Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ХШТ/55

 

 

                                                Ч.Х-д холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 343 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар магадлалтай, Ч.Х-д холбогдох 2338000000267 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч.Х, 1987 оны 08 дугаар сарын 21-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эх, дүүгийн хамт *** аймгийн *** сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, РД: ****.

Шүүгдэгч Ч.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө **** аймгийн **** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Г-той үл ялих зүйлээс болж маргалдан зүүн гаранд нь хутгалж, биед нь зүүн бугалга, шуунд шарх, зүүн сарвуу, бугуйнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Х-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-ийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ч.Х-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Х-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-өөс 211,400 төгрөгийг гаргуулан хохирогч С.Г-т олгож, хохирогч нь эмчилгээний зардал болон замын зардалд нэхэмжилсэн 3,767,780 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Х-өөс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Г-ын сэтгэцэд учирсан хор уршиг болох 2,750,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Х-өөс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн давж заалдах гомдол, прокурор Ц.Чингүүний эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023ШЦТ/343 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Прокурор хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоол, магадлал хууль зүйн үндэслэлгүй гарсан. ...анхан шатны шүүхээр хэлэлцэгдэх үед хохирогч болон түүний өмгөөлөгч дээрх агуулга бүхий хүсэлтийг гаргаж, шүүхээс хангаж, шүүгчийн захирамжаар хохирогч С.Г-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаартай дүгнэлт гарсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоос эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж зааснаар шүүхээс шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах шийдвэр гаргаж болохоор заасан хэдий ч шүүхийн шийдвэрийн дагуу гаргасан шинжээчийн дүгнэлтийг шууд нотлох баримтаар үнэлэх агуулга хуульд тусгагдаагүй болно. Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжийн дагуу шинжилгээ хийгдэж, хохирогч С.Г-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон дүгнэлт гарсан боловч уг дүгнэлтийг баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг болох 2,750,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэхэд шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийх учиртай.

Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ талаар хийсэн дүгнэлт нь үндэслэл муутай байна. Учир нь ...магадлалд “анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх үед Шүүх шинжилгээний тухай хууль болон Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх жишиг аргачлал” хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх тул шүүх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаартай дүгнэлтийг үндэслэн дээрх аргачлалыг баримтлан хохирогч С.Г-т сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцсэн байна.” гэж тус тус дүгнэснийг агуулгын хувьд авч үзвэл “анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх үед гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах эрх зүйн орчин бүрдсэн” гэсэн дүгнэлт хийжээ. Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, Ч.Х-д холбогдох хэрэг нь 2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө үйлдэгдсэн буюу Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал” батлагдахаас өмнө үйлдэгдсэн. Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн “эрүүл мэнд,” гэсний дараа “сэтгэцэд,” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгийн “зардал болон” гэсний дараа “энэ хуулийн 508.5-д зааснаас бусад” гэж тус тус нэмсүгэй гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “230.2.Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлд “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгийн дугаарыг “511.6” гэж өөрчилсүгэй.” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө." гэж тус тус заасан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заажээ. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан тул хохирогч С.Г-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх үйлдэлд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг болох 2,750,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах үндэслэлгүй байна.

Ч.Х-д холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс ямар хуулийг баримталж, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг 2,750,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг авч үзвэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг болон 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж заасныг баримталсан бөгөөд дээрх заалт нь оролцогч нарын эрх, үүргийг тодорхойлсон эрх зүйн материаллаг хэм хэмжээ гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс анхан шатны шүүхийн баримталсан Иргэний хуулийн зохицуулалт нь материаллаг хэм хэмжээ бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн тул түүнээс өмнөх үйлдэлд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасны дагуу хохирол төлбөр гаргуулахгүй байх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон тогтоох хэсгийн 6 дахь заалтад заасан “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Г-ын сэтгэцэд учирсан хор уршиг болох 2,750,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Х-өөс гаргуулж, хохирогч С.Г-т олгох” гэснийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 6-д Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Г-ын сэтгэцэд учирсан хор уршиг болох 2,750,000 төгрөгийг Ч.Х-өөс гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 он 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын дагуу хохирогч С.Г-т сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг Иргэний хуулийн зүйл заалтыг баримтлан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Ч.Х-ийн энэ үйлдэл нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө гарсан байхад дээрх тогтоол батлагдан гаргахаас өмнө үйлдэгдсэн хэрэгт энэ журмыг хэрэглэн хохирогч С.Г-т сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох шинжилгээ томилон дүгнэлт гаргуулж, энэ дүгнэлтийг баримтлан 2,750,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. ...Анхан болон давж заалдах шатны шүүх Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 он 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ыг янз бүрийн байдлаар, тухайлбал хэргийг шийдвэрлэх үед энэ хууль болон дээд шүүхийн тогтоолоор баталсан дээрх аргачлал хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, зарим тохиолдолд дээд шүүхийн тогтоолоор баталсан аргачлал батлагдахаас өмнө үйлдэгдсэн байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй үлдээх гэх зэргээр хууль хэрэглээний зөрүү гарган шийдвэрлэж байна.

Иймд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 он 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ыг энэ журам батлагдсан өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх юм уу, ажиллагаанд байгаа, хянагдаж байгаа бүхий л хэрэгт хэрэглэгдэх юм уу гэдгийг нэг мөр тогтоож, Иргэний хуулийг буцаан хэрэглэж байгаа энэ байдлыг хянан хэлэлцэж өнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Миний хяналтын журмаар гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцэлтэй утга, агуулгын хувьд яг ижил. Өөрөөр хэлбэл, Ч.Х-ийн үйлдэл нь 2023 оны 06 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө үйлдэгдсэн байхад хохирогч С.Г-ын сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон дүгнэлт гаргуулж, шүүгдэгчээс 2,750,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг зөрчсөн байна. Хууль тогтоомжийн хэрэглээг тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой гэсэн үүднээс хяналтын журмаар гомдол гаргасан. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар тусгаагүй. Өөр нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд орсон сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох, түүнийг нөхөн төлөхтэй холбоотой заалтууд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. 2023 оны 06 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө болсон энэ хэрэгт сэтгэцийн хор уршгийг тодорхойлж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлгүй учир анхан болон давж заалдах шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах агуулгаар эсэргүүцэл бичсэнийг хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож буй прокурорын хувьд эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Үүнтэй холбоотойгоор Иргэний хуульд орсон өөрчлөлтөөр сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой заалтыг мөн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байдаг. Тэгэхээр Иргэний хуулийг буцаан хэрэглэж, сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоож, үүнийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулах үндэслэлтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 246 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

2. Шүүгдэгч Ч.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө **** аймгийн **** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Г-той үл ялих зүйлээс болж маргалдан зүүн гаранд нь хутгалж, биед нь зүүн бугалга, шуунд шарх, зүүн сарвуу, бугуйнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

3. Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.

Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цугласан ба хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Ч.Х-ийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Тодруулбал, хоёр шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Х-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж, хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Шүүхээс шүүгдэгч Ч.Х-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцэхүйц хэмжээнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг үндэслэлтэй тодорхойлж, хуульд заасан хэмжээний дотор ял оногдуулсан байна.

4. Хяналтын журмаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр, прокурор Ц.Чингүүний бичсэн хохирогч С.Г-т сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг Иргэний хуулийн зүйл заалтыг баримтлан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдол, эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болдог учиртай.

Харин хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан бол тэр хугацаанаас эхлэн хуулийг дагаж мөрддөг ба цаг хугацааны хувьд хүчин чадалтай болсон тэр үеэс хойш тэдгээрт заасан зохицуулалтыг хэрэглэж эхэлнэ.

Гэхдээ хуульд тусгайлан зохицуулсан бол хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тухайн хэм хэмжээг уг хууль хүчин төгөлдөр болохын өмнө үүссэн харилцаа, болж өнгөрсөн үйл баримтын хувьд буцаан хэрэглэж болдог ба энэ нь эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

5. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилжээ. Уг хуулийн дээрх зохицуулалтын үзэл баримтлалын хүрээнд Иргэний хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд үүний цаад зорилго нь нийгмийн харилцааны тогтвортой байдлыг хангахад чиглэдэг байна. Шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү тааламжтай журмыг тогтоосон бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд эдгээрээс бусад тохиолдолд дээрх ерөнхий зарчим үйлчилнэ.

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй байна.  

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан хэдий ч тухайн нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхийн үндэслэл, хариуцах этгээд, тусгай нөхцөл заасан нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон байх тул дагаж мөрдөх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар ойлгоно.

6. Нэгэнт сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шинээр зохицуулсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус заасан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул эдгээр заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх “... хуулийг буцааж хэрэглэхгүй” гэсэн зарчмыг зөрчиж, хохирогч С.Г-ын сэтгэцэд учирсан хор уршиг болох 2,750,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Х-өөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд хохирогч С.Г-ын сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг  хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн гаргасан гомдол, прокурор Ц.Чингүүний бичсэн эсэргүүцлийг тус тус хангахаар хяналтын шатны шүүхээс тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн гаргасан гомдол, прокурор Ц.Чингүүний бичсэн эсэргүүцлийг тус тус хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ                                              М.ПҮРЭВСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ