Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 615

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Б,

улсын яллагч Э

шүүгдэгч Н,

хохирогч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Н холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... тоот хэргийг .... оны ....дугаар сарын ....ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын .....ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, 4 дүү, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум .... дугаар баг ... дугаар гудамж ...тоотод оршин суух, Н

Шүүгдэгч Н нь ..... оны .... дугаар сарын ...-нөөс ....ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Күй” нэртэй шөнийн цэнгээний газарт Э пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Н мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э мэдүүлэхдээ: “Тэр өдөр найзтайгаа бааранд ороход шүүгдэгч найзтайгаа цаад талын ширээн дээр, би наад талын ширээн дээр сууж байсан. Тэгэхэд эд нар хүмүүстэй маргалдаад байсан. Би наана нь ганцаараа бүжиглэж байсан. Тэгээд намайг явах гэтэл Н хамт явж байсан жирэмсэн хүүхэн миний үснээс зулгааж газар унагаасан. Тэгэхэд Н намайг толгой, гэдэс, нуруу луу өшиглөсөн. Би босож ирээд “зүгээр байгаа хүнийг яаж байгаа юм бэ” гээд Н рүү дайрахад эргэж хараад намайг пивоны шилээр цохисон. Тэгтэл хүмүүс салгаад цаашаа аваад явсан. Бид нар хоорондоо огт муудалцаагүй. Гэтэл эргэж хараад үлдсэн пивоны шилээ миний цээж рүү шидсэн. Хүмүүс цагдаа дуудахад 600.000-700.000 төгрөгөөр тохиръё гээд байсан. Би “чи намайг гуйлгачин гэж бодоо юу, хүнийг гэмтээчихээд юу яриад байгаа юм бэ” гээд хэрэлдсэн. Тэгээд биднийг маргалдаж байхад зугтаагаад явсан. Удалгүй цагдаа ирээд миний цусыг тогтоосон ба би Гэмтлийн эмнэлэгт очиж 6 оёдол тавиулсан. Тэгээд буцаад баар луу ярихад Н нарын хүмүүсийг зугтаагаад явсан гэж хэлсэн. Маргааш нь нөгөө баарандаа очиход “Н хамт явж байсан хүн үлдээсэн гар утсаа авахаар ирэхэд нь чамайг зодсон хүнийг олж өгье” гэсэн. Тэгээд би гар утасны дугаараа үлдээгээд ирэхээр нь хэлээрэй гээд явсан. Гэтэл 2 хоногийн дараа баарнаас “нөгөө хүмүүс ирж гар утсаа авах гэж байна, чи уулзаж учраа олоорой” гэхээр нь очиж олж авсан. Тэгээд заавал шүүх, цагдаа гээд яах вэ миний толгойны зургийг авхуулаад өгчих гэхэд “үгүй, явдаг газраараа яв” гээд байсан. Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр байцаагдаж байхад учраа олъё гэж Н зөндөө гуйсан. Гэтэл надаас ганц ч удаа уучлалт гуйгаагүй, хараагаад байдаг байсан. Прокурорт хэрэг очиход Н ээж утсаар яриад “300.000 төгрөг өгье, гомдолгүй гээд хэлээд өгөөч” гэж байсан. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн. Би энэ хэргийн улмаас ажилгүй болсон. Надад эм авч уугаарай гээд мөнгө ч өгөөгүй” гэв. 

 

          Шүүгдэгч Н нь ..... оны ... дугаар сарын ....-нөөс ....-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Күй” нэртэй шөнийн цэнгээний газарт Э пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6239 дугаартай:

          “1. Э биед дух, цээжинд шарх, цээжинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. / хэргийн 14 дүгээр хуудас/

 

          Хэрэг гарах үеийн дүрс бичлэг байгаа гэх”нэг ширхэг, цэнхэр өнгийн НР гэсэн саарал өнгийн англи үсгээр бичсэн сd-г 52х700 мв /80 min DISK гэсэн бичилттэй нэг ширхэг сиди дүрс бичлэгийг“ эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол. /хэргийн 22 дугаар хуудас/

 

          Гар утсаар хийсэн бичлэгтэй сиди-д үзлэг хийсэн “... боолттой үстэй /Номин-Эрдэнэ/ баруун гартаа барьсан шилээрээ үсээ задгай тавьсан эмэгтэйн /Энхтуул/ дух орчим нэг удаа гараа дунд зэрэгт өргөж байгаад цохиход хүмүүс дундуур нь орж салгаад үсээ боосон эмэгтэй /Номин-Эрдэнэ/ гараа савж үсээ задгай тавьсан /Энхтуул/ камерын дүрс бичилтээс гарсан байв. ...” тэмдэглэл. /хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

          Хохирогч Э “... М бид хоёр бааранд ороод 0.5 литртэй Сэнгүр пиво тус бүр нэгийг авч ууж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэх гэж гарсан. Ингээд бүжгийн талбай дээр бүжиглэж байтал бүжгийн талбайн зүүн талын ширээн дээр байсан хүмүүстэй талбайн нөгөө талд байсан ширээний хүмүүс маргалдсан. Би тэр үед бүжгийн талбай дээр бүжиглэж байхад эсрэг талын ширээн дээр сууж байсан хүмүүс тэнд бүжиглэж байсан хүмүүстэй маргалдаад бие биетэйгээ зууралдаж байх үед тэр дунд нэг шар үстэй жирэмсэн эмэгтэй намайг маргалдаж байгаа хүмүүстэй хамт явж байна гэж бодсон юм байлгүй гэнэт миний үсний хойноос татаад газар унагаасан. Тэгтэл хамт явж байсан том биетэй буюу Н /сүүлд өөрөө нэрээ хэлсэн/ ирээд намайг газар унасан байхад нуруу гэдэс рүү өшиглөсөн. Тэр үед М болон тэнд байсан хүмүүс Н зуураад татаад авсан. Тэгэхээр нь би Н өмсөж явсан малгайтай цамцны малгайнаас яаж байгаа юм бэ гээд татахад Н эргэж хараад гартаа барьж явсан бор өнгийн пивоны шилээр миний толгойн зүүн талын духны орчим руу цохисон. Тэр үед миний духнаас цус гарсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс Н татаад цааш болгоход Н үлдсэн гартаа барьсан хагархай шилийг над руу шидсэн. Энэ үед уг шилний үзүүр нь миний цээжний зүүн хэсэгт онож зүссэн.

          ... Миний хувьд учирсан хохирлоо барагдуулж авах хүсэлтэй гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-31 дүгээр хуудас/

 

          Гэрч Б “... Тэгээд би цаашаа явж байтал гэнэт ард тас няс гээд чимээ гарахаар нь эргээд хартал Н гартаа ууж байсан пивоны шилээ барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би боль гээд хориглосон. Тэгтэл гартаа хагараад үлдсэн байсан пивоныхоо шилийг нөгөө хохирогч эмэгтэй рүү чиглүүлээд шидсэн. Тэгээд би боль гээд гадаа О аваад гартал Г, Н хоёр бид нарыг орхиод яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 35 дугаар хуудас/

 

          Гэрч Г “ ... Тэгтэл баарны зохион байгуулагч эмэгтэй тэр хоёрын хойноос гарч ирээд та нар зодоон хийлээ гээд тэр хоёрын араас орилоод байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Н би бааранд сая хүмүүстэй маргалдаад зодоон хийчихлээ гэж хэлсэн. Тэгээд одоо энд байгаад яах юм бэ гээд би Б, Н нарыг дагуулаад такси бариад Д гэр лүү явсан. Тэгтэл баарнаас үлдсэн найзууд хүрч ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38-39 дүгээр хуудас/

 

          Гэрч Б “... Бааранд маргаан юунаас болж гарсаныг бол мэдэхгүй байна. Бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байтал Д, Б хоёр нэг залуутай бүжгийн талбай дээр муудалцаад тэр залуутай цуг явсан эмэгтэйчүүд дайраад байхаар нь би очиж салгасан. Би хүмүүс маргалдаж хохирогч Э цохиж зодож байгааг бол хараагүй. ... Сүүлд нь Н нэг эмэгтэйн толгойг шилээр хагалсан гэж мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41-42 дугаар хуудас/

 

          Н яллагдагчаар өгсөн “ ... Б одоо 5 сартай том гэдэстэй жирэмсэн. Тэгтэл Э Б руу дайраад маргалдаад байхаар нь би найзыгаа өмөөрөөд уг маргаан болох үед гартаа ууж явсан 0,5 литртэй Нийслэл пивыг баруун гартаа барьж явсанаараа толгойн дух хэсэгт цохисон. Пивоны шил хагарч Энхтуулын толгойноос цус гарсан. Тэнд байсан таних танихгүй хүмүүс бид хоёрын дундуур ороод бүжгийн талбайн хоёр талын зах руу гаргасан. Тэгтэл Э намайг дахиад хэл амаар доромжлохоор нь би гартаа барьсан хагарч үлдсэн байсан пивоны үлдэгдэл шилийг Э руу шидсэн. Ингээд баарнаас гараад явсан.

          ... Миний хувьд уг хэргийг хийсэндээ гэмшиж байна. Дахин алдаа дутагдал гаргахгүй. Гарсан эмчилгээний зардал төлбөрийг баримтаар нь барагдуулж өгнө. Өөрийн буруугаа ойлгож байгаа учир хэргийг хялбаршуулж шийдэж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 66-68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Н нь Э пивоны шилээр цохиж биед нь дух, цээжинд шарх, цээжинд цус хуралт, духанд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

          Түүнчлэн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Н буруутайд үйлдэл шууд нөлөөлжээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэв.

 

Хохирогч Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “хохирлын талаарх нотлох баримт байхгүй” гэж, мөн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Надад нэхэмжлэлийн баримт нэмж гаргах баримт байхгүй. Би мөнгө муутай байсан учир шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн тэгээд эм тариа, эмчилгээ хийлгэхгүй байж шархаа цэвэрлэсээр байгаад эдгээсэн“ гэжээ. /хэргийн 72 дугаар хуудас/

Шүүгдэгч Н гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт тооцож 8000 төгрөгийг гаргуулж хохирогч Э олгуулахаар шийдвэрлэв.

Харин хохирогч Э гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн  шүүгдэгч Н хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Н баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н 8000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 20 дугаар хороо 39-225 тоотод оршин суух Э

 

8. Хохирогч Э гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ