| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 197/2025/03216/И |
| Дугаар | 210/МА2026/00238 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00238
******* СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/18452 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,764,600 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******т холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,764,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь 11 тоотын 2024 оны 04 сараас 2025 оны 01 сар хүртэлх төлбөр 398,300 төгрөг, 16 тоотын 2020 оны 01 сараас 2025 оны 01 сар хүртэлх төлбөр 1,366,300 төгрөг, нийт 1,764,600 төгрөгийг төлөөгүй... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...тус СӨХ нь миний өмчлөлийн 00-ын өрөө, агуулахыг үнэ төлбөргүй ашигладаг, тус СӨХ-ны үе үеийн дарга нар надтай хүндэтгэлтэй хандаж ирсэн, надаас СӨХ-ны төлбөр огт шаарддаггүй байсан... гэж тус тус тайлбарлажээ. /хх 1-3, 19-20/
4. ******* СӨХ нь Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 42а байрыг харьяалан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус дүүргээс олгосон гэрчилгээгээр тогтоогдож байна.
Дээрх гэрчилгээнд ******ийг 2024 оны 04 сарын 25-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилсон тухай бүртгэл хийгджээ. /хх 5-арын нүүр/
Иймд ****** нь ******* СӨХ-г төлөөлөх бүрэн эрхийг бусдад итгэмжлэлээр олгох эрх бүхий этгээд байна. /хх 10/
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана... гэж, 42 дугаар зүйлийн 42.1-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж, 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, ... бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан ...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 2024 оны 05 сар хүртэл сард 19,200 төгрөг, 2024 оны 05 сараас хойш сард 25,000 төгрөгөөр тогтоосон... гэсэн тайлбарыг хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа эсэргүүцээгүй учир уг тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох тул ...СӨХ-ны төлбөр хэзээ, хэдэн төгрөгөөр яаж нэмэгдсэн болохыг мэдээгүй, энэ талаархи баримт болон 11 болон 16 тоотын өмчлөгч нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй... гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй. /1хх 1-3, 19-20/
6. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж, 148 дугаар зүйлийн 148.2-т Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ гээд 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Сууц өмчлөгч нь дараахь үүрэгтэй гээд 13.2.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох гэж тус тус зохицуулсан.
Хариуцагч ******* нь Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 42а байрны 11 тоот болон 16 тоотын өмчлөгч мөн болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байна. /хх 78/
Хэрэгт авагдсан Төрийн банкны тэмдэг бүхий баримтаар 42а байрны 11 тоотын хуримтлагдсан төлбөр нь 398,300 төгрөг, 16 тоотын хуримтлагдсан төлбөр нь 1,366,300 төгрөг болох нь тогтоогдсон, уг дүн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан үнийн дүнтэй тохирч байна. /хх 9/
Иймд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэхэмжлэгч ******* СӨХ нь шаардах эрхтэй, хариуцагч ******* нь төлөх үүрэгтэй.
7. Хариуцагч ******* нь Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 42а байрны 18 тоот хаягт байршилтай 8 м.кв талбайтай агуулах, 19 тоот хаягт байршилтай 5 м.кв талбайтай агуулахын хууль ёсны өмчлөгч болох нь хэргийн баримтаар тогтоогдсон боловч эдгээрийг бусдад төлбөртэй болон үнэ төлбөргүй ашиглуулах эсэхтэй холбоотой харилцаа нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх эсэхтэй холбоотой маргаанаас тусдаа маргаан байна.
Иймд хариуцагч талын гаргасан ...миний агуулах, өрөөнд тус СӨХ үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас СӨХ-нд төлбөр өгөхгүй... гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, уг татгалзал нь хариуцагчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/18452 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 43,174 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР