| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 192/2025/10461/И |
| Дугаар | 210/МА2026/00237 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00237
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/09375 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 10 сарын 01-ний өдрийн Нэмэлт, өөрчлөлт-ийг хүчингүй болгуулах тухай,
иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие ******* ХХК-д 2024 оны 02 сарын 23-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтнээр ажилд орсон, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших үйлдвэрт уртын ээлжээр ажилладаг. 2025 оны 05 сарын 30-ны өдөр МСЕ/0702 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэрээний гол нөхцөлийн 5 дугаар зүйлд ажил, амралтын хуваарийг 14 хоног амарч 14 хоног ажиллахаар тохиролцсон. 2025 оны 10 сарын 01-ний өдөр МСЕ/0702+ дугаартай Нэмэлт, өөрчлөлт-ийн гэрээг байгуулан 20 хоног ажиллаад 10 хоног амрахаар өөрчлөлт оруулсан. Хариуцагч нь цалин нэмэгдэнэ гэж ухуулан ятгасан тул гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн тухай хуульд ажиллах хоног болон амрах хоногийн хугацаа тэнцүү байхаар заасан гэдгийг мэдсэн. Нөгөө талаас ажилтны ажиллах нөхцөлийг дордуулсан, ажиллах хугацааг ихэсгэж, амрах хугацааг багасгасан гэж үзэж байна.
Иймд 2025 оны 10 сарын 01-ний өдрийн Нэмэлт, өөрчлөлт-ийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Тус компани нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт Цемент-Шохойн үйлдвэр барьж 2017 онд ашиглалтад оруулан одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Цемент үйлдвэрлэх үндсэн орц болох шохойн чулуу, гөлтгөнө, шавар зэрэг түүхий эдийг уурхайлан олборлодог, нийт 171 ажилтан ажилладаг. Харин олборлосон ашигт малтмал /түүхий эд/-аа үйлдвэр дээрээ боловсруулж цемент үйлдвэрлэдэг, үйлдвэрт нийт 554 ажилтан ажилладаг. Бид ажиллах хүчний хомсдол, ажлаас гаралтыг багасгах, ажилтны цалинг нэмэгдүүлэх зорилгоор 2025 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн үйлдвэрт ажилладаг ажилтнуудтай тохиролцон 14 хоног амарч, 14 хоног ажиллах хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж 20 хоног ажиллуулж, 10 хоног амраахаар гэрээг өөрчилсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан уртын ээлжээр ажиллуулах горимыг хууль тогтоогч хэрэглэж болно гэж заасан тул тус журмыг заавал хэрэглэх үүрэггүй, талууд тохиролцон өөрчилж болох буюу талуудын тохиролцсон хэлцэл хууль зөрчөөгүй. ******* ХХК нь ашигт малтмал ашиглах буюу шохой, шавар, гөлтгөнө олборлох, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг олон үйл ажилагаа эрхэлдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан уул уурхай, олборлох салбар гэдэгт барилгын материалын үйлдвэрлэл хамарахгүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3, 12 дугаар зүйлийн 12.3, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч ******* ХХК-д холбогдох Нэмэлт өөрчлөлт-ийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гомдлыг хангаж, зохигч талуудын хооронд байгуулагдсан 2025 оны 10 сарын 01-ний өдрийн МСЕ/0702+ дугаар Нэмэлт, өөрчлөлт гэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 2024 оны 05 сарын 20-ны өдрийн МС/Е0702 дугаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн 5 дугаар зүйлийн Ажил амралтын горим, цаг хэсгийн уртын ээлжээр буюу 14/14 хуваарийн дагуу 11 цагаар ажиллана гэж заасан заалтыг дагаж мөрдүүлэхийг ажил олгогчид даалгаж, нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, хариуцагч ******* ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан ...хэрэглэж болно гэдэг нь заавал хэрэглэх үүрэггүй, талууд тохиролцон хэрэглэж болох агуулгыг илтгэдэг /диспозитив хэм хэмжээ/. Энэ нь 92.1-д заасны дагуу уртын ээлжийг баримталж ажиллахаар болсон тохиолдолд хэрэглэгдэх бөгөөд манай тохиолдолд талууд уртын ээлжийг хэрэглэхгүй гэж тохирсон тул 92.4 дэх заалт, үүнтэй дагалдаж буй 92.5 дахь заалтууд хамаарахгүй гэж үзэж байна. Хууль тогтоогч 92.1 болон 92.2 дахь заалтуудад хэрэглэж болно гэж заасан нь ажилтны ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн гэрээгээ сайн дурын үндсэн дээр чөлөөтэй байгуулах эрхийг олгож, талууд тохиролцвол уртын ээлжийн горимыг сонгон хэрэглэж болохоор заасан байна. Хэрэв заавал хэрэглэх агуулгатай бол хэрэглэнэ, ... на, нэ гэдэг байдлаар заалтууд тусгах байсан /императив хэм хэмжээ/. Хэрэв Хөдөлмөрийн тухай хуулийн 92.1 дэх заалтад заасан хэрэглэж болно гэх нэр томъёог заавал хэрэглэнэ гэж ойлговол энэ нь хуулийн заалт тайлбарлах онол, практикийн жишгээс зөрүүтэй төдийгүй Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар хуулийн бичвэрт Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог хэрэглэх, нэг нэр томъёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх шаардлагуудыг зөрчсөн мэт ойлгогдохоор байна.
4.2. Нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээндээ өөрчлөлт оруулсан. Манай компанийн бусад ажилтнууд мөн 20 хоног ажиллаж 10 хоног амрах горимыг нийтээрээ мөрдөөд эхэлсэн. Хэрэв нэхэмжлэгч нэгэнт байгуулсан гэрээнээсээ татгалзах бол Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах журмын дагуу асуудлаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Хуулийн зөрчилгүй, сайн дурын үндсэн дээр байгуулсан хэлцлийг нэхэмжлэлд дурдсан шалтгаан, үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцвол иргэний эрх зүйн үндсэн зарчим болох гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх /pacta sunt servanda/ зарчим алдагдахаар байна.
Иймд талуудын хооронд байгуулсан 2025 оны 10 сарын 01-ний өдрийн МСЕ/0702+ дугаартай Нэмэлт, өөрчлөлт-ийн гэрээ нь хууль зөрчөөгүй, ажилтны эрхийг хуульд зааснаас дордуулаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног байхаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг хэрэглэж байгаа тохиолдолд мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т заасан зохицуулалтыг заавал дагаж мөрдөх ёстой. Ажлын өдрийн дээд хязгаарыг ажил олгогч өөрийн үзэмжээр дур мэдэн нэмэгдүүлэх, өөрчлөх боломжгүй. Харин эсрэгээрээ 14 хоногоос бага байхаар уян хатан байдлаар тохиролцох боломжийг хуулиар олгосон гэж үзэж байна. ******* ХХК-ийн 20 хоног ажиллаад 10 хоног амрах тухай хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт нь ажилтны ажиллах хугацааны дээд хязгаарыг хууль зөрчин хэтрүүлсэн, амрах хугацааг мөн хууль зөрчин багасгасан. Түүнчлэн ажиллах болон амрах хугацаа тэнцүү байх хуульд туссан логик, агуулгыг алдагдуулсан гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч талын хэрэглэж буй хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэлд хамаарч, хүчин төгөлдөр бусд тооцогдох үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2025 оны 10 сарын 01-ний өдрийн МСЕ/0702+ дугаартай Нэмэлт, өөрчлөлт-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...нэмэлт, өөрчлөлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 92.5-д нийцээгүй, ажилтны ажиллах нөхцөлийг дордуулсан, ажиллах хугацааг ихэсгэж, амрах хугацааг багасгасан... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан зохицуулалт нь императив бус диспозитив хэм хэмжээ, ажил олгогч хэрэглэж ч болно, хэрэглэхгүй ч байж болно, нэмэлт, өөрчлөлтийг ажилтантай харилцан тохиролцож оруулсан, ажилтан өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан... гэж тус тус тайлбарласан байна.
4. Талууд 2024 оны 05 сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5-р баг, Олон овоо өртөө, ****** Евро цементийн үйлдвэрт хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллах, ******* ХХК нь хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр хангаж, үндсэн цалин 2,900,000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон байна.
Тус хөдөлмөрийн гэрээний 5-р зүйл Ажил, амралтын горим, цаг: гэсэн хэсэгт Уртын ээлжээр буюу 14/14 хоногийн ээлжийн хуваарийн дагуу 11 цагаар ажиллана гэсэн нөхцөл тусгагджээ.
Улмаар талууд 2025 оны 10 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээний 5-р зүйлийг 20 хоног ажиллаж 10 хоног амрах буюу 20/10 хуваарийн дагуу 11 цагаар ажиллана гэж өөрчилж, тамга, гарын үсгээр баталгаажуулжээ.
5. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.4, 92.5-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй. Тодруулбал:
5.1. Ажилтан байнга оршин суугаа газраасаа өөр, алслагдсан газар олон хоногоор байрлаж ажиллах нөхцөлийг ажил олгогч хөдөлмөрийн гэрээндээ тусгасан байх тул хариуцагч ******* ХХК-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд заасан уртын ээлжээр ажиллуулах зохицуулалтыг сонгож хэрэглэсэн гэж үзнэ.
Нэгэнт ажил олгогч ******* ХХК нь ажилтан *******ыг уртын ээлжээр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т заасан ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа болон амрах хугацааг баримтлах үүргийг, эсхүл уг хугацааг ажилтантай харилцан тохиролцож өөрчилсөн тохиолдолд 92.5-д заасан ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байх зохицуулалтыг баримтлах үүргийг хүлээнэ.
Иймд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан зохицуулалт нь императив бус диспозитив хэм хэмжээ, ажил олгогч хэрэглэж ч болно, хэрэглэхгүй ч байж болно... гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5-д заасан зохицуулалт нь ажил олгогч, ажилтны төлөөлөгч уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил гүйцэтгэх хугацааг харилцан тохиролцож болох боловч энэ нь гагцхүү 92.4-т заасан хугацааг багасгах, мөн ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар тохиролцож болох агуулгатай байна.
Иймд ...нэмэлт, өөрчлөлтийг ажилтантай харилцан тохиролцож оруулсан, ажилтан өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан... гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Дээрхээс үзвэл 2025 оны 10 сарын 01-ний өдрийн Нэмэлт, өөрчлөлт-ийн 5-р зүйлд 20 хоног ажиллаж 10 хоног амрах буюу 20/10 хуваарийн дагуу 11 цагаар ажиллана гэж тусгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж заасантай, мөн 92.5-д Энэ хуулийн 92.4-т заасан хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцож болно гэж заасантай тус тус нийцэхгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
2025 оны 10 сарын 01-ний өдрийн Нэмэлт, өөрчлөлт-ийн 5-р зүйлд 20 хоног ажиллаж 10 хоног амрах буюу 20/10 хуваарийн дагуу 11 цагаар ажиллана гэж заасныг хүчин төгөлдөр бусд тооцсоноор өмнө үйлчилж байсан 2024 оны 05 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 5-р зүйлийн буюу Ажил, амралтын горим, цаг: гэсэн хэсэгт Уртын ээлжээр буюу 14/14 хоногийн ээлжийн хуваарийн дагуу 11 цагаар ажиллана гэсэн зохицуулалтын үйлчлэл сэргэх тул энэ талаар шийдвэрийн тогтоох хэсэгт бичих шаардлагагүй.
Үүнтэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлтийг оруулна.
7. Анхан шатны шүүх маргаанд шууд хамааралгүй хуулийн зохицуулалт баримталсан, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/09375 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ХХК-ийн хооронд 2025 оны 10 сарын 01-ний өдөр байгуулагдсан МСЕ/0702+ дугаартай Нэмэлт, өөрчлөлт-ийг хүчингүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч *******ад буцаан олгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР