Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2026/00239

 

 

 

 Я*******, Ц******нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/09869 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Я*******, Ц******нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 01 сарын 26-ны өдрийн №0222 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 2023 оны 04 сарын 21-ний өдрийн №0882 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчингүйд тооцож, бэлэг болох БЛ ХХК-ийн 20 хувийн хувьцааг бэлэглэгч Я*******, Ц******нарт, БК ХХК-ийн 33 хувийн хувьцааг бэлэглэгч Ц*******д буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай,

 

иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн агуулга: 2019 оны сүүлээр *******тай танилцаж найз, нөхдийн харилцаатай болсон. 2021 онд ******* өмнөх ажлаасаа гарсан тул түүнд итгээд БЛс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, 2021 оны 01 сарын 26-ны өдөр өөрсдийн хувьцаанаас 10, 10 хувийг бэлэглэсэн. ******* нь компанийн үйл ажиллагааг өргөжүүлэн, өөрийн туршлагад үндэслэн компанийг ашигтай ажиллуулж чадна" гэж байсан. Гэвч 2021, 2022, 2023 онд компани төлөвлөгөөт зорилтдоо хүрэхгүй, хэвийн бус нөхцөл байдалд хүрсэн. 2024 оны 07 сарын эхээр уулзаад ...БЛс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц******буцаад ажиллая, *******ын хувьд компанийн гадаад харилцааг хариуцаад мөн БК ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллая... гэсэн шийдэлд хүрсэн. Гэвч ******* нь ...хувьцаа бэлэглэлийн гэрээг худалдах, худалдан авах гэрээ болгосон цагт гүйцэтгэх захирлын ажлаа өгнө... гэж маргаан үүсгэсэн. 2024 оны 08 сарын 09-ний өдрийн хурлаар компанийн гүйцэтгэх захирлыг өөрчлөх шийдвэр гарсан.

******* нь компанийн хөдлөх болон мөнгөн хөрөнгөөс өөртөө хууль бусаар шилжүүлэн авч, компанийн ажилтнуудыг шинээр байгуулж байгаа компанидаа ажиллахыг санал болгож, авч ажиллуулж, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, үндэслэлгүйгээр Цагдаагийн байгууллагад тамга алдлаа гэж компанийн ажилтныг өгч, нийт ажилтнуудад бэлэглэгч нарын нэр хүндийг гутаах байдлаар цахим шуудан илгээж, улсын бүртгэлийн байгууллагад бэлэглэгч нарын талаар сөрөг, хууль зүйн үндэслэлгүй, бодит байдлыг гуйвуулах байдлаар мэдээлэл бүхий хүсэлт, мэдэгдэл гаргаж, компанийн үйлчлүүлэгч нартай өөрийн шинэ компаниараа гэрээ байгуулж, бэлэглэгч нарын нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдлүүдийг илээр хийж, гүтгэж, бэлэглэгч нарыг гомдоосон.

******* нь гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий хүн буюу эхнэрийнхээ нэр дээрх компани руу зориулалт нь тодорхойгүй их хэмжээний мөнгийг шилжүүлж, компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгүүдийг хувьдаа завшиж, урьдчилгаа цалин гэх мэтээр их хэмжээний мөнгийг өөртөө шилжүүлж, өөрийн эрхэлдэг мотоциклын бизнесийн тээврийн зардлыг компаниар төлүүлж, компанийн бусдаас авах авлагад тооцож авсан хөрөнгийг дур мэдэн хувьдаа авч, компанийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж бэлэглэгч нарыг гомдоосон.

******* нь Компанийн тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтны хувьд санхүүгийн бүртгэл, тооцоог худал бүртгэж, санхүүгийн зөрчил доголдол гаргаж, компанийн эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч нар болох Ц*******, Я******* нарыг үнэн зөв мэдээллээр хангаагүй.

******* нь Компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Ухамсар гэх нэртэй хөшөөг ажлын байран дээрээс ачиж авч, хувьдаа завшсан, гүйцэтгэх захиралд ашиглуулах зориулалт бүхий 8811-7743 дугаарыг 2024 оны 08 сарын 01-ний өдөр компанийн нэрээс хасуулсан, компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 9,987,869 төгрөгийн үнэ бүхий нөүтбүүк өндөрлөгч, макбүүк, гар, шилжүүлэгч гэсэн хөрөнгүүдийг хувьдаа авч явсан, өгөхгүй байгаа, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн танил Их үүл холдинг ХХК-д компанийн тогтоосон үнээс илт хямд үнээр чингэлэг борлуулж, компанид 12,104,662 төгрөгийн алдагдал бий болгосон.

Тус компани нь Батлан хамгаалах яамнаас зарласан тендерт шалгарснаар 2021, 2022, 2023 онуудад гэрээлэн тус яаманд тээвэр ложистикийн үйлчилгээ үзүүлж байсан. Тухайн ажлын туслан гүйцэтгэгчээр *******ын хамаарал бүхий хүн болох эхнэр ******ы хувьцаа эзэмшиж байсан К ХХК оролцсон. Гэрээний дагуу төлбөр орж ирэх бүрт ******* нь К ХХК рүү илүү мөнгө шилжүүлэх байдлаар нийт 184,663,974 төгрөгийн хохирлыг компанид учруулсан. ******* нь К ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2024 оны 08 сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа бөгөөд К ХХК-ийн Голомт банк дахь ******* тоот данс руу өөрийн гүйлгээ хийх өргөдлөөр ****** данснаас 2023 оны 10 сарын 04-ний өдөр 75,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 03-ны өдөр 45,000,000 төгрөг, 427004148 данснаас 2023 оны 12 сарын 28-ны өдөр 58,000,000 төгрөг, ****** данснаас 42,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, ашигласан байдаг.

******* нь мотоцикл импортлон оруулж ирж зардаг байсан ба тухайн импортын тээвэрлэлтээ н.****** гэж хүнээр хийлгэж, гарсан тээвэрлэлтийн төлбөрийг 2023 оны 07 сарын 25-наас 2024 оны 07 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд авлага гэж өөрийн нэр дээр шивүүлж, компаниас 136,413,798 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зориулж, ашигласан.

******* нь өөрийн нэр дээр Голомт банк ХК-аас 50,000,000 төгрөгийн дүн бүхий зээлийн карт захиалж, тухайн зээлийнхээ батлан даагчаар компанийг оролцуулсан. 2024 оны 01 сарын 31-ний өдөр өөртөө 20,000,000 төгрөгийг цалингийн урьдчилгаа гэж банк руу хүсэлт бичиж, компанийн данснаас шилжүүлэн авсан. Үүнээс гадна, өөрийн хоол, хүнс, бусад зардлыг компанийн дансанд байрлах мөнгөнөөс дур мэдэн зарцуулж, компанид их хэмжээний хохирол учруулсан. Энэ нь Нийслэлийн Татварын газраас манай компанийн 2021 оны 01 сарын 01-нээс 2023 оны 12 сарын 3.1-ний өдрийг хүртэлх хугацаанд хийсэн шалгалтаар тогтоогдсон.

Иймд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-т заасныг тус тус үндэслэн, бэлэг хүлээн авагч ******* нь бэлэглэгч Я*******, Ц******нарыг ноцтой гомдоосон үндэслэлээр Я*******, Ц*******, ******* нарын хооронд байгуулсан 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 0222 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, Ц*******, ******* нарын хооронд байгуулсан 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 0882 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчингүйд тооцож, бэлэг болох БЛ ХХК-ийн 20 хувийн хувьцааг, БК ХХК-ийн 33 хувийн хувьцааг бэлэглэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч *******т даалгаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, уг шаардлага нь огт үндэслэлгүй. Нэхэмжлэлд дурдсан ноцтой гомдсон гэх үндэслэл нь хувьцаа эзэмшигчийн хувьд хууль ёсны санал шаардлага гаргаж, өөрийн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн үйлдлүүд бөгөөд өөрийн эрх зөрчигдсөн гэж үзэж шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлснийг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэх үндэслэлд хамаарахгүй. 2020 оны 11 сард нэхэмжлэгч нар надад хамтран ажиллах санал тавьж, 12 сарын 21-ний өдөр хурал зохион байгуулж 100 хувь санал нэгтэй шийдвэр гарган бэлэглэлийн гэрээгээр тус компанийн 20 хувийн хувьцааг хууль ёсоор эзэмшиж, цаашид 3 хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаа явуулах болсон.

Миний бие анх гүйцэтгэх захирлын ажлаа хүлээн авч байхад БЛ ХХК нийт 10 орчим ажилтантай, хэлтэс алба бүрэлдэн бүрэн тогтоогүй, удирдах албан тушаалтны зааг ялгаа үүсээгүй, компанийн данс бэлэн мөнгөгүй байсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн 3 жил 6 сарын хугацаанд өдөр тутмын ажилдаа өөриймсөг хандаж өөрийн хувьцаа эзэмшиж буй компаниа илүү том, нэр хүндтэй болгохыг зорин ажилласан маань үр дүнд хүрсэн. Дээрх хугацаанд БЛ ХХК-ийн борлуулалтын орлого хэдэн арван тэрбумаар тооцогдох болсон, манай байгууллага оргил үедээ 40-с дээш тооны ажилтантай ажиллаж салбартаа төдийгүй олон улсын агентуудын дунд хүртэл нэр хүнд үлэмж өссөн болно.

Компанийн нэр хүнд өсөж ашиг орлого өсөхийн хэрээр нэхэмжлэгч нар намайг хувьцаа эзэмшигч биш мэтээр үзэж, энэ байдлаараа илтэд намайг гадуурхах оролдлогыг хийж эхэлсэн. 2024 оны эхний хагас жилд миний зүгээс санхүүгийн жилээ дуустал ажиллаж үр дүнгээ хэлэлцэх дараагийн гүйцэтгэх удирдлагыг дараагийн санхүүгийн жил эхлэх үед хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэх хүсэлтэй байгааг удаа дараа илэрхийлсэн боловч намайг ажлаа өгөхийг шахаж шаардан аажимдаа ажиллах боломжгүй болох хүртэл арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

2024 оны эхний улирлаас эхлэн нэхэмжлэгч нар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг бүхэлд нь өөлж нээнтэглэн компанид ажиллах хүмүүсийн хооронд сураг чимээ, ховын чанартай явган яриа үүсгэж хагалган бутаргах ажил зохион байгуулж эхэлсэн. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдаагүй, гүйцэтгэх удирдлага солигдоогүй байхад компанийн тамгыг надад мэдэгдэхгүй авсан байсан. Компанийн тамга тэмдгийг хууль бус үйлдэлд ашиглахаас сэргийлж, гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсныхаа хувьд тамга авч явсан ажилтан гүйцэтгэх захиралд өгөхөөс татгалзсан үйлдлийг Цагдаагийн байгууллагад үнэн зөвөөр мэдээлэл гарган өгч шалгуулсан. Улмаар нэхэмжлэлд дурдсан өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг эс зөвшөөрч, тухайн хурлын шийдвэрт гомдол гаргах тухай болон компанийн тамга тэмдэг алга болсон асуудал Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тухай мэдээллийг хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өөрийн эрх ашгийг хамгаалах, эрх зүйн хамгаалалтын хувьд гаргаж ажилласан бөгөөд хэн нэгнийг худал гүтгэсэн нэр төрд нь халдсан үйлдэл огт гаргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нар гүйцэтгэх удирдлагаар 2024 оны 08 сарын 26-ны өдөр бүртгэгдэхээс өмнө авсан тамгыг ашиглан, компанид байхгүй ерөнхий захирал гэх нэршлээр миний хувийн байдалд нөлөөлөх бичгүүдийг 2025 оны 08 сарын 06, 2025 оны 08 сарын 09-ний өдөр удаа дараа бэлтгэн хувьцаа эзэмшигч миний компанитай хамтран эзэмшдэг 88117743 дугаарыг дур мэдэн хаалгаж, аливаа байдлаар өөрийн дугаар дээр байдаг банк эрх бүхий байгууллагаас авах үйлчилгээг ашиглах боломжгүй болгож, ажил амьдралын минь хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Мөн миний өрөөнд зөвшөөрөлгүй орж, цаашлаад байгууллагад ашиглаж байсан захидал харилцааг минь зөвшөөрөлгүй хааж, ухан шалгаж, байгууллагын хаалганы кодыг сольсон.

Хувьцаа эзэмшигч миний бие ажлын байрандаа нэвтрэх боломжгүй болж, хамт олонтойгоо хүртэл албан ёсоор салах үйлдлийг минь хүртэл хязгаарласан. Тиймээс миний бие хамт олондоо хандаж болж буй үйл явдлыг тайлбарлан багийнхантайгаа салах ёс хийсэн захидал илгээсэн. Энэ үйлдлийг миний бие ажиллаж байсан байгууллагаасаа хөөгдөөд гарсан гэж үзэж мэдэрч байна. 2024 онд ажиллаж байсан сүүлийн сарын ажилласан цалин хөлс, амралтын мөнгөө ч өнөөдрийг хүртэл аваагүй хохирсоор байна.

Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд ажлын шаардлагаар маргалдаж мэтгэлцэх, санал нийлэх үйлдлүүд олонтаа гарч байсан хэдий ч бидний хооронд үл итгэлцэл бий болохоос сэргийлэн Ц*******г санхүү хариуцсан захирлаар буюу санхүүгийн асуудлыг бүрэн хариуцаж ажиллахаар тохиролцсон байсан бөгөөд гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтгүйгээр нягтлан бодогчоор ******ыг ажилд авсан ба санхүүгийн захирлын хувьд шууд нягтлан бодогчтой харилцаж тайлан тооцоогоо гаргаж байсан. Манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа үргэлж нээлттэй, ил тод байдаг бөгөөд миний бие ажиллаж байх хугацаандаа ганц ч удаа бие даан тайлан гаргаж илгээж байгаагүй бөгөөд хувьцаа эзэмшигч нар санхүү бүртгэлийг хамтран хянаж, шийдвэр гарган тухайн үед ажиллаж байсан Ерөнхий нягтлан бодогчид үүрэг болгон санхүү татварын тайлангаа илгээдэг байсан.

Зах зээлд байгаа чингэлгийн дундаж үнэ 7,500,000 төгрөг байхад БЛ ХХК-ийн харилцагч компанид нэг бүрийг 12,500,000 төгрөгөөр нийт 25,000,000 төгрөгөөр буюу илүү өндөр үнэтэйгээр борлуулсан байдлыг албан тушаалаа урвуулан илт хямд борлуулсан гэх тайлбар нь мөн үндэслэлгүй болно.

БЛ ХХК болон К ХХК нь Батлан хамгаалах яамнаас зарладаг тендерт шалгарсны дараа хамтран ажиллах гэрээ хийж, ажил гүйцэтгэсэн гэрээний төлбөрийг байгууллагын албан ёсны дансаар дамжуулан гэрээний дагуу төлж барагдуулж байсан болно. Харин ч миний бие ажиллаж байх хугацаандаа нийт 4 удаагийн тендерт бэлтгэж БЛ ХХК-гаа амжилттай шалгаруулан гэрээний үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн бөгөөд тохирсон ажлын хөлс болох нийт 434,556,820 төгрөгийг 2021 оны 05 сарын 12, 2022 оны 07 сарын 01, 2023 оны 06 сарын 29, 2024 оны 04 сарын 19-ний өдөр нийт дөрвөн удаа Ц*******, Я******* нарт өгсөн болно. БЛ ХХК болон К ХХК нь хоорондын тооцоо болон хийж гүйцэтгэх ажил гэрээ нь бүрэн дууссан бөгөөд санхүү төлбөрийн асуудал байгаа гэж үзвэл хоорондын хийсэн гүйлгээг тооцоо нийлэн тулах хүсэлтийг миний зүгээс удаа дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Үлэмжид хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байна.

Миний бие тээврийн хэрэгсэл импортлон оруулж ирж борлуулж байсан. Зарим тохиолдолд нэхэмжлэгч талд хүртэл зээлээр өгч тэр тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл надад төлж дуусгаагүй байгаа тул миний бие нэхэмжлэгч талаас авлагатай хэвээр байгаа бөгөөд өөрийн компанид ашиг орлого нэмэгдүүлэх зорилгоор тээвэрлэлтийг БЛ ХХК-аар зохион байгуулж байсан. Монгол Улсад импортын бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн ихэнх нь тээврийн төлбөрөө дараа төлөх нөхцөлтэйгөөр үйлчилгээ авдаг тул энд дурдагдсан тээврийн зардлыг хувьдаа завшсан гэж үзэхгүй.

Тээвэр зуучийн байгууллагууд өдөр тутамдаа харилцагч нэмэгдүүлэхийн тулд харилцагч байгууллагатай албан ёсоор цаг товлон уулзалтуудыг хийдэг. Тус нэхэмжлэлд дурдахдаа миний бие Н ХХК-ийн төлөөлөлтэй уулзсан уулзалтын талаар хувийн мэдээллийг олж мэдсэн талаар тайлбарласан байна. Компанийн ажил хэргийн уулзалтаар нэхэмжлэлд дурдсан шиг зүйлийг хэлэлцээгүй бөгөөд уг асуудал үнэн зөв эсэхийг энэхүү нэхэмжлэлээс тусдаа байдлаар шийдвэрлүүлэх болно.

Голомт банк дахь миний хувийн хэрэглээний 3798 **** **** 6461 дугаар бүхий зээлийн карт 50,000,000 биш арав дахин бага буюу 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, БЛ ХХК батлан даадаггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Эргэлтийн хөрөнгийн зээлийг Ц******санхүүгийн захирал байх хугацаандаа судалж зээл авах шийдвэрийг нийт хувьцаа эзэмшигч нар хамтран гаргасан бөгөөд эргэлтийн хөрөнгөд нөлөөлөхүйц үнийн дүн бүхий авлага болох 421,300,000 төгрөгийн авлага Я*******аас, 74,580,000 төгрөгийн авлага Ц*******гээс авахаар бүртгэгдсэн байдгийг 2023 оны жилийн эцсийн тайланд тусгаж тайлагнасан байгаа.

Гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчдийн өдөр тутмын ажлаа явуулахад байгууллагаас баталсан хангамж, хэрэгцээний материалуудыг хувьдаа завшсан мэтээр тайлбарлан нэхэмжилсэнд харамсаж байна. Миний бие одоогийн байдлаар БЛ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд бусад хувьцаа эзэмшигч нарын адилаар зөөврийн компьютер зэргийг ашиглаж байгаа болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан асуудал нь зөвхөн хуулийн дагуу миний өөрийн эрхээ хамгаалахаар гаргасан нэхэмжлэл түүнтэй холбоотой бодит нөхцөлийг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээр гаргасан өргөдөл гомдолтой холбоотой бөгөөд намайг өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа хуульд заасан журмын дагуу компанид эргэн худалдан авахыг шаардсан нэхэмжлэл гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зорилгоор бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаж, удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаанд санаатайгаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүйгээр нэхэмжлэлийг буцаалгаж, улмаар дахин гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүтэн жилийн хугацаанд явуулж байгаа бөгөөд энэхүү гомдсон гэсэн үндэслэлийг үйл явдал болсноос дариу бүтэн жил өнгөрсний дараа гаргаж байгаа нь зөвхөн дээрх хэргийг шийдвэрлүүлэхгүй гэсэн санаа зорилготой гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я*******, Ц******нарын хариуцагч *******т холбогдуулан гаргасан, 2021 оны 01 сарын 26-ны өдрийн №0222 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 2023 оны 04 сарын 21-ний өдрийн №0882 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээг тус тус хүчингүйд тооцож, бэлэг болох БЛ ХХК-ийн 20 хувийн хувьцааг бэлэглэгч Я*******, Ц******нарт, БК ХХК-ийн 33 хувийн хувьцааг бэлэглэгч Ц*******д буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1.  Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, шаардлагаа нотлох зорилгоор гаргасан баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын хүсэлтээр асуугдсан гэрчийн мэдүүлэг зэргийг огт үнэлээгүй, хариуцагч талаас гаргасан тайлбарын үндэслэл бүрийг няцаасан баримт бүхий нэхэмжлэгч нарын шаардлага, баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхой бус. Шүүх бидний гаргасан үндэслэл, нотлох баримтыг юу ч биш гэж үзэж, огт хараагүй мэт шийдвэртээ огт дурдаагүй байсан. Шүүх хуралдаанд бид өөрсдөд тулгараад байгаа хүнд хэцүү бүхнээ ярьж байхад шүүгч утсаа оролдох, шүүхийн ажилтнууд байн, байн хурал дундуур орж ирээд бидний яриаг тоож сонсоогүй. Хариуцагчийн өмгөөлөгч мэдэхгүй зүйлээ илт худал тайлбарлаад, гэрчээр асуугдах гэж ирсэн ажилтныг загнах зэргээр үл хүндлэх, бүдүүлэг байдлаар харилцахад нь шүүгчээс зогсоохыг хүсэхэд эсрэгээрээ бид нарыг загнаж байсан ба бид хоёроос та нар анхнаасаа *******ыг ижил үйл ажиллагаа явуулдаг байсан өөр компанид ажиллаж байсан хүнийг авсан биздээ", гүйцэтгэх захирал эхлээд болгосон уу, хувьцаа эзэмшигч эхлээд болгосон уу гэх мэтээр асууснаас үзэхэд хэргийг шүүх хуралдааны танхимд орж ирэхээсээ өмнө шийдвэрлэсэн байсан ба энэхүү шийдвэрээ гаргахын тулд асуулт асууж, бидний тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг хараагүй, үл тоосон гэж үзэж байна.

4.2.  Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч нарын ноцтой гомдоосон гэж нэрлэн заасан компанийн эдийн засгийн байдал доройтсон, татварын тайлан шалгалтаар өр төлбөртэй гарсан, байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан, нэр хүндийг гутаасан гэх зэрэг үндэслэлүүд нь компанийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан фактууд байх тул нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүдийг ноцтой гомдоосон гэж үзэхээргүй байна..." гэж дүгнэсэн. Ингэж дүгнэхдээ, хариуцагчийн гаргасан хариу тайлбар, ******* 2024 оны 08 сарын 09-ний өдрөөс гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөж, энэ талаарх бүртгэл улсын бүртгэлд 2024 оны 08 сарын 26-ны өдөр бүртгэгдсэн, уг цаг хугацаанаас хойш түүний хийсэн нийт ажилтнуудад бэлэглэгч нарын талаар сөрөг буюу бодит бус мэдээлэл бүхий цахим шуудан илгээсэн, улсын бүртгэлийн байгууллагад бэлэглэгч нарыг хууль зөрчигч, тамга хууль бусаар авсан, хууль бус шийдвэр гаргасан гэх илт үндэслэлгүй хүсэлт, мэдээлэл гаргасныг, компанийн ВИП харилцагчтай уулзаж, компанийн орлогыг багасгах, өөрийнхөө хувьцаа эзэмшиж буй компанийн ажлыг булаах оролдлого хийсэн зэрэг үйлдлүүдийн талаар огт дүгнэлт хийгээгүй.

4.3.  ******* хүн гэдэг утгын хүрээнд гүйцэтгэх захирал *******, хувьцаа эзэмшигч ******* гээд 2 хүн биш юм. Бэлэглэгч нарыг ноцтой гомдоосон үйлдлийн хувьд, субъектив шинжээрээ бэлэглэгч нар бэлэг хүлээн авагч ******* гэж нэг хүнд гомдсон. Иймд түүний гүйцэтгэх захирал байхдаа болон гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөнөөс хойших хугацаанд хийсэн үйлдэл бүр нь ******* гэж нэг л хүний үйлдлүүд юм. Иймд гүйцэтгэх захирал *******т хувьцаа эзэмшигч нар гомдох боломжгүй гэх агуулгаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй.

4.4.  Эцсийн дүндээ, бэлэг нь өөрөө компанийн хувьцааны эрх буюу тухайн компанийн эд хөрөнгө, бусад эрх юм. Гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчийн хэн аль нь компанийн эд хөрөнгийг доройтуулах, багасгах, үр ашиггүй, өөриймсөг бус зарцуулж, завшиж байгаа тохиолдолд эдгээрийн үр дүн нь компанийн эд хөрөнгө болон бусад эрхэд шууд нөлөөлнө. Иймд нэхэмжлэгч нарын хувьд, хариуцагчийг бидэнтэй хамт цаашид энэ компанийн ашигт үйл ажиллагааны төлөө бас найз, нөхөрлөлийн харилцаагаа үргэлжлүүлэхийн төлөө хамт явах боломжгүй гэдгээ өөрөө илэрхийлж, биднийг гомдоосон ноцтой үйлдлүүд гаргасан гэж ойлгож байгаа тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлгээ буцаан авахаар шаардсаныг шүүх анхаарч үзсэнгүй.

4.5.  Хариуцагч нь компанийн нэр хүндийг өндөрт өргөж, маш амжилттай байсан гэх боловч нэхэмжлэгчээс гаргасан Ди Зэт Юу Би ХХК буюу хөндлөнгийн байгууллагын дүгнэлт, Татварын нөхөн ногдуулалтын акт зэргээр тайлбар нь няцаагддаг. Мөн огт мөнгөгүй, хэдхэн ажилтантай, удирдлагын зааг гараагүй компанийг хүлээж аваад маш их ажилтантай, маш их орлоготой болгосон гэх боловч нэхэмжлэгч талаас гаргасан компанийн 2020 оны санхүүгийн тайлангаар манай компани хэвийн ашиг орлоготой, авлага их өргүй компани байсан болох нь тогтоогддог.

4.6.  ******* нь өөрийн танилын хүрээнээс ажилтнуудыг сонгож авсан гэх бөгөөд ажилтнуудын тоо ихсэх нь компани амжилттай яваа гэсэн үг биш бөгөөд эдгээр ажилтнуудаа гарахдаа мөн өөрөө аваад гарсан байдаг. Ийнхүү хариуцагчийн тайлбар илт үндэслэлгүй, нэхэмжлэгчийн гаргасан баримтаар няцаагдаж байгааг харьцуулан үнэлээгүй.

4.7.  Дөнгөж сургуулиа төгссөн оюутан үүсгэн байгуулж, амьдралаа зориулж бүтээсэн компани, хөрөнгө, нэр хүндийг нь гутаан, бусдад буюу ажилтнуудад, улсын бүртгэлийн байгууллага, үйлчлүүлэгч нарт нь сөрөг мэдээлэл гаргаж, эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол учруулаад байхад шүүхийн зүгээс та нар энэ үйлдэлд гомдохгүй ээ, гомдох ёсгүй гэсэн дүгнэлт хийж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

4.8.  Гэрч *******гийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтыг харьцуулан үнэлвэл, ******* нь анхнаасаа компанийн тамга хувьцаа эзэмшигч Ц*******д байгаа гэдгийг мэдэж байсан атлаа цагдаагийн байгууллагад тамга хулгайд алдсан гэж гомдол гаргаж, энэ талаараа улсын бүртгэлийн байгууллагад хувьцаа эзэмшигч нар тамгыг хууль бусаар авсан гэж шууд бэлэглэгч нар руу чиглэсэн санаатай үйлдлүүдийг хийсэн нь тогтоогддог.

4.9.  Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4-т ...Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан ноцтой гомдоосон гэх үндэслэл нь мөн хуулийн 280.1.2-т заасан үндэслэлээр баримжаалагдах буюу субъектив шинжийн хувьд харьцангуй эрүүгийн хэргийн шинжтэй санаатай үйлдэл, эс үйлдэхгүйгээр тодорхойлогдох бөгөөд хэрэгт авагдсан баримтаар бэлэг хүлээн авагч *******ыг ноцтой гомдоосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэл гаргасан, түүнийг нь эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон, хариуцлага хүлээлгэсэн үйл баримт тогтоогдохгүй байна... гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, бэлэг хүлээн авагчийн шууд санаатай үйлдлийг санаатай бус гэх мэтээр гуйвуулсан.

4.10.  Бэлэг хүлээн авагчийн гомдоосон ноцтой үйлдэл гэдгийг тухайн этгээд буюу бэлэглэгчийн нийгэмд эзлэх байр суурьд сөргөөр нөлөөлөх, бэлэглэгчийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд, эсхүл бэлэглэгч, бэлэг хүлээн авагчийн садан төрлийн байдал, гомдоосон үйлдлийг нийгэмд ил, эсхүл хувийн хүрээнд хийсэн эсэхийг харилцан харгалзсанаар тогтоогдоно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгч нарын талаар бодит бус, сөрөг мэдээллийг бусдад өгөхдөө шууд санаатай, тэдгээрийг хохироох зорилгоор хийж байгаа бөгөөд бэлэглэгч нарын нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурь /үйлчлүүлэгч нар/-д сөргөөр нөлөөлнө гэдгийг мэдсэн атлаа хүсч үйлдсэн идэвхтэй үйлдлүүд гаргасан бөгөөд эдгээр үйлдлүүд нь ноцтой бөгөөд бэлэглэгч нарын хувьд ноцтой гомдсон шинжид хамаарах ойлголт юм. Үүнээс гадна, шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д тусгасан ноцтой үйлдэл нь зөвхөн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсоноор бэлэглэгч гомдох ёстой бусад тохиолдолд гомдох ёсгүй гэсэн өрөөсгөл дүгнэлт хийсэн.

4.11.  Нэхэмжлэгч бидний хувьд, анх удаа шүүхэд эрхээ сэргээлгэхээр хандаж байгаа бөгөөд шүүх ямар ч баримтгүй, худал тайлбар гаргасан хүнийг биднийг гомдоогоогүй гэж үзэхдээ биднээс гаргасан аль тайлбарыг хэрхэн үнэлсэн, аль нотлох баримтыг ач холбогдолгүй, хэрэгт хамааралгүй гэж байгаа талаараа тодорхой, ойлгомжтой дурдаагүй атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.   Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нар анх нэхэмжлэл гаргахдаа бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр маргаан үүсгэж байсан. Гэвч уг хэрэг маргаан шийдвэрлэгдэх явцад тодорхой хугацаа өнгөрсний дараа буюу жилийн дараа ноцтой гомдоосон үйлдэл гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Энэхүү ноцтой гомдоосон үйлдэл гэх үндэслэл нь тухайн үед хувьцаа эзэмшигчдийн хооронд үргэлжилж буй шүүхийн маргаан, хэрэг хянан шийдвэрлэх явцад дараа нь дурдагдсан асуудал гэж харагдаж байна. Нэгдүгээрт, нэхэмжлэгч нарыг ноцтой гомдоосон үйлдэл үндэслэлгүй. Нөгөө талаас, хариуцагчийн хувьд тухайн цаг хугацаанд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын харилцаатай холбоотой маргааны хүрээнд өөрийн хувьцаа эзэмших эрхийг хамгаалах зорилгоор хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг гаргасны дараа холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаж, тухайн хэргийг тодорхой хугацаанд түдгэлзүүлэн явуулж байгаад эцэслэн шийдвэрлүүлсэн. Иймээс ноцтой гомдоосон үйлдэл гэх асуудал нь анхнаасаа бус, харин нэлээд хожуу, маргааны явцад хөндөгдсөн болох нь тодорхой харагдаж байна. Мөн ноцтой гомдол гаргах хугацаа, түүнтэй холбоотой хууль зүйн зохицуулалтын талаар анхан шатны шүүхээс тодорхой дүгнэлтүүдийг аль хэдийн гаргасан. Түүнчлэн, ноцтой гомдоосон гэж үзэж буй үйлдлүүд нь хувь хүний нэр төр, алдар хүндэд халдсан, хууль бус, худал мэдээлэл тараасан шинжтэй үйлдэл биш бөгөөд харин өөрийн хууль ёсны эрх ашиг, хувьцаа эзэмших эрх, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой үйлдлүүд байсан. Эдгээр нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй, үндэслэлгүй тайлбарууд тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

 

2.   Нэхэмжлэгч Я*******, Ц******нар хариуцагч *******т холбогдуулан 2021 оны 01 сарын 26-ны өдрийн №0222 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 2023 оны 04 сарын 21-ний өдрийн №0882 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчингүйд тооцож, бэлэг болох БЛ ХХК-ийн 20 хувийн хувьцааг бэлэглэгч Я*******, Ц******нарт, БК ХХК-ийн 33 хувийн хувьцааг бэлэглэгч Ц*******д буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 57-65, 182-187/

 

3.   Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  Зохигчид 2021 оны 01 сарын 26-ны өдөр 0222 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Я*******, Ц******нар 6176585 регистрын дугаартай БЛ ХХК-ийн 20 хувийн хувьцааг *******т үнэ төлбөргүй шилжүүлэх нөхцөлийг тохирсон; /1хх 40-41/

3.2.  Үүний дагуу БЛ ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Я******* (40 хувь), Ц******(40 хувь), ******* (20 хувь) нар улсын бүртгэлд 2021 оны 02 сарын 23-ны өдөр бүртгэгдсэн; /1хх 24-25, 45-46, /

3.3.  БЛ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд ******* нь 2021 оны 02 сарын 23-ны өдрөөс, Ц******нь 2024 оны 08 сарын 26-ны өдрөөс тус тус бүртгэгдсэн; /1хх 26-27/

3.4.  Мөн зохигчид 2023 оны 04 сарын 21-ний өдөр 0882 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Ц******нь 6948804 регистрын дугаартай БК ХХК-ийн 33 хувийн хувьцааг *******т үнэ төлбөргүй шилжүүлэх нөхцөлийг тохирсон; /1хх 75-76/

3.5.  Үүний дагуу БК ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Я******* (33 хувь), Ц******(34 хувь), ******* (33 хувь) нар улсын бүртгэлд 2023 оны 04 сарын 26-ны өдөр бүртгэгдсэн. /1хх 79-80/

 

4.   Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ...бэлэг хүлээн авагч нь цагдаагийн байгууллагад үндэслэлгүй гомдол гаргаж, бодит бус сөрөг мэдээллийг тарааж, гүтгэж, компанийн хөрөнгийг хувьдаа ашиглаж, өөртөө шилжүүлж, дур мэдэн зарцуулж, ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэх компанийг байгуулж, харилцагч болон ажилтнуудад өөртэй нь ажиллах санал тавьж, ажиллуулж, компанийг алдагдалд оруулж бэлэглэгч нарыг ноцтой гомдоосон... гэсэн агуулгаар, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...компанийг хүлээн аваад үр ашгийг нэмэгдүүлсэн, үйл ажиллагааг нь томруулсан, компанийн хөрөнгийг хувьдаа ашигласан, дур мэдэн зарцуулсан зүйл байхгүй, гүйцэтгэх захирлын эрх үүргээ хэрэгжүүлснийг бэлэглэгч нарыг ноцтой гомдоосон үйлдэлд хамааруулах үндэслэлгүй... гэсэн агуулгаар тус тус тайлбарласан байна.

 

5.   Анхан шатны шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэсэн үндэслэл нь бэлэг хүлээн авагч нь заавал гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан байхыг шаардахгүй тул анхан шатны шүүхийн хийсэн ...бэлэг хүлээн авагч нь эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэл гаргасан, түүнийг нь эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон, хариуцлага хүлээлгэсэн үйл баримт тогтоогдоогүй... гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

6.   Давж заалдах шатны шүүхээс бэлэг хүлээн авагчийн гаргасан, хэргийн баримтаар тогтоогдож буй дараах үйлдлүүдийг бэлэглэгч нарыг ноцтой гомдоосон үйлдэлд хамааруулан үзэх боломжтой гэж үзлээ. Үүнд:

6.1.  ******* нь компанийн тамга тэмдэг хувьцаа эзэмшигчийн эзэмшилд байсныг мэдсээр байж ...компанийн тамга тэмдгээ хулгайд алдсан тухай... гомдлыг 2024 оны 08 сарын 04-ний өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан; /1хх 243, 244/

******* нь дээрх гомдолдоо ...камер бичлэг шалгаж үзэхэд хүний нөөцийн ажилтан ******* авч гарсан байна. ...Хүний нөөцийн ажилтантайгаа ярихад ...хувьцаа эзэмшигч авчир гэж хэлсэн... гэж, мөн компанийн нийт ажилчдад бичсэн цахим шуудандаа ...ажил хэргийн хувьд хэлэлцэн шийдвэрлэж болох асуудлаар бусад хувьцаа эзэмшигч нартай үл ойлголцол гарсны дараа ... ажлын бус цагаар ******* ... байгууллагын тамга тэмдэг...-ийг зөвшөөрөлгүй авч ... хууль бус үйлдэлдээ ашигласан... гэж тус тус бичсэнээс үзвэл ...хариуцагч нь компанийн тамга тэмдэг хувьцаа эзэмшигчийн эзэмшилд байсныг мэдсээр байж Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан... гэсэн агуулгатай нэхэмжлэгч нарын тайлбарыг үнэн зөв гэж дүгнэхээр байна. /1хх 140-141, 148-150/

Түүнчлэн, гэрч ******* нь шүүх хуралдаанд ...Миний шүүгээнд тамга байсан. ...Тамгыг Ц*******д өгсөн талаар бүтэн сайн өдөр ******* над руу залгахад нь хэлсэн... гэж мэдүүлсэн байна. /2хх 22/

6.2.  Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс БЛ ХХК-ийн үйл ажиллагаанд (2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны) хяналт шалгалт хийж, нийт 42,188,958 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон; /1хх 151-168/

Дээрх хяналт шалгалтын хамрах хугацаа нь ******* гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд хамаарч байгаа бөгөөд бэлэглэгч Я*******, Ц******нар анх компанийн үйл ажиллагааг хариуцуулах, ашигтай ажиллуулах зорилгоор бэлэг хүлээн авагч *******т хувьцаа бэлэглэсэн гэж тайлбарладаг.

******* нь ...компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд өөриймсөг хандаж, өөрийн хувьцаа эзэмшиж буй компаниа илүү том, нэр хүндтэй болгохыг зорьсон, компанийн борлуулалтын орлого хэдэн арван тэрбумаар тооцогдох болсон, компани оргил үедээ 40-өөс дээш ажилтантай байсан... гэсэн агуулгатай хариу тайлбар гаргасан боловч энэ нь өмнө дурдсан төлбөрийн акт болон Ди Зэт Юу Би ХХК-ийн гаргасан компанийн дотоод орчны шинжилгээний тайлангаар тус тус няцаагддаг. /1хх 87-89, 151-168/

Тухайлбал, компанийн орчны шинжилгээний тайланд ...БЛ ХХК-ийн сүүлийн жилүүдийн үйл ажиллагааны үр ашгийг ... дүгнэхэд тодорхой бууралт ажиглагдаж байна. Энэ нь 2023 онд компанийн зардлын өсөлт орлогын өсөлтөөс давсантай холбоотой байна. ...Энэ нь компанийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гол шалтгаан байсан ба санхүүгийн үр дүнд сөргөөр нөлөөлсөн..., ...БЛ ХХК-ийн санхүүгийн нөхцөл байдалд 2023 оноос эхлэн мөнгөн хөрөнгийн үр ашиггүй менежмент нөлөөлж эхэлсэн нь тодорхой байна..., ...2023 оны үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн дүн хасах 533,000,000 төгрөг байгаа нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг тухайн жилийн мөнгөн орлогоороо нөхөх боломжгүй болсныг харуулж байна..., ...БЛ ХХК-ийн хүний нөөцийн эргэц 2023 онд 30 хувь, 2024 онд 40 хувь байгаа нь хүний нөөцийн менежментийн хувьд тулгамдсан асуудал болж байна... гэж тус тус дүгнэжээ. /1хх 87-89/

6.3.  ******* нь БЛ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанийн нэр дээр бүртгэлтэй 8811-7743 дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг 2024 оны 07 сарын 31-ний өдөр Юнител ХХК-д гаргасан; /1хх 219, 241-242/

6.4.  ******* нь БЛ ХХК-ийн үйл ажиллагаатай адил үйл ажиллагаа бүхий (ачаа тээвэр) ******* ХХК-ийг 2025 оны 01 сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, БЛ ХХК-ийн ажилтнуудад өөрийн ******* ХХК-д ажиллахыг санал болгож, зарим ажилтнууд ажлаас гарсан; /1хх 228, 2хх 22/

Тухайлбал, гэрч ******* нь шүүх хуралдаанд ...******* захирал ажлаас гарснаас хойш бүгдээрээ өргөдлөө өгөөд гарсан... гэж, гэрч ******* нь ...******* захирал 2024 оны 07 сард ажлын санал тавьж байсан. ...Өөр компанид хамтран ажиллах санал тавьсан... гэж тус тус мэдүүлсэн байна. /2хх 22, 24/

 

7.   Бэлэг хүлээн авагч *******ын гаргасан өмнө дурдсан үйлдлүүдийг бэлэглэгч Я*******, Ц******нарыг гомдоосон ноцтой үйлдэлд хамааруулах үндэслэлтэй байх тул 2021 оны 01 сарын 26-ны өдрийн №0222 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-г хүчингүйд тооцож, БЛ ХХК-ийн 10 хувийн хувьцааг нэхэмжлэгч Я*******д, 10 хувийн хувьцааг нэхэмжлэгч Ц*******д тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагч *******т даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1-д тус тус нийцнэ.

Нэхэмжлэгч Я*******, Ц******нар Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т заасан хугацаанд шүүхэд хандсан байна.

 

8.   Харин 2023 оны 04 сарын 21-ний өдрийн №0882 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-г хүчингүйд тооцож, БК ХХК-ийн 33 хувийн хувьцааг бэлэглэгч Ц*******д буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь, бэлэг хүлээн авагч *******ын гаргасан гэх үйлдлүүд нь БК ХХК-тай шууд хамааралгүй байна.

 

9.   Хариуцагч ******* нь хариу тайлбартаа ...хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдаагүй... гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан БЛ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлээс үзвэл тус компанийн хувьцаа эзэмшигч нар 2024 оны 08 сарын 09-ний өдөр ээлжит бус хурлыг хуралдуулсан, уг хуралд хувьцаа эзэмшигч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болор-Эрдэнэ оролцож, үг хэлж, санал гаргасан байна. /1хх 130-132, 133/

 

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/09869 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1-д тус тус зааснаар Я*******, Ц******болон ******* нарын хооронд 2021 оны 01 сарын 26-ны өдөр байгуулагдсан 0222 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгож, БЛ ХХК-ийн 10 хувийн хувьцааг нэхэмжлэгч Я*******д, 10 хувийн хувьцааг нэхэмжлэгч Ц*******д тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагч *******т, холбогдох өөрчлөлтийг бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 0882 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-г хүчингүйд тооцуулж, БК ХХК-ийн 33 хувийн хувьцааг бэлэглэгч Ц*******д буцаан шилжүүлэхийг хариуцагч *******т даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан, нэхэмжлэгч Я*******, Ц******нарт олгож, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я*******, Ц******нарт буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР