Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 416

 

        Б.Сүхбаатар, Б.Амарбаясгалан,

     Н.Мөнхбат, Х.Тамир, Л.Жавхлан нарт

      холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

            прокурор Д.Дашмаа,

            шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч Л.Хатанбаатар, М.Баасанбат,

            шүүгдэгч Б.Амарбаясгалангийн өмгөөлөгч Д.Батсүх,

шүүгдэгч Л.Жавхлангийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Д.Дашмаагийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг үндэслэн  Э.Тамирт холбогдох 201525010189 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шунхлай овгийн Базарсадын Сүхбаатар, 1967 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 3-98 тоотод орших суух албан ёсны хаягтай,

1982 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73 дугаар зүйлийн А, 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 3 жил хорих ял, 1985 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 1 жил хорих ял, 1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ял, 1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 3 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 5 жил 9 сар 15 хоногийн хорих ял, 1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 5 жил 11 сар 5 хоногийн хорих ял шийтгүүлж, 2000 оны 10 дугаар сарын 5-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан, 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял шийтгүүлж, 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан. /регистрийн дугаар: УЖ67040139/

2. Иеншөөбү овгийн Батбаярын Амарбаясгалан, 1982 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 60 дугаар байрны 23 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ХГ82042175/

3. Урианхай овгийн Нямцэрэнгийн Мөнхбат, 1984 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Бэрэн констракшн” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөний 50 дугаар байрны 133 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЧО84111416/

4. Олхонууд овгийн Хувьтөгөлдөрийн Тамир, 1982 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөө чөлөөний 8 дугаар байрны 59 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЧП82011811/

5. Боржигон овгийн Ласрангийн Жавхлан, 1964 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 7 дугаар гудамжны 177 тоотод оршин суух, 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн б-д зааснаар 15 жил хорих ял шийтгүүлж, 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ЦЖ64010717/

1. Б.Амарбаясгалан нь Х.Тамир, Б.Сүхбаатар нартай урьдчилан үгсэн

тохиролцож, Б.Сүхбаатарыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр  Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 43.9 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр захиалсан,

2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн 18-08УНЛ улсын дугаартай BMW-X5 маркийн автомашинд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан,

 2. Н.Мөнхбат нь Б.Сүхбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, түүнийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 43.9 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр захиалсан,

3. Х.Тамир нь Б.Амарбаясгалан, Б.Сүхбаатар нартай урьдчилан үгсэн
тохиролцож, Б.Сүхбаатарыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 43.9 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдлүүлэхээр захиалсан,

2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 47-16 УБН хуурамч улсын дугаар бүхий, гэрчилгээн дээрээ 29-05УНК улсын дугаартай өөрийн “Тоёота приус” загварын автомашинд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа 2013, 2014 онуудад хяналт тавьж ажилласан Д.Цэрэнбалд холбогдох эрүүгийн 201324001261, С.Лхагвадоржид холбогдох 201324000870, Т.Цог-Эрдэнэд холбогдох 201324001194, Б.Цогтжаргалд холбогдох 201324000704, Б.Сэргэлэнд холбогдох 201424000889, Х.Мөнхтуяа нарт холбогдох 201424000913, Б.Ганбаатарт холбогдох 201424000475, Ц.Мөнхбатад холбогдох 201324000807, Ө.Саруулд холбогдох 201424000772 дугаартай,  хүндэвтэр ангиллын нийт 9 хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэлгүй дарагдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9, 10, 45 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.20, 215 дугаар зүйлийн 215.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 32 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 208, 210, 219 дүгээр зүйлээр тус тус тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс дээрх нэр бүхий яллагдагч нарт ял завшуулж, Монгол Улсын прокурорын байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хүнд хор уршиг учруулсан,

2013 оны 3 дугаар сараас 2015 оны 4 дүгээр cap хүртэл өөрийн хяналт тавьж байсан хэргийн яллагдагч нарын шүүхээр ял шийтгүүлэхгүй байх гэсэн ашиг сонирхол, үүссэн нөхцөл байдлыг ашиглаж хясан боогдуулах замаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9, 10, 45 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.20, 215 дугаар зүйлийн 215.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 32 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 208, 210, 219 дүгээр зүйлээр тус тус тодорхойлогдсон албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх буюу хүндэвтэр ангиллын хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж;

Эрүүгийн 201324001112 дугаартай хэргийн яллагдагч Ч.Ариунзаяагаас 1.500.000 төгрөгийг, эрүүгийн 201524000249 дугаартай хэргийн яллагдагч С.Амартайванаас 1.000.000 төгрөгийг, эрүүгийн 201424000146 дугаартай хэргийн яллагдагч Б.Мөнхцоожоос 220.000 төгрөгийг, эрүүгийн 201424000666 дугаартай хэргийн яллагдагч Г.Энхбаатараас 4.000.000 төгрөгийг, эрүүгийн 201424000814 дугаартай хэргийн яллагдагч Б.Чинбатаас 1.000.000 төгрөгийг, эрүүгийн 201324001240 дугаартай хэргийн яллагдагч С.Эрдэнэжаргалаас 500.000 төгрөгийг, эрүүгийн 201324000814 дугаартай хэргийн яллагдагч Ц.Батбаатараас 100.000 төгрөгийг, яллагдагч Ё.Энхбатаас 100.000 төгрөгийг, эрүүгийн 201324000327 дугаартай хэргийн яллагдагч Л.Жавхлангаас 3.000.000 төгрөгийг, эрүүгийн 201424000529 дугаартай хэргийн яллагдагч Д.Анараас 3.000.000 төгрөгийг, эрүүгийн 201324000514 дугаартай хэргийн яллагдагч Ц.Отгонбаатараас 400.000 төгрөгийг, эрүүгийн 201324001270 дугаартай хэргийн яллагдагч М.Тэмүүжингээс 1.000.000 төгрөгийг, нийт 11 хэргийн 12 яллагдагчаас давтан үйлдлээр 15.820.000 төгрөгийг хээл хахуульд авсан,

4. Б.Сүхбаатар нь 2015 оны 7 дугаар сарын 4-нөөс 9-ний өдрүүдийн хооронд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 43.9 граммыг Б.Амарбаясгалан, Х.Тамир, Н.Мөнхбат нарт борлуулах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

Дээрх бодисыг Б.Амарбаясгалан, Х.Тамир, Н.Мөнхбат нарын захиалсны дагуу 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн,

5. Л.Жавхлан нь Нийслэлийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2/А дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2-ын б-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01.00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Түмэн плаза төвийн эсрэг талын зогсоол замд “Субару импраза” загварын, 11-90 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчин, П.Сэд-Очирын жолоодож явсан Тоёота приус маркийн 74-00 УНЭ улсын дугаартай автомашиныг мөргөж, 172.000 төгрөгийн хохирол учруулан, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

Эрүүгийн 201324000327 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж, холбогдох хэрэг нь 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Тээврийн прокурорын газарт шилжин хянагдаж байх үед шүүхээр ял шийтгүүлэхгүй байх зорилгоор Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамирт 3.000.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Б.Амарбаясгалангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар,

Н.Мөнхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар,

Х.Тамирын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.1, 272 дугаар зүйлийн 272.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар,

Б.Сүхбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар,

5. Л.Жавхлангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Нэр бүхий шүүгдэгч нарын гэм буруутайг шүүхээр тогтоолгож, тэдгээрт ял оногдуулах тухай прокурорын бичсэн яллах дүгнэлт хуульд нийцэхгүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн шаардлага хангахгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр нөхцөл байдал үүсч байх тул шүүх уг хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь; Анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 15 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Х.Тамир, Б.Сүхбаатар, Л.Жавхлан нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж, тэдгээрийг гэм буруутай болохыг тогтоосон. Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсгийн диспозиц-д "Хар тамхи, мансууруулах буюу хордуулах ... бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол..." гэж, хүндрүүлэх бүрэлдэхүүнийг нь "Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол ..." гэж тус тус заасан байдаг.

Прокурор нь аливаа гэмт хэргийн үйл баримтыг яллаж буй зүйл хэсгийнхээ хэм хэмжээнд нийцүүлж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэх байтал шүүгдэгч Б.Амарбаясгалан нарт холбогдох хэргийн яллах дүгнэлт энэ шаардлагыг хангахгүй байсны улмаас анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 15 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хэргийн зүйлчлэлийг нь хуульд нийцүүлэхийн тулд хөнгөрүүлсэн болно.

Дээр дурдсанчилан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүний "... урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг" гэснийг шүүгдэгч Б.Сүхбаатарт холбогдох хэрэгт /Б.Сүхбаатарын үйлдэлд/ орхигдуулж бичсэн атлаа шүүгдэгч Б.Амарбаясгалан, шүүгдэгч Х.Тамир нарыг Б.Сүхбаатартай "... урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж" гэж, Н.Мөнхбатыг шүүгдэгч Б.Сүхбаатартай "... урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж" гэж тус тус дүгнээд байгаа нь ойлгомжгүй төдийгүй шүүх шүүгдэгч Б.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болохгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн диспозиц хэсэгт тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг нэг бүрчлэн тоочиж заасан тохиолдолд ерөнхий ангиас иш татаж журамлах шаардлага байхгүй.

Гэтэл яг адилхан үйлдэлтэй нэг хэрэг дээр шүүгдэгч нарт холбогдох хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг орхиж бичсэн прокурорын алдааг шүүх цаашид зөвтгөж байх нь зохимжгүй, энэ нь шүүх яллах талыг хэт барьсан явдал хийгээд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулна. Өөрөөр хэлбэл прокурорын гаргасан алдааг шүүх зөвтгөж, хэргийг хүндрүүлж шийдвэрлэж болохгүй.

Түүнчлэн энэ хэргийг хянасан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 161 дугаартай магадлалд "... Зарим шүүгдэгчийн үйлдлийн шинжийг прокурорын яллах дүгнэлтэд дутуу, орхигдуулж бичсэн зөрчил байгаа бол үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой эсэхийг анхаарч үзэх, боломжгүй бол уг зөрчлийг арилгуулах талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан зохицуулалтыг хэрэглэхийн оронд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна" гэж дүгнэсэн байх тул шүүгдэгч Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Х.Тамир, Б.Сүхбаатар, Л.Жавхлан нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбоотойгоор дараах байдлыг анхаарвал зохино.

Гэмт хэрэг үйлдүүлэхээр захиалсан гэх нэр бүхий шүүгдэгч нар хэрхэн яаж захиалсныг тодорхой болгох нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд "... шүүхийн тогтоолд шүүгдэгч Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарыг "сэтгэцэд нөлөөлөх бодис буюу мөсийг захиалсан" гэж, шүүгдэгч Б. Сүхбаатарыг "сэтгэцэд нөлөөлөх бодис буюу мөс захиалсныг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн" гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлд заагаагүй гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон" гэж дүгнэсэн байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Б.Сүхбаатар нь сэтгэцэд нөлөөлөх тухайн бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн субьект болохоор, мөн тухайн бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан гэх үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьект болохоор байгаа юм.

Шүүгдэгч Б.Сүхбаатарыг 2 өөр төрлийн гэмт хэрэгт буруутгаж буй тухайн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий "мөс" гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис болохыг шинжээчийн дүгнэлтээр тодорхойлжээ. Хэрэв шүүгдэгч Б.Сүхбаатарыг 2 өөр төрлийн гэмт хэрэгт буруутгаж буй эд зүйл нь давж заалдах шатны шүүхийн магадлалд бичээд байгаачлан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлд заагаагүй гэмт хэрэг” юм бол үүнийг шинжээчээс дахин тодруулах нь зүйтэй гэсэн үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Дашмаа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч дараах эсэргүүцлийг бичив.

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт яллах дүгнэлтийн "Тэмдэглэх хэсэгт яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана", 218.3 дахь хэсэгт "Тогтоох нь хэсэгт яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл хэсэгт тохирох, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай санал, шүүхийн харьяалал, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр албан тушаал, зэрэг дэв, үйлдсэн он, cap, өдрийг бичнэ" гэж тус тус заасан.

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 50/1 дугаартай яллах дүгнэлтэд яллагдагч Б.Сүхбаатарыг "2015 оны 7 дугаар сарын 4-нөөс 9-ний өдрүүдийн хооронд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий "мөс" гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 43,9 граммыг яллагдагч Б.Амарбаясгалан, Х.Тамир, Н.Мөнхбат нарт борлуулах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар,

-Дээрх бодисыг яллагдагч Б.Амарбаясгалан, Х.Тамир, Н.Мөнхбат нарын захиалсны дагуу 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй" гэж яллагдагчийн үйлдсэн хэргийн товч агуулга, мөн яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл хэсэгт тохирох болохыг хуульд заасан шаардлагын дагуу бичсэн.

Яллах дүгнэлтэд яллагдагч Б.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан хэрэгт "...урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн..." гэдэг шинжийг орхигдуулж бичсэн ч хуулийн тохирох зүйл, хэсэг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар яллагдахыг зөв бичсэн тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 33 дугаар зүйлд заагдсан бүрэн эрхийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар яллагдагч Б.Сүхбаатарт сонсгосон ялд өөрчлөлт орохгүй тул шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэж байна.

Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзээд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр 161 дугаар магадлал гаргасан.

Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, өмнө нь хэргийг энэ бүрэлдэхүүнээр хэлэлцээд дээрх яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэж байсан атал одоо огт өөр үндэслэл зааж хэргийг буцаасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Яллагдагч Б.Амарбаясгалан, Х.Тамир, Н.Мөнхбат нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оролцсон хэлбэр нь яллагдагч Б.Сүхбаатараас 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр авсан тайлбар, 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлгээр нотлогддог бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдүүлэхээр захиалсан гэх яллагдагч нар хэрхэн яаж захиалсныг яллагдагч Б.Сүхбаатараас дахин байцаалт авч тодорхой болгохоос өөр байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй.

Гэтэл яллагдагч Б.Сүхбаатарын өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь өөрчлөгдөн гэмт хэргийн захиалагч байхгүй гэж мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснийг үндэслэн "нэр бүхий шүүгдэгч нар хэрхэн яаж захиалсныг тодорхой болгох" гэсэн ажиллагаа хийлгүүлэхээр тогтоолд заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, учир нь хэрэгт энэ талаар яллагдагч нараас дахин байцаалт авахаас өөр хийгдэх ажиллагаа байхгүй, үүнийг шүүхийн хэлэлцүүлгээр дахин тодруулж, шүүх бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжилсний үндсэн дээр өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

3. Яллагдагч Б.Сүхбаатарын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн 43,9 грамм бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий "мөс" гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 6942 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.5 дахь хэсэгт "Хууль хэрэглэх, хуулийн зүйл, хэсэг заалтыг тайлбарлуулах асуудлаар шинжээч томилохыг хориглоно", 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт "хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулах буюу тодруулах зорилгоор шинжээчийг байцааж болно" гэж,

Мөн Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 14, 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаар тогтоолуудад "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188, 192 дугаар зүйлд заасан "хар тамхи, мансууруулах бодис", "мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис" гэдэгт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын жагсаалтад орсон бодис хамаарна" гэж тодорхой заасан байдаг.

Гэтэл шүүх нь шинжээчээс хууль хэрэглэх, хуулийн зүйл, хэсэг заалтыг тайлбарлуулах асуудлыг тодруул гэж зааж байгаа нь үндэслэлгүй, дээрх асуудлыг тодруулснаар хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч Л.Хатанбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор яллах дүгнэлтдээ “бүлэглэсэн” гэдгийг орхисон. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “...гэм бурууг прокурор нотолно” гэж заасан. Гэтэл прокурор Н.Мөнхбатын гэм бурууг нотолж чаддаггүй. Хэргийг хянан хэлэлцэж, нотлох баримт шинжлэн судлахад хэргийн талаар өөр нөхцөл байдал илэрсэн. Тагнуулын байгууллагын ажилтан Баяртогтохын мэдүүлгээр хэрэг анх илэрсэн болон мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн нөхцөл байдал тодорхойгүй болсон. Баяртогтохын авч явсан бодис хар тамхи уу, мөс үү гэдгийг тодруулах ажиллагаа хийгдээгүй. Үүний улмаас Н.Мөнхбатын хууль ёсны эрх ашиг өнөөг хүртэл зөрчигдөж байна. Баяртогтохыг барих үед мансуурсан байсан. Мансуурсан байхад өгсөн тайлбарт үндэслэн хэргийг шалгасан нь үндэслэлгүй. Дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан ч уг бодис нь мансууруулах бодис мөн эсэхийг тодруулж чадаагүй. Н.Мөнхбатыг захиалагчаар уг хэрэгт татан шалгаж байгаа. Захиалагч нь заавал бусдыг хөлсөлсөн байх ётсой. Гэтэл хөлсөлсөн гэх асуудал тогтоогддоггүй. Шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч М.Баасанбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор яллах дүгнэлтдээ хүндрүүлэх нөхцөл байдлыг дурдаагүй. Мөн Мөнхбат, Сүхбаатар нартай холбоотой санхүүгийн баримтууд байдаг. Үүнийг тодруулах ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцээх боломжгүй. Мөс гэдэг зүйлийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, бүлэглэсэн гэж байгаа юм бол хэдэн грамм бодисыг хэн хэзээ захиалсныг тогтоох ёстой. Мөнхбатыг захиалагч гэж үзэж байгаа юм бол захиалгын хөлс төлсөн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй. Урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэсэн гэдэг нь Сүхбаатарын анхны тайлбараар тогтоогдож байна гэсэн. Гэтэл хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч нь өөрийн гэм бурууг хүлээхийг шаардахгүй. Мөн түүний мансуурсан байх үедээ өгсөн мэдүүлгийг бусад шүүгдэгч нарын гэм бурууг нотлох үндэслэл болгох боломжгүй. Иймд улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Н.Мөнхбат нь сурьеэ өвчтэй тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Амарбаясгалангийн өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор яллах дүгнэлтдээ “бүлэглэж үйлдсэн” гэдэг үг орхигдсон гэдгийг зөвшөөрч байна. “Бүлэглэж үйлдсэн” гэдэг нь тухайн гэмт хэргийн диспозиц нөхцөлийг тодорхойлж байгаа үндсэн зүйл юм. Үүнийг прокурор яллах дүгнэлтэд бичилгүй орхигдуулсан байхад шүүх ийм байх ёстой гэж шийдвэрлэх нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зөрчил болох юм. Прокурор яллаж байгаа хэргийг бүрэн тодорхойлсон байх нь хэргийг шийдвэрлэх үндэслэл болдог. Зөвхөн нэг хүний мэдүүлэгт үндэслэн бусад шүүгдэгч нарыг яллаж байгаа нь учир дутагдалтай. Дахин мэдүүлэг авах боломжгүй гэдгийг нь тогтоох ёстой болохоос урьдчилан боломжгүй гэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалттай нийцэхгүй байна. Сүхбаатарыг дахин байцаах ажиллагааг явуулах ёстой. Сэтгэцэд нөлөөлөх бодис гэж заасан зүйл байхгүй. Улсын хилээр оруулж ирсэн гэх бодис нь хар тамхи, мансууруулах бодис мөн эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай. Одоогийн байдлаар сэтгэцэд нөлөөлөх бодис гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй болно. Хэрэгт ач холбогдолтой шалгавал зохих зүйлс гэж ойлгож байна...” гэв.

 Шүүгдэгч Л.Жавхлангийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн эсэргүүцэлтэй холбогдуулан хэлэх зүйл байхгүй. Харин Л.Жавхлангийн биеийн эрүүл мэндийн байдал муу, даралттай, цөсний хөндийн архаг үрэвсэлтэй гэсэн оноштой цагдан хорих төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргаж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаар тогтоолын зарим хэсэг үндэслэлтэй, зарим нь үндэслэл муутай болжээ.

Уг тогтоолын “прокурорын яллах дүгнэлтэд Б.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүний “урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг” гэсэн шинжийг орхигдуулж бичсэнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэсэн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 218 дугаар зүйлийн 218.3, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсгийн заалтуудтай нийцсэн байна.

Харин “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдүүлэхээр захиалсан гэх нэр бүхий шүүгдэгч нар хэрхэн яаж захиалсныг тодорхой болгох, Б.Сүхбаатарыг 2 өөр төрлийн гэмт хэрэгт буруутгаж байгаа эд зүйл /сэтгэцэд нөлөөлөх бодис/-д дахин шинжээчээс тодруулах” гэсэн заалтууд нь хууль зүйн үндэслэлгүйгээс гадна эдгээр заалтыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон талаар дурдаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий анги дахь гэмт хэрэгт хамтран оролцогч, хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон 35, 36 дугаар зүйл болон тусгай ангийн 188 дугаар зүйлийн “...хар тамхи, мансууруулах болон хордуулах ... бодисыг ...” гэсэн заалтын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх бүрэн боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолын зарим хэсгийг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн нэг дэх заалтыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.