Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 677

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга С.

улсын яллагч С

шүүгдэгч Б түүний өмгөөлөгч О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ........ дугаартай хэргийг ...... оны ...... дугаар сарын .....ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны ...... дугаар сарын .......ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн .... дугаар хороо .... дугаар байрны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б/

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б нь ...... оны .... сарын .....ны өдөр Баянгол дүүргийн ..... дугаар хороо Дөлгөөхөн зочид буудлын хажуугийн дугуй засварын газар иргэн Х “дугуйгаа тайлж засварлуулах гэсэн юм, аль домкрат нь сайн ажилладаг вэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж домкратыг шилжүүлэн авч залилан Х 236.155 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй “гэв.

 

          Шүүгдэгч Б нь ..... оны .... сарын .....ны өдөр Баянгол дүүргийн .... дугаар хороо Дөлгөөхөн зочид буудлын хажуугийн дугуй засварын газар иргэн Х “дугуйгаа тайлж засварлуулах гэсэн юм, аль домкрат нь сайн ажилладаг вэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж домкратыг шилжүүлэн авч залилан.  Х 236.155 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хатваст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Х “...... оны .... дугаар сарын .....-ны өдрийн 23 цагийн үед ганцаараа байж байхад гаднаас үл таних залуу орж ирээд дугуй засах уу гэж асуухаар нь засна гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу 15-тай дугуй хэдээр засах уу, өөрсдөө дугуйгаа тайлаад өгвөл мөнгө нь нэмэгддэг үү гэхээр нь тийм гэж хэлсэн чинь би өөрөө дугуйгаа тайлаад ирье гээд гарсан. Удалгүй орж ирээд аль домкрат нь сайн ажилладаг вэ гэж асуухаар нь ногоон нь сайн ажилладаг гэж зааж өгсөн. Тэгээд тэр залуу манай домкратыг чирээд аваад гарсан. Би 10 минутын дараа гарч ирэхэд дугуй тайлаад ирье гэсэн залуу байхгүй байсан болохоор хулгайд алдчихлаа гэж мэдсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ногоон өнгийн 3 тонны даацтай домкрат алдагдсан. Өөр зүйл алдаагүй. 2019 оны 01 дүгээр сард Техник импортын зах дээрээс шинээр нь 350.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6-7 дугаар хуудас /

“Би энэ домкратыг 2019 оны 01 дүгээр сард Техник импорт зах дээрээс 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед би энэ домкратыг цоо шинээр худалдаж авсан. Би домкратыг алдах үед бол хэвийн ажиллагаатай байсан. Харин энэ домкрат ажиллахгүй байгаа. Энэ алдагдаад ирснээс хойш ажиллахгүй байгаа.  Энэ домкратыг буруу ажиллуулсаны улмаас  эвдэрсэн байсан. Би тухайн үед өөрийнхөө нөгөө домкраттай андуураад 350.000 төгрөг гэж хэлсэн байсан. Тэрнээс энэ хулгайд алдсан гэх ногоон домкрат нь бол 250.000 төгрөгөөр худалдаж авсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-10 дугаар хуудас/

 

Гэрч Т “... Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөлгөөхөн зочид буудлын хажууд байрлах грашууд дунд байдаг нэг авто дугуй  засварын газрын гадна зогсоод Б машинаас буугаад засварчидтай юм ярьж зогсож байгаад хар бараан өнгийн домкратыг аваад машины хойд талын суудал дээр оруулж ирж тавьсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

Дамно ХХК-ны нийт 236.155 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хэргийн 28-29 дүгээр хуудас/

 

Б яллагдагчаар өгсөн “... надад гэрт домкратны хэрэг байсан тул найз нартаа наад дугуй засварын гадаа эргээд зогсчих гэж хэлээд манай найз нар эргээд зогссон. Тэгэхээр нь би ганцаараа дугуй засвар руу ороод засварчнаас 15-тай дугуй хэдээр янзлах уу гэж асуухад би жаахан завгүй байна наад ханан дээр байгаа үнийн тариф хар гэсэн. Би үнийн тариф харж байгаад засварчнаас та нар дугуй тайлвал мөнгө нь нэмэгдэх үү гэхэд засварчин надад үнэ нь нэмэгдэнэ гэж хэлэхээр нь за за би өөрөө тайлаад оруулаад ирье гэж хэлээд гартал гадаа 2 улаан, ногоон өнгийн домкрат байхаар нь би эргэж ороод засварчинаас нь аль нь сайн ажиллах вэ гэж асуухад ногоон нь сайн ажиллана гэж хэлэхээр нь би за баярлалаа гялс тайлаад аваад ирье гээд домкратыг аван машин руугаа чирч яваад хойд талын суудал дээр тавьж бүтэн эргээд гэр лүүгээ явсан.

... Эргүүлийн цагдаа нар ирж та нарыг шалгана гэж хорооллын эцсийн цагдаагийн постон дээр аваачин шалгаж байхад домкрат алга болсон гэсэн дуудлага ирээд би баригдсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 120-121 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно

 

Шүүгдэгч Б үйлдэл нь “Хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч Г.Батмөнх уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Х “Домкрат хулгайлсан хүмүүс миний хохирлыг барагдуулсан тул надад гомдол санал алга байна” гэсэн хүсэлт /хэргийн 122 дугаар хуудас/ авагдсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн  шүүгдэгч Б хувийн байдал, харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн буюу 500.000 тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар   Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ