Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2026/00360

 

 

 

 

 

 

 

 

2026 02 09 210/МА2026/00360

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/10392 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч:*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******д холбогдох,

Гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийн төлбөрт 26,406,680 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие эхнэртээ автомашин авч өгөхөөр *******тай уулзаж тохиролцон 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Монгол улсад орж ирсэн дугаараа аваагүй, Тоёота Сиента автомашиныг 24,000,000 төгрөгөөр худалдан авсан.

1.2.Аваад удаагүй засварт үзүүлэхэд баруун урд амортизаторыг Хятад амортизатораар сольж, цап гулзайсан байхад том боолт чихэж торгоосон, баруун 2 хаалга чихэгдсэнийг зассан сэвтэй, баруун урд их гэрлийн сэнжнүүдийг наасан болохыг мэдсэн. Тухайн үедээ Smartcar.mn-ээс орж ирсэн үеийн зургийг харахад машины баруун урд хэсэг гэмтэлгүй мэт байсан боловч баруун талаас авсан фото зургийг сольсон болох нь илэрхий байсан. 2 билүү 3 хоногийн дараа очиход хаалганы замаск ховхорч унаад болохгүй байгаа талаар *******д чатаар болон утсаар мэдэгдэж байсан.

1.3.Аюулгүй байдлын улмаас засварт оруулсан боловч хэвийн болоогүй тул уг авто машиныг *******д буцааж, машины төлбөрт төлсөн 24,000,000 төгрөг болон засвар үйлчилгээ, нэмэлт зардалд нийт 26,406,680 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

1.4.Засварын төлбөр болох 2,406,680 төгрөгөөсөө татгалзаж байна гэжээ.

 2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Тухайн автомашиныг ******* өөрөө болон гэр бүлийн хамтаар ирж үзээд худалдан авсан. Одоо ******* тус автомашины өмчлөгч тул тухайн автомашины үнийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2.Худалдах, худалдан авах гэрээг амаар хийсэн гэдэгт талууд маргахгүй байгаа. Биет байдлын буюу зарим нэг эд ангийн доголдлоос шалтгаалаад автомашиныг буцаан өгөх шаардлага тавьж байгаа нь хуульд нийцэхгүй.

2.3.Нэхэмжлэгч нь хуучин автомашин худалдсаныг мэдэж байсан, доголдлыг тухайн үед мэдэх боломжтой байсан. Манай зүгээс тээврийн хэрэгслийн доголдлыг нуусан зүйл байхгүй. Мөн ашиглалтын хугацаанаас хамаарч унаж явах үедээ гаргасан гэмтлүүд ч байх боломжтой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь автомашиныг засварлахад гарсан зардал 2,406,680 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,983 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 277,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгч ******* нь 26,406,680 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлд автомашины төлбөр 24,000,000 төгрөг, засвар үйлчилгээ болон нэмэлт зардалд 2,406,680 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дэх хэсгийг баримтлан ...2,406,680 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж тогтоосон. Энэ нь нэхэмжлэгч 26,406,680 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа бус нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж үзнэ.

Мөнгөн дүнг багасгасан хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тохиолдолд шүүх хүлээн авч шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл хүсэлтийг бичгээр гаргасан эсэх, шүүх хуралдаан үргэлжлэх аль хэсэгт хүсэлт илэрхийлсэн, шүүх хэрхэн хүлээн авсан, хариуцагч талд мэдэгдсэн эсэх, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан эсэх нь тодорхойгүй байдлаар үргэлжилж шүүхийн шийдвэр танилцуулах үед 2,406,680 төгрөгөөс татгалзсаныг мэдсэн. Энэ нөхцөл байдал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг зөрчсөн. Мөн тус хуулийн 106.5 дахь хэсэгт заасан ...шүүгч захирамж, тогтоол гаргана гэсэн заалтыг зөрчиж шүүхийн шийдвэр гаргасан нь хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

4.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тус автомашины доголдолтой холбоотой засварлуулснаас шалтгаалан мөнгөө шаардсан гэж тайлбарласан. Энэхүү үйл баримтыг тогтоохдоо Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гэрээний зүйл нь доголдолтой байсан тохиолдолд худалдагчийн хувьд худалдан авагчийн өмнө уг зүйлийг солих, засварлах, эсвэл үүнтэй холбоотой зардал төлөх нэмэлт үүрэг үүсдэг. Шүүх доголдлоос шалтгаалан хариуцагчид төлсөн 24,000,000 төгрөг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны байж чадаагүй.

Хуучин автомашины хувьд худалдан авагчийн сонгосон тухайн автомашиныг өмчлөлд нь шилжүүлэн өгснөөр худалдагчийн үндсэн үүрэг дуусгавар болно. Хуучин автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцах үндсэн үүрэг худалдагчид байхгүй учраас эвдрэл гэмтэлтэй байгааг үүргийн зөрчил гэж үзэх боломжгүй.

4.3.Хэрэв төлсөн мөнгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа автомашины өмчлөлийн асуудлыг шийдвэрлээгүй хариуцагчийн эрх ашгийг илт хохироосон шийдвэр гаргасан.

4.4.Нотлох баримтын шаардлага хангаагүй фото зураг хэлбэрийн баримтыг шинжлэн судалж, шийдвэрийн үндэслэл болгосон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.******* эвдэрхий автомашин худалдан авч, түүнийгээ засан сайжруулж зарж борлуулсан. Тухайн автомашины эвдрэлтэй байсан үеийн зургийг smartcar.mn сайтад оруулахдаа автомашины баруун талын эвдрэлтэй зургийг зүүн талын зургаар сольж оруулсан байсан. Би тухайн үйл баримтын талаар ******* болон *******т хандаж шалгуулсан. Тухайн үед smartcar.mn сайтад орсон зургийг авто тээврийн ажилтан бус тухайн автомашины эзэн нь сольсон байна гэх агуулгатай хариу өгсөн. Хэрэв тухайн тээврийн хэрэгслээр хөдөө явсан бол осолд орж хүний амь насанд хүрэх аюултай байсан.

5.2.Одоогийн байдлаар маргаан бүхий тээврийн хэрэгслийн рулийн аппарат болон баруун урд талын хаалганд доголдол үүссэн. Тус хаалганд битүүмжлэл байхгүй, маш муу засвар хийсэн. Би дахин тухайн тээврийн хэрэгслийг засаж, өөрөөсөө зардал гаргамааргүй байна. Харин маргаан бүхий автомашиныг эзэнд нь буцаан өгч асуудлыг шийдвэрлэмээр байна.

5.3.Би шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийн үнэ 24,000,000 төгрөг, гарсан зардал 2,406,680 төгрөг, нийт 26,406,680 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч өмчлөх эрхийг шилжүүлэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн, хуучин автомашин худалдсан тул зарим нэг эд анги доголдолтой явдал гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.*******, ******* нар 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр амаар хэлэлцэн тохирч, худалдагч болох ******* 2015 онд үйлдвэрлэсэн, 2024 оны 12 дугаар сард Монгол Улсын хилээр оруулж ирсэн, ******* улсын дугаартай Toyota Sienta маркийн тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч болох ******* үнэ 24,000,000 төгрөг төлөхөөр тохирсон;

3.2.Гэрээний зүйл болох ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдагч нь шилжүүлж *******ийн өмчлөлд бүртгэгдэж түүнд гэрчилгээ олгогдсон, худалдан авагч нь тээврийн хэрэгслийн үнэ болох 24,000,000 төгрөгийг төлсөнд талууд маргаагүй.

 4.Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлсон, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэжээ.

 5.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг засварлахад гарсан зардал 2,406,680 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн бүрэн эрхэд хамаарна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зардал 2,406,680 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 6.Анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл чанарын доголдолтой байсан нь тогтоогдсон, улмаар худалдан авагч гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэн хариуцагчаас тээврийн хэрэгслийн үнэд төлсөн 24,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 Шүүх доголдлын улмаас худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэхдээ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсгийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

7.Талууд гэрээг бичгээр байгуулаагүй, мөн хуучин, хэрэглэж байсан тээврийн хэрэгсэл худалдахаар тохирсон тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар ердийн байдлаар унах, хэрэглэх боломжтой тээврийн хэрэгслийг шилжүүлсэн тохиолдолд доголдолгүй гэж үзнэ.

7.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байхыг шаардах бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад тооцогдоно.

Нэхэмжлэгчээс худалдан авсан тээврийн хэрэгслийг баруун урд амортизаторыг Хятад амортизатораар сольсон, цап гулзайсан байхад том боолт чихэж торгоосон, баруун 2 хаалга чихэгдсэнийг зассан, баруун урд их гэрлийн сэнжийг наасанг мэдсэн, тэнхлэг тохиргоо эвдрэлтэй гэж тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.

Нотлох чиг үүргийн хуваарилалтын дагуу эд хөрөнгийн чанарын доголдлын талаар талууд маргаж байгаа тохиолдолд худалдагч доголдолгүй эд хөрөнгө шилжүүлснээ нотлох үүргийг хүлээнэ. Хэргийн баримтаар хариуцагч ердийн байдлаар хэрэглэх боломжтой доголдолгүй тээврийн хэрэгслийг худалдан авагчид хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

 

7.2.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж, 254.7-д эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж тус тус зохицуулсан.

Хэрэгт авагдсан 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгслийн үнэ шилжүүлсэн баримт, 2025 оны 02 дугаар сарын 21, 22-ны өдрийн засварт төлбөр шилжүүлсэн баримт, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тээврийн хэрэгслийн гэрэл зураг, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим систем болох www.smartcar.mn цахим сайтаас хэвлэсэн мэдээлэл, хоорондоо цахимаар харилцсан зурвас зэргийг харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн өмчлөлд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн хугацаанаас хойш доголдлыг 14 хоногийн дотор илрүүлсэн, ийнхүү хөрөнгө шилжих үед уг доголдол байсан, энэ талаар худалдагч талд мэдэгдсэн гэж үзэхээр байна.

 

Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуучин тээврийн хэрэгсэл тул эвдрэл гэмтлийг үүргийн зөрчилд тооцохгүй буюу эрсдэл шилжсэн, гэрээнээс татгалзах эрхгүй талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар бичмэл ба цахим баримт нь нотолгооны хэрэгсэлд хамаарна.

Хэргийн 9, 10, 34, 37, 62 дах талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрэл зураг, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим систем болох www.smartcar.mn цахим сайтаас хэвлэсэн мэдээлэл, хоорондоо харилцсан цахим зурвасыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргийнхээ хүрээнд шүүхэд баримтаар ирүүлжээ.

Дээрх баримтууд анхнаасаа цахим суурьтай баримтад хамаарах бөгөөд хэргийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэлх хугацаанд зохигч хэн алин нь тухайн баримтад маргаагүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 48 дугаар зүйлийн 48.1-д заасан ажиллагааг хийлгэхээр хэн алин нь шүүхэд хүсэлт гаргаагүй болох нь хэргийн баримт, шүүх хуралдааны тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

Иймд нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүх үнэлсэн талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

9.Харин анхан шатны шүүхээс худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаврыг нэг мөр шийдвэрлээгүй орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Хариуцагчаас тээврийн хэрэгслийн үнэ болох 24,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийн өмчлөлийг хариуцагчид буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний үүргийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэнд нийцнэ.

Энэ үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлоос тээврийн хэрэгслийн өмчлөлийг шийдвэрлээгүй гэсэн хэсгийг хүлээн авч, шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.

 

10.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/10392 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 24,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ******* маркийн ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч *******ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг *******д даалгасугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 277,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

О.ОДГЭРЭЛ