Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 853

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо 7-19 тоотод оршин суух Балжиннямын Бадарчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайран дүүргийн 8-р хороо Баян цагаан 12-41 тоотод оршин суух Ганбаатарын Уранчимэгт холбогдох “470.000 төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Баярцэцэг, нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бадарч шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Бадарч би СХД-ийн 8-р хороо 12-р гудамж 32 ба тоотод байрлах үйлдвэр үйлчилгээний талбайг бусдад түрээслүүлэн үйл ажиллагаа явуулдаг. Г.Уранчимэг нь 2015 оны 7-р сард манай үйлчилгээний төвийн 18м2 талбайг өвлийн сард 50.000 төгрөгөөр,хавар,зун,намрын саруудад 80.000 төгрөгөөр түрээслэхээр тохирч гэрээ байгуулсан. Тэрээр 2015 оны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 150.000 төгрөг, 2016 оны 2-5-р сарыг хүртэлх 4 сарын түрээсийн  төлбөр 320.000 төгрөг нийт 470.000 төгрөг төлөөгүй тул 2016 оны 5-р сарын 20-нд түрээсийн байрнаасаа гаргасан. Г.Уранчимэг 150.000 төгрөгийг 2016 оны 06-р сарын 01-ны өдөр төлнө гэж бичиг хийж өгсөн. Иймд Г.Уранчимэгээс түрээсийн нийт төлбөр 470.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уранчимэгийн хэлж ярьж байгаа зүйл нь худал юм. Энэ нь огт хамааралгүй. Харин өрөө суллаж өгөхдөө үлдээсэн 1 шилэн лангуу, 2 модон лангуу зэргийг дараагийн орсон түрээслэгчид өгсөн байсан. Тэр хүнээс би 40.000 төгрөг суутгаж авсан нь үнэн юм. Одоо үлдсэн 400.000 төгрөгөөс 40.000 төгрөгийг хасч 360.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Г.Уранчимэг шүүхэд  гаргасан тайлбартаа: Уранчимэг би СХД-ийн 8-р хороо ЗБЦ-12-32 б тоотод байрлах 18м2 талбайг/ гэрээнд өвлийн 50.000, бусад улиралд 80.000 төгрөг гэж бичсэн ч бодит  байдал дээрээ өвөлдөө 80.000, бусад улиралд 120.000 төгрөгөөр түрээслэж байсан. Тэгээд түрээслэгч бид нар яагаад ингэж гэрээнээсээ өөр төлж байгаа юм бэ гэж асуухаар татварын албанаас их мөнгө нэхдэг гэж хэлсэн. Түрээслэгч бид нарт түрээсийн төлбөрийн баримт бичиж өгөөч гэхэд ердөө өгдөггүй, банкаар шилжүүлье дансаа өгчих гэхэд данс ашиглаж чаддаггүй гээд гэрт нь очиж эсвэл өөрөө ирж авдаг байсан. Би 2016 оны 2-р сарын 7-н гэхэд нийт 270.000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. 2016 оны 2-р сарын 8-нд буюу битүүний өдөр хадгаламж зээлийн хоршооноос зээл аваад эргэлтийн бараа аваад 200.000 төгрөг үлдэхээр нь орой гэртээ Сайнаа гээд хүүтэйгээ битүүлэх гээд байж байхад нь би нөхөр 4 дэх хүүтэйгээ хамт очиж өгсөн. Ингээд 270.000 төгрөгөөс 200.000 өгөөд 70.000 үлдсэн. Үүн дээр нэмэгдээд 3-р сарын 20-нд 3-р сарын түрээс болох 80.000 төгрөг өгч чадаагүй 150.000 болсон. Үүнээс 3-р сарын 22-нд 50.000 төгрөг өгөөд 100.000 үлдсэн. 4-р сарын 20-нд бас л 80.000 төгрөг өгч чадаагүй. Ингээд 180.000 төгрөг болсон. Энэ саруудад комиссын барааны дэлгүүр ихэнхдээ хаалттай байдаг. Би ч мөн адил орлогогүй учраас онгойлгоогүй мөртлөө түрээс болон гэрлийн мөнгөө төлж байсан.Ингээд манай гэр бүлийн хүний ажлын хөлс ороод ирэнгүүт удаасан юм чинь гээд 20.000 төгрөг нэмж өгнө гэж хэлсэн.200.000 болсон.5-р сарын 15-нд 50.000 төгрөг өгсөн. 150.000 болсон. Түрээсийн төлбөрийн нийт үлдэгдэл 150.000 төгрөгийг 6-р сарын 1-нд төлж  дуусгана гэж гарын үсэг зурж өрөөгөө суллаж өгсөн. Өрөөнөөс  гарахдаа өрөөнд байсан 1 шилэн лангуу, 2 модон лангуугаа зарсан.Зөрөөд орсон зурагт засварын Нямаа ах 40.000 төгрөгөөр авая гэхээд Бадарч надад өгөөрөө гэсэн.Тэгээд тэр 40.000 төгрөгийг Нямаа ах Бадарч эгчид хуваагаад өгчихсөн гэсэн. Иймд 110.000 төгрөг үлдсэн. Иймд болохоор би одоо 110.000 төгрөг төлнө. Анхнаасаа түрээсийн төлбөрийн баримт өгөөгүй болохоор би өөрийн орлого, зарлагын хар дэвтэртээ байнга бичиж байсан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Баярцэцэг шүүх хуралдаанд: Хариуцагч шүүх хуралдааны тов мэдсэн боловч ирээгүй байгаа тул шүүх хуралдааныг хийлгэмээр байна. Хариуцагч Г.Уранчимэгийн 150.000 төгрөгийг 6-р сарын 1-ны дотор төлж дуусгана гэсэн баталгаа нь 2015 оны түрэээсийн төлбөрөөс үлдсэн үлдэгдэл төлбөр байгаа. Үүнийг Уранчимэг нь ашиглаад би 150.000 төгрөг төлөх ёстой байсан. Үүнээс 40.000 төгрөгийг өгсөн. Одоо 110.000 төгрөгийг л төлнө гээд байгаа боловч хавтаст хэрэгт энэ талаар нэг ч нотлох баримт авагдаагүй. Хариуцагч тайлбартаа  түрээсийн мөнгийг өгч байсан талаар дурьдсан боловч үүнийг нотлох баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч маань шүүхэд тайлбар өгөхдөө 360.000 төгрөг нэхэмжилнэ гаргуулж өгөөч гэсэн байгаа болохоор түүний дагуу хариуцагч Г.Уранчимэгээс 360.000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэв.

 

Хавтас хэрэгт авагдсан  нотлох баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Бадарч нь хариуцагч Г.Уранчимэгт холбогдуулан   “Түрээсийн төлбөр 470.000 төгрөг” гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага  шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 07-р сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаас 110.000 төгрөгийг татгалзаж 360.000 төгрөг нэхэмжилсэн байна.        

            Нэхэмжлэгч Б.Бадарч, хариуцагч Г.Уранчимэг нар нь  2015 оны 08-р сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо 12-р гудамж 32 б тоотод байрлах үйлчилгээний зориулалттай  18 м2 талбай бүхий өрөөг түрээслэх түрээсийн гэрээ байгуулж, түрээслэгч нь уг өрөөнд комиссын бараа худалдаалж байсан тухай зохигчдын тайлбар нь  хэрэгт авагдсан иргэд хоорондын байр түрээслэх гэрээгээр нотлогдож  байгаа ба энэ талаар харилцан маргаагүй байна.     

            Хариуцагч Г.Уранчимэг нь түрээсийн төлбөрөөс үлдэгдэл 150.000 төгрөг үлдсэн. Энэ  150.000 төгрөгийг 2016 оны 6-р сарын 1-нд төлж  дуусгана гэж гарын үсэг зурж өрөөгөө суллаж өгсөн. 40.000 төгрөгийг өгсөн. Одоо 110.000 төгрөг төлнө. Анхнаасаа түрээсийн төлбөрийн баримт өгөөгүй болохоор би өөрийн орлого, зарлагын хар дэвтэртээ байнга бичиж байсан гэж тайлбарлан маргаж байгаа боловч  түрээслүүлэгч Б.Бадарчид түрээсийн төлбөрийг төлж байсан тухай  нотлох баримт хэрэгт авагдаагүй ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38-р зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримт гаргуулах  хүсэлтийг шүүхэд гаргаж мэтгэлцээгүй, маргаж байгаа үндэслэлээ нотлож чадаагүй байна.

            Нэхэмжлэгч Б.Бадарчаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Г.Уранчимэгээс 2015 оны түрээсийн төлбөрөөс  үлдсэн үлдэгдэл төлбөр 150.000 төгрөгийг төлөх тухай баталгаа гэж бичмэл нотлох баримтыг хавсарган ирүүлсэн ба уг бичигт Ганбаатар овогтой Уранчимэг миний өрөөний түрээсийн мөнгө болох 150.000 төгрөгийг 2016 оны 6-р сарын 1-нээс өмнө төлж дуусгана гэсэн байх бөгөөд хариуцагч Уранчимэг нь энэ 150.000 төгрөгийг түрээсийн төлбөрийн нийт үлдэгдэл гэж тайлбарласан боловч үүнийгээ шүүхэд нотлож чадаагүй байна.

            Энэ бичмэл нотлох баримтыг нэхэмжлэгч Б.Бадарч нь  өөрийн 18 м2 талбай бүхий өрөөг хариуцагч Г.Уранчимэг 2015 онд түрээслэсэн түрээсийн төлбөрийн үлдэгдэлээ төлөх баталгаа  гаргаж өгсөн гэж нотлох баримтаар ирүүлсэн ба үүнийг түрээслэгч буюу  хариуцагч нь  үгүйсгэж нотлох баримтаар  няцааж чадаагүй байх тул  түрээслэгчийн 2015 оны түрээсийн төлбөрийн үлдэгдэлээ төлөх тухай баталгаа болгож бичсэн байна гэж  шүүх үнэлэв.

            Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 360.000 төгрөгийг хариуцагчаар    төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч  нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 14750 төгрөг төлсөн ба хариуцагч Г.Уранчимэгээс  нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамж  гаргуулж нэхэмжлэгч Б.Бадарчид олгов.

            Хариуцагч Г.Уранчимэгт  шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77-р зүйлд зааснаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс түүнийг эзгүйд хэргийг  хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэв.

             

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 100 дугаар зүйлийн 100.3,115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118,119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагч Г.Уранчимэгээс 360.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бадарчид олгосугай.
  2. Нэхэмжлэгч Б.Бадарч нь түрээсийн төлбөрт 470.000 төгрөг нэхэмжилснээс 360.000 төгрөг нэхэмжилж 110.000 төгрөгийг татгалзсан болохыг дурдсугай.
  3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бадарчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14750 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Уранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 11450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.         Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн  зүйлийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Х.ОЮУНЖАРГАЛ