Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 213/МА2025/00015

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 303/ШШ2025/00739 дугаар шийдвэртэй,

 

нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

хариуцагч: ******* холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай, иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 2025 оны 7 сард наадмын өмнө цулбуур ханатай, цулбуур ханатай худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч ******* 2025 оны 6 дугаар сард Баянхонгор аймагт хүрэлцэн ирж биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө болох цулбуур ханатай гэрийн модыг нэхэмжлэгч Г.Баяраас хүлээн авч явсан талаар маргаагүй, харин хариуцагч ...******* арилжааны гэрээгээр тээврийн хэрэгсэл худалдан борлуулж, бэлнээр 10,000,000 төгрөгийг авч, үлдэх 10,000,000 төгрөгт гэрийн мод болон банзыг ******* авахаар тохирсноор өөрийнх нь өгсөн дугаараар Г.Баяртай яриад модыг авсан, төлөх төлбөргүй... гэж маргажээ.

 

1. Анхан шатны шүүх талуудын хооронд анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэв. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.2, 755.6, 755.6.-д тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан гэрийн модны үнэ 4,000,000 төгрөгийг ******* төлсөн эсэх талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь өөрийн татгалзалтай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд татан оролцуулах, гэрчээс мэдүүлэг авхуулах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг хуульд зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

3. Анхан шатны шүүх хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх:

 

Шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 303/ШЗ2025/02323 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжид ******* Ганзориг, 8 дугаар сарын 27-ны өдөр Нэхэмжлэл гардуулах тухай Баримт№4-д Цэрэндоржийн Ганзориг, шүүх хуралдааны тэмдэглэлд *******/рд:*******/, шүүхийн шийдвэрт гэж хариуцагчийн овгийг өөр өөрөөр бичсэн техникийн,

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 753дугаар зүйлийн 753 3-д зааснаар хэргийн оролцогчийн эрх, үүргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан загварын дагуу тайлбарлаагүй зэрэг алдааг тус тус гаргасныг дурдаж, цаашид энэ төрлийн алдааг гаргахгүй байхыг анхааруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 303/ШШ2025/00739 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ