Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багт оршин суух, иргэн Шаавай овогт Жаргалын Нарантуяа,

       Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдох,

            Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 18-ны өдрийн А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Нарантуяа, хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга С.Төгсболд,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ж.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” ...Миний бие нь Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргаар 2017 оны 10 сараас эхлэн ажиллаж байна.Эрүүл мэндийн газраас манай байгууллагын бүтэц орон тоог 26 –аар баталсан боловч 24 орон тоогоор санхүүжилт ирж байгаа учраас төсөвт өр үүссэн. Надад ажилдаа хариуцлагагүй хандсан зүйл байхгүй.Надад Төсвийн тухай хууль,Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй.

Тариалан сумын Засаг дарга нь 2017 оны 04 дүгээр сарын 18-нд сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан боловч миний бие 2017 оны 04 дүгээр сарын 24-нд хүлээж авсан. Энэхүү сахилгын шийтгэлийн талаар надад урьдчилан мэдэгдээгүй бичиг хэргээр дамжуулан ирсэн. Манай байгууллага өмнө нь  29 хүний орон тоотой байсан тул миний бие 3 хүнийг ажлаас чөлөөлснөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг үндэслэж ажлаас халагдсаны тэтгэмж буюу 10 жил ажилласан хүнд 1 сарын цалин, 20 жил ажилсан хүнд 3 сарын цалинг нь олгохоор заасныг тус хүмүүстэй ярилцаж тохиролцон 1 сарын цалин олгосон ба энэ тал дээр төсвийн өр үүссэн байгаа. Тухайн үед Толь багын эмч сургалтанд суухаар Улаанбаатар хотод байсан тул Тарвагатай багын эмчийг Толь баг дээр давхар ажиллуулж үндсэн цалингын 40%-ийн нэмэгдэл олгож ажиллуулсан. Миний бодлоор уг шийтгэлийг нягтлан бодогчид оногдуулж надад сануулах арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна.Иймд Тариалан сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 18-ны өдрийн А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 Хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Ж.Нарантуяа нь эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед төсвийн үргүй зардлыг аль болох хэмнэлттэй зарцуулах,төсөвт өр үүсгэхгүй байх асуудлыг зөрчиж, ажилчдын болон өөртөө илүү цагийг хуулийн хүрээнд биеэр эдлүүлэх боломж нөхцөл байсаар байтал эхний улиралд төсөвт өр үүсгэсэн.Орон тоо 26-аар батлагдсан боловч 24 орон тоогоор төсвийн хуваарь ирсээр байтал тодруулахгүй өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж өр үүсгэсэн,эх төрөлтийг сумандаа төрүүлэхгүй аймагт ирүүлж, иргэдийн эрүүл мэндийн дуудлагад үйлчлэх хуваарьт бензинийг үргүй зарцуулж,иргэдэд чирэгдэл үүсгэсэн,хамт олноо удирдах, эв нэгдэл бий болгон ажиллах тал дээр удаа дараа гомдол ирсэн ба Эрүүл мэндийн газраас арга хэмжээ авах,хариуцлага тооцох зэрэг албан тоотууд ирсэн.Хамт олны хурал хийлгэж сумын ИТХ-ын дарга, Засаг дарга миний бие ажлын зааварчлагаа, зөвлөгөө өгсөн, тус байгууллагын удирдлага ажлаа муу хийж байна гэсэн иргэдийн санал гомдол ирсэн зэрэг ажлын доголдол дутагдал дахин гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулсан.

Яагаад төрийн албаны тухай хууль хэрэглэсэн бэ гэхээр Ж.Нарантуяа нь төрийн албанд шалгалт өгч тэнцсэнээр төрийн албан хаагч болсон тул төрийн албаны тухай хуулийг хэрэглэсэн байгаа. Сахилгын шийтгэл ногдуулах гол шалтгаан нь төсвийн зарцуулалтад хяналт тавьж хэмнэлт хийх Засгын газрын шийдвэр, орон нутгын хурлын тогтоол, тухайн байгууллагын дээд шатны албан тушаалтны үүрэг даалгавар гарсан байхад байгууллагын удирдлага хариуцлагагүй ажилсан тул сахилгын шийтгэл оногдуулсан болно.

Иймд Тариалан сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 18-ны өдрийн А/45 дугаартай захирамжийг хүчинтэй хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүхэд нэхэмжлэгч Ж.Нарантуяа нь Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 18-ны өдрийн А/45 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай“ захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Нарантуяа нь “Эрүүл мэндийн газраас манай байгууллагын 2017 оны бүтэц орон тоог 26-аар баталж өгсөн мөртлөө 24 орон тоогоор цалин ирж байгаа тул төсөв хэтэрч өр үүссэн байгаа. Надад Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн заалтууд баримталж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй“ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагчийн зүгээс “Орон тооны бүтэц 26-аар батлагдсан ч 24 орон тоотойгоор ажиллах төсвийн хуваарь ирснийг тодруулахгүй өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж өр үүсгэсэн, бензинийг үргүй зарцуулсан, эрүүл мэндийн газраас сахилгын шийтгэл оногдуулах тухай албан бичиг ирсэн, хамт олноо удирдах тал дээр удаа дараа иргэдээс гомдол ирсэн”  гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 18-ны өдрийн  А/45 дугаартай “ Сахилгын шийтгэл ногдуулах тухай”[1] захирамжинд Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, Эрүүл мэндийн газрын 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 257 тоот албан бичгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Нарантуяад Сумын эрүүл мэндийн төвийн эхний улиралд төсөв хэтрүүлэн өр үүсгэж зөрчил гаргасан гэх үндэслэлээр үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Нарантуяа нь маргааны бүхий захиргааны актад холбогдуулан 2017 оны 05 сарын 16-ны өдөр хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Нэхэмжлэгч Ж.Нарантуяаг Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2016 оны 10 сарын 25-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаар Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргаар түр, 2017 оны 01 сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай захирамжаар[2] тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилжээ.

Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар[3] Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн орон тоог нийт 26 ажилтантай байхаар баталсан байх боловч 2017 оны төсвийн хуваарь батлагдахдаа[4] нийт 24 ажилтнаар тооцож сард цалингийн зардалд 15204,7 төгрөгөөр тооцогдож санхүүжигдсан байна.

Тариалан сумын Эрүүл мэндийн төв 2017 оны санхүүгийн жилийн эхний нэгдүгээр улиралд нийгмийн даатгалын шимтгэлийн болон түлш, халаалт, цахилгаан, эмийн зардлын 15335097 төгрөгийн өртэй тайлан гарсан нь нягтлан бодогч Б.Зулаагийн шүүхэд өгсөн мэдүүлэг[5], Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 03-р сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ зэргээр тогтоогджээ.

Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Нарантуяа 2017 оны эхний улирлын байдлаар цалин 4916834 төгрөгийн өртэй байгаа талаараа Увс аймгийн Эрүүл мэндийн газарт 2017 оны 04 сарын 11-ний өдрийн 21 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байх бөгөөд Эрүүл мэндийн газрын 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 257 дугаартай албан бичгээр[6] Ж.Нарантуяад өр үүсгэж ажилласан тул цалинг 20 хувиар 3 сарын хугацаагаар бууруулах сахилгын арга хэмжээ авах саналыг хүргүүлсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сахилгын зөрчилд тооцох үндэслэл,шийтгэлийн төрлүүдийн талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар заажээ.

Нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн эрхэлж буй Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасны дагуу төрийн үйлчилгээний албан тушаалд хамрагдаж байгаа бөгөөд Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар төсвийн шууд захирагчийн хувьд сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээг байгуулан ажилладаг болно.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын зургаад хөдөлмөрийн сахилгад тооцох зөрчил, сахилгын шийтгэл оногдуулах талаар зохицуулсан ба төсвийн шууд төсөв хэтрүүлэн зарцуулсантай холбоотой асуудал нь сахилгын зөрчлийн шинжийг агуулаагүй байна.

Харин Тариалан сумын Засаг дарга, Ж.Нарантуяа нарын хооронд байгуулагдсан 2017 оны үр дүнгийн гэрээний 6.1 дэх заалтад байгууллагыг өр авлагагүй ажиллуулах үүрэг хүлээхээр заажээ.

Өөрөөр хэлбэл төсвийн шууд захирагчийн төсөв зарцуулахтай холбоотой алдаа зөрчлийн асуудал нь албан үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар үр дүнг тооцохдоо анхаарах зүйл болно.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан тул маргаан бүхий актанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлах нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэх зохицуулалттай нийцэх юм.

Иймд маргаан бүхий актанд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах тухай хуулийн заалтыг баримталсан нь буруу байна.

Маргаан бүхий акт буюу Тариалан сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 18-ны өдрийн А/45 дугаартай захирамжинд сумын Эрүүл мэндийн төвийн эхний улирлын төсөв хэтрүүлэн өр үүсгэсэн гэх үндэслэлийг заасан тул хариуцагчийн нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн ёс зүйн асуудлаар хамт олон болон бусад иргэдээс гомдол ирснийг шийдвэр гаргахдаа үндэслэсэн талаарх тайлбарт дурдсанд дүгнэлт хийх шаардлагагүй болохыг дурдав.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа 1/ Оролцогчийг тодорхойлох, 2/ Нөхцөл байдлыг тогтоох, 3/ Нотлох баримтыг цуглуулах, 4/ Оролцогчийг сонсох ажиллагааг хийсэн байх шаардлагатай бөгөөд хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх журмыг хэрэгжүүлээгүйг тэмдэглэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 18-ны өдрийн А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгоусгай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Нарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нарантуяад олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЦЭЦЭГ