Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2020/0292

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ЗГБХ нөхөрлөлийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч “А” ЗГБХН-ийн ахлагч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Х.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагч Эрдэнэ сумын Байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтэн Ж.Э нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын гаргасан давж заалдах гомдлоор “А” ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг дарга, тус аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга, болон мөн сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтэнд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “А” ЗГБХН-ийн ахлагч Ц.Г 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/573 дугаар захирамжийн 6 дугаар заалтын “А” ЗГБХН-д холбогдох хэсэг, тус аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга болон сумын Байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтний үйлдсэн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”-ыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.4.5, 2.4.6, 56 дугаар зүйлийн 56.3, 56.4, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ЗБ нөхөрлөлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/573 дугаар захирамжийн 6 дугаар заалтын “А” ЗБ нөхөрлөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ЗБ нөхөрлөлийн, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга болон тус сумын Байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтний 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

“А” ЗГБН-өөс 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн А/573 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Тус нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа А/573 дугаар захирамжийн 6 дугаар заалтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар захиргааны акт илт хууль бус байх нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа үл хамаарахаар зохицуулсан.

Шүүхээс энэ хүрээнд нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байтал маргаан бүхий А/573 дугаар захирамжийн 6 дугаар заалтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэрхэх талаар огт тодруулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн, улмаар тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл болон 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий А/573 дугаар захирамжийг тухайн үед нь буюу 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр тухайн газарт хяналт, шалгалт хийхээр очсон ажлын хэсэгтэй уулзаж, өөрийн ашиглаж байсан техник тоног төхөөрөмж болон зэвсгийн агуулах зэргийг битүүмжлэх ажилд оролцсоноор бүрэн мэдсэн байдаг. Тийм ч учраас шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...уг захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн захирамж гарсан тухайн өдөр бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа явуулж буй газарт очиж захирамжийн талаар танилцуулан үйл ажиллагааг нь зогсоож байгаа тухайг мэдэгдсэн үйл баримт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О болон нэхэмжлэгч хуулийн этгээдийн ахлагчийн тайлбараар тогтоогдож байна” гэж дүгнэсэн.

Ийнхүү тухайн үед эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буйг мэдсэн атлаа үүнээс хойш 2 сарын дараа буюу 60 хоногийн дараа нэхэмжлэл гаргаж, улмаар түүнээс олон хоногийн дараа маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн А/573 дугаар захирамжийн 6 дахь заалтад хийсэн дүгнэлтийн тухайд:

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох ажиллагаа нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 08/03 дугаар тогтоол, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 7/536 дугаар албан бичгээр ирүүлсэн “Эрдэнэ сумын нутаг “Х” нэртэй талбай нь бусад талбайтай давхцалгүй” гэсэн дүгнэлтийн дагуу тус газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 10 нөхөрлөлтэй сумын Засаг даргаас байгуулан ажиллаж ирсэн байдаг.

Нэхэмжлэгч “А” ЗГБН нь Эрдэнэ сумын Засаг даргатай 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан 2019/01 дугаартай гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан.

Тухайн талбайд үйл ажиллагаа явуулж байсан нөхөрлөлүүд нь дээр дурдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлтэд заасан солбицлоор тогтоосон талбайгаас өөр талбайд буюу зөвшөөрөл олгогдоогүй талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон.

Шүүх энэ үйл баримтын талаар “...нөхөрлөлийн нэгдсэн зөвлөл нь Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан дүгнэлтээр олгогдсон талбайн гадна талд далд аргаар жонш олборлох зорилгоор ам нээхээр бэлтгэл ажлыг хийсэн гэх асуудал нэхэмжлэгчид хамааралтай болох нь тогтоогдож байх ба энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй болно” гэж дүгнэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1/-д “Монгол Улсад газар түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалалтад байна”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн”, 5.2-т “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 11 дүгээр зүйлийн 11.1.23-д “энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал, эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон эсхүл тусгай хэрэгцээ нөөцөд авсан түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ хил хязгаарыг тогтоох бүрэн эрхийг эдэлнэ”, 12 дугаар зүйлийн 12.1.1-т “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 12.1.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох бүрэн эрхийг нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг зөвшөөрөгдсөн талбайгаас бусад газарт явуулж огт болохооргүй байна. Мөн ашигт малтмалын газар болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас солбицол, хил заагийг тогтоосон талбайгаас бусад газрыг сумын Засаг дарга бусадтай гэрээ байгуулах замаар бичил уурхай эрхлэх эрх олгох хууль зүйн боломжгүй.

Өөрөөр хэлбэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга болон “А” ЗГБН-ийн хооронд 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 2019/01 дугаартай гэрээ байгуулах эрх зүйн үндэслэл байгаагүй.

Тийм ч учраас сумын Засаг даргаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлтэд заасан солбицлоор тогтоосон талбайгаас өөр талбайн байршил тогтоосон хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон тул уг хууль бус үйл ажиллагааг зогсоохоор аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн А/573 дугаар захирамжийг гаргасан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.9-д зааснаар аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах, шийдвэр нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавьж ажиллах эрхтэй бөгөөд үүрэгтэй байна.

Түүнчлэн тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан болно.

Ийнхүү нөхөрлөлүүдээс бичил уурхайгаар ашигт малтмал олборлохдоо хууль зөрчсөн бөгөөд үүнд сумын Засаг даргаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 08/03 дугаар тогтоол, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 7/536 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг зөрчин өөр талбайд бичил уурхай эрхлэх гэрээ байгуулсан хууль бус үйлдэл гаргасан.

Гэтэл шүүх энэ үйлдлийн талаар дүгнэхдээ “...нэхэмжлэгчийн ашигт малтмал олборлож байсан талбай нь нэгэнт эрх бүхий этгээдээс гэрээгээр тогтоож олгосон талбай байх тул дүгнэлтээр олгогдсон талбайгаас өөр газарт жонш олборлож газрын хэвлийд хохирол учруулсан” хэмээн нэхэмжлэгчийг буруутган түүнтэй байгуулсан гэрээг нь цуцлах нэг үндэслэл болгон тайлбарлаж буй “хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн.

Шүүхийн энэхүү дүгнэлтэд дурдагдсан ашигт малтмал олборлох талбайг тогтоож өгөх эрхтэй этгээд нь сумын Засаг дарга огт биш юм.

Анхан шатны шүүхээс “зөвшөөрөгдөөгүй талбайд ашигт малтмал олборлосон нь хууль ёсны эсэх талаар огт дүгнэлт хийлгүйгээр, аймгийн Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал .../ыг/ заах”, 40.4-т заасан “...тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэсэн шаардлагыг “тухайлан хангаагүй байна” гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалд бүрэн дүгнэлт өгсөн гэж үзэхээргүй байна.

Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн А/573 дугаар захирамжид аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 08/03 дугаар тогтоол, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 7/536 дугаар албан бичгээр ирүүлсэн “Эрдэнэ сумын нутаг “Х” нэртэй талбай нь бусад талбайтай давхцалгүй” гэсэн дүгнэлтийг үндэслэл болгосон байгаа нь захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдлыг заах, тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заах шаардлагыг хангаж буйн илрэл юм.

Нэхэмжлэгч “А” ЗГБН-ийн холбогдох албан тушаалтнууд болон Эрдэнэ сумын Засаг дарга нарыг зөвшөөрөлгүй талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар баримт хэрэгт авагдсан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсгийн “эрүү ...журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасан тохиолдол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарч болзошгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах зарим арга хэмжээний тухай” А/573 дугаар захирамжаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд нягтлан шалгах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон ажлын удирдамжийг баталж, мөн бичил уурхайн олборлолтоос шалтгаалан эвдрэлд орсон газрын хэмжээг тодорхойлж мэргэжлийн байгууллагаар хохирол тооцуулахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгон, 6 дахь заалтаар “Бичил уурхай олборлох нөхөрлөлүүдтэй байгуулсан гэрээг цуцалж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэн, газрыг хэвийн байдалд оруулахыг Эрдэнэ сумын Засаг даргад даалгасан”-ы дагуу нэхэмжлэгч “А” ЗГБХ нөхөрлөлийн Эрдэнэ сумын Засаг даргатай байгуулсан гэрээ цуцлагдаж, үйл ажиллагааг нь зогсоосон байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд энэхүү захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, хангасан ч нэхэмжлэгчийн “зөрчигдсөн” гэх эрх сэргэх үр дагаварт хүргэхээргүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 6.1.2-т зааснаар сумын Засаг дарга нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймгийн Засаг даргад уламжлах эрхтэй;

-7.1.2-т зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аймгийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй;

-2.4-т зааснаар сумын Засаг дарга тусгай хэрэгцээнд авсан газарт бичил уурхайн эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг байгуулахаар тус тус зохицуулжээ.

Энэхүү журмын дагуу Эрдэнэ сумын Засаг дарга тус сумын нутагт орших Х нэртэй газрын 50 га талбайг бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой эсэх талаарх лавлагааг талбайн солбицлын дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулсны үндсэн дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 08/03 дугаар тогтоолоор дээрх талбайг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авсан боловч сумын Засаг даргаас нэхэмжлэгчтэй байгуулсан 2019 оны 2019/01 тоот гэрээгээр бичил уурхайн зориулалтаар жонш олборлуулахаар олгосон газар нь бодит байдалд Ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлтэд тусгагдсан солбицлоор тогтоосон газраас өөр байршилд буюу зөвшөөрөл олгогдоогүй талбайд хамаарч байгаа болох нь:

-Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 7/536 дугаар дүгнэлт;

-Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 3/288 дугаар албан шаардлага;

-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/664 дүгээр албан бичгийн хавсралт болох нэхэмжлэгчид бичил уурхайн зориулалтаар ашиглуулж байгаа газрын кадастрын зураг, жонш олборлож буй газрын хэмжилт хийсэн зураг болон хяналт шалгалтын ажлын тайлан /2019.07.03/ зэргээр тус тус тогтоогджээ.

Хэдийгээр Эрдэнэ сумын Засаг даргаас зөвшөөрөгдсөнөөс өөр байршилд бичил уурхай эрхлэх гэрээ байгуулсанд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй ч, энэ нь хууль, журам зөрчсөн сумын Засаг даргын үйлдлийг зөвтгөх, мөн хариуцагчийн хууль ёсны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчтэй байгуулсан дээр дурдсан гэрээний хүчинтэй хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсноос гадна бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээр дурдсан 2018 оны 08/03 дугаар тогтоолыг Хурлын 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 12/11 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, тусгай хэрэгцээнээс гаргасан энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй.

Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан дээрх 50 га талбай нь урьд нь “К” ХХК-ийн эзэмшиж байсан ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарч байгаа ч Эрдэнэ сумын Засаг даргын бичгийн тайлбарт дурдсанаар Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 1.3-т заасан “…ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбай” гэж үзэх боломжгүй буюу өмнө нь ашиглалт хийгээгүй, эрүүл газар байхыг үгүйсгэхгүй.

Гэвч энэхүү эрүүл газрыг бус харин ойролцоо орших нөхөн сэргээлт хийх шаардлагатай талбайд олборлолт явуулахаар гэрээ байгуулсан Сумын Засаг даргын үйлдэл нь Ашигт малтмалын тухай хууль болон дээрх журамд нийцээгүй байх тул гэрээг цуцлахыг даалгасан хариуцагчийн захирамжийг хууль нийцсэн гэж үзнэ.

Дээрх журмын 11.2-т “Гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь бичил уухай эрхлэгч этгээдийг байгаль орчны нөхөн сэргээлт хийх үүргээс чөлөөлөхгүй” гэж заасан тул хэргийг хэрхэн шийдвэрлэснээс үл хамааран нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд харин магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд хууль бус гэрээ байгуулсны улмаас учирсан хохирлоо уг гэрээг байгуулсан Сумын Засаг даргаас нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ЗГБХ нөхөрлөлийн Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан тус аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/573 дугаар захирамжийн 6 дугаар заалтын “А” ЗГБХ нөхөрлөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга Т.Э гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН