Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 690

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч Ц.А- түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Б овогт Ц-ынА-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905023840710 тоот хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ....... оны ... дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Дархан мэргэжилтэй, ...... ХХК-нд дархан ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух  Б овогт Ц-ынА-

 

Шүүгдэгч Ц.А- нь 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны гадна иргэн Б.Б-ын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ц.А- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүгдэгч Ц.А- нь 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны гадна иргэн Б.Б-ын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шөнө 04-05 цагийн хооронд ажилчидаа авах гээд модны хоёроос доошоо эргээд 25 дугаар эмийн сан руу уруудах замд хоёр эмэгтэй, хоёр залуу гараа өргөхөөр нь зогссон юм. Суугаад “Х” хотхон орно гээд явсан юм. Тэгээд “Х” хотхон орсон. Тэгээд тэндээсээ эргээд явна гээд байж байсан. Тэгээд гурван хүн нь буугаад нэг хүн нь үлдээд надтай яриа өдөөд байсан. Тэгээд тамхи асуухаар нь би татдаггүй гээд хэлсэн. Гэтэл цаанаас арай махлагдуу шар царайтай залуу байсан тэр нь цаанаас ирээд машины хаалга онгойлгоод гараараа нэг удаа нүүр лүү цохиод зугтаагаад явсан. Тэгээд хамт явж байгаад үлдсэн туранхай залууг бариад цагдаа дуудсан. Тэр үед миний хамраас цус гараад байсан. Хамт явсан хоёр эмэгтэй нь эргэж ирээд нөгөө хүнээ авах гээд гар зулгаагаад хувцас хунар татаад байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирээд хамт явсан залууг нь аваад явсан. Би гэмтэл орж зураг авхуулаад маргааш нь ирж өргөдөл гаргаж өгсөн. Учир нь би миний хамар цөмөрсөн байна гэж байсан. Өмнө нь харж байгаагүй хэн нэгнийг нь танихгүй хүн байсан. Хоёр эмэгтэй нь ганц нэг гар хүрсэн гэхдээ надад гэмтэл учруулахаар зүйл болоогүй гол нь нэг залуу хамар цохиод гэмтээсэн байгаа. Би хамар хугарсанаа гаргах гэж зураг 120.000 төгрөг,  үзлэг 35.000 төгрөг, эмчилгээ 100.000 төгрөг, эм тариа 45.000 төгрөг болсон. Одоо эмчилгээ авахгүй байгаа учир хагалгаа хийлгэж магадгүй гэсэн. Хэрэв орохоор болвол 1.800.000 төгрөг болно гэж байсан. Гэхдээ үзэж байгаад болно гэж байсан. Ирэх 1 дэх өдөр шинжилгээ өгнө. Тэгээд хариу гарах байх. Тэгээд нарийн шийд гарах байх. Одоогоор өөр гомдол гээд байх зүйл гэвэл гэм буруутай хүнээр учирсан хохирлоо барагдуулах гэм бурууд нь таарсан хуулийн арга хэмжээ авхуулмаар байна. Надад өөр гомдол санал гээд байх зүйл байхгүй.

          ... Би өөрөө болсон явдлыг үнэн зөвөөр ярьж байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-ны өдөр шилжих шөнө 04 цагийн үед Модны хоёрын дунд замд байрлах Хан зочид буудлын караоке дотор үйлчлүүлж байгаад гараад тэр караокед үйлчлүүлж байсан хоёр эмэгтэйн хамт зүүн талаар нь ороод явж байхад тэнд зогсож байсан таксины жолоочтой маргаан хийсэн. Маргаан нь би тамхи асууусан юм. Гэтэл тамхи татдаг юм бол өөрөө аваад явахад яадаг юм гээд хэлсэн. Тэгээд маргаан гараад байж байхад манай найз А- нөгөө жолоочийг нүүрэн тус газар алгадаад авсан. Тэгтэл тэр залуу нь цагдаа дуудна гээд байсан. Энэ үед манай найз салаад явсан байсан. Тэнд байж байхад цагдаа нар ирээд намайг аваад эрүүлжүүлэх байрнаас хүлээж авсан байцаагч холбогдоод дуудсан тэгээд ирсэн. Би найз А-тай хамт караокед байхдаа хүний таван шил 0,33 литрийн савалгаатай Heniken гэх пиво уусан. Нэлээд халсан байсан. Гэхдээ болсон явдлыг санаж байгаа. ... Би хэн нэг хүнтэй зодоон хийгээгүй. Харин тэр залуутай маргасан. Тэр үед нөгөө залууг манай найз А- нэг удаа цохиод авсан өөр нээх сүртэй зүйл болоогүй. Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй. Өмнө нь харж байгаагүй хүн байсан.Одоо харвал сайн танихгүй байх.Надад өр авлага өс хонзон байхгүй нэгнээ огт танихгүй хүн байсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 8  дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №6368 дугаартай:

“1. Б.Б-ын биед хамар яс, хамрын таславчийн далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад язрал, зүүн гарын ядам, баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугцаанд үүссэн байх боломжтой.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт. /хэргийн 30 дугаар хуудас/

 

Яллагдагч Ц.А-ын “2019 оны 5 дугаар сарын 22-нд шилжих шөнө би найз М-ын хамт Баянгол дүүрэг 8 дугаар хороо Модны хоёрын дунд зам дагуу байдаг  ВТС нийтийн караоке дотор ороод хүний таван шил Heniken гэх пиво авч уугаад тэгээд тэнд орох үедээ өмнө нь найзтайгаа хамт 5-н шар дээр хоёр, гурван пиво уугаад тэнд очсон юм. Тэгээд тэр нийтийн караоке дотор сууж байх үедээ тэнд үйлчлүүлж байсан өөр ширээний хоёр эмэгтэй байсан. Тэр хоёртой танилцаад баар 04 цагт хаагаад гарах болоод бид нар гарах үедээ нөгөө хоёр эмэгтэйн хамт гараад одоо хаашаа явах вэ гээд ойрхон байдаг  манай таньдаг ах байдаг юм тэр хүн дээр очих гээд гадаа нөгөө баарнаасаа гараад гараа өргөх үед нэг Prius 20 маркийн машин замын нөгөө талаас эргээд бид нар дээр ирээд зогссон юм. Тэгэхээр нь нөгөө машиндаа суугаад “Х” хотхон ороод нөгөө айл руугаа орох гээд явах гэтэл манай найз болох М- нөгөө таксины жолоочтой муудалцаад байсан. Тэгэхээр нь би нөгөө нөхрийг нь хаалгыг нь онгойлгоод шууд нүүрэн дээр нь нэг удаа гараараа цохиод авсан юм. Тэгээд салаад зугтаагаад явсан. Миний найз болох М- тэнд үлдээд цагдаад баригдсан байсан. Дараа нь цагдаагаас дуудхад ирж би мэдүүлгээ өгөөд хэргээ хүлээсэн. Одоо хэрэгт холбогдоод шалгагдаж байна. Би тухайн үед нэлээн согтсон байсан. Гэхдээ болсон явдлыг санаж байгаа. Гэмтсэн зүйл харагдаагүй зүгээр байсан. Би шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан уг гэмтлийг би учруулсан хэргээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Надад ямар нэг гомдол санал байхгүй. Би хэргээ хурдан хугацаанд шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Ц.А-ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч Ц.А- уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Б-т учирсан хохирол нь нотлох хэрэгт авагдсан Дуб ХХК-ний толгойн томографийн үнэ 120.000 төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээний 120.000 төгрөг, ЭМЖЖ эмнэлгийн 100.000 төгрөгийн, 28.750 төгрөгийн баримт, шүүх эмнэлэгт төлсөн 8000 төгрөгийн баримтуудаар нийт 376.750 төгрөг тогтоогдож байх тул уг төлбөрийг шүүгдэгч Ц.А-аас гаргуулж хохирогч Б.Б-т олгуулах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйболохыг дурдаж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ц.А-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 6 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ц.А-ын хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ынА-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ц.А-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 90 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90.000 төгрөг хасч 610 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 610.000 төгрөгөөр  торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ц.А- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.А-аас 376.750 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т олгосугай. 

 

7. Хохирогч Б.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ