Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00351

 

 

А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09237 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д******* ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 641,343,000 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 320,670,600 төгрөг гаргуулах тухай

иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, ******* нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, ******, хариуцагчийн өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь Д******* ХХК-тай 2024 оны 07 сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр 30*8.35*2м хэмжээтэй нэг бүр нь 21,378,100 төгрөгийн үнэтэй 20 ширхэг PVC материалтай усны танкийг нийт 427,562,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу 2024 оны 07 сарын 24-ний өдөр 128,268,600 төгрөг, 08 сарын 07-ны өдөр 85,512,400 төгрөг, 08 сарын 08-ны өдөр 85,512,400 төгрөг, нийт 299,293,400 төгрөгийг төлсөн. 2024 оны 08 сарын 14-ний өдөр бараа материалыг хүлээн авахад гэрээгээр тохиролцсон хэмжээ 30*8.35*2 м, багтаамж нь 500 м.куб, савны гадуур хамгаалалтын тортой байх ёстой боловч хэмжээ нь 23.5*16*1.4 м, багтаамж нь 375 м.куб уусмал орсон, туршилтын явцад наалтын завсраар, үүдэн булангийн боолтны нүх болон наалтын заагаар уусмал шүүрсэн нөхцөл байдал үүссэн. Манай компанийн зүгээс гэрээний зүйлийн доголдолтой холбоотойгоор төлбөр төлөлтийг хойшлуулж, хариуцагч Д******* ХХК-д удаа дараа бичиг илгээж үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал ирүүлэхийг хүссэн боловч дорвитой арга хэмжээ авахгүй, гаргасан зөрчлөө арилгаагүй.

Иймд гэрээний дагуу төлсөн 299,293,400 төрөг, алданги 213,781,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг, нийт 641,343,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга: Талуудын байгуулсан гэрээний дагуу олон улсын чанар, стандартад нийцсэн, сертификаттай, үйлдвэрийн баталгаат хугацаа бүхий бараа, бүтээгдэхүүнийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу нийлүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлж, барааг 2024 оны 08 сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн. Худалдан авагч талаас дээрх барааг үйлдвэрийн шаардлага хангасан нөхцөл, зааварчилгааны дагуу ашиглаагүй бөгөөд үүнийг худалдагч талаас удаа дараа мэдэгдсэн. Манай компанийн зүгээс ашиглалтын заавар, зөвлөмжийг тухай бүр хүргүүлж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Уусмал хадгалах түр савны хэмжээг тус бүр 500 м.куб багтаамжтай байхаар тооцон гэрээнд 30*8.35*2 м гэж жишиг байдлаар тусгаж өгсөн боловч хэмжээ өөрчлөгдөх боломжтой, гэхдээ 500 м.куб багтаамж өөрчлөгдөхгүй байхаар харилцан тохиролцсон. БНХАУ, Вэйфан хот дахь үйлдвэрт очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэхэд гэрээнд заасан 30*8.35*2 м хэмжээгээр үйлдвэрлэхэд шинээр эсгүүр гаргах шаардлага тулгарч үйлдвэрлэлийн хугацаа уртсах нөхцөл үүссэн тул гэрээний үндсэн тохиролцоо болох 500 м.куб багтаамжийг өөрчлөхгүйгээр хэмжээг 23,5*16*1.4 м болгож энэ тухай А******* ХХК-д мэдэгдсэн. Худалдан авагчийн зүгээс зөвшөөрч гэрээнд заасан дундын санхүүжилт болох 85,512,400 төгрөгийг 2024 оны 08 сарын 07-ны өдөр шилжүүлсэн. Үүний дараа бараа материалыг Монгол Улсын хилээр оруулж ирэхэд буюу 2024 оны 08 сарын 13-ны өдөр гэрээний гурав дахь санхүүжилт болох 85,512,400 төгрөг манай компанийн дансанд орж ирсэн. Барааг 2024 оны 08 сарын 14-ний өдөр талбайд хүргэж өгсөн. Хүлээлгэн өгөх үед А******* ХХК нь үүссэн асуудлаа уусмалын цөөрөм үүсгэх байдлаар шийдвэрлэсэн байсан бөгөөд барааг хүлээн авсан боловч акт үйлдэхгүй гэж хэлсэн. Мөн ашиглах талбайг бэлдээгүйн дээр ашиглах байршлыг өөрчилсөн байсан. Манай зүгээс уг асуудалд хүндэтгэлтэй хандаж А******* ХХК-ийн үйлдвэрийн сонгосон байршилд барааг тохируулан турших, барааны дагалдах бичиг, техникийн шаардлага, ашиглах зааварчилгаа зэргийг бүрэн хүлээлгэн өгсөн. Гэтэл А******* ХХК-ийн зүгээс нийлүүлсэн уусмал хадгалах түр сав гадна талаараа хамгаалалтын торгүй, гэрээнд заасан хэмжээг баримтлаагүй, уусмал хийж үзэхэд 500 м.куб уусмал орохгүй, 315 м.куб уусмал орж байна, уусмал хийхэд уусмал хуримтлуулах түр савны дөрвөн буланд уусмал орохгүй, дотор давхарга цоорсон гэх асуудал гаргах болсон. Манай компанийн зүгээс гэрээнд хамгаалалтын тор буюу нэмэлт тоногтой байхаар тохиролцоогүй талаар тайлбарласан. Мөн уусмал хуримтлуулах савыг ашиглахдаа үйлдвэрээс өгсөн зааварчилгааны дагуу ашиглах талаар дахин заавар хүргүүлсэн, газар дээр нь очиж ажилласан боловч А******* ХХК нь үйлдвэрээс өгсөн зааврын дагуу тэгш гадаргуу бэлдээгүй, уусмал хадгалах түр савыг зориулалтын дагуу ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлээгүй байсан. А******* ХХК зохиомол байдлыг зориуд үүсгэн, үндэслэлгүйгээр гэрээг цуцлах тухай асуудал хөндөж өнөөдрийг хүрсэн.

Иймд А******* ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 128,268,000 төгрөг, алданги 64,134,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг, нийт 320,670,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.   Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагч компани нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Гэрээний гол нөхцөл болох нийт 20 ширхэг PVC материалтай усны сав, тус бүр нь 30*8,35*2 м буюу нийт 500 м.куб багтаамжтай, уусмалын орчин хүчтэй хүчиллэг буюу РН=2.0-д ажиллах, хамгаалалтын тортой уусмал хадгалах түр савны тусгай зориулалтын болгон ашиглахаар харилцан тохиролцсон. Хариуцагч сөрөг нэхэмжпэлдээ гол нөхцөлийг тохирсноо баталгаажуулж, сөрөг нэхэмжпэлийн үндэслэлээ болгосон. Гэтэл гэрээнд заасан дээрх гол нөхцөлийг биелүүлээгүй, усны савыг гэрээнд заасны дагуу талууд хамтран туршилт хийх үед туршилт хийсэн 3 уусмал хадгалах түр сав тус бүрд 300, 350, 370 м.куб уусмал ороод дүүрсэн. Иймд гэрээнд заасан багтаамжийн шаардлага хангаагүй тул хүлээн авах боломжгүй болсон. Гэрээний 1.1, 1.3-т савны багтаамжийн үзүүлэлтийг 30*8.35*2 м гэж тодорхой зааж, тохиролцсон боловч нийлүүлэхээр авч ирсэн савны багтаамжийн үзүүлэлт 23.5*16*1.4 м байсан нь гэрээнд 500 м.куб гэсэн багтаамжийн хэмжээ ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй байхаар харилцан тохирсныг илтэд зөрчиж, гэрээнд заасан нөхцөл, хэмжээг дур мэдэн өөрчилсөн байдаг. Гэрээний 2.4-т заасны дагуу Д******* ХХК-ийн захирал, төлөөлөгчид, худалдан авагч талын төлөөлөгчид хамт байлцан А.Амармөнхийн зааварчилга дор эхний саванд туршилт хийсэн нь амжилтгүй болж, гэрээний 1.1, 1.3-т заасан "strength mesh bag буюу хамгаалалтын тор"-гүй байсан тул ихээр хийлэгдэн сав хэт тэлж, хэлбэрээ алдсаны улмаас гулсаж, өнхрөн ашиглах боломжгүй болсон. Дараагийн туршилтуудаар саванд хийсэн уусмал шүүрсэн, наалт салсан, бэхэлгээ чанарын шаардлага хангаагаагүй, мөн өргөж уусмалыг суллах боломжгүй болсон зэрэг чанарын доголдол гарсан. Бид туршилтын явцад худалдагч талын өгсөн зааварчилгааны дагуу талбайг бэлдэж, биечлэн ирэх үед нь шалгуулсны дараа туршилтын ажлыг эхлүүлсэн. Нийт 4 удаагийн туршилт бүтэлгүйтэж, сав нь биет байдлын болон чанарын доголдолтой болох нь тодорхой болсон тул гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээний хавсралтаар батлагдсан Бараа материал хүлээлцэх актыг үйлдэлгүй, орхиж явсан. Манай компанийн зүгээс Гэрээний 2.3, 8.1-д заасны дагуу эхний ээлжид гэрээнд заасан шаардлага хангасан саваар сольж өгөх шаардлага тавьсныг худалдагч тал биелүүлээгүй тул үлдсэн савнуудыг яаралтай татаж авах талаар шаардлага тавьсан. Худалдагч тал тус шаардлагыг биелүүлэхгүйгээр эс үйлдэл гаргасаар ирсэн тул усны савыг хүлээлцсэн, хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Д******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д******* ХХК-д холбогдох А******* ХХК болон Д******* ХХК-ийн хооронд байгуулсан 24/294-А дугаар Худалдах, худалдан авах гэрээг шүүхийн журмаар цуцалж, Д******* ХХК-аас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 299,293,400 төгрөг, алданги 213,781,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг, нийт 641,343,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч А******* ХХК-ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч А******* ХХК-аас 128,268,000 төгрөг гаргуулж хариуцагч Д******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алданги 64,134,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг, нийт 192,402,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,364,665 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,761,303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 799,290 төгрөг гаргуулж хариуцагч Д******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1.  Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гэрээний зүйл буюу PVC материалтай усны танк биет байдлын доголдолтой байсан тул А******* ХХК нь бараа материал хүлээлцэх, төлбөр төлөх хугацааг хойшлуулж, нийт 4 удаа албан бичиг хүргүүлж, бараа материал гэрээнд заасан шаардлагад нийцэхгүй байгаа талаар хариуцагчид мэдэгдэж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-д заасан журмыг баримталсан нь гэрээнээс татгалзах эрхийн нөхцөл бүрдсэн байхад шүүх үүнийг үл тоомсорлож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

5.2.  Хариуцагчаас нийлүүлсэн PVC материалтай усны танк нь чанарын шаардлага хангаагүй, хариуцагч Д******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа гэрээний зүйл биет байдлын доголдолтой холбоотой эрх зүйн үр дагаврыг анхаараагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарласан.

5.3.  Гэрээний зүйлийн доголдолтой холбоотойгоор хариуцагч Д******* ХХК-аас нэгэнт үр дүн гарахгүй, гэрээний дагуу шаардлагатай арга хэмжээг аваагүй, цаашид авахгүй нь тодорхой болсон тул нэхэмжлэгчээс гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Гэтэл гэрээнээс татгалзаагүй тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Манай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах нөхцөл нь гэрээнээс татгалзах агуулгатай байхад шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй, бодит үйл баримттай нийцээгүй.

5.4.  Мөн нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлд, шүүх хуралд өгсөн тайлбартаа бараа материалыг хүлээж аваагүй талаар дурдсан байтал ...бараа материалыг хүлээлгэн өгсөн тухайд нэхэмжлэгч тал маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

5.5.  Шүүхийн мэтгэлцээний явцад гэрээ цуцлах шаардлагын талаар тодруулахад ...гэрээнээс татгалзаж... гэж хэлсэн байхад гэрээ цуцлах шаардлагаас татгалзсан мэтээр бидний тайлбарыг илтэд гуйвуулан эрх зүйн дүгнэлт өгсөнд гомдолтой байна. Гэрээнээс татгалзах шаардлага гаргаагүй гэж илтэд үндэслэлгүй эрх зүйн дүгнэлт өгч, үндсэн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцэхгүй.

5.6.  Хариуцагчаас нэхэмжлэлийн үндэслэл болсон доголдлыг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар гэрээний зүйлийн доголдлын талаар тайлбарыг зөвшөөрсөнд тооцохоор байтал анхан шатны шүүх гэрээний үүргийн доголдлын талаар дүгнэлт өгөөгүй. Мөн нэхэмжлэгч талаас гаргасан хяналт шалгалт хийсэн баримт болон гэрээний доголдлыг нотолсон бусад баримтыг анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлээгүй, эрх зүйн дүгнэлт өгөөгүй.

5.7.  Шүүх гэрээний хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-д заасан журмаар тайлбарлаж, маргааныг шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд байгуулсан гэрээний 2.4-т заасны дагуу барааг хүлээлгэн өгөөгүй, гэрээний 6.6-д заасны дагуу бараа хүлээлгэн өгсөн акт үйлдээгүй байхад үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцээгүй.

5.8.  Түүнчлэн, нэхэмжлэгч талаас хариуцагчид хашаанд үлдээсэн усны танк шалгаж хүлээлгэн өгөх талаар, мөн шаардлага хангуулах талаар олон удаа албан бичиг хүргүүлсэн байхад хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг илтэд гуйвуулан дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алданги 64,134,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

6.1.  А******* ХХК нь талуудын хооронд байгуулсан 24/294-А дугаар худалдах, худалдан авах гэрээг шүүхийн журмаар цуцлах шаардлага гаргасан атлаа анхан шатны шүүх хуралдааны явцад өөрсдөө энэ шаардлагаасаа татгалзаж байна гэж мэтгэлцсэн.

6.2.  Анхан шатны шүүхийн шийдвэрээр ...нэхэмжлэгч А******* ХХК-аас 128,268,000 төгрөг гаргуулж хариуцагч Дингрундра монголиа ХХК-д олгож... шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Харин анхан шатны шүүхийн шийдвэрээр ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алданги 64,134,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгуй болгосугай гэснийг хүлээн зөвшөөрөхгуй. Учир нь нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагааны улмаас болоод манай компани маш их хохирч байгаа тул гэрээнд заасан алдангаа авахаар энэхуү гомдлыг гаргаж байгаа юм.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алданги 64,134,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

2.   Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч Д******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөрт төлсөн 299,293,400 төгрөг, алданги 213,781,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг, нийт 641,343,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /1хх 1-4/

Хариуцагч Д******* ХХК нь дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч А******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 128,268,600 төгрөг, алданги 64,134,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг, нийт 320,670,600 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. /1хх 37-38, 40-42/

Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч Д******* ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 52-53/

 

3.   Хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл, дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  Талууд 2024 оны 07 сарын 24-ний өдөр 24/294-А тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Д******* ХХК нь 30*8.35*2 метр хэмжээтэй, 1.2 мм-ийн зузаантай PVC материалтай усны танк 20 ширхэгийг нийлүүлэх, А****** ХХК нь гэрээний үнэд нийт 427,562,000 төгрөг төлөх нөхцөлийг тохирсон; /1хх 7-11/

3.2.  А******* ХХК нь 2024 оны 07 сарын 24-ний өдөр 128,268,600 төгрөг, 2024 оны 08 сарын 07-ны өдөр 85,512,400 төгрөг, 2024 оны 08 сарын 13-ны өдөр 85,512,400 төгрөг, нийт 299,293,400 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг Д******* ХХК-д төлсөн; /1хх 22-24/

3.3.  Д******* ХХК нь 2024 оны 08 сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах А******* ХХК-ийн үйлдвэрт хүргэж өгсөн;

3.4.  Талууд 2024 оны 07 сарын 24-ний өдөр 24/294-А тоот Худалдах, худалдан авах гэрээ-ний 6.4-т заасан бараа хүлээлцэх баримт-ыг үйлдээгүй;

3.5.  А******* ХХК-ийн зүгээс 2024 оны 08 сарын 22-ны өдөр ...үйлдвэр дээр хүлээлгэн өгсөн бараа материал нь гэрээний 1.1, 1.3-т заасан техникийн үзүүлэлт, чанарын шаардлага хангахгүй байгаа... тухай албан бичгийг Д******* ХХК-д хүргүүлж, хугаатай мэдэгдэл өгсөн; /1хх 12/

3.6.  Д******* ХХК нь дээрх албан бичгийн хариуд 2024 оны 08 сарын 26-ны өдөр ...материалын хийцлэлийг өөрчилсөнтэй холбоотой тортой хийцлэлийг хассан, үйлдвэрлэлийн хугацааг богиносгох үүднээс түүхий эдийн эсгүүрийг 23.5*16 метр байхаар үйлдвэрлэсэн, ажлын талбай дээр хийсэн шалгалтаар дотор гадаргуу цоорсон зүйлгүй 2 давхар үе хэвээр байсан... тухай албан бичгийг А******* ХХК-д хүргүүлж, үйлдвэрийн зааварчилгааг чанд баримтлахыг зөвлөсөн; /1хх 70/

3.7.  А******* ХХК-ийн ерөнхий инженер Ц.Галсүрэн, үйлдвэр технологийн хэлтсийн менежер Ч.Отгонбаатар, үйлдвэр технологийн ээлжийн мастер М.Эрдэнэжаргал, зөвлөх инженер Б.Мандах, ХАБ-ын ажилтан Н.Энхтөр нар 2024 оны 08 сарын 27-ны өдөр хуралдаж, 2024 оны 08 сарын 14-23-ны өдрүүдэд хийгдсэн нийт 4 удаагийн туршилтын үр дүнг хэлэлцэж уусмал хадгалах PVC савыг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан. /хх 111-112/

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн боловч маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

5.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь гэрээний зүйл, гэрээний үнэ байдаг бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5.1.  Худалдагч Д******* ХХК нь гэрээний 1.1, 1.3-т заасан 30*8.35*2 метрийн хэмжээтэй, 1.2 мм-ийн зузаантай PVC материалтай усны танкийг хамгаалалтын торны хамт нийлүүлэх үүргээ биелүүлээгүй буюу 23.5*16*1.4 метр хэмжээтэй PVC материалтай усны танкийг хамгаалалтын торгүй нийлүүлсэн үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон.

Хариуцагч Д******* ХХК нь PVC материалтай усны танкийн хэмжээ өөрчлөгдсөн тухай нэхэмжлэгч А******* ХХК-д мэдэгдсэн гэж тайлбарлах боловч энэ талаар урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй, харин хожим гэрээний зүйлийг нийлүүлсний дараа учир шалтгааныг мэдэгдсэн байх тул зөвтгөх үндэслэл биш. /1хх 70/

Түүнчлэн, хариуцагч Д******* ХХК нь PVC материалтай усны танк нь хамгаалалтын тортой байхаар гэрээгээр тохиролцоогүй гэх боловч түүний өгсөн гэрээний саналт хамгаалалтын тортой зураг хавсаргагдсан, гэрээний 1.3-т хамгаалалтын тор ...include strength mesh bag... гэх байдлаар тусгагдсан, мөн Д******* ХХК-ийн 2024 оны 08 сарын 26-ны өдрийн албан бичигт ...материалын хийцлэлийг өөрчилсөнтэй холбоотой тортой хийцлэлийг хассан... гэх агуулга дурдагдсан зэргээр уг тайлбар няцаагдсан. /1хх 7-арын нүүр, 62-63, 70/

Хамгаалалтын тор нь PVC материалтай усны танкийг хийлэх, шингэн уусмал хийх үед хөөргөхгүй байх, хэлбэрийг нь алдагдуулахгүй барих үүрэгтэй байна.

5.2.  Худалдагч Д******* ХХК нь түүний нийлүүлсэн PVC материалтай усны сав чанарын шаардлага хангасан, 500 м.куб эзлэхүүнд хүрч байгаа гэж тайлбарлах боловч худалдан авагч А******* ХХК-ийн хийсэн туршилтаар 300-375 м.куб шингэн ороод дүүрсэн, наалт хоорондын завсраар уусмал шүүрсэн нөхцөл байдлаар уг тайлбар няцаагдсан. /1хх 65-68, 111-112/

Түүнчлэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын шинжээчийн 2025 оны 04 сарын 14-ний өдрийн Э-461/25 тоот дүгнэлтээр хариуцагч Д******* ХХК-ийн нийлүүлсэн PVC материалтай усны танк нь химийн бодис бүхий уусмал (хүхрийн хүчилтэй уусмал) хадгалагдах зориулалтаар үйлдвэрлэгдээгүй, гэрээний дагуу 30*8.35*2 метр байхаас 23.5*16*1.4 метр хэмжээтэй байсан, гэрээгээр 500 м.куб байхаас туршилтаар 300-370 м.куб байсан, хамгаалалтын торгүй, ХЭМАБ-ын стандартын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой, туршсан 3 савнаас хүчилтэй уусмал шүүрч байгаа нь байгаль орчинд аюултай, үйл ажиллагаанд ашиглах боломжгүй болохыг тодорхойлжээ. /1хх 113/

Хариуцагч Д******* ХХК нь өөрийн нийлүүлсэн PVC материалтай усны танкийг биет байдлын доголдолгүй болохыг эргэлзээгүйгээр нотолж, нэхэмжлэгч А******* ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн дээрх баримтыг няцаах баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй.

 

6.   Нэхэмжлэгч А******* ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан, нэхэмжлэлдээ хариуцагч Д******* ХХК-д хугацаа олгосон боловч гаргасан зөрчлөө арилгаагүй талаар тодорхой дурдсан байх тул түүний нэхэмжлэлийн шаардлага нь гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаах агуулгатай байна гэж үзэх үндэслэлтэй.

 

7.   Иймд хариуцагч Д******* ХХК-аас гэрээний урьдчилгаа төлбөрт төлөгдсөн 299,293,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А******* ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан зохицуулалтад тус тус нийцнэ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж зохицуулсан тул 23.5*16*1.4 метр хэмжээтэй 20 ширхэг PVC материалтай усны танкийг хариуцагч Д******* ХХК-д хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч А******* ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

8.   Нэхэмжлэгч А******* ХХК нь гэрээнээс татгалзаж гэрээний урьдчилгаанд төлбөр төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой алданги 213,781,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөгийг хариуцагч Д******* ХХК-аас шаардах эрхгүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

9.   Нэхэмжлэгч А******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч А******* ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 128,268,600 төгрөг, алданги 64,134,000 төгрөг, торгууль 128,268,600 төгрөг, нийт 320,670,600 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Д******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09237 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д тус тус зааснаар хариуцагч Д******* ХХК-аас 299,293,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 342,049,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 23.5*16*1.4 метр хэмжээтэй 20 ширхэг PVC материалтай усны танкийг хариуцагч Д******* ХХК-д хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч А******* ХХК-д даалгасугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч А******* ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 320,670,600 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 3,364,665 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 1,761,303 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д******* ХХК-аас 1,654,417 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А******* ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч А******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 4,163,955 (799,290+3,364,665) төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Д******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 478,620 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР