Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 644

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  У

улсын яллагч А,

шүүгдэгч М түүний өмгөөлөгч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос М холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........ тоот хэргийг .... оны .... дугаар сарын ....ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч М нь .... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн 14 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 25 дугаар эмийн сангийн урд талын замд Hyundai Sonota 6 маркийн .... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” заасныг зөрчсөнөөс явган зорчигч С эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч  М  нь .... оны..... дүгээр сарын .....-ны өдрийн 14 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт .... дугаар эмийн сангийн урд талын замд Hyundai Sonota 6 маркийн .... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” заасныг зөрчсөнөөс явган зорчигч С эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / хэргийн 2-6 дугаар хуудас/

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч. /хэргийн 7-8 дугаар хуудас/

 

ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн лавлагаа. /хэргийн 17 дугаар хуудас/

 

Түргэн тусламжийн дуудлагын хуудас. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Хохирогч  С “... ..... оны .... дүгээр сарын ....ны өдрийн 14 цаг 45 минутын үед би Баянгол дүүргийн ..... дугаар эмийн сангийн автобусны буудлын явган хүний гарцаар хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч явтал зүүнээс баруун тийш чиглэлтэй ..... дугаар эгнээнээр нэг суудлын машин орж ирээд мөргөсөн. Намайг гарцаар гарч явахад School Policе гэсэн шар хантаазтай хоёр хүн гарцан дээр зохицуулж зогсоосон байхад нь гарцаар гарсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн .... оны .... дүгээр сарын ....ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5053 дугаартай:

“1. С биед умдаг ясны их бие умдагны дээд, доод салаа, сүүжний тогоо дайрсан далд хугарал, ууцны 1-р нугалмын хугарал, тархи доргилт, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн гуя, хоёр өвдөг, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон  гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн  гэмтлийн тогтоох журмын 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 35 дугаар хуудас/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар. /хэргийн 37-44 дүгээр хуудас/

 

М яллагдагчаар өгсөн “....оны .... дүгээр сарын ....ны өдөр 14 цаг 45 минутын үед би Hyundai Sonata 6 маркийн .... УБО улсын дугаартай автомашин жолоодож яваад Гандангийн гаднаас гар өргөөд зогсож байсан хоёр хүнийг машиндаа суулгаад 3 дугаар эмнэлэгт хүргэж өгөх гээд Баянгол дүүргийн 2 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын зүүн замд зүүнээс баруун тийш чиглэлтэй 2 дугаар эгнээнээр явж байтал урд явж байсан машин зогсохоор 3 дугаар эгнээ рүү шилжээд ортол миний машины хааз буухгүй байхаар нь гайхаад хянах самбар луугаа хараад буцаад зам руу хартал нэг хүн явган гарцаар хойноос урагшаа чиглэлтэй машины урдуур ороод ирсэн. Би тоормосоо гишгээд уг явган зорчигчийг мөргөөд зогссон.

... Би одоогоор хохирол мөнгө төлөөгүй байгаа. Би хохирлыг нь төлөх гээд мөнгөө цуглуулж байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 64-65 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч М үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Түүнчлэн дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч М буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл тэрээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” заасныг зөрчсөнөөс явган зорчигч С мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Хохирогч С “ ... Бүүвээ овогтой М ямар нэгэн гомдол санал байхгүй учир хэргийг хөнгөнөөр шийднэ үү” гэсэн хүсэлт авагдсан мөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар хохирогчид 3.000.000 төгрөг төлсөн /хэргийн 108-109 дүгээр хуудас/ болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

         

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийг улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч М болгоомжгүйгээр, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч болоод иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг хуульд заасан нөхцөл байдал тогтоогдож байгаа тул шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч М хувийн байдлыг харгалзан ямар нэгэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

          Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдвал зохино.

         

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.3 дахь заалтад зааснаар М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн М жолоочийн .....дугаартай түр үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, М баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ