Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 854

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, 

Нэхэмжлэгч: *******-******* дүүргийн 16-р хороо, *******-******* 3-р гудамж 146 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ийн /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 27-р 21-р 35 а ны 2 тоотод оршин суух овогт -ын т холбогдох

   “Зээлийн гэрээний үүрэг 12.800.000 төгрөг” гаргуулах  тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.,хариуцагчийн өмгөөлөгч Б., нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  Ж.******* шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ: Ж.******* миний  бие Ц.т 2016 оны 02-р сарын 05-ны өдөр хүртэл 1 жил 7 сарын хугацаатайгаар 8.000.000 төгрөг  сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэ хугацаанд эхний хэдэн сарын хүүгч өгч байсан. Сүүлдээ ор сураггүй алга болж бүгдийг хохироосон. Гэрээ ёсоор Ц. нь 02-р сарын 05-ны өдөр үндсэн зээл болон хүүгийн хамт 12.800.000 төгрөг төлөх ёстой.Гэсэн ч нь төлбөр барагдуулах  талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. Мөн зээл барагдуулах хугацаа нь аль хэдийн хэтэрсэн тул шүүхэд хандаж байна. Ийм учраас зээлийн гэрээний дагуу 12.800.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн 219.750 төгрөгийг тус тус хариуцагч Ц.ээс гаргуулж өгнө  үү гэжээ.

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн ******* овогтой *******гийн ******* нь их хэмжээний мөнгө нэхэмжилж танай шүүхэд хандсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас дараах тайлбар гаргаж байна.Тухайлбал:

1.2014 оны 07-р сарын 05-ны өдөр  8.000.000 төгрөгийг зээлж авсан. Тухайн үед зээлийн гэрээ бичгэн хэлбэрээр байгуулаагүй сүүлд 2015 оны 12-р сарын 17-ны өдөр бичгээр гэрээ байгуулмаар байна гэж гуйсан тул гэрээг бичгээр байгуулсан. Тус зээлийн төлбөрт 24.000.000 орчим төгрөгийг өгч зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулж зээлийн гэрээг дуусгавар болгосон.

2.Мөн мөнгөний яаралтай хэрэгтэй болоод байна. Надад туслаач хэмээн гуйсан тул миний бие өөрийн 2 алтан бөгжийг 100.000 төгрөгийн хамт зээлүүлсэн бөгөөд өөрөө ломбарданд тавиад мөнгийг хэрэглээд удахгүй авч өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл буцаан өгөхгүй байгаа. Миний хувьд *******ээс 100.000 төгрөг болон 2 алтан бөгжийг гаргуулан авхуулмаар байна. Хууль шүүхийн байгууллагад худал зүйл бичиж,их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц. бид нар Мөнгөн завьяа дэлгүүрт лангуу түрээслэн суудаг байсан. Анх Ц. нь надаас мөнгө зээлж зээлийн харилцаатай байсан. Бид хамтдаа бараандаа явдаг найзууд байсан. Тухайн үед эгч Ц.Эрдэнчимэгийн ыг банкинд зээлийн барьцаанд тавьсан байгаа. Эгчийнхээ ыг чөлөөлж байгаад дахин нэмж зээл авах учраас найздаа мөнгө зээлчих буцааж тавиад авах мөнгөнөөсөө чамд буцаагаад өгье гэж надаас 10.000.000 төгрөг зээлсэн. Сүүлдээ мөнгөн завъяагаас лангууны түрээсээ төлж чадахаа больсон учраас 10 сар дуусаад л гараад явсан. Түүнээс хойш би нөхөр рүү нь яриад болсон зүйлийн талаар ярихад нөхөр нь мэдээгүй гайхаж байсан. Энэ асуудлын талаар нөхөртөө хэлээгүй байсан. Улмаар нөхөртөө энэ талаар хэлсэн юм шиг байсан. Нөхөрт нь тайлбарлаж хэлэхэд нөхөр нь уулзахдаа авсан нь үнэн гэж байна. Бид орчлон д граж байгаа тэрийгээ зараад мөнгөө өгье гэсэн боловч таг алга болсон. Улмаар гэрт нь очиход хаалгаа тайлж өгөхгүй, утсаа авахаа больсон. Мөн Ц.ийн ээж рүү ярихад  Орос руу наймаа хийх гээд явсан гэдэг байсан. *******заад адилхан зовж байгаа хүмүүс гэдэг хандлагаар хандаж хэлж байсан. Гэвч одоо надтай огт холбогддоггүй. Эвлэрэн тохиролцох гэж үзсэн боловч өөрөө эвлэрэхгүй гэсэн. 8.000.000 төгрөг 24.000.000 төгрөг болно гэж байхгүй. Өмнө авсан зээлээ нэмж тооцоолоод байна. Би сүүлд авсан 8.000.000 төгрөгөө л ярьж байна. Ц. нь “би өгөхгүй шүүхээрээ яв би шүүхийн тогтоол гарвал сар сардаа 20.000 төгрөг өгч чадна” гэж хэлж байсан. Хүнээс авахдаа авчхаад, буцааж өгөх болохоор ингэж байгаа нь ёс зүйгүй хэрэг. Мөнгөн завьяа дэлгүүрт мөн маш их хүмүүсийг хулхидсан. Мөнгө авчхаад сүүлдээ ингэж залилаж болохгүй шүү дээ. Би турк улс руу явж бараа бөөндөж авчирдаг байсан. Одоо явж чадахаа больчихоод байгаа. Надад Ц.ийн 2 алтан бөгж нь байгаа. 8.000.000 төгрөгийг 24.000.000 төгрөг болгоно гэж байхгүй шүү дээ. Ц. нь надад газар байгаа гэдэг. Тус газруудыг нь Ц.ийн ахтай хамт очиж үзэж байсан. Очиход бүүр Зүрх уул гэж хадтай уулын тэнд хашаа бариагүй газрыг зааж өгсөн. Би авахгүй гэсэн. Надтай хамт маш олон  банкаар яваад найз нь маш их өртэй байна гэж уйлж байхад нь би хамт явж байсан. Тэгсэн сүүлдээ би өгөхгүй шүүхээрээ яв гэдэг болсон. Сүүлд надтай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр төлж дуусгана гэсэн гэрээ байгуулсан. Тэр үедээ өгнө гэж хэлж байсан. Өмнө жил нь надаас мөнгө зээлээд тэрийгээ буцааж өгсөн. Сүүлд 10.000.000 төгрөг зээлээд 1 саяар нь зээлээ дараад 8.000.000 төгрөг үлдсэн байгаа. Дансаар өгч байсан. Бид нар Мөнгөн завьяа дэлгүүрт бүгд хамт байдаг байсан учраас заримдаа бэлнээр өгч байсан. Бид наймаанд явж ирээд мөнгө хэрэг болвол бие биедээ мөнгө зээлүүлж, хэд хоногийн дараа буцаагаад өгчихдөг байсан. Тэр төлөлтүүд миний дансаар орсон байгаа. Тэдгээр мөнгөнүүдийг бүгдийг нь оруулж тооцоод байх шиг байна. Миний данс руу 2.000.000 төгрөг орсон нь өмнө жилийн шилжүүлсэн мөнгөнүүд юм. Тийм учраас миний дансны хуулгаар харахад 20.600.000 төгрөг болчихоод байна. Өмнө нь авч байсан мөнгөнүүдээс авсан мөнгөнүүдээ хасахаар 8.000.000 төгрөг болж байгаа. Өмнөх төлөлтүүд нь их мөнгө төлсөн юм шиг харагдаад байна. Өнөөдөр шинээр гаргаж өгсөн нотлох баримт болох баталгаан дээр тулгуурлан үлдэгдэл 8.000.000 төгрөг дээрээ гэрээ хийсэн. 2014 оны 07 дугаар сард хүү өгдөг хугацаагаар намар 10.000.000 төгрөгийг өгсөн гэв.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.*******ээс мөнгө зээлж авсан нь үнэн. Зээлэхдээ тухайн үедээ гэрээ байгуулаагүй. Сүүлд гэрээг байгуулахгүй бол болохгүй гэж 2015 оны 12 дугаар сарын 17-ний өдөр бичгээр гэрээг байгуулсан байдаг. Хариуцагч маань нэхэмжлэгчид зээлсэн мөнгөнд 24.000.000  орчим төгрөг өгсөн байгаа. Энэ нь хэрэгт авагдсан банкны хуулгаар тогтоогддог. Одоо ямар ч тооцоо,өглөг нэхэмжлэгчид байхгүй. Бүгд төлөгдөөд дууссан. Мөн Ж.******* нь мөнгөний яаралтай хэрэг болоод байна надад туслаач гэж Ц.Эрдэнэнцэцэгийн бөгжийг ломбарданд тавиулж  өнөөдрийг хүртэл  бөгжийг нь өгөөгүй  байгаа. Хариуцагч Ц. нь зээлдэж авсан мөнгийг давуулан их хэмжээгээр илүү  төлсөн байгаа. 2015 оны 07 дугаар сард 9.000.000 төгрөгийг хүлээж авсандаа гэрээ байгуулаагүй. Энэ гэрээ байгуулах үед хариуцагчид бэлэн мөнгө өгөөгүй. Өмнө өгсөн мөнгөн дээрээ л сүүлд гэрээ хийсэн байгаа. Хариуцагч маань тэр мөнгийнхөө 10 хувийн хүүг төлөөд 20 гаран сая төгрөг төлсөн байгаа. Иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б. шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тайлбараас харахад 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр зээл өгсөн гэж тайлбарлаж байна. Энэ хугацаанд Ж.******* нь зээлийн гэрээг бичгээр хийгээгүй гэдэг нь нотлогдож байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн заалт байдаг. Тэгэхээр хуулийн дагуу тус гэрээ бичгээр хийгдээгүй байхдаа хүү тооцож өчнөөн мөнгө авсан байгаа. Тийм учраас 8.000.000 төгрөг дээр Ж.******* нь хүү тооцож нэхэмжлэх эрх байхгүй. 2015 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн гэрээ байдаг. Энэ гэрээг бичгээр хийсэн. Бичгээр хийсэн боловч гэрээний 2.2-т заасан заалтыг болон нэхэмжлэгчийн өөрийн асуултад хариулсан хариултуудаас харахад гэрээний дагуу бодитойгоор мөнгө хүлээлцсэн зүйл байхгүй байна. Өмнө өгсөн мөнгөө өгсөн мэтээр бичиж гэрээ хийсэн байгаа. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байгаа заалтыг зөрчсөн. Бодитойгоор мөнгийг хүлээлгэж өгөөгүй. Зээлийн гэрээг хийгдсэн гэж үзэх эрх байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь мөнгө өгч авалцсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт тэр талаар баримтууд байхгүй. Хариуцагчийн зүгээс мөнгө өмнө нь өгч авалцаж байсан талаар яриагүй. Тийм зүйл байхгүй гэдэг. Төлөлтийн хувьд 8.000.000 төгрөгөөс илүү мөнгө өгчихсөн байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн хувьд харин ч мөнгө төлөх биш авлагатай гэсэн. Бид тэр талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Ц.т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 12.800.000 төгрөг” гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага  шүүхэд гаргажээ. 

            Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Ц.т 10.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн мөнгөнөөс үлдсэн 8.000.000 төгрөгт  2015 оны 12-р сарын 17-ны өдөр зээлийн гэрээг байгуулахдаа гэрээний гол нөхцөлд: зээлийн хэмжээ 8.000.000 төгрөг байна. Зээлийн хугацаа 2014 оны 07-р сарын 05-ны өдрөөс 2016 оны 02-р сарын 05-ны өдрийг хүртэл хугацаатайгаар олгов.Зээлийн хугацаа нь зээлдэгч зээлийг бэлнээр хүлээн авсан үеэс эхлэн тоологдоно. Зээлийн хугацаанд сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлнэ. Зээлсэн мөнгийг 2014 оны 07-р сарын 05-ны өдөр өгсөн гэж тусгаж хийсэн нь Иргэний хуулийн 281, 282-р зүйлд заасан шаардлага хангасан байна .

            Нэхэмжлэгч  Ж.******* нь 10.000.000 төгрөгийг хариуцагч Ц.т зээлдүүлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, энэ мөнгөний үлдэгдэл 9.000.000 төгрөгийг 2015 оны 08-р сарын 05-нд төлж дуусгана гэж хариуцагч Ц.  баталгаа гаргаж өгсөн. 10.000.000 төгрөгийг 10 хувийн хүүгээр тооцож байсан. Сүүлд үлдсэн 8000.000 төгрөгт 2015 оны 12-р сарын 17-ны өдөр  гэрээг бичгээр нөхөж хийхдээ мөнгийг 2014 оны 07-р сарын 05-ны өдөр өгсөн гэж тусгасан тухай тайлбарлаж  нотлох баримтаар зээлийн гэрээ, Ц.ээс 2015 оны 07-р сарын 20-ны өдрийн баталгаа гаргах тухай гэсэн нотлох баримтын хуулбарыг  нэхэмжлэлд хавсаргаж, эх хувийг шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба талууд энэ талаар маргаагүй байна.

            Харин хариуцагч Ц. нь  2014 оны 07-р сарын 05-нд 8.000.000 төгрөгийг зээлж авсан. Тухайн үед зээлийг гэрээ бичгийн хэлбэрээр байгуулаагүй боловч сүүлд 2015 оны 12-р сарын 17-ны өдөр бичгээр гэрээ байгуулмаар байна гэж гуйсан тул гэрээг бичгээр байгуулсан. Тус зээлийн төлбөрт 24.000.000 орчим төгрөгийг өгч зээлийн гэрээний төлбөрийг бүрэн барагдуулж зээлийн гэрээг дуусгавар болгосон гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаж,  шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримтаар Ж.*******ийн ХААН банк дах 5028378598 дугаартай  депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргуулсан ба уг лавлагаа нь 2015 оны 01-р сарын 01-нээс 2016 оны 02-р сарын 29-ны хооронд хийгдсэн гүйлгээ байна. /хх15-54, 64-76/  

            Зохигчид мөнгө өгсөн авсан талаар маргаагүй ба хариуцагч талаас 10 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлэх үед бичгээр зээлийн гэрээ үйлдээгүй сүүлд нөхөж гэрээ хийсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй үеийн мөнгөнд 10 хувийн хүү тооцсон. Бичгээр гэрээ хийгээгүй үед төлсөн хүүний мөнгийг тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа шаардлага 12.800.000 төгрөгийг нь илүү нугалж төлж дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан нь үндэслэлтэй байна гэж  шүүх үзлээ.

            Ж.*******  нь 10.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлэхдээ мөн энэ мөнгөнөөс үлдсэн 9.000.000, 8.000.000 төгрөгт хүү тооцож Ц.ээс хүүний мөнгө авахдаа нь Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3-дах хэсэгт зааснаар “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн заалтыг зөрчиж бичгээр гэрээ хийгээгүй байсан байна.

            2015 оны 12-р сарын 17-ны өдөр 8.000.000 төгрөгт  хийсэн зээлийн гэрээний 2-р зүйлийн 2.5 дахь  заалтад “зээлсэн мөнгийг 2014 оны 07-р сарын 05-ны өдөр  хүлээлгэн өгсөн” гэж тусгасан байх тул энэ өдрөөс  10 хувийн хүү тооцох нь зүйтэй байна.

            Зээлийн хүүг 2014 оны 07-р сарын 05-ны өдрөөс 2016 оны 02-р сарын 05-ны өдөр хүртэл тооцоход /2014.07.05-наас 2015.07.05 хүртэл 12 сарыг  х 800.000 төгрөг =9.600.000 төгрөг/, /2015.07.05-наас 2016.02.05 хүртэл 7 сарыг х 800.000 төгрөг=5.600.000 төгрөг нийт 1 жил 7 сарын хүү 15.200.000 төгрөг, үндсэн зээл 8.000.000 төгрөгийн хамт  нийт 23.200.000 төгрөгийг хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Ж.*******т төлөх байжээ.

Хариуцагч Ц. нь 2014 оны 07-р сарын 04-ны өдрөөс хойш 2015 оны 10-р сарын 28 хүртэл нийт 26.350.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан  Ж.*******ийн ХААН банкны 5028378598 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх-14-55/

Иймд  нэхэмжлэгч Ж.******* нь Ц.т 2016 оны 02-р сарын 05-ны өдөр 1 жил 7 сарын хугацаатайгаар 8.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээ ёсоор Ц. нь 02-р сарын 05-ны өдөр үндсэн зээл болон хүүгийн хамт 12.800.000 төгрөг төлөх ёстой гэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Хариуцагч Ц. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 алтан бөгжийг 100.000 төгрөгийн хамт Ж.*******т зээлдүүлсэн. Одоо болтол буцааж өгөхгүй байгаа. Миний хувьд *******ээс 100.000 төгрөг болон 2 алтан бөгжөө гаргуулан авмаар байна гэсэн боловч үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдав.

            Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Дөлгөөнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг  шүүх хангаж шийдвэрлэсэн байсан бөгөөд шүүх хуралдаанд энэ хүсэлтээсээ татгалзсан байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч  нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 219750  төгрөг төлсөн ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний төлсөн 219.750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118,119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.         Иргэний  хуулийн 281, 282 дугаар зүйлд зааснаар Ж.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 12.800.000 төгрөг” гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.         Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  219.750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.         Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4.         Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн  зүйлийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОЮУНЖАРГАЛ