Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 629

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга У

улсын яллагч Б

шүүгдэгч Б түүний өмгөөлөгч С

хохирогчийн өмгөөлөгч Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ....... тоот хэргийг .... оны .... дугаар сарын ....-ний  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны .....дүгээр сарын ....ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг ...дүгээр хороо Вива сити .... дүгээр байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б

Шүүгдэгч Б нь .... оны ... дугаар сарын ....ний өдөр Баянгол дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” төрийн өмчит үйлдвэрийн газрын албан байранд иргэн Б эд хөрөнгийг буюу Huawei P20 Pro маркийн гар утсыг шидэж тухайн гар утасны дэлгэцийг хагалж хууль бусаар устгаж гэмтээн 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б мэдүүлэхдээ: ...... оны ....дугаар сарын ....ний өдөр ..... цагт ажил тарсан. Тэр үеэр үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авсан тушаалыг манай ажилчид танилцуулж түүнийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд гарын үсэг зуруулж гар утсаар бичлэг хийсэн. Намайг ажлаас халах зохион байгуулалтай ажиллагаа ажлаас халах асуудал .... оны .... дугаар сарын ....ны өдрөөс эхэлсэн. Үндэслэлгүйгээр халах гэсэн оролдлого гэж удаа гарч байсан. Эхлээд манай өрөөнд А, С 2 орж ирсэн. Б орж ирээгүй. ....оны .... сарын ....ний өдөр А79 дугаартай сахилгын тушаалыг танилцуулсан. Тус тушаал бол намайг хууль бусаар ажлаас халах гэсэн оролдлого байсан. Үүний өмнө 2-3 удаа надад сахилгын шийтгэл оногдуулж улмаар үндэслэлгүйгээр ажлаас халж байсан. Би шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон цагаас ажлын байрны дарамт бол тасраагүй. Эхний удаа С, А 2 орж ирсэн байдаг. Хоёр дахь удаагаа Б, А хоёр орж ирсэн. Бөөнөөрөө намайг тойрж зогсож бичлэг хийж танилцуулсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. ... оны ... дугаар сарын ....ны өдрөөс хойш өдөр болгон би ажлын байрны дарамтанд байсан. Энэ зохион байгуулалттай ажиллагааны ард манай хүрээлэнгийн захирал байсан. Би хүний утас эвдэх санаа, сонирхол, шалтгаан надад байгаагүй. Захирал намайг хоёр дахь удаагаа ажлаас халах зохион байгууллалтай ажиллагаа явуулсанд би үнэхээр бухимдсан. Өмнө би ажлаас халагдан шүүхээр явж 1 жил орчим ажилгүй цалингүй явсан. Үүний дараагаар ажилгүй байх хугацааны орлогоо авахын тулд .... оны ....сарын ....ний өдөр хүртэл шүүхэдсэн. Түүний дараачаар эхлээд шууд намайг ажлаас халах зохион байгуулалттай арга хэмжээ эхэлсэн. .... оны .... сарын ....ны өдөр орон тоо хэтрүүлэн миний албан тушаал дээр хүн авсан. Гар утсыг над руу бичлэг хийж миний нэр хүндийг гутааж намайг галзуу эмэгтэй гэж доромжилж Facebook-д тавина гэхээр нь би айгаад үнэхээр тавьчихна гэж бодоод өөрийгөө хамгаалж тэмцсэн. Өөрийгөө хамгаалах сонирхол бол надад байгаагүй. Дараа нь намайг санаатайгаар гар утсыг эвдсэн гэсэн. Би гар утсыг өөрийгөө хамгаалж тэмцэж байгаад л хагалсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би энэ хүний гар утсыг санаатайгаар гэмтээх ямар ч шалтгаан байгаагүй. Үндэслэлгүйгээр 2-3 удаа ажлаас халсан, сахилгын арга хэмжээ авсан зэрэг нь их сэтгэлийн дарамт үүсгэсэн. Удаан хугацаагаар би 2-3 удаа шүүхээр явахад би сэтгэл санааны маш хүнд байдалд байсан. Намайг үндэслэлгүйгээр .... оны ....дугаар сарын .....ний А79 дугаартай захирамж нь нийслэлийн утааг буруулах ёстой 70.000.000 төгрөгний санхүүжилтийн ажлыг манай захирал нууж санхүүжилтийн өөр юманд зарцуулснаа надад тохож намайг ажлаас халсан байдаг” гэв.

 

Шүүгдэгч Б нь ..... оны ..... дугаар сарын ....ний өдөр Баянгол дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” төрийн өмчит үйлдвэрийн газрын албан байранд иргэн Б эд хөрөнгийг буюу Huawei P20 Pro маркийн гар утсыг шидэж тухайн гар утасны дэлгэцийг хагалж хууль бусаар гэмтээж 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

... оны .... дугаар сарын ....ны өдрийн “...... сериал дугаартай саарал өнгийн компакт диск 1 ширхэг, Huawei Pro маркийн гар утас нэг ширхэгийг “Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Компакт дискинд байгаа дүрс бичлэгэнд үзлэг хийсэн тухай “... 08:53 цагтт Б нь хохирогч Б 2 удаа өшиглөж, 1 удаа түлхээд 08:55 цагт Б гар утсыг гарнаас нь булаан авч шидэж байв. ... “ гэсэн тэмдэглэл /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай “Үзлэгээр Huawei Pro маркийн яагаан өнгийн эдэлгээнд орсон хэрэглэж байсан гар утас байх ба ... дэлгэцийг харахад хагарчихсан байдалтай, ... гар утсыг асааж  гэх оролдоход гар утасны чичиргээ мэдрэгдэх боловч дэлгэц нь асахгүй байдалтай гар утас байлаа. ... гар утсыг хажуу талаас харахад дэлгэцний дунд орчмоор хэд хэдэн хэсэг зураасан хагарлууд үүссэн байдалтай байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 15-17 дугаар хуудас/

 

Хохирогч Б “Би ... оны .... дугаар сарын ...-ний өдөр Баянгол дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнд ажлын .... тоот өрөөнд сууж байхад миний ажлын Захиргаа удирдлагын албаны дарга гаднаас орж ирээд хүний нөөцийн мэргэжилтэн А хамт ороод Б сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал танилцуул гэхдээ баримтжуул гэж хэлсэн юм. Тэгэхээр нь  би А хамт 4 дүгээр давхарт байрлах 402 тоот Б ажлын өрөө рүү орох гэхэд Б урдаас түлхэж гаргаад өөрийнхөө өрөөнийхөө хаалгыг хаагаад түгжчихсэн. Тэгээд бид хоёр А өрөөнд орчихоод буцаж гарч ирээд хаалгыг тогшиход Б хаалгаа онгойлгохоор нь “таньд тушаал танилцуулаад бичлэг хийж баримтжуулж авна” гэдгээ хэлсэн. Тэгтэл Б гар утас аваад над руу шидчихсэн. Тэгээд миний гар утас тэр үед бол хэвийн ажиллагаатай байсан. Тэгээд би араас нь Б өрөөнд нь дахиж ороход миний гар утсыг шидээд эвдэлчихсэн.

... .... оны .... дугаар сарын ....ны өдөр Мобикомоос лизингээр урьдчилгаа 80100 төгрөгийг өгч үндсэн төлбөр 2.289.000 төгрөгний үнэтэй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-23 дугаар хуудас/

 

Гэрч А “... Тэгээд Б өрөөнд нь ороод уг үйлдлийг баримтжуул гээд Б бичлэг хийх гэтэл дахиад Б Б гар утсыг нь булааж аваад газар луу чулуудсан. Тэр үед бид нарын дуу чимээг сонсоод Батцэцэг, Ц нар гаднаас орж ирээд Б тайлбарлаж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Гэрч С “... Тухайн өдөр хүний нөөцийн мэргэжилтэн А бид хоёр өрөөнд нь сахилгын шийтгэл танилцуулахын өмнө зөрчлийн маягтыг танилцуулж гарын үсэг зуруулахаар орсон боловч Б нь өөрийгөө зөрчил гаргаагүй, би наад маягтан дээр чинь зурахгүй гэж хэлээд шууд урчихсан.

... Ерөнхийдөө Б бичлэг хийлээ гэсний улмаас утсыг авч шидээд хагалсан гэж сонссон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33 дугаар хуудас/

 

Huawei P20 Pro маркийн гар утасны дэлгэцийг 490.000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 44-46 дугаар хуудас/

 

Б яллагдагчаар өгсөн “Тухайн үед манай өрөөнд А, С нар орж ирээд надад хууль бус сахилгын шийтгэлийн маягт танилцуулахаар дарамт шахалт үзүүлсэн юм.

... Тэр үед С, Б нар өөрсдийнхөө гар утсаар бичлэг хийж би өрөөний хаалгыг хаах гэхэд А өрөөний хаалгыг хаалгахгүй гэж хашаад зогсчихсон бичлэг хийж байгааг мэдсэн даруйдаа боль гэж хэлсэн. Тэгтэл Б миний өөдөөс хэл амаар доромжлоод бичлэг хийгээд байсан.

... Би Б учруулсан хохирлоо нөхөн төлөх санал тавьсан боловч надаас шинэ утас нэхээд байгаа учраас боломжгүй байна. Би хуулийн дагуу үнэлгээгээр гарсан төлбөрийг төлөхөд бэлэн байгаа” гэсэн дүгнэлт /хэргийн 67-69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд Б иргэн Б эд хөрөнгийг буюу Huawei P20 Pro маркийн гар утсыг шидэж тухайн гар утасны дэлгэцийг хагалж хууль бусаар устгаж гэмтээн 490.000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б үйлдсэн хэргийн улмаас Б Huawei P20 Pro маркийн гар утасны дэлгэц нь гэмтсэн бөгөөд уг дэлгэцийн үнэ нь 490.000 төгрөг болжээ.

Иймд Б бусдад учруулсан хохирол болох үнэлгээгээр тогтоогдсон 490.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б олгуулахаар шийдвэрлэв.

 

Нөгөөтэйгүүр хохирогч Б гар утсыг үнэлэхдээ хоёр удаагийн үнэлгээ гаргажээ.

“Дамно” ХХК Б Huawei P20 Pro маркийн гар утсыг бүхэлд нь 2.060.100 төгрөгөөр үнэлсэн, “Ашид билгүүн” ХХК Huawei P20 Pro маркийн гар утасны дэлгэцийг 490.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Huawei P20 Pro маркийн гар утасны дэлгэц нь эвдэрсэн талаар “Мобиком” ХХК-ны баталгаат засварын газар тодорхойлсон /хэргийн 115 дугаар хуудас/ мөн уг гар утас нь биет байдлаараа эд мөрийн баримтаар шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч Б нь уг гар утсыг устгаагүй, харин гэмтээсэн гэж үзэж хохирлыг гар утасны дэлгэцийн үнэ 490.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүх шүүгдэгч Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн, гар утсыг гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б 490.000 төгрөг гаргуулж хохирогч Б олгосугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 ширхэг Huawei P20 Pro маркийн гар утсыг хохирогч Б буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

 

    

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.АЛТАНХУЯГ