Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 642

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Э,

улсын яллагч  Н

шүүгдэгч М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн ...... дугаартай хэргийг ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, Алерс дизайн ХХК-д эх бэлтгэгч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо Жаст .... дүгээр байрны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М

Шүүгдэгч М нь ... оны ... дугаар сарын ...ны шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс молл” их дэлгүүрийн орчим иргэн Б хардалтын улмаас  маргалдан модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүгдэгч М нь ... оны .... дугаар сарын ...-ны шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс молл” их дэлгүүрийн орчим иргэн Б  хардалтын улмаас  маргалдан модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хохирогч Б “Би .... оны .... дугаар сарын ...ны өдөр шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн ....дугаар хороо Макс моллын .... тоот гэртээ байхад уулздаг эмэгтэй О над руу залгаад уулзъя гэсэн. Тэгээд О ирээд машинтай хамт гадуур явж байгаад шөнө 02 цаг өнгөрч байхад машины гадаа хүн ирэх шиг болсон. Тэгээд хаалга татахаар нь би хаалгаа онгойлгоход О хуучин нөхөр болох М гэх залуу өврөөсөө бейсболлын цохиур гаргаж ирээд намайг толгой, нүүр, ам, хөл гар луу цохиод байсан. Тэгэхэд би хэсэг ухаан алдаад сэрэхэд М  яваад өгсөн О хажууд уйлаад сууж байсан. Тэгээд О намайг гэмтэл оръё гэхээр нь би гэр лүүгээ очно гээд О намайг гэр лүү оруулж өгөөд гэрээсээ аав ахыг дагуулаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан.

... Тухайн үед О бид хоёр эрүүл байсан. Харин М архи уусах эсэхийг мэдээгүй. М бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Шууд үгийн зөрүүгүй зодоод эхэлсэн. Харин М О нар хэрэлдээд байх шиг байсан. М намайг бейсболлын цохиураар толгой, нүүр, хөл, гар луу нэлээд хэдэн удаа цохиод байсан. Тухайн үед би машинд сууж байсан болохоор буух боломж өгөөгүй. Харилцан зодоон хийгээгүй. ... Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

“... Одоо миний биеийн байдал гайгүй хэвийн болсон байгаа. Эмчилгээтэй холбоотой баримт байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/

 

Гэрч О “Би ... оны .... дугаар сарын ....ны өдөр шилжих шөнө 01 цагийн үед ажлаа тараад таньдаг Б утсаар ярьж байгаад гэрийнхэн нь үүдэнд уулзаад гадуур явж байгаад буцаад Б гэр болох Макс моллын арын зогсоол дээр миний .... УНҮ улсын дугаартай Toyota Lexus маркийн машин дотор 02 цагийн үед ирээд юм яриад сууж байхад манай нөхөр М хүрээд ирсэн. Тухайн үед машины хаалга цоожтой байсан ба хаалга онгойлгоход М бид хоёрыг юу хийж байгаа юм гээд Б барьцалдаж аваад энгэрээсээ бейсболлын цохиур гаргаж ирээд Б цохиод байхаар нь машинаас буугаад тойрч очоод голоор нь орж салгасан. Тэгэхэд М намайг холдуулах гэж түлхсэн. Тэгээд М орилж чарлаж байгаад яваад өгсөн. Тэгээд Б бид хоёр гэмтлийн эмнэлгийн үүдэнд очоод дотогшоо орохгүй гэр лүүгээ харина гээд буцаад гэрийнх нь гадаа буулгачихаад явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7093 дугаартай:

“1. Б  биед тархи доргилт, баруун хацар, баруун шилбэ, толгойн хуйханд шарх, баруун шуу, гуя, шилбэ, гарын сарвуу, зүүн гарын чигчий, ядам хуруунд цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй болно” гэсэн дүгнэлт. /хэргийн 20 дугаар хуудас/

 

Б.М яллагдагчаар өгсөн “... би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч Б эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулах болно” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэcэн болно.

 

Шүүгдэгч М үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд  шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах явцад хохирогч Б “Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэж мэдүүлжээ. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигийн талаархи баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  цохиур мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч М хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  М нь торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  М торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, М баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Б гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цохиур мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ