| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 181/2016/00208/И |
| Дугаар | 1720 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 1720
Х.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00489 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.*******ад холбогдох
Зээлийн гэрээний үүрэг, алдангид 4 147 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.*******
Хариуцагч: Б.*******
Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр надаас 2 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлээр авсан. Би өөрийн Хаан банкны данснаас 2 000 000 төгрөгийг Б.*******ын Хаан банкны дансанд мөн өдрөө шилжүүлсэн. Гэрээний хугацаанд 340 000 төгрөгийг дансаар төлсөн. Одоо энэ гэрээгээр зээл 2 000 000 төгрөг, алдангид 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийн төлбөр дутуу байна.
Дахин 2 000 000 төгрөг зээлээч гэхээр нь би түүнд итгэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатайгаар, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Өмнөх гэрээний хүүгийн үлдэгдэлд 60 000 төгрөг өгөх байсныг хасч тооцож 1 940 000 төгрөгийг Б.*******ын дансанд мөн өдрөө шилжүүлсэн. Зээлийн гэрээний эргэн төлөлтөд 1 635 000 төгрөгийг ******* нь миний дансанд шилжүүлсэн. Шилжүүлсэн төлбөрийг хасч, зээл 365 000 төгрөг, хүү 400 000 төгрөг, алдангид 382 500 төгрөг, нийт 1 147 500 төгрөг надад өгөх ёстой.
Иймд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр: зээлд 2 000 000 төгрөг, алдангид 1 000 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл 365 000 төгрөг, хүүд 400 000 төгрөг, алдангид 382 500 төгрөг нийт 4 147 500 төгрөгийг Б.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг, 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж төлж дуусгасан. Мөн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж төлж дуусгасан, ээж Ц.******* төлсөн. Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг, 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлээд үндсэн мөнгө, хүүгийн хамт өдөрт 40 000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 2 160 000 төгрөг төлсөн. Х.*******аас дахин 2 000 000 төгрөг зээлэхийг хүсэхэд таны зээл бараг төлөгдсөн, зээлнээс 60 000 төгрөг л үлдсэн байна, зээл авч болно гэхээр нь дахин 2 000 000 төгрөгийн зээл авахаар болж 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 60 000 төгрөгийг хасч 1 940 000 төгрөгийг авсан. Тухайн өдөр би 260 000 төгрөг шилжүүлж, 60 000 төгрөг өгөөд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээл хугацаанаасаа өмнө бүрэн дууссан. 2015 оны 3 дугаар сарын 26-ны зээлийн хувьд би мөн өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1 560 000 төгрөг төлсөн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500 000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 200 000 төгрөг, нийт 2 200 000 төгрөг төлөх байснаас 2 060 000 төгрөг төлсөн, одоо 140 000 төгрөг төлөх ёстой гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Б.*******аас 4 039 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 108 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 255 төгрөгийн 81 310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8 945 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б.*******аас 79 582 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгч Х.*******ын *******, мөн ******* тоот дансны орсон гарсан зарлага буюу депозит дансны дэлгэрэнгүй хуулбарыг албадан гаргуулж өгөхийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болон 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус тус бичгээр хүссэн. Шүүх хүсэлтийг удаа дараа хүлээн авсан боловч хангасан болон хангахаас татгалзсан тухай захирамж гаргахгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Хариуцагч Б.*******ын ээж Ц.******* нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Х.*******ын ээж *******ээс 1 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10%-ийн хүүтэй анх зээлсэн. Үүнээс хойш *******ийн охин Х.*******аас хариуцагч Б.******* түүний ээж Ц.******* нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1 сарын хугацаатай, 10%-ийн хүүтэй 1 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2 сарын хугацаатай 10%-ийн хүүтэй 2 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2 сарын хугацаатай 10%-ийн хүүтэй 2 000 000 төгрөгийг тус тус зээлсэн.
Нэхэмжлэгч Х.******* нь ХААН банкны *******, ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга бус түүвэрлэсэн хуулга шүүхэд гаргаж өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч нь танил талаараа хөөцөлдөж ХААН банкнаас дансны дэлгэрэнгүй хуулга бус депозит дансны хуулга иргэн гэж түүвэрлэн нотлох баримтаар өгсөн. Тухайн баримтад хариуцагч Б.******* болон түүний эгч Б.Эрдэнэ- нар нь өөрийн ээж Ц.*******ын анхны зээл болох 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойших зээлийг Ц.*******ын ХААН банкны 5075013518 тоот данснаас нэхэмжлэгчийн ХААН банкны *******, ******* тоот данснуудад Б.*******аас, *******гээс, аас зээл, үнэ гэх мэтчилэн мобикомын утаснаас анх зээл авсан өдрөөс хойш шилжүүлсэн байхад нэхэмжлэгч Х.******* нь өөрийн ХААН банкны депозит хуулгыг дэлгэрэнгүйгээр нь гаргаж өгөлгүй түүвэрлэн гаргуулахдаа Б.*******ын болон түүний эгч нарын нэрийг орхигдуулж зөвхөн зээл, үнэ гэж бичүүлэн хуурамч нотлох баримт гаргаж анхан шатны шүүхэд гарган өгч өөрт ашигтайгаар шийдвэрлүүлсэн.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Б.*******аас 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр зээл 2 000 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр зээл 365 000 төгрөг, хүү 400 000 төгрөг, алданги 385 500 төгрөг нийт 4 147 500 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, үүргээ бүрэн биелүүлж дууссан гэж татгалзжээ.
Хоёр удаагийн зээлийн гэрээгээр зээлдэгч мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн нь нотлогдсон боловч талууд зээлийг буцаан төлсөн эсэх, төлөлтийн хэмжээний талаар маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч өөрийн татгалзлыг нотлуулахаар Х.*******ын Хаан банк дахь *******, ******* дугаарын данснуудын дэлгэрэнгүй хуулгыг банкнаас гаргуулахаар хүсэхэд /х.х-ийн 15 дугаар тал/ шүүгч 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01972 дугаар захирамжаар дансны хуулгыг гаргаж өгөхийг Х.*******д үүрэг болгон шийдвэрлэжээ. /х.х-ийн 29 дүгээр тал/
Нэхэмжлэгч Х.******* нь “дансны хуулга” гэх баримтуудыг гаргасан байх боловч эдгээр баримтад маргааны үйл баримтад хамааралтай мэдээлэл бичигдээгүй, эргэлзээтэй гэх үндэслэлээр хариуцагч тал дахин Хаан банкнаас уг баримтуудыг гаргуулахаар бичгээр хүсэлт гаргажээ. / х.х-ийн 45 дугаар тал/
Гэвч анхан шатны шүүхээс уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх эрх, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхийг зөрчсөн байна.
Хариуцагчийн дээрх хүсэлт нь зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулах агуулгагүй, харин төр байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар тухайн байгууллагаас гаргуулах агуулгатай байгааг анхан шатны шүүх анхаараагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчжээ.
Хаан банкнаас гаргуулах хүсэлт хангагдаагүй, нэхэмжлэгч Х.*******аас гаргасан банкны хуулга дах мэдээлэл бүрэн эсэх, уг баримт нь эх эсхүл хуулбар аль болох нь тодорхойгүй, тухайн байгууллагын хуулбар үнэн тэмдэгээр хуудас бүр баталгаажаагүй, нотлох баримтын хэлбэрт тавигдах шаардлагад бүрэн нийцээгүй байхад тухайн баримтаар зохигчдын хоорондын зээлийн үүргийн тооцоог бодсон нь нотлох баримтыг үнэлэх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар мөн хуулийн 38.6 дахь хэсэгт нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “тухай” гэдэг үг орхигдуулж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг буруу бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Ш.ОЮУНХАНД