Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 641

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Э,

улсын яллагч Н,

шүүгдэгч Д,

шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д, Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .........дугаартай хэргийг ..... оны .... дугаар сарын .....ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хорооны .... дүгээр байрны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д

 

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй,бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо Баруун Алтайн Өлгий ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Э

Шүүгдэгч Д нь .... оны .... дугаар сарын ....ний өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун .... замын орчим иргэн Э машинаар шахлаа хэмээн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э нь .... оны .... дугаар сарын ....ний өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун 4 замын орчим иргэн Д машинаар шахлаа хэмээн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э мэдүүлэхдээ: “Би Д гар хүрээгүй. Би машин дотроо сууж байсан. Намайг багалзуурдчихсан байсан тул би цохих боломж байгаагүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Э мэдүүлэхдээ: “Гэрлэн дохион дээр ирээд зогсоход л Д намайг бууж ирээд цохисон. Яаж байгаа юм бэ гэхэд шууд энгэрээс зуураад цохисон. Миний хамарнаас цус гарсан. Миний машинд камер байдаг. Би цагдаад энэ талаар хэлж байсан. Тэгэхэд цагдаа хувь хүнээс бичлэг авахгүй гэж хэлсэн. Цагдаа хэлэхдээ Д хохирлыг төлж барагдуул гэж хэлсэн. Би мөрдөн байцаагчид гарын үсэг зурахгүй гэхэд зур гэж байгаад зуруулсан. Миний зүүн мөр хөдлөхгүй байгаа. Д худлаа гүтгээд байгаад л гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Д мэдүүлэхдээ: “Миний зүүн талын шанаа руу хоёр удаа цохисон. Би хажуу тийшээ харчихсан байхад 2-3 удаа цохисон. Би өмнө нь тархиндаа харвалт авчихсан байсан. Тэгээд тархины зураг авахуулсан. Би эмнэлэгт 7 өдөр хэвтсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхээс хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлт:

          Прокуророос Э .... оны ... дугаар сарын ...ний өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун .... замын орчим иргэн Д машинаар шахлаа хэмээн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэрэгт “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э өгсөн “Гэрлэн дохион дээр ирээд зогсоход л Д намайг бууж ирээд цохисон. Яаж байгаа юм бэ гэхэд шууд энгэрээс зуураад цохисон. Миний хамарнаас цус гарсан”, “Намайг түрүүлж цохисон” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д өгсөн “би түрүүлж цохьсон”, хохирогчоор өгсөн “Тийм ар араасаа цуваад явж байсан. Би бууж очоод та яаж байгаа талаар асуугаад муудалцсан” гэсэн мэдүүлгүүд.

Хохирогч Э мөрдөн байцаалтад өгсөн .... оны .... дугаар сарын ....ний оройн .... цагийн үед Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчиний соёлын ордны зам дээр өөрийн .... УНЗ улсын дугаартай цагаан өнгийн Porter машинтай зүүн тийшээ чиглэлтэй Цайз орох гээд явж байсан чинь баруун 4 зам Бөмбөгөр худалдааны төвийн чиг явж байсан. Би 1 дүгээр эгнээнд орох гэхэд оруулахгүй байхаар нь чигээрээ хөдлөөд явсан. Гэтэл араас нэг хүн хөөе гэж дугарсан. Би гэрлэн дохион дээр очоод зогстол үгийн зөрүүгүй ирээд зүүн чих рүү гараараа нэг удаа цохисон ба гарыг нь бариад автал зүүн гарыг арагш нь дараад хоолой боох гээд байсан. Чи яагаад хүн цохиж байгаа юм гэтэл дохио өгөөд явж чаддаггүй юм уу гээд дахиад гараараа нүүр рүү цохиод авсан. Би шүд уначихлаа ш дээ гэж хэлсэн  чинь эргээд яваад өгсөн. Ингээд би зогсож байгаад 102 дугаарын утас руу цагдаа дуудсан. Цагдаа дээр очоод уг хүний машины дугаарыг хараадах гэсэн. Би очоод машины дугаарыг нь хартал муу бандиа чи цагдаад өгөөд юу олж долоодог юм гэж хэлсэн. Би уг машины дугаарыг цагдаад хэлсэн. Гэрлэн дохио асаад хажуугаар зөрөхдөө салаавч гаргаад юм хэлээд хөдлөөд явсан. Цагдаа утсаар залгаад та ойрхон байгаа бол хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирж  мэдүүлэг өгөөд шинжээч томилуулаад шүүх эмэнлэгт үзүүлээд гэртээ харьсан. Зүүн чих рүү гараараа  нэг удаа мөн дээд шүд рүү цохиж хөдөлгөсөн.Мөн зүүн гар гэмтээсэн хөдөлж чадахгүй байгаа. Би машиныхаа рулийн ард сууж байсан болохоор тухайн хүнд гар хүрч зодож цохисон зүйл байхгүй. 2 хоног бариулсан. Зураг авхуулсан 24.000 төгрөгний баримт байгаа. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-9 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд Э, Д нар нь автомашинаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа эгнээ, байр эзлэх гэсэн шалтгаанаар хоорондоо муудалцсан бөгөөд Д нь автомашинаасаа бууж Э машиндаа сууж байхад нь нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан, харин Э энэ үед Д цохиж биед нь гэмтэл учруулжээ.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, хохирогч нарын мэдүүлгээс дүгнэж үзвэл Д нь эхэлж илэрхий, хүч хэрэглэсэн довтолгоо хийж Э нүүрэн тус газар нь цохьсон байх бөгөөд түүний үйлдэл нь Э эрүүл мэнд болон хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учирах, эсхүл хор хохирол учруулах бодитой  шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ...эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж  мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э хохирогч Д эрүүл мэндэд хөнгөн хохирол учуулсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж дүгнэж түүнд холбогдох хэргийг  гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бий болсон тул хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д нь .... оны .... дугаар сарын ....ний өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун 4 замын орчим иргэн Э машинаар шахлаа хэмээн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Э мөрдөн байцаалтад өгсөн “.... оны ... дугаар сарын ...ны орой ... цагийн орчим Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний соёлын ордны зам дээр өөрийн .... УНЗ улсын дугаартай цагаан өнгийн портер машинтай зүүн тийшээ чиглэлтэй явж байсан чинь баруун дөрвөн зам, бөмбөгөр худалдааны төвийн чиглэлтэй явж байсан ба нэгдүгээр эгнээнд орох оруулахгүй байхаар нь чигээрээ хөдлөөд явсан. Гэтэл араас нэг хүн хөөе гэж дуугарсан би гэрлэн дохион дээр очоод зогстол үгийн зөрүүгүй ирээд зүүн чих рүү гараараа нэг удаа цохьсон ба гарыг нь бариад автал зүүн гарыг арагшаа дараад хоолой боох гээд байсан. Чи яагаад хүн цохиж байгаа юм гэтэл дохио өгөөд явж чаддаггүй юм уу гээд дахиад гараараа нүүр рүү цохиод авсан. Би шүд уначихлаа ш дээ гэж хэлсэн чинь эргээд яваад өгсөн. Ингээд би зогсож байгаад 102 дугаарын утас руу цагдаа дуудсан. Цагдаа дээр очоод уг хүний машины дугаарыг хараадах гэсэн. Би очоод машины дугаарыг нь хартал муу бандиа чи цагдаад өгөөд юу олж долоодог юм гэж хэлсэн. Би уг машины дугаарыг цагдаад хэлсэн. Гэрлэн дохио асаад хажуугаар зөрөхдөө салаавч гаргаад юм хэлээд хөдлөөд явсан. Цагдаа утсаар залгаад та ойрхон байгаа бол хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирж  мэдүүлэг өгөөд шинжээч томилуулаад шүүх эмэнлэгт үзүүлээд гэртээ харьсан. Зүүн чих рүү гараараа нэг удаа мөн дээд шүд рүү цохиж хөдөлгөсөн.Мөн зүүн гар гэмтээсэн хөдөлж чадахгүй байгаа. Би машиныхаа рулийн ард сууж байсан болохоор тухайн хүнд гар хүрч зодож цохисон зүйл байхгүй. 2 хоног бариулсан. Зураг авхуулсан 24.000 төгрөгний баримт байгаа. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Э: “Гэрлэн дохион дээр ирээд зогсоход л Д намайг бууж ирээд цохисон. Яаж байгаа юм бэ гэхэд шууд энгэрээс зуураад цохисон. Миний хамарнаас цус гарсан” гэсэн мэдүүлэг.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6675 дугаартай:

“1. Э-н биед уруулын няцарсан шарх, шүд суларсан, мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Д нь Э “машинаар шахлаа” хэмээн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хохирогч Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгч Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д, Э нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, болохыг дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                    

                                                                                                                              ТОГТООХ нь:

   1. Э холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

 

2 Д Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д нь торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Д торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй Д, Э нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй,  Д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д, Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ