Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 1885

 

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2016/01885

 

Долоон болдог ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/03099 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Долоон болдог ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Барилга технологийн коллеж ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэг, алдангид 79 112 338 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхзулын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Хос-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнх-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Долоон болдог ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хос-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Барилга технологийн коллежтой түрээсийн гэрээний харилцаатай юм. Гэтэл  2013 оны 09 дүгээр  сараас түрээслэгч нь гэрээний 1.7-д заасан төлбөрөө төлөлгүй нийт 52 741 559 төгрөг, гэрээний 3.6-д зааснаар төлөөгүй хугацааны төлбөрт ногдох алданги 26 370 779.50 төгрөг, нийт 79 112 338.50 төгрөгийн үүрэгтэй  болсон. Төлбөрийг төлөхийг шаардсан боловч удахгүй төлнө гэж хүлээлгэсээр одоо болтол барагдуулаагүй. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 79 112 338.50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Барилга технологийн коллеж ХХК шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сургууль нь 2009 оноос эхлэн Долоон болдог ХХКомпаний байрыг түрээсэлсэн.  Бид тус байранд жилд 2 удаа урсгал засвар, 1 удаа бүтэн засвар хийдэг байсан. Гэтэл Долоон болдог ХХКомпани нь хичээлийн шинэ жил эхлэхэд буюу тухайн оны 8 дугаар сарын 30-ны өдөр түрээс нэмсэн мэдэгдлийг ирүүлдэг. Хичээлийн шинэ жил эхэлж байгаа, оюутан сурагчдаа бүртгэчихсэн байдаг учир арга буюу түрээсийн гэрээгээ байгуулж сургалтаа явуулж байсан. Ажлын байрны зориулалтаар 2009.09.01-2010.09.01 хүртэл талбай түрээслүүлэх гэрээ 393.59 м.кв, 2010.09.15-2011.09.01 хүртэл 10/03 түрээсийн гэрээ 504.17 м.кв, 2011.09.01-2012.08.31 хүртэл 530.88 м.кв сард 17 000 төгрөг, 2012.10.01-2013.08.31 өдрийг хүртэл 530.88 м.кв сард 20 000 төгрөг, 2013.09.05-ны өдрийн 2013.09.01-2014.08.31 өдрийг хүртэл 559.4 м.кв сард 26 000 төгрөг, 2013.11.05-ны өдрийн 2013.11.05-2014.08.31 өдрийг хүртэл 53.3 м.кв 26 000 төгрөгөөр гэрээ байгуулж ирсэн. Нэхэмжлэгч нь гэрээний талуудын чөлөөт байдлыг зөрчсөн тул алданги төлөх үндэслэлгүй. Нөхцөл байдалтай уялдуулахгүйгээр түрээсээ дур мэдэн өсгөснөөс болж түрээсийн төлбөрийг төлж чадахаа больсон бөгөөд жилийн  4 сар уг байрыг ашиглаагүй мөртлөө 5 жил түрээс төлсөн байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хасч тооцохыг  удаа дараа хүсч  байсан. Алдангиас манай байгууллагын нөхцөл байдлыг харгалзан үзэж чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Барилга технологийн коллеж ХХКомпани /рд:5660653/-иас 79 112 338.5 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Долоон болдог ХХКомпани /рд:2819449/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчаас 553 511 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553 520 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхзул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Тус сургууль нь түрээсийн  хугацаанд жилд 2 удаа урсгал засвар 1 удаа бүтэн засвар хийдэг байсан. Гэтэл Долоон болдог ХХК нь хичээлийн шинэ жил эхлэхэд буюу тухайн оны 08 дугаар сарын 30-ны өдөр түрээс нэмсэн мэдэгдлийг хүргүүлдэг. Гэрээ байгуулахгүй гэвэл сургууль руу оруулахгүй хаалга үүдийг лацдах, хамгаалалтын байгууллага гаргаад багш сурагчдыг оруулахгүй, эмх замбараагүй байдал үүсгэдэг байсан. Тиймээс арга буюу шинэ элсэлт авч байгаа тул хэлсэн үнээр нь гэрээ хийх шаардлагатай болдог. Манай сургуулийг өөрийн дадлагын байртай ойр байдаг, манай байранд элсэлт авсан учир өөр хаачдаг юм гэсэн байдлаар жил бүрийн 8 дугаар сарын 29-31-ний хооронд түрээсийг нэмсэн мэдэгдэл өгдөг байсан боловч шүүх нотлохгүй байна гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээж авалгүйгээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай компани нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Долоон болдог ХХК нь зөвхөн нэг талын хүсэл зоригоор буюу хичээлийн шинэ жил эхлэх оюутан сурагчид багш ажилчид хичээлд орох үед гэрээг автоматаар сунгадаг, байранд нь өчнөөн төгрөгийн засвар үйлчилгээ хийдэг мөн харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллаж байхад ямар ч хөнгөлөлт үзүүлдэггүй, гэрээний өөрчлөлтөөр нэмэгдсэн төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Шүүх нь бидний тайлбар хүсэлтийг зөв дүгнэлгүйгээр зөвхөн алдангийг зөвшөөрөхгүй мэтээр дүгнэснийг хүлээн эөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Долоон болдог ХХК нь хариуцагч Барилга технологийн коллеж ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 52 741 559 төгрөг, алданги 26 370 779  төгрөг, нийт 79 112 338 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...гэрээний талуудын чөлөөт  байдлыг зөрчиж, үндэслэлгүйгээр түрээсийн төлбөрөө нэмэгдүүлсэн, жилд 2 удаа урсгал засвар, 1 удаа их засвар хийж байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс сургалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 9 гэх хаягт байрлах 559.4 м.кв талбайг, м.кв тутмыг нь 26 000 төгрөгөөр тооцож, нэг сарын түрээсийн төлбөр 14 544 400 төгрөг байхаар, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөн хаягт байрлах 53.3 м.кв талбайг, м.кв тутмыг нь 26 000 төгрөгөөр тооцож, нэг сарын түрээсийн төлбөр 1 385 800 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн нь  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч түрээсийн төлбөр төлөх үүргээ 2013 оны 9 дүгээр сараас эхлэн биелүүлээгүй, түрээсийн гэрээ цуцлагдаж түрээслэгч түрээсийн зүйлийг түрээслүүлэгчид буцаан өгсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

Талууд 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн төлөгдөөгүй үүргийн хэмжээг тооцоо нийлж, акт үйлдэн баталгаажуулсан. Уг актаар Барилга технологийн коллеж ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 05 болон 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээний төлбөрт нийт 92 698 519 төгрөг төлөх үүрэгтэй байснаас хариуцагч зарим хэсгийг төлж, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 52 741 559 төгрөгийн түрээсийн төлбөр үлдсэн болох нь талуудын тайлбар, дээрх тооцооны баримтаар нотлогджээ. /х.х-ийн  21-22/

 

Гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ, үлдэгдлийг тодорхойлсон акт нь  талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хэн алинд нь эрх, үүрэг үүсгэсэн баримт бичиг юм. Хариуцагч нь түрээсийн гэрээний үүргээ тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байгаад 2013 оны 9 дүгээр сараас үүргээ зөрчиж төлбөрөө төлөхөө зогсоосноос хойш уг акт үйлдэгдсэн, актад алдангийн талаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй юм. Иймд 26 370 779.5 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр дугаар 14-ний өдрийн 102/ШШ2016/03099 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.6” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1” гэж, “79 112 338.5” гэснийг “52 741 559” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлээс 26 370 779.5 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгсугай” гэж, 2 дах заалтын ”553 511” гэснийг “421 658” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Барилга технологын коллеж ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                  ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

                                                                                    Ш.ОЮУНХАНД