| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2024/04862/И |
| Дугаар | 210/МА2026/00350 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00350
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/09271 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.******, Б.****** нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 604,999,151 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,
иргэний хэргийг хариуцагч Б.******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагч Т.******ын өмгөөлөгч ******, хариуцагч Б.******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус ББСБ нь Т.******той 2023 оны 09 сарын 08-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж, 350,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Хан-Уул дүүргийн 4-р хороо, Хүүшийн ам, ******тоот хаягт байршилтай 402.77 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12 сарын 08-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч одоог хүртэл зээлээ бүрэн төлж барагдуулаагүй. Зээлдэгч нь нийт 20,000,000 төгрөгийн төлөлт хийсэн байдаг.
Иймд, үндсэн зээл 340,000,000 төгрөг, зээлийн хүү 223,526,575 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,422,575 төгрөг, зээл олголтын шимтгэл 1,050,000 төгрөг, нийт 604,999,151 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Т.******ын хариу тайлбарын агуулга: "Тус ББСБ-тай 2023 оны 09 сарын 08-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж, 350,000,000 төгрөгийн зээлийг гаргуулсан. Тухайн үед надад гэрээ байгуулах хэрэгцээ болон сонирхол байгаагүй. М****** ХХК-ийн захирал Ц.****** нь миний хүүгийн бизнесийг дэмжээд тодорхой санхүүжилт хийгээд өгвөл ашиг хуваалцах боломжтой, сайн таньдаг хүн 350,000,000 төгрөгийн зээл олгоё гэсэн, нэг сарын хугацаатай зээл аваад өгөөч, бүх эрсдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийг хариуцна гэж өдөр шөнөгүй гуйж байсан тул би аргагүй эрхэнд зөвшөөрсөн. Ингээд нийт 528,200,000 төгрөгийг зээлдүүлэхээр шийдэж Б.******ын аав н.*******ийн холбож өгсөн ББСБ болох ******* ХХК-тай гэрээ хийсэн. Т.****** нь Ц.******, Б.****** нарын хүсэлтээр зээл авч байгаа гэдгийг *******-ын захирал Т.****** анхнаасаа мэдэж байсан.
Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, өөрийгөө хариуцагч гэж үзэхгүй байна гэжээ.
3. Хариуцагч Б.******гийн хариу тайлбарын агуулга: Тус ББСБ нь миний нөхөр Т.******од холбогдуулан анх 453,692,630 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Миний нөхөр Т.****** нь Б.****** гэх залуу болон түүний аав, ээж нарт хууран мэхлэгдсэний улмаас нэхэмжлэгч ББСБ-ын захирал Т.****** дээр очиж тэдний урьд нь ярьж тохирсон зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээ байгуулах хүсэлтийг бичиж өгсөн байдаг. Тухайн үед миний хувьд төрөөд удаагүй байсан тул надтай энэ талаар яриагүй болохыг сүүлд буюу намайг хариуцагчаар оролцох болсонтой холбогдуулан мэдсэн. Б.******, Ц.******, н.******* нар олон хүнийг энэ мэтээр залилж, хохирол учруулсан гэх бөгөөд одоо Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс болон 2-р хэлтсээс Б.******ыг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл олж авсан. ******* ХХК-ийн захирал Т.****** нь дээрх бүх нөхцөл байдлыг мэдэхийн ихээр мэдэж байж бидэнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Б.******ын хаана байгаа газрыг олж тогтоож, түүнд холбогдох хэргийг эцэслэн шалгах хүртэл хэн хэн нь хохирсон гэдэг үүднээс хандах ёстой байсан. Миний бие анхнаасаа уг зээл болон барьцааны гэрээг байгуулахад байгаагүй бөгөөд энэ ч шалтгаанаар намайг анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дурдаагүй байх гэж бодож байна. Би хэн нэгэнд өөрийгөө төлөөлж өөрийн өмч хөрөнгийг барьцаанд тавих эрх олгоогүй.
Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Т.******, Б.****** нараас 604,999,151 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Т.******, Б.****** нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Хүүшийн ам /17080/, ******байр тоот хаягт байршилтай 402.77 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,726,996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.******, Б.****** нараас 3,726,996 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Б.******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
5.1. Д.****** миний бие 2025 оны 11 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Шинжээчийн дүгнэлт болон хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулахаар шүүх нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулж болох талаар хариуцагч Т.******ын өмгөөлөгчөөс мөн шүүх хуралдааны үед хэлсэн боловч хүлээж авалгүй шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж бодож байна.
5.2. Т.****** нь анх ******* ХХК-аас зээл авахдаа Б.****** гэх хүнд залилуулсан талаарх тайлбарыг түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдааны үед тайлбарласан. Түүнчлэн Б.****** гэх хүнийг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа талаар нотлох баримтыг гаргаж өгсөн ба Т.******ын гар утсанд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч мөн л хүлээж аваагүй. Гэтэл дээрх зээлийн гэрээний маргаан бүхий иргэний хэргийн цаана бүхэл бүтэн айлын амьдрал сүйрч, эд хөрөнгөөрөө хохироход хүргээд байгаа үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шийдсэнд маш их гомдолтой байна.
5.3. Анхан шатны шүүх Б.******гийн шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбарт ач холбогдол өгөөгүй, хариу тайлбарт зурагдсан гарын үсэг нь барьцааны гэрээнд зурсан гарын үсэгтэй адилхан байна, тиймээс шинжээч томилох шаардлагагүй гэж хүсэлтийг хангахаас татгалзсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн хувьд үнэлж, хэргийн оролцогч нарын гаргасан хүсэлтийг мөн хэрэгт ач холбогдолтой эсэхэд үндэслэл бүхий дүгнэлтийг хийх ёстой болохоос өөрөө гарын үсэг мөн байна гэж дүгнэх эрхгүй байхад хуульд заасан эрхээ хэтрүүлэн хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа болно. Хуульд ямар тохиолдолд шинжээч томилох талаар дурьдсан ба энэ нь гарын үсгийн хэв загвар тохирч байгаа эсэхэд дүгнэлт гаргуулах ажиллагааг шинжээч томилж тусгай мэдлэг бүхий шинжээч нь тусгай техник хэрэгслийг ашиглан гаргах учиртай. Гэтэл хариуцагч Б.****** би барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, тухайн үед төрсөн байсан болохоор надад гарч орох боломж байгаагүй, зээл болон барьцааны талаар шүүхэд хариуцагчаар дуудагдсан цагаас мэдсэн талаараа тайлбартаа дурдсан байхад хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн хариу тайлбарт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
6.1. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харвал, шүүх хуралдаан эхлэхийн өмнө талуудаас хүсэлт байгаа эсэх талаар тодруулахад, хариуцагч Т.******ын өмгөөлөгч үзлэг хийлгэх хүсэлт гаргасан ба хариуцагч Б.******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.****** нь хүсэлтгүй гэж хэлсэн. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх үе шат дуусаж, хэргийг хэлэлцэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
6.2. Б.****** нь гэрээнд гарын үсэг зураагүй, энэ талаар мэдэхгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь барьцааны гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үндэслэлд хамаарахгүй.
Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Т.******, Б.****** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 604,999,151 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-2, 31, 69, 109/
3. Хариуцагч Т.****** нь ...Ц.******, Б.****** нарын хүсэлтээр н.*******ийн танил Т.******ын ББСБ-аас 350,000,000 төгрөгийн зээл авч шилжүүлсэн, Ц.******, Б.****** нар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэсэн, миний бие хариуцагч биш... гэсэн үндэслэлээр, хариуцагч Б.****** нь ...барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, шүүхэд хамтран хариуцагчаар татагдсаны дараа энэ талаар анх мэдсэн... гэсэн үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 29-30, 136-137/
4. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. ******* ХХК болон Т.****** нар 2023 оны 09 сарын 08-ны өдөр 09/08-02 тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 350,000,000 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай Т.******ын өмчлөлд шилжүүлэх, Т.****** нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тохирсон; /хх 6-8/
4.2. Мөн өдөр ******* ХХК болон Т.******, Б.****** нар 09/08-02 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр дээрх Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд Т.******, Б.****** нарын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Хүүшийн ам /17080/, ******байр тоот хаягт байршилтай 402.77 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан; /хх 9-11/
4.3. Зээлдүүлэгч ******* ХХК нь 2023 оны 09 сарын 08-ны өдөр нийт 350,000,000 төгрөгийг зээлдэгч Т.******ын эзэмшлийн Капитрон банк дахь 5037576995 тоот данс руу зээл олгов гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн; /хх 16-18/
4.4. Зээлдэгч Т.****** нь зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 05 сарын 16-ны өдөр нийт 20,000,000 төгрөг төлснийг зээлдүүлэгч ******* ХХК нь үндсэн зээлээс 10,000,000 төгрөг, зээлийн хүүгээс 10,000,000 төгрөг тус тус суутган тооцсон. /хх 14/
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээний харилцаа тус тус үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, эдгээр гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
6. Зээлдэгч Т.****** нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан байх тул зээлдүүлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар зээлийн мөнгөн хөрөнгө, түүний хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг тус тус шаардах эрхтэй.
7. Нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй бөгөөд хариуцагч Т.******, Б.****** нар нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн тооцоололтой маргаагүй, уг тооцооллыг өөрийн тооцооллоор няцаагаагүй тул хариуцагч Т.******оос зээлийн гэрээний үүрэгт нийт 604,999,151 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасантай нийцнэ. /хх 113/
Харин анхан шатны шүүх 2023 оны 09 сарын 08-ны өдрийн 09/08-02 тоот Зээлийн гэрээ-ний талуудыг анхаараагүйн улмаас зээлдэгч биш этгээд болох Б.******гаас зээлийн гэрээний үүргийг гаргуулан шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
8. Анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцжээ.
9. Хариуцагч Т.******, Б.****** нарын татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Тодруулбал:
9.1. 2023 оны 09 сарын 08-ны өдрийн 09/08-02 тоот Зээлийн гэрээ-нд зээлдэгч талыг төлөөлж Т.****** гарын үсэг зурсан, үүний дагуу зээлдүүлэгч ******* ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 350,000,000 төгрөгийг Т.******ын өмчлөлд шилжүүлсэн тул нэхэмжлэгч ******* ХХК нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч Т.******оос шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй.
Аливаа зээлийн гэрээний эрх, үүрэг түүнийг байгуулсан этгээдүүдэд хамааралтай тул ...Ц.******, Б.****** нарын хүсэлтээр н.*******ийн танил Т.******ын ББСБ-аас 350,000,000 төгрөгийн зээл авч шилжүүлсэн, Ц.******, Б.****** нар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэсэн, миний бие хариуцагч биш... гэх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй.
Үүнтэй холбоотойгоор хариуцагч Т.******ын өмгөөлөгчийн гаргасан ...үзлэг хийлгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх... хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй. /хх 138-144, 152/
9.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээнэ.
Анхан шатны шүүх хариуцагч Б.******д 2025 оны 09 сарын 29-ний өдөр эрх, үүргийг нь тайлбарлаж, нэхэмжлэлийн хувийг гардуулж өгчээ. /хх 118-119, 122/
Үүнээс хойш анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2025 оны 11 сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч Б.****** нь ...барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, шүүхэд хамтран хариуцагчаар татагдсаны дараа энэ талаар анх мэдсэн... гэх тайлбараа баримтаар нотлоогүй буюу гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.
9.3. Анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагчийн ...хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө шинээр гаргаж өгөх нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргах хүсэлт байна уу... гэсэн асуултад хариуцагч Б.******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...хүсэлт байхгүй, хариуцагч Б.******гийн хариу тайлбарыг бичгээр өгч байна... гэж хариулсан болох нь тусгагджээ. /хх 145-арын нүүр/
Энэ тохиолдолд шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхэлсний дараа ...өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцоно, гарын үсгийн шинжээч томилуулна... гэх хариуцагч талын хүсэлтийг анхан шатны шүүх хүлээж аваагүйг буруутгахгүй, энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
10. Анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн үнийн дүнг буруу бичсэн, зээлийн гэрээний үүргийг зээлдэгч бус этгээдээс гаргуулж шийдвэрлэсэн, мөн барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг шийдвэрт тодорхой дурдаагүй зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой.
11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч Б.******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/09271 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Т.******оос 604,999,151 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч Б.******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...Б.****** нар нь... гэснийг хасаж, ...барьцаа хөрөнгө болох... гэсний дараа ...Т.******, Б.****** нарын өмчлөлийн... гэж нэмж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...56.1... гэснийг ...56.2, 58 дугаар зүйлийн 58.1... гэж, ...Т.******, Б.****** нараас 3,726,996 төгрөгийг гаргуулж... гэснийг ...улсын төсвөөс 473,850 төгрөг, хариуцагч Т.******оос 3,182,946 төгрөг, хариуцагч Т.******, Б.****** нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.******гаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 3,184,000 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР