Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 666

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Э

улсын яллагч Б

шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн .........дугаартай хэргийг ......оны ......дугаар сарын ......ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын .....ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүрэг ...... дүгээр хороо Хайрханы ...... дугаар гудамжны 153 тоотод оршин суух, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 18-38 тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Налайх дүүргийн шүүхийн ..... оны ..... дугаар сарын ....ны өдрийн .... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт  зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж .... оны .... дүгээр сарын .....ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдасан,

Налайх дүүргийн шүүхийн .... оны....... дугаар сарын .......ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, / Г

 

Шүүгдэгч Г нь ...... оны ......дугаар сарын ......ны өдөр Баянгол дүүргийн ......дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эндо зочид буудлын ..... тоот  өрөөнд иргэн С маргалдан гараараа толгой, цээж орчим эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүгдэгч Г нь ...... оны ..... дугаар сарын .....ны өдөр Баянгол дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эндо зочид буудлын .... тоот  өрөөнд иргэн С маргалдан гараараа толгой, цээж орчим эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

Хохирогч С “..... оны .... дугаар сарын .....ны өдрийн 15 цагийн үед гэрээсээ гараад модны хоёр байрлах автобусны буудал дээр найз О уулзаад, найзынхаа хамтаар модны хоёрт байрлах Эндо нэртэй буудлын 01 тоот өрөөг аваад О найз гэх хоёр эмэгтэй хамтаар дөрвүүлээ 0,5 литрийн Хараа архи хувааж ууж байхад Г утсаар яриад байгаа газраа хэлсэн байсан. Ингээд тавуулаа архиа ууж байгаад Г согтуу байсан болохоор хажуугийн өрөөг аваад Г хамт унтах гэж орсон. Нөгөө архи ууж байсан хүмүүс яваад өгсөн. Ингээд Г унтах гэхээр нь чи согтуу байна гэсэн чинь чи намайг хөдөө явсан хойгуур хүнтэй болсон байна гэж хэлээд зүүн нүд рүү гараараа хоёр удаа цохисон, мөн цээж рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Ингээд Г гараад явсан. Би уйлж үлдээд мөн араас нь хувцасаа өмсөөд гараад гэртээ харьсан. Намайг буудлын хаалгаар гарах үед Г үүдэн дээр таарсан. Чи буудлын мөнгөө авсан юм уу гэж асуусан би яах гээд гэж хэлээд гэртээ харьсан. Би охин А хамтаар тортой хувцасаа мартсан байна гэж бодоод уг Эндо буудалд ирэхэд Г, А хамтаар буудлын өрөөнд хамт унтаж байсан. Манай охин шууд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирсэн. Ирээд юу болсон талаар асуугаад буудлын өрөөнд ороод Говийнчулууныг аваад явсан. Би араас нь Цагдаагийн хэлтэс дээр ирээд өргөдлөө өгсөн.

... Эмчилгээний баримт байхгүй. Гомдолгүй байна.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дугаар хуудас/

 

Гэрч А “..... оны ..... дугаар сарын ....ны оройн 22 цагийн үед миний ээж С нь зүүн нүдээ цохиулсан байдалтай гэртээ ирсэн. Юу болсон талаар асуухад Г намайг зодчихлоо гэж хэлсэн. Ингээд би ээжийн хамтаар Баянгол дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эндо нэртэй зочид буудалд ирэхэд Г Алтанцаг гэх эмэгтэйн хамтаар буудлын өрөөнд хамт унтаж байсан. Би чи яагаад  миний ээжийг цохисон юм бэ гэхэд би цохиогүй ш дээ гэж хэлсэн. Ингээд би цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд Г аваад явсан. Би ээжийн хамтаар Цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” №7520 дугаартай:

“1. С биед зүүн зовхи, цээжин цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон  гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн  гэмтлийн тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 16 дугаар хуудас/

 

Г яллагдагчаар өгсөн “... Би С хардаад маргалдсан. Маргалдахдаа би нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Мөн цээж рүү нь гараараа түлхсэн. Ингээд өрөөнөөс С гараад явсан. Би өрөөнд унтаж байтал С цагдаа дуудсан байсан. ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Г үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд  шүүгдэгч Г уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Хохирогч С мөрдөн шалгах явцад “С миний бие санал гомдол байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 50 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал байна.

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Г торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  Г баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  Г баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ