| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Цэнд |
| Хэргийн индекс | 115/2017/0011/З |
| Дугаар | 115/ШШ2017/0018 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 115/ШШ2017/0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж
Нэхэмжлэгч: иргэн Д.Д-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлээр
Хариуцагч: Дорноговь аймгийн З сумын Засаг даргад холбогдуулан үүсгэсэн
Дорноговь аймгийн З сумын Засаг даргын “Ажлаас халах тухай” 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/43 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч иргэн Д.Д-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч хариуцагч З сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус сумын Засаг даргын Тамгын газрын хууль зүйн мэргэжилтэн А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүнээс нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Д нь З сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2016.10.24-ний өдрийн Б/43 дугаартай З сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.А-ын захирамжаар ажлаасаа төрийн албанд 1 жилийн хугацаатайгаар эргэж орох эрхгүйгээр халагдсан байна.
1. 2016.10.24-ний өдрийн Б/43 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Уг захирамжийг хүлээн аваад Дорноговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан боловч шалгаж байна гэсэн шалтгаанаар хариу өгөлгүй байсаар байгаад Д.Д-д 2017.04.04-ний өдөр шуудангаар хариуг хүргүүлсэн байна.
Төрийн албаны салбар зөвлөлийн гаргасан 2017.03.25-ны өдрийн №25 дугаартай “Иргэний өргөдөл шалгасан тухай” тогтоолыг 2017.04.04-ний өдөр хүлээн аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тогтоолд Д.Д-ны гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.
З сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.А нь Д.Д-ныг ... Ажил албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж тамга тэмдгийн эзэмшил хадгалалтын журам зөрчсөн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан ажилтан албан хаагчдын хөдөлмөрийн сахилга батыг сулруулж энэхүү нөхцөл байдлыг зориудаар хөхүүлэн дэмжсэн, төсөв санхүүгийн эрх мэдлийг хэтрүүлэн төсвийг үр дүнгүй удирдан зохион байгуулсан, төрийн албан хаагчийг холбогдох хууль журмыг зөрчин томилсон зэрэг Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн гэж Төрийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр чөлөөлснийг хууль бус гэж үзэж байна.
Төрийн албаны салбар зөвлөл нь дүгнэлтэндээ: ... Аймгийн Засаг даргаас эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэрээр томилсон албан тушаалтны буюу сумын Засаг даргын орлогчийн шийдвэрт тамга дарсан зөрчил, тухайлбал аймгийн Засаг даргаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар албан даалгавар гаргаж сумуудад үүрэг даалгавар өгсөн боловч шийдвэрийн хэрэгжилтийг хангалтгүй гүйцэтгэж Засаг даргын бүрэн эрх хэмжээний хүрээнд гаргах Засаг даргын албан даалгаврыг сумын Засаг даргын орлогчоор батлуулан тамга тэмдэг дарж баталгаажуулан хүчингүй шийдвэр гаргаж байгууллага аж ахуйн нэгжид хүргүүлэх ажлыг зохион байгуулсан... гэжээ.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт зааснаар Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ.. гэж заасны дагуу ажилласныг хууль зөрчсөн, хууль бус тамга тэмдэг ашиглаж төрийн ажлыг цалгардуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
З сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.А-ын гаргасан хууль бус захирамж нь Д.Д-ны Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн байна. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахыг хуульчилж өгсөн байна. Гэтэл Д.Д нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн аль зүйл заалтыг зөрчсөн нь тодорхойгүй энэ талаар захирамжиндаа тусгаагүй байж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар халсан нь хууль зүйн үндэслэлгүй.
Д.Д-ныг ингэж хууль бусаар халсан нь Төрийн албаны тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд зааснаар төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, цалин хөлс авах эрхийг нь зөрчсөн байна. Тиймээс Д.Д-ныг ажлаас халах тухай 2016.10.24-ний өдрийн Б/43 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус актыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагын тухайд хэвээрээ байгаа.
2. Ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах
Д.Д-ныг ажлаас халсан шийдвэр нь 2016.10.24-ний өдөр гарсан ба түүнээс хойш ажил хөдөлмөр эрхлээгүй тул шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг гаргуулна.
3. Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх
Д.Д нь ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж энэ гаргуулсан цалингаасаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөх учраас нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх эрхтэй байна.
4. Урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах
Б.А-ын гаргасан захирамж нь хууль бус гэж үзэж байгаа учраас урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулна гэсэн нэхэмжлэлийг гаргасан ба мөн шүүх хуралдаанд түүнээс гаргасан тайлбартаа:
З сумын Засаг даргын 2016 оны Б/43 тоот “Ажлаас халах тухай” хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг захирамжийг Д нь хүлээн аваад Дорноговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандсан боловч шалгаж байна гэх шалтгаанаар хариу өгөхгүй байж байгаад тус зөвлөлийн тогтоолыг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч салбар зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан.
Д.Д-наас олгосон 2017 оны 02 сарын 16-ны өдрийн итгэмжлэлийн дагуу миний бие түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. З сумын Засаг даргын уг захирамж нь ажил, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан, тамга тэмдэгийн хадгалалтын журам зөрчсөн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, төсөв санхүүгийн эрх мэдлийг хэтрүүлсэн, төрийн албан хаагчийн баримтлах хууль, журам, Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн гэсэн үндэслэлийн зааж төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан захиргааны акт бөгөөд үүнийг хууль бус гэж үзэж байна.
Үүний дагуу шүүхэд хариуцагч талаас бичгээр гаргасан тайлбарт дараахь байдлаар тайлбар хэлье. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөрчөөгүй юм. Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 13 зүйлийн 13.1 дэх хэсгийг зөрчсөн гэсэн тайлбар гаргасан боловч энэ талаар хавтаст хэрэгт хуулийн энэ хэсгийг зөрчсөн гэсэн нотлох баримт байдаггүй. Төрийн албаны тухай хуулийн 13.1 дүгээр заалт нь Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг байдаг бөгөөд 13.1.1-д “Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж байгаа. Энэ талын хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохоор Д нь үүнийг зөрчөөгүй гэж үзэж байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 13.1.5-д “Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэснийг зөрчсөн гэсэн боловч энэ талаарх нотлох баримт мөн хавтаст хэрэгт байдаггүй юм. Тайлбараас харахад аль нэг улс төрийн намыг дэмжих буюу шүүмжлэх байдлаар ялгавартай хандахгүй, улс төрийн хувьд төвийг сахиж, төр засагтаа үйлчилж ажиллана гэсэн тайлбар гаргасан байдаг. Тэгэхээр Д нь аль нэг намын гишүүн, аль нэг намыг дэмжсэн гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй юм. Иймээс хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж ирж чадсангүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 13.1.8 дахь заалтыг зөрчсөн гэх боловч тайлбартаа Ардчилсан намын дарга М.Б-ийн дарамт шахалтаар энэ хугацаанд ажиллаж байсан гэсэн бөгөөд тухайн үед М.Б нь З сумын Засаг даргаар ажиллаж байсан болохоос Ардчилсан намын даргын хувь ямар нэгэн дарамт шахалт үзүүлж, хууль бус зүйл хийсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт мөн байдаггүй.
Төрийн албаны тухай хуулийн 13.1.8-д “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх” гэж байгаа боловч Д-ны хувьд ямар нэгэн намыг бүрэн дэмжсэн, Төр, засгийн бодлогын эсрэг ямар нэгэн байр суурь илэрхийлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан зүйл байхгүй учраас үүнийг зөрчөөгүй гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 15.1.2-ыг зөрчсөн гэсэн тайлбар ирүүлдэг. Энэ заалтыг Д-ны зүгээс Засаг даргын тамгын газрын зарим албан хаагчид үүрэг гүйцэтгэгч А-ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн ажил тасалсан байхад тэдгээр хүмүүсийг хөхүүлэн дэмжиж байгууллагын удирдлага зохион байгуулалтаар хангах өдөр тутмын үүргээ үл ухамсарлан тэдгээр албан хаагчид цалин хөлсийг бүтэн олгосон гэсэн байдаг. Энэ талаар ажил тасалсан гэх цагийн бүртгэл, гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдаагүй учраас үүнийг нотолж чадсангүй гэж үзэж банйа.
Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэсний хувьд Төрийн албанд хоёр жил тасралтгүй ажилласан, тангараг өргөсөн төрийн албан хаагч архив бичиг хэрэг хариуцсан ажилтан Ч-ийг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, багийн бичиг хэргийн ажилтнаар томилж Ц-ийг тус үүрэгт албан тушаалд томилсон гэх боловч энэ талын нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Иймээс зөрчөөгүй гэж үзэж байна. Төсөв санхүүтэй холбоотой аудитын шалгалт орж актууд тавигдсан байдаг. Үүнийг Д нь хувьдаа аваад завшсан үйлдэл байдаггүй, буруу олгосон цалин, түрээсийн мөнгийг төсөвт дахин төвлөрүүлэх, буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр актад заасан байдаг. Мөн А намд нарийн бичгийн дарга ажилтай иргэнийг Засаг даргын тамгын газарт ажиллуулж ирсэн нь улс төрийн нөлөөнд автаж ажиллаж ирсэний илрэл юм гэсэн байдаг. Тэр хүний хувьд Ардчилсан намын улс төрийн албан тушаалтан гэх нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Засаг дарга нь өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд өөртөө улс төрийн зөвлөхөөр хүн авч ажиллуулсан байдаг.
Мөн төсөв санхүүтэй холбоотойгоор зарлагын гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурах эрхгүй этгээдээр нэгдүгээр гарын үсэг зуруулж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан гэсэн байгаа ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7 дахь хэсэгт зааснаар Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилогдох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж, хариуцлагыг бүрэн хүлээхээр заасан байдаг. Энэ заалтын дагуу Засаг даргын орлогч уг эрхийг эдэлж хариуцлагыг бүрэн хүлээхээр байгаа. Мөн Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, баг хорооны Засаг даргыг харьяалах сум дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилохоор заасан байдаг. А-ын хувьд тухайн хурлаас нэр дэвшиж орж ирсэн Засаг дарга биш юм. Энэ нь хууль зөрчсөн томилгоо болох нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогддог. Шүүхийн шийдвэрээр А-ыг томилсон захирамж хүчингүй болсон.
Иймээс Д.Д нь урьд эрхэлж байсан ажилдаа буюу Дорноговь аймгийн З сумын Засаг даргын Тамгын газрын даргаар эргүүлэн тогтоолгож, З сумын Засаг даргын 2016 оны Б/43 тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин болох 2016 оны 10 сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 210 хоног буюу 10 сар 4 хоног ажилгүй байсан хугацааны цалин 12108640 төгрөгийг гаргуулж, энэ цалингаасаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлж тэдгээр дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр анх гаргасан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шаардснаар тодруулж ирүүлсэн тайлбартаа:
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийг ноцтойгоор зөрчин, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй хууль бус Дорноговь аймгийн З сумын Засаг даргын 2013 оны Б/57 тоот захирамжаар анх Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Д.Д нь:
Томилогдсон албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс байгууллагын хэвийн үйл ажиллагаа, төрийн албан хаагч нарын сахилга бат алдагдах хэмжээнд хүрсэн, төсөв санхүүгийн эрх мэдлийг хэтрүүлэн төсвийг үр дүнгүй удирдан зохион байгуулсан зэрэг зөрчлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д зааснаар тодорхойлогдож зохих арга хэмжээг авах шаардлагыг бий болгосон байх тул гарсан шийдвэр нь үндэслэлтэй болно.
Уг асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлд гаргасан гомдлыг эрх бүхий байгууллагаас төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан зөрчлийг нягтлан шалгаж тогтоон, үнэлэлт дүгнэлтийг өгсний үндсэн дээр шалгаад үндэслэл бүхий шийдвэр хэмээн дүгнэж үзсэн тус зөвлөлийн 2017 оны 17 дугаар тогтоолыг хэвээр үлдээлгэж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.14 дүгээрт зааснаар шийдвэрлүүлэхээр тайлбарыг хүргүүлж байна гэсэн тайлбарыг анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шаардснаар ирүүлсэн 2017.07.21-ний өдрийн 1/749 дугаартай хариу тайлбартаа:
Тус шүүхэд иргэн Д.Д-наас гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан гаргаж буй нотлох баримтыг шүүхэд үнэлүүлэх тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч нь Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж чадаагүй төрийн захиргааны албан хаагчийн хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага ёс зүйг зөрчин зориудын улс төрийн албан тушаалтнуудын удирдлага даалгавраар төрийн ажилд хандаж байсан нь төрийн албыг цалгардуулахад нөлөөлсөн байдаг.
Ажил үүргийг гүйцэтгэж байх хугацаанд гарсан зөрчил, дутагдал, эрх зүйн үндэслэлийг нотлох баримтаар авч үзвэл:
1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн талаар:
13.1.1 Тайлбарт дурдагдсан доорх зөрчлүүд Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг тус тус зөрчсөн, тухайлбал Ашиг сонирхлын зөрчлийн хувьд сум хөгжлийн сангаас өөрийн нөхрийн нэр дээр зээл авч ашигласан асуудал эрх бүхий байгууллагаар шалгагдаж, улмаар тухайн зээл нь өнөөдөр төлөгдөх боломжгүй байдалд хүрсэн.
13.1.5 Албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ аль нэг улс төрийн хүчин намыг илт дэмжих буюу шүүмжлэх байдлаар ялгавартай хандах ёсгүй бөгөөд улс төрийн хувьд төвийг сахиж зөвхөн төр засагтаа үйлчилж ажиллана.
13.1.8 Засаг дарга өөрчлөгдөж шинэ дарга томилогдсон нь түүний ажил цалгардуулах нөхцөл болох учиргүй. Засаг дарга нарын томилгооноос шалтгаалж Ардчилсан намын дарга М.Б-ийн дарамт шахалт удирдлагаар энэ хугацаанд ажиллаж байсан гэж үзсэн. Дарамт шахалт ирж байна, хэцүү байна гэдгээ ч Д.Д зарим нэг албан хаагчдад хэлсэн байдаг. М.Б, П.Т нар нь улс төрийн албан тушаалтан байсан. М.Б нь Ардчилсан намын дарга байсан бөгөөд намын байрнаасаа Д.Д болон зарим албан хаагчдийг турхирч удирддаг байсан нь Засаг даргын орлогчоор ажиллаж байсан П.Т-д тамга, тэмдэг хадгалж буй сейфний түлхүүр өгч албан хэргийн бичиг баримтын баталгаажуулалт хийгдэхгүй албан бичиг зориудаар саатуулж байсан, нягтлан бодогч Б.Ч тэр үед төрийн сангийн даргаар ажиллаж байсан М.Г нартай хамтран төсвийн үйл ажиллагааг саатуулан, улс төрийн зорилгоор ажилчдын цалин хөлсийг олгохгүй хугацаа хожимдуулан олгохдоо албан хаагчдаар, өргөдөл бичүүлэн ИТХ-ын дарга одоо Ардчилсан намын дарга Ч.Э фэйсбүүкээр өргөдлийг цацаж төрийн албаны нэр хүндийг өргөж ажиллах үүргийг умартсан зөрчил.
2. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчсөн талаар
15.1.2 Засаг даргын тамгын газрын зарим албан хаагчид үүрэг гүйцэтгэгч Б.А-ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн ажил тасалж түүнийг Д.Д хөхүүлэн дэмжиж байгууллагыг удирдлага зохион байгуулалтаар хангах удирдагч хүний үүргээ үл ухамсарлан тэдгээр албан хаагчдад цалин хөлсийг бүтнээр олгосон.
Тухайлбал Б.Ц архивын өрөө тасалгаа лацдан түгжиж ажил таслан байгууллагын архив, албан хэргийн ажилд хүндрэл үүсгэсэн байдаг. Түүнд чөлөө зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан нь Д.Д байх, үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн архиваас лавлагаа олгох үйлчилгээнд гомдол чирэгдэл үүсч 2 иргэн бичгээр өргөдөл гомдол ирүүлсэн байдаг. Д.Д нь өөрөө аймаг руу батлан хамгаалахын чиглэлээр томилолтоор яваад албан ёсоор мэдэгдэлгүй чөлөө зөвшөөрөлгүйгээр ажил тасалж, 10 гаруй хоногийн дараагаар ажилдаа орохдоо эмнэлэгт хэвтсэн гэсэн хэдий ч ямар нэг эмнэлгийн магадлагаа өвчтэй байсныг нотлох бичиг баримтгүйгээр өөрийн эрх мэдлийг ашиглан цалин болон ирцийн бүртгэлийг ажилласнаар тооцоод, баталгаажуулан цалин хөлсөө бүтнээр бодож авсан зөрчлийг гаргасан. Эзгүй байх хугацаанд ажил үүргийг хариуцан гүйцэтгэх хүнээ томилолгүйгээр харилцаа холбоо барилгүй Засаг даргын тамгын газрын удирдлага зохион байгуулалтыг улам сулруулсан.
Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн зүгээс захирамжаар сахилга хариуцлага, ажил сайжруулах хугацаатай үүрэг даалгавар өгч шийдвэрийн гүйцэтгэлийн талаар шаардсан боловч “За одоохон” гэсээр эргэн тайлагнаагүй, Засаг даргын тамгын газрын даргын дээрх хариуцлагагүй байдалтай холбоотойгоор 2 удаагийн шийдвэрээр үүрэг даалгавар өгөгдсөн байна.
3.Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн талаар
Төрийн албанд 20-иод жил тасралтгүй ажиллаж буй тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагч Архив албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн З.Ч-ийг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж багийн бүртгэл мэдээллийн ажилтнаар томилж, Засаг даргын туслах мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн Б.Ц-ийг тус үүрэгт ажилд томилсон. Энэ тухай гомдлоо мэргэжилтэн З.Ч аймгийн төрийн албаны салбар зөвлөлд гарган гомдлын хариу “Үндэслэлгүй ажил, албан тушаал бууруулсан тул эргүүлэн өмнөх ажилд нь эргэн томилох”-оор шийдвэрлэгдсэн. Б.Ц нь төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтад 2 удаа орж тэнцээгүй. Газрын даамлын сул орон тоонд Төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй, Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгөөгүй Ч.Э-ыг газрын даамлаар томилсон. Түүнийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчиж байгаа учраас томилох боломжгүй гэдгийг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.А Засаг даргын тамгын газрын дарга Д.Д-д мэдэгдсэн ч ажилд томилсон.
4.Төсөв санхүүтэй холбогдох зөрчил
Засаг даргын тамгын газрын төсвийн өр, албан хаагчдийн цалин хөлсийг буруу тогтоосон зэрэг бусад зөрчлийг холбогдох санхүүгийн байгууллага шалган тогтоон төлбөр акт тогтоогдсон. /Актуудыг хавсаргав/. Төрийн сангийн гүйлгээ хийх эрхийн баталгаагүй Засаг даргын орлогч төсвийн эрх мэдлийг хэрэгжүүлж 20.0 гаруй сая төгрөгийн санхүүгийн гүйлгээ хийсэн. Зарлагын гүйлгээнд 1 дүгээр гарын үсэг зурах эрх үүсээгүй орлогч 1 дүгээр гарын үсгийг зурж тамга дарж баталгаажуулсан. Эрх үүсээгүй албан тушаалтны гарын үсэгтэй санхүүгийн баримтыг баталгаажуулсан нь төсвийн эрх мэдлийг буруу хэрэгжүүлэхэд хамтран оролцож дэмжсэн нөгөө талаасаа тамга тэмдгийг буруу ашигласан. Байгууллагын эд хөрөнгийн бүртгэл хадгалалт, хамгаалалт хангалтгүй зэрэг зөрчлийг гаргаж ажиллаж ирсэн зэрэг нь түүнд сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэл болж байгаа юм. Ардчилсан намд нарийн бичиг ажилтай иргэнийг Засаг даргын тамгын газраас цалинжуулж ирсэн нь улс төрийн нөлөөнд автаж ажиллаж байсан, төсвийг үр ашиггүй зарцуулж ирсний илрэл болно.
Энэхүү байдалд үнэлэлт дүгнэлт өгөгдсний үндсэн дээр орон нутгийн удирдлагаас өгөгдсөн чиг үүргийн хүрээнд сахилга хариуцлагыг тооцон, хуульд заасан үндэслэлийн дагуу сахилгын шийтгэлийг ногдуулсан байгаа нь хууль зүйн үндэслэлтэй болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн албан тушаалтны хувьд сахилгын шийтгэл ногдуулсан нь зөв гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч талаас Б.А-ыг З сумын Засаг даргаар томилж байсан Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болсон гэж үндэслэн тайлбарлаад байна. Гэтэл дараа нь аймгийн Засаг даргаас Н. А даргыг тус сумын Засаг даргаар томилсон. Сумын Засаг дарга Н.А нь томилогдсоныхоо дараа ч мөн Д.Д-ыг ажлаас нь халах байсан. Иймд нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль, эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өөр тайлбаргүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, мөн шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлж дүгнэн доорхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч иргэн Д.Д-ыг Дорноговь аймгийн З сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халсан захиргааны акт болох З сумын Засаг даргын 2016 оны Б/43 дугаар захирамжийн /хх-ийн 13 дугаарт/ 1 дүгээр заалтад “...Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь зүйлд заасныг баримтлан төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан шийдвэрээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албанаас халахдаа Төрийн албаны тухай хууль дахь “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” үндэслэл, нөхцөлийг зохицуулсан 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн ... тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх удаа буюу давтан үйлдснийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасныг үндэслэн мөн зүйл дэх сахилгын шийтгэлийн төрлүүдийн нэг болох 26 дугаар зүйлийн 26.1.3-дүгээрт заасан “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэлийг ногдуулжээ.
Үүнийг эс зөвшөөрч буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгч Д.Д-ыг Төрийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр чөлөөлсөн нь хууль бус бөгөөд хариуцагч нь бичгээр гаргасан тайлбараараа дээрх хуулийн заалтуудаас 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5, 13.1.8, 15 дугаар зүйлийн 15.1.2, 40 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн, мөн төсөв санхүүтэй холбогдох зөрчил гаргасан гэсэн тайлбарыг гаргаж байх боловч тухайн заалтуудыг зөрчсөн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаагаар хариуцагч нь дээрх заалтыг зөрчсөн гэх үндэслэлээ нотолж чадахгүй байх тул нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзэж байна хэмээн тайлбарлан маргаж байна.
2. Дээрх байдлуудаас үндэслэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актыг хянаж үзвэл, захирамжийн 1 дүгээр заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийг “...Ажил албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж тамга тэмдгийн эзэмшил хадгалалтын журмыг зөрчсөн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан ажилтан албан хаагчдын хөдөлмөрийн сахилга батыг сулруулж энэхүү нөхцөл байдлыг зориудаар хөхүүлэн дэмжсэн, төсөв санхүүгийн эрх мэдлийг хэтрүүлэн төсвийг үр дүнгүй удирдан зохион байгуулсан, төрийн албан хаагчийг холбогдох хууль журмыг зөрчин томилсон зэрэг...” зөрчлүүдийг гаргасан байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчиж байна гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан байх ба гэтэл захирамжинд дурдагдаж буй зөрчлүүд нь уг захирамжинд үндэслэл болгосон хуулийн тухайн заалтуудын аль заалтад, хэрхэн хамаарч байгаа нь тодорхойгүйн улмаас шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад хариуцагчаас дээрх байдлыг тодруулахыг шаардсаны дагуу хариуцагчаас шүүхэд нэмж тодруулан ирүүлсэн тайлбараар нэхэмжлэгч Д.Д-ыг З сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5, 13.1.8, 15 дугаар зүйлийн 15.1.2, 40 дүгээр зүйл болон төсөв санхүүтэй холбогдох зөрчлийг гаргасан гэж тайлбарлан тодруулжээ.
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлээр “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”-ийг, 15 дугаар зүйлээр “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийг, мөн хуулийн 40 дүгээр зүйлээр төрийн албан хаагчийн “Хориглох зүйл”-ийг тус тус зохицуулсан байгаа ба төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн албан хаагч нь албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа дээрх зүйлүүдэд заасан нийтлэг үүрэг болон хориглох зүйлийг зөрчсөн тохиолдолд тухайн албан тушаалтанд мөн хууль дахь “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” асуудлыг зохицуулсан 26 дугаар зүйлийн 26.1 дэх зүйлд заасны дагуу хариуцлага ногдуулах ба ингэхдээ албан тушаалтны гаргасан “зөрчлийн шинж байдал”, тэрээр түүнийг “анх буюу давтан үйлдсэн” зэрэг байдлыг харгалзан үзэж, мөн зүйл дэх сахилгын шийтгэлийн төрлүүдээс тохирох шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар зохицуулж өгсний хамт мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан байгаагаар сахилгын шийтгэл ногдлуулах үндэслэлийг урьдчилан шалган тогтоох, улмаар түүнийг үндэслэж гаргасан шийдвэрт шийтгэл хүлээж буй этгээдээс холбогдох байгууллагад гомдол гаргах нөхцлөөр хангах үйл ажиллагааг хуульд үндэслэж гарсан журмыг баримтлан хэрэгжүүлсний үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дүгээрт зааснаар “зөрчлийн шинж байдал”, түүнийг “анх буюу давтан үйлдсэн” зэрэг байдлыг харгалзан үзсэнээр тохирох шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар тус тус зохицуулж өгсөн байна гэж ойлгохоор байна.
Мөн хариуцагчаас тодруулж тайлбарлаж буй нэхэмжлэгчийг зөрчсөн гэж байгаа хуулийн холбогдох заалтуудыг авч үзвэл Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 13.1.8-д “албан хаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх” гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т “ажил хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно” гэж тус тус заажээ
Гэтэл хариуцагч нь шүүхийн шаардснаар сүүлд ирүүлсэн тайлбараараа хэдийгээр нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн талаар тодруулан тайлбарлаж /хх-ийн 51-53 дугаарт/, мөн холбогдох нотлох баримтуудыг хавсарган ирүүлсэн боловч /хх-ийн 54-92 дугаарт/ тухайн заалтуудад хамааруулан тайлбарлаж буй тайлбарууд нь хуулийн уг заалтуудад заасныг хэрхэн ямар байдлаар зөрчсөн гэж байгаа нь тодорхойгүй, тайлбарлаж буй зөрчил нь холбогдох заалттай тохирохгүй, ойлгомжгүй байгаагаар тэдгээрт нийцэхгүй байгаагаас гадна мөн зөрчсөн гэх хуулийн тухайн заалтад хамаарах нотлох баримтуудыг хавсаргасан боловч уг баримтууд нь хуулийн дээрх заалтуудын мөн аль заалтыг зөрчснийг нотолж буй баримт болох нь мэдэгдэхгүй, тодруулж буй тайлбараасаа зөрүүтэй байх ба түүнчлэн энэ талаар шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хариуцагчийн тайлбарт хавсарган ирүүлсэн 51-94 дүгээр хуудасны бүх материалыг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд хамааруулж ирүүлсэн. 54 дүгээр хуудас дахь Сумын Засаг даргын А/229 захирамж нь хуулийн 15 дугаар зүйлд хамаарч байгаа нотлох баримтууд юм...” гэж тайлбарлаж байгаа зэрэг байдлаас үндэслэн дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албанаас халах шийдвэрийг гаргахдаа тухайн үед захирамжинд үндэслэл болгон баримталсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг нэхэмжлэгч Д.Д-ны зүгээс хэрхэн зөрчсөн болохыг хуулийн тухайн заалтуудад хамаарах зөрчил тус бүрээр урьдчилан шалгаж тогтоогоогүйгээс гадна захирамжинд заасан зөрчлүүдээс нэхэмжлэгч нь аль зөрчлийг “анх” гаргасан эсхүл “давтан” гаргасан болон “зөрчлийн шинж байдал”-ын хувьд ноцтой эсэх зэрэг байдлуудыг нягтлан шалгаж тогтоолгүйгээр шийдвэрийг шууд гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэхүү байдал нь нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны акт болох З сумын Засаг даргын Б/43 дугаар захирамжинд нэхэмжлэгчийн зөрчсөн гэж үзэж буй хуулийн заалтыг шийдвэрээ гаргах тухайн үед “...Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн...” гэснээр ерөнхий байдлаар үндэслэл болгосон, түүний гаргасан гэх зөрчлүүдийг захирамжинд мөн ерөнхийд нь зааж бичсэн байгаагаар тогтоогдож байхын хамт мөн хариуцагчаас ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “З сумын Засаг даргын Тамгын Газрын Даваа гаригийн хурлын Тэмдэглэл”-ээс /хх-ийн 93,94 дүгээрт/ үзэхэд уг хурлаар тухайн 7 хоногт хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцүүлэхээр хэлэлцэх асуудлаа тодорхойлон хийж, хурлыг тэр үед Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажлыг гйүцэтгэж байсан нэхэмлэгч Д.Д нь удирдан явуулсан байх бөгөөд гэтэл хурлаар нэхэмжлэгчийг албан тушаалаас нь халах тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоогоогүй байсан атлаа хурлын төгсгөлд З сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.А нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдэж, улмаар уг өдөртөө буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Д.Д-ыг “Ажлаас халах тухай” Б/43 дугаар захирамжийг гаргасан зэрэг нөхцөл байдлуудаар тогтоогдож байна.
Гэтэл дээр дурдснаар Төрийн албаны тухай хууль дахь “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” асуудлыг зохицуулсан 26 дугаар зүйлийн 26.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан, мөн хэдийгээр 1995 онд гарсан боловч одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн Газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна” гэж журамласан байдлуудыг агуулга, зарчмын хувьд авч үзвэл шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд нь сахилгын шийтгэл ногдуулах шалтгаан болж буй тодорхой зөрчлийг албан тушаалтны зүгээс гаргасан болохыг хөдөлбөргүй шалган тогтоож баримтжуулснаар заавал нотолсон байх, улмаар уг этгээдэд энэ тухайг танилцуулсан байх зэрэг үйл ажиллагааг урьдчилан хэрэгжүүлснээр энэ нь тухайн албан тушаалтанд хуульд заасны дагуу тохирох сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэл болохоор байна.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албанаас халахдаа хууль болон журамд заасан дээрх зарчим, шаардлагыг хангалгүй нэхэмжлэгч Д.Д-д төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг шууд ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг зөрчиж байх ба өөрөөр хэлбэл зөрчлийг шалгаж тогтоогоогүй атлаа мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн төрлүүдээс юуг үндэслэж уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэлийг тохирсон гэж үзэж тухайн шийтгэлийг ногдуулсан нь тодорхойгүй байгаагаар шийдвэр нь үндэслэлгүй байх ба энэ нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудыг давхар зөрчиж байхын хамт, мөн хариуцагчийн зүгээс сумын Засаг даргын хувьд үйл ажиллагаандаа баримтлах ёстой зарчим болох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... үйл ажиллагаандаа ...хууль дээдлэх зарчим баримтална”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны үйл ажиллагааны зарчим нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх зүйлд “... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж тус тус заасан хуулийн зарчмуудад нийцэхгүй байна.
3. Мөн нөгөө талаар хариуцагчаас шүүхийн шаардснаар сүүлд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийг нотолж буй баримт болгож, бөөнөөр ирүүлснээр хавтаст хэргийн 54-92 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтууд нь хариуцагчийн зүгээс дээр дурдсан хууль, журамд заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг тухайн үед шалгаж тогтоосон баримтууд биш, улмаар тэдгээрийг мөн тухайн үед нэхэмжлэгчид урьдчилан танилцуулж байгаагүй болох нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар гаргаж буй тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тухайг нотолж чадахгүй байгаа байдал мөн дээр дурдсан нотлох баримт болох 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд уг нотлох баримтуудыг нэхэмжлэгчид танилцуулж, энэ талаар хэлэлцэж байсан талаар тэмдэглэгдээгүй байгаа болон нэхэмжлэгчийг ажлаас халах шийдвэрийг тухайн өдөр шууд гаргасан зэрэг байдлуудаар тогтоогдож байна.
Үүнтэй холбогдуулан дурдахад хариуцагчаас ирүүлсэн уг нотлох баримтуудад нэхэмжлэгчид тодорхой үүрэг, даалгавар өгч байсан талаарх З сумын Засаг даргын захирамжууд /хх-ийн 54-57 дугаарт/-ыг хавсаргасан байгаа боловч тэдгээрийн хэрэгжилтийг сумын Засаг даргын зүгээс хэдийд, хэрхэн дүгнэж зөрчил гэж үзсэн талаар тодорхойгүй байгаагаас гадна тус сумын Засаг даргын Тамгын Газрын 2014, 2015, 2016 оны эхний 8 сарын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт, аудитын улсын байцаагчийн актууд /хх-ийн 64-79 дүгээрт/, мөн нэхэмжлэгчээс тухайн үед тамгын газрын даргаар ажиллаж байхдаа гаргаж байсан Г.М гэгч иргэнийг 2015 оны 07 дугаар сард гэрээт ажилтнаар томилж байсан тухай тушаал /хх-ийн 89-92 дугаарт/ гэх мэт баримтуудыг нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон талаар тайлбартаа дурдснаар шүүхэд ирүүлсэн боловч тэдгээр баримтууд дахь цаг хугацааны байдлыг үзэхэд сахилгын шийтгэл ногдуулахад зайлшгүй анхаарах хөөн хэлэлцэх хугацаа болох “зөрчлийг гаргасан байх” хугацаа, мөн “зөрчлийг илрүүлсэн байх” хугацааг тус тус зааж зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасантай нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрх байдлуудаас үндэслэн хариуцагч Дорноговь аймгийн З сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Д.Д-ыг “Ажлаас халах тухай” 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг гаргаж, түүнийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актыг гаргахдаа уг шийтгэлийг ногдуулахад баримтлах хуулиар тогтоосон үндэслэл, журмыг зөрчсөн байгаагаар тухайн шийдвэр нь нэхэмжлэгч Д.Д-ны төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус болох нь тогтоогдож байна гэж үзэж дээрх захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Д-ыг түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох З сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэгчийг төрийн албанаас үндэслэлгүйгээр халсан захиргааны актыг хүчингүй болгож, улмаар түүнийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлагуудыг дараахь байдлуудыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Үүнд нэхэмжлэгчийн хууль бусаар ажилгүй байсан хугацааг түүнийг ажлаас халсан захиргааны акт дахь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт 10 сар 4 хоногоор тооцож, уг хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно” гэж заасны дагуу гаргуулж нэхэмжлэгчид олгохыг болон мөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Дорноговь аймгийн З сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Д нь З сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалыг хэрэгжүүлж байхдаа төрийн захиргааны албан тушаалын ТЗ-7-5 дугаарт заасан шатлалаар нэг сарын үндсэн цалин 733863 төгрөг, түүн дээр холбогдох хуульд заасны дагуу олгогдох нэмэгдлүүд болох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 10%, зэрэг дэвийн нэмэгдэл 15%, ЭБАТ-ын нэмэгдэл 40% зэрэг нэмэгдлүүдийг авч байсан нь нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн түүний нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-ийн 16,14 дугаарт/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхээс асуусан гэрч, З сумын Засаг даргын Тамгын газрын даргын нягтлан бодогч Б.Ч-ийн нэхэмжлэгчийн ажиллаж байх үедээ авч байсан цалин, хөлсийг гэрчилсэн мэдүүлэг /хх-ийн 123,124 дүгээрт/ болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтаар гаргаж өгсөн З сумын Засаг даргын Д.Д-ыг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, түүнийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд томилсон тухай 2014 оны Б/33 дугаар захирамж /хх-ийн 134 дүгээрт/, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шаардснаар хариуцагчаас ирүүлсэн нэхэмжлэгчийн ажиллаж байх үеийн сүүлийн 3 сарын цалин хөлсний талаарх цалингийн карт /хх-ийн 112-116 дугаарт/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж тэдгээрийг үндэслэн Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж, мөн журмын 7-ийн “а”-д “...дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр...” тодорхойлохоор заасны дагуу нэхэмжлэгчийн хууль бусаар ажилгүй байсан 10 сар 4 хоногийн хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 12673686 төгрөг (1250693 төгрөг /сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс/ х 10 сар = 12506930 төгрөг; 41689 төгрөг /1 өдрийн дундаж цалин хөлс/ х 4 хоног = 166756 төгрөг; 12506930 + 166756 = 12673686)-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохыг болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг мөн хариуцагчид тус тус даалгаж шийдвэрлэснээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.9 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дорноговь аймгийн Засаг даргын “Ажлаас халах тухай” 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Д-ыг түүний өмнө эрхэлж байсан ажил, тушаал болох Дорноговь аймгийн З сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ны хууль бусаар ажилгүй байсан 10 сар 4 хоногийн хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 12673686 төгрөг /арван хоёр сая зургаан зуун далан гурван мянга зургаан зуун наян зургаа/-ийг гаргуулж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Дорноговь аймгийн З сумын Засаг даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭНД