 02 04 210/МА2026/00316

 

 

 

*******-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ч.Цэнд, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/11043 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* дугаартай 80 автомашины багтаамжтай дулаан авто зогсоолоос ******* тоот автозогсоолыг 22,500,000 төгрөгөөр худалдан авахаар ******* ХХК-тай 13-80-76-01 тоот Гараж захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг байгуулсан.

1.2.Гэрээний 1.4-т зааснаар 18,000,000 төгрөгийг урьдчилан төлж, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1,300,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3,200,000 төгрөгийг ******* ХХК-д төлсөн тул мөн оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлбөрийг бүрэн төлсөн тухай тодорхойлолтыг тус компаниас олгосон.

1.3.******* болон бусад захиалагч нар авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг авахын тулд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг тус компаниас удаа дараа шаардаж байсан ч авто зогсоолыг бүхэлд нь барьцаанд тавьсан тул зээл чөлөөлсний дараа асуудлыг шийднэ гэсээр өнөөдрийг хүрсэн.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* дугаартай дулаан авто зогсоолын дотор байрлах ******* тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, авто зогсоол өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Хариуцагч ******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч талтай холбогдож шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор харилцан ойлголцож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахаар болсон гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* дугаартай дулаан авто зогсоолын дотор байрлах *******  тоот авто зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч *******г тогтоож, авто зогсоол өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч *******д олгохыг хариуцагч ******* ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 341,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.******* нь ******* ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* дугаартай 80 машины багтаамжтай дулаан авто зогсоолоос ******* тоот автозогсоолыг 22,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 18,000,000 төгрөгийг тухайн өдрөө, үлдэх 4,500,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөрт багтан төлөх нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч худалдан авагч тал гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй.

4.2.Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой харилцан мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй.

4.3.******* ХХК-ийн зүгээс хариуцагч *******д авто зогсоолын үнийн үлдэгдэл төлбөрийг 2020, 2021 онуудад төлөөгүй талаар мэдэгдэл өгч байсан ба гэрээний хугацаандаа биелүүлээгүй үүргийн үнийн дүн болох 4,500,000 төгрөгөөс өдрийн 0,1 хувиар алданги тооцвол 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөр хугацаа хэтрүүлсэн 604 хоногт ногдох алданги нийт 2,718,000 төгрөг болно. Хуульд заасны дагуу алдангийг төлөхийг тухай бүр мэдэгдэж байсан. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/543 тоот албан бичгээр талуудын хооронд байгуулагдсан 13-80-76-01 тоот худалдах худалдан авах гэрээг цуцалж буй талаар мэдэгдэл өгч гэрээг цуцалсан байдаг.

Анхан шатны шүүх гэрээний нийт дүнгийн 20 хувь болох 4,500,000 төгрөгийг төлөхгүй 2 жил болсныг зөв дүгнэсэн мөртөө Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.4.1-д заасан үүргийн ялимгүй зөрчил гэж үзэж худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж болохгүй гэж буруу дүгнэсэн.

4.4.Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулж, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх агуулгаар гомдол гаргасан. 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшилж, товлогдсон. Тухайн үед давхцаж буй шүүх хуралдаан байгаа эсэхийг хариуцагчаас тодруулахад давхацсан шүүх хуралдаан байхгүй гэж хариулсан. Мөн хариуцагч талаас 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 12 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хавсаргасан. Уг хэргийн шүүх хуралдаан 11 цагт товлогдсон, хариуцагч тал уг шүүх хуралдаанд оролцох бүрэн боломжтой байсан. Иймд зөвхөн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой талаар дурдаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

5.2.Хариуцагч 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарладаг. Энэ нь зөвхөн нэг талын баримт байдаг, үүнийг хүлээн аваагүй. Мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулж өгсөн болохыг нотлох үүргээ хариуцагч тал хэрэгжүүлээгүй. Авто зогсоолыг нэхэмжлэгч өнөөг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа.

5.3.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаарх тайлбар гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах, хариу тайлбар татгалзлын үндэслэлийг нотлох баримтуудыг гарган өгөх бүрэн боломжтой байсан ч уг үүргээ биелүүлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзахаар тохирсон үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.Талууд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохирч 13-80-76-01 тоот Гараж захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-г байгуулсан, уг гэрээгээр: Худалдагч болох ******* ХХК нь ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* дугаартай дулаан авто зогсоолын дотор байрлах ******* тоот авто зогсоолыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч үнэ 22,500,000 төгрөгөөс урьдчилгаа 18,000,000 төгрөгийг төлөх, үлдэх 4,500,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохирсон; /хх 5/

3.2.Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 18,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3,500,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг тус тус төлсөн болох нь Голомт банкны төлбөрийн баримтаар тогтоогдсон; /хх 7-8/

3.3.******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоос 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ******* төлбөрийг бүрэн төлж тооцоо дууссан талаар тодорхойлсон; /хх 6/

 

4.Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн хэмээн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Хэрэгт авагдсан гэрээнд зээлээр худалдах худалдан авах гэрээний шинж болох хүүгийн талаар тохиролцсон эсхүл төлбөл зохих үнэд хүүг нэмж тохирсон гэх байдал тогтоогдоогүй тул гэрээгээр үнийг хугацаа тохирч хэсэгчилж төлөхөөр нөхцөл заасан явдал талуудын хооронд Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болохгүй.

 

5.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргийг гэрээний талууд хүлээнэ.

Хэргийн баримтаар худалдан авагч төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр гэрээгээр тохирсон хугацаа болох 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор үлдэх 4,500,000 төгрөгөө төлөөгүй хугацаа хожимдуулж 2022 оны 01 дүгээр сард төлсөн үйл баримт тогтоогдсон.

Гэвч нэхэмжлэгч бодитоор тухайн авто зогсоолыг өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж байгаа болох нь зохигчийн тайлбар, ******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тооцоо дууссан талаарх тодорхойлолт, *******-той байгуулсан авто зогсоол ашиглалтын гэрээ зэргээр тогтоогдож байна.

Иймд 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэл өгсөн, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/543 тоот албан бичгээр гэрээг цуцалсан тухай хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Мөн Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 236 дугаар зүйлийн 236.5-д зааснаар Худалдан авагч төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн байдлыг худалдагч тал хожим хүлээн зөвшөөрсөн болох нь тооцоо дууссан талаарх тодорхойлолт, бодитоор автозогсоолын эзэмшил, ашиглалтыг шилжүүлсэн үйлдлээр тус тус тогтоогдсон гэж үзэх тул үүргийн зөрчил болоод зөрчлийн хэр хэмжээний талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Энэ үндэслэлээр анхан шатны шүүхээс үүргийн ялимгүй зөрчлийн талаар хийсэн эрх зүйн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулна. Мөн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоос төлбөр төлөхгүй 2 жил болсныг шүүх зөв гэж дүгнэсэн атлаа гэрээнээс татгалзаж болохгүй, ялимгүй зөрчил гэж буруу дүгнэсэн хэсгийг хангахгүй.

 

6.Зохигчийн хооронд суурь хэлцэл болох үүргийн хэлцлийн хувьд гэрээ байгуулагдсан, үүргийн хэлцэл хүчин төгөлдөр, нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн тул өмчийн хэлцлийн хүрээнд автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгахаар шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10-3/1834 тоот албан бичгээр ******* дүүрэг, *******хороо, ******* хороолол ******* тоот авто зогсоол өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийг гэрээнд дурдсан ******* дугаартай авто зогсоолоос ******* тоот зогсоолын хувьд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх байдал тогтоогдоогүй. Иймд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээнээс татгалзах эрхтэй талаарх хариуцагчийн давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй үйл баримтыг давж заалдах шатны шүүхэд татгалзлын үндэслэлд заах эрхгүй тул алданги 2,250,000 төгрөг төлөөгүй талаарх гомдлыг хангахгүй.

 

8.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

8.1.Анхан шатны шүүх нэхэмжлэлд 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, шүүхээс нэхэмжлэлийг хувийг хариуцагчид 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн байна. 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн товлон зарлагдсан шүүх хуралдааныг хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж хойшлуулж байжээ.

8.2.2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдэж баримтаар баталгаажуулсан боловч хүрэлцэн ирээгүй тул шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

8.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд 191/ШЗ2025/52054 дүгээр шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэхдээ үндэслэлээ тодорхой тусгасан байхаас гадна ийнхүү хүсэлтийг хүлээж аваагүй нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй тогтоогдсонгүй.

 

9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/11043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

О.ОДГЭРЭЛ