Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/01553

 

Ц.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01546 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1642 дугаар магадлалтай,

Ц.Д-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саяболд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01212 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжаар хариуцагч Карголэнд ХХК-иас 120.215.875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явуулж буйтай холбогдуулан нэхэмжлэгч миний бие 2016 оны 12 сарын 02-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан. Гэтэл гомдлын хариуг 2017 оны 01 сарын 02-ны өдөр өгсөн ба тус хариу албан бичигт “2016 оны 02 сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01212 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг ...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах... гэж өөрчилсөн гэсэн хариу ирүүлсэн. Дээрх шүүгчийн захирамжид хариуцагч Карголэнд ХХК нь 120.215.875 төгрөгийг 2016 оны 3 сарын 20-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тухайн үед зээл авахад барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хураах, тухайн эд хөрөнгөөр зээлийн гэрээний төлбөрийг хангуулахаар захирамжлах хэсэгт заагаагүй байсан. Иймээс миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 хороо, 24 дүгээр байр, 54 тоот, 65,7 м.кв 3 өрөө байрыг хурааж авсан, битүүмжилсэн, үнэлгээ тогтоосон, албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоол, мэдэгдэл, тус үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 1212 дугаар захирамжаар Карголэнд ХХК-иас 120.218.875 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 хороолол, Оюутны гудамж, 24 дүгээр байрны 54 тоот 65.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 5 сарын 17-ны өдрийн 16/26 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 6 сарын 03-ны өдрийн 16/26 тоот тогтоолоор хураан авсан. Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтooлгоxoop Ц.Д-д үнийн санал ирүүлэх тухай 2016 оны 7 сарын 25-ны өдрийн 3/23704 тоот албан бичгээр, 2016 оны 7 сарын 29-ний өдөр утсаар тус тус мэдэгдэж шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 106.646.500 төгрөгийн 70 хувиар буюу 74.652.550 төгрөгөөр уг үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 9 сарын 02-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй болно. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 28380 дугаар захирамжаар 2016 оны 02 сарын 23-ны өдрийн 01212 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй, Карголэнд ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 120.218.875 төгрөгийг хариуцагч Кэрголэнд ХХК нь 2016 оны 3 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчилсөн. Нэхэмжлэгч 2016 оны 8 сарын 24-ний өдөр энэ үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасныг шүүх 2016 оны 12 сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр давж заалдах шатны шүүхэд хянагдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01546 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3., 34.4.-т заасныг баримтлан Барьцааны хөрөнгийг хураасан, битүүмжилсэн, үнэлгээ тогтоосон, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага оруулсан тогтоол, мэдэгдэл болон уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1642 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01546 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Д- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01546 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1642 дугаар магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна.

Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 102/ШШ2016/01212 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явуулж буйтай холбогдуулан нэхэмжлэгч миний бие 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан. Гэтэл гомдлын хариуг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн ба тус хариу албан бичигт 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 28380 дугаар захирамжаар Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 102/ШШ2016/01212 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг “...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах...” гэж өөрчилсөн гэсэн хариу ирүүлсэн. Баянгол, Сонгинохайрхан, Хан- Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 102/ШШ2016/01212 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийг захирамжийг зөрчсөн буюу дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийж гүйцэтгэх үед тус захирамжид барьцаа хөрөнгөөр хангуулах тухай захирамжлах хэсэгт заагаагүй байсан. Мөн өмнө үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “...энэ хуулийн 34.3 дахь хэсэг нь гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлыг шүүхэд хянан шийдвэрлэхэд хамаарахгүй... ” гэсэн байх бөгөөд гуравдагч этгээд Ц.Д- миний эрх ашиг хөндөгдсөн байх тул би ажиллагаа бүрт гомдол гаргах шаардлагагүй байсаар байтал шүүхээс ажиллагаа бүрт гомдол гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангахгүй байгаа нь хууль бус байна. Иймээс миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 8 хороо 24 дүгээр байр 54 тоот 65,7 м.кв 3 өрөө байрыг хурааж авсан, битүүмжилсэн, үнэлгээ тогтоосон, албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоол, мэдэгдэл, тус үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01546 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1642 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Ц.Д- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан барьцааны хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, үнэлгээ тогтоосон, албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоол, мэдэгдэл болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэсэн тайлбар гаргаж маргажээ.

“Карголэнд” ХХК нь Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 01212 дугаар шүүгчийн захирамжаар “Улаанбаатар хотын банк” ХХК-д 120.218.875 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй, НШГА шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 8 хороо, 24 дүгээр байр, 54 тоотын 3 өрөө байрыг битүүмжилж, хураан авсан ба үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул шинжээч томилж, үнэлгээ тогтоолгожээ.

Нэхэмжлэгч үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 2-ний өдрийн 01396 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна /хэргийн 64-65 дугаар тал/.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.-т төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заажээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/28380 дугаар шүүгчийн захирамжаар тус шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 01212 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрчлөлт оруулсан нь хүчин төгөлдөр талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн  шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01546 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1642 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Д-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ