Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2026/00098

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09262 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 153,224,415 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* би эхнэр *******гийн хамтаар 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас Сүхбаатар дүүргийн *******, ******* гудамж, ******* тоот байрлах орон сууцыг худалдан авах орон сууцны зээлийн гэрээ байгуулан 317,880,000 төгрөгийг авсан. Зээлийн гэрээний дагуу *******-тай 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ******* дугаар бүхий Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаа-ны гэрээ байгуулсан. Бидний зээлийн төлбөр хариуцах хувь 50, 50 хувь байх, даатгалын тохиолдлын нэмэлт нөхцөлөөр зүрх гэнэт зогсох, цус харвах эрсдлийг оруулсан.

Эхнэр ******* нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр амьсгал давчдаж ухаан балартан 103 түргэн тусламж дуудан УНТЭ-ийн яаралтай тусламж тасагт хүргэгдэн нас барсан. Тухайн үед R99 буюу нас барсан шалтгаан тодорхойгүй гэсэн оношоор нас барсны гэрчилгээ гарсан бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Шүүх эмнэлгээс "Зүүн өндгөвчний уйланхайн задралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж шокод орж амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас барсан" гэсэн дүгнэлт гаргасныг 2025 оны 04 дүгээр сарын 04-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ******* тоот албан бичгээр мэдэгдсэн.

Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээний 7.8-д Хамтран зээлдэгчтэй зээлийн хувьд даатгуулагч нас барсан тохиолдолд нас барсан зээлдэгчийн зээлийн төлбөрт эзлэх хувиар нөхөн төлбөр олгоно гэж, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно гэж, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Миний зүгээс даатгалын гэрээний 7.3-т заасны дагуу нөхөн төлбөрийн материалуудыг бүрдүүлэн өгч Худалдаа хөгжлийн банкны Сансар салбараас гаргасан нөхөн төлбөрийн хүсэлтэд *******-аас 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ******* дугаартай албан бичгээр нөхөн төлбөр олгох боломжгүй талаар мэдэгдсэн. Энэ хариуг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан. Учир нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр нас барсан шалтгаан нь амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас барсан гэсэн байгаа нь зүрх гэнэт зогсох гэсэн заалтад хамаарах бөгөөд үүнийг нотолсон Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны эмч н.Энхжаргалын гаргасан дүгнэлтээс харж болно. Мөн бидний зүгээс амь насны даатгал хэмээн энэхүү даатгалыг хийсэн атал даатгалын төлбөр олгохгүй байгаа нь үндэслэлгүй юм.

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 9/2461 дүгээр албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас үүссэн тохиолдлын нөхөн төлбөрийг хамтран даатгуулагчийн төлбөр хариуцах хувиар тооцон олгож, энэ талаарх мэдээллийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тус хороонд болон даатгуулагчид хариу мэдэгдэнэ үү хэмээн шийдвэрлэсэн. Гэтэл *******-аас даатгуулагч надад ямар ч хариу мэдэгдэл өгөөгүй. Санхүүгийн зохицуулах хорооноос тодруулахад ******* даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй шүүхээр шийдвэрлүүл хэмээн мэдэгдсэн талаар хэлсэн. Тиймээс шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд даатгалын нөхөн төлбөрт 153,224,415 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь талууд хооронд байгуулсан даатгалын гэрээний 8.1.6-д Гэрээнд зааснаас бусад өвчин эмгэгийн улмаас нас барсан" бол нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй гэж заасны дагуу нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Тодруулбал, ******* нь *******тэй /*******4/-тай 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр /сунгалт хийгдсэн/ Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаа-ны ******* тоот даатгалын гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулсан ба уг гэрээний 3.1.1-д даатгуулагчийн амь насны даатгалын үндсэн эрсдэлд 3.1.1.1-д "Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэл", нэмэлтээр "Зүрх гэнэт зогсох+цус харвах" гэсэн эрсдэлээс хамгаалуулж даатгуулсан байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба тус гэрээний агуулга нь даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу тохиолдолд хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээх ба ипотекийн даатгалын амь нас, эрүүл мэндэд гэрээнд заасан эрсдэлийг даатгах, эрсдэлийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий даатгал байдаг.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* тоот албан бичигт ...Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай амь хохирогч нь зүүн өндгөвчний уйланхайн задралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж шокод орж амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас барсан тухай дүгнэлт нь эрх бүхий этгээдээс гаргасан дүгнэлт байх бөгөөд даатгуулагчийн нас барсан шалтгаан нь талууд хооронд байгуулсан даатгалын гэрээний 8.1.6-д хамаарч байсан тул манай зүгээс нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхийн дагуу татгалзаж шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн нэхэмжлэгч *******ээс 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан гар өргөдөлд ...зуурдаар нас барсан, шинжээчийн дүгнэлтэд ...амь хохирогч ******* нь зүүн өндгөвчний уйланхайн задралын улмаас нас барсан гэж дурдагдсан байх бөгөөд түүний энэ нас барсныг даатгалын гэрээний 10.19-д Гэнэтийн осол гэж үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослыг гэж заасанд хамаатуулан авч үзэх үндэслэлгүй байна.

Мөн Эрүүл мэндийн яамны дэргэдэх дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17 тоот албан бичгээр зүрх гэнэт зогсох гэдэгт зүрх гэнэт агшихгүйн улмаас цусны эргэлт зогсох нөхцөл байдал, зүрх гэнэт зогсоход хүргэдэг гол шалтгаан нь зүрхний ховдлын хориг, хэм алдалтууд, зүрхний цочмог шигдээс, зүрхний архаг өвчин хавхлагийн гажиг зэрэг эмгэгүүд хамаарах талаар бидэнд ирүүлсэн бөгөөд үүнийг талийгаачийн нас барах үндсэн шалтгаан болсон ...өндгөвчний уйланхайн задралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж шокод орж амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас барсан"-ыг зүрхний архаг өвчинд хамаатуулан авч үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлгүй байх тул хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас нийт 153,224,415/нэг зуун тавин гурван сая хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 924,080 төгрөгөөс илүү төлсөн 8 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 924,072 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ илт нэг талыг баримталж, хариуцагчийн хариу тайлбар, татгалзалд дүгнэлт өгөөгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

******* нь ******* /*******4/-тэй Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаа-ны ******* тоот гэрээг байгуулж, уг гэрээний 3.1.1-д даатгуулагчийн амь насны даатгалын үндсэн эрсдэлд 3.1.1.1-д Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэл, нэмэлтээр Зүрх гэнэт зогсох +цус харвах гэсэн эрсдэлээс хамгаалуулж, үндсэн болон хамтран зээлдэгчид нь дээр дурдсан гурван эрсдэлээс хамгаалуулж даатгуулсан боловч дээрх тохиолдол нь даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл буюу анх өвчин зовиур эхэлсэн цаг хугацаанд эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмчлэгдэх боломжтой, ердийн өвчин /Баруун өндгөвчний шар биеийн уйланхай-ӨОУА-Ю N83.2/-өөp нас барсан талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн даатгалын гэрээний 8.1.6-д Гэрээнд зааснаас бусад өвчин эмгэгийн улмаас нас барсан гэж заасанд хамаарч байсан тул нөхөн төлбөр олгоогүйн улмаас талууд маргаж, шүүхийн журмаар шийдвэрлүүлсэн болно.

Тодруулбал, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот Шинжээчийн дүгнэлтийн шүүх эмнэлгийн цогцос шинжилгээний онош: 1/Баруун өндгөвчний шар биеийн уйланхай /ӨОУА-Ю N83.2/, 2/ Өндгөвчний уйланхайн задрал, хэвлийн хөндийн цус алдалт 1200 мл, дотор эрхтний цус багадалт, шокын бөөр, тархи, уушги хаван, ходоодны салстын үхжил, Дүгнэлтийн 9-д Амь хохирогч нь зүүн өндгөвчний уйланхайн задралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж шокод орж амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ, 10-д Анх өвчин зовиур эхэлсэн цаг хугацаанд эмнэлэгт яаралтай хандаж оношлогдсон тохиолдолд амь нас аврагдах боломжтой ба эд эсийн түвшинд нэгэнт эргэшгүй өөрчлөлтөд орсон тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэж дүгнэсэн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан.

Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээ нь гэнэтийн ослын эрсдэлээс даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилготой гэрээ бөгөөд нэмэлтээр санал болгосон эрсдэлүүд нь мөн адил гэнэтийн ослын улмаас зүрх гэнэт зогсох, цус харвах эрсдэлийг хамгаалахаас биш бүх төрлийн өвчин эмгэг, түүний улмаас зүрх зогсох, цус харвах эрсдэлийг даатгаагүй болно. Энэ нь ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.2.1-д зааснаар ердийн даатгалын компани зөвхөн гэнэтийн ослын шалтгаантай эрсдэлийг даатгана гэдгийг тодорхой заасан, энэ агуулгын хүрээнд бид гэрээний төслийг боловсруулж, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн болно.

Хэрэв Зүрх гэнэт зогсох гэдэг эрсдэлд юу хамаарах, хамаарахгүй талаар дэлгэрэнгүй заагаагүй, тодорхойгүй гэж үзэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, 198.4-т зааснаар гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох, эсхүл олон утга санаа агуулсан үг хэллэг гэж үзвэл гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлах ёстой байсан боловч анхан шатны шүүх Зүрх гэнэт зогсох эрсдэлийг Баруун өндгөвчний шар биеийн уйланхай /ӨОУА-Ю N83.2/-OY-ын онош шифер нь ердийн өвчний ангилалд хамаарч байгаа өвчнөөс ялгаж ойлгоогүй бөгөөд бүх өвчин туйлдаа хүрч зүрх зогсох агуулгад багтааж гэрээний агуулгыг мушгин гуйвуулж зүрх гэнэт зогсох-ийг зүрх зогсох гэсэн ерөнхий ойлголттой нэгэн ижил гэж дүгнэсэн хэдий ч шинжээчийн дүгнэлтэд дурдсан баруун өндгөвчний шар биеийн уйланхай /ӨОУА-10 N83.2/ онош нь Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17 тоот албан бичигт дурдсан ... Зүрх зогсох оношийг Олон улсын 10-р ангиллаар I46 (Зүрх зогсох), I46.0 (Зүрх зогсоод сэрэх), I46.1 (Зүрхний шалтгаант гэнэтийн үхэл), I46.9 (Зүрх зогсох, тодорхойгүй) гэсэн кодуудын алинд нь ч хамаарахгүй байгаа болно.

Мөн Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж заасан. ******* нь даатгалын үйл ажиллагааг эрхэлж энэ төрлийн нэг загварын гэрээг байнга хэрэглэх зорилгоор урьдчилан бэлтгэж, даатгуулагчид санал болгосон тус гэрээ нь дээрх зохицуулалтад заасан стандарт бүхий гэрээ бөгөөд даатгуулагчтай байгуулсан гэрээнд Зүрх гэнэт зогсох гэсэн нөхцөлийг нэмэлт эрсдэл болгон даатгалын тохиолдолд хамааруулахаар тохиролцсон бөгөөд даатгалын гэрээний 10.19-д Гэнэтийн осол гэж үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослыг гэж гэнэтийн тохиолдлыг нэрлэн зааж, тохиролцсон ба Зүрх гэнэт зогсох гэсэн нөхцөл нь зүрх гэнэт зогсоход хүргэдэг зүрхний ховдлын хориг, хэм алдалтууд, зүрхний цочмог шигдээс, зүрхний архаг өвчин хавхалганы гажиг зэрэг эмгэгүүд хамаарах талаар, зүрх зогсох оношийг олон улсын 10-р ангиллаар I46 (Зүрх зогсох), I46.0 (Зүрх зогсоод сэрэх), I46.1 (Зүрхний шалтгаант гэнэтийн үхэл), I46.9 (Зүрх зогсох, тодорхойгүй) гэсэн кодоор тэмдэглэдэг болон зүрх зогсох өвчин нь үүссэн шалттаан нөхцөлөөс хамаарч өөр өөр нэршилтэй, бас кодтой байдаг талаар Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөлөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17 тоот албан бичгээр тодорхойлон ирүүлсэн.

Тус албан бичигт зүрх гэнэт зогсох гэдэгт зүрх гэнэт агшихгүйн улмаас цусны эргэлт зогсох нөхцөл байдал, зүрх гэнэт зогсоход хүргэдэг гол шалтгаан нь зүрхний ховдлын хориг, хэм алдалтууд, зүрхний цочмог шигдээс, зүрхний архаг өвчин хавхлагийн гажиг зэрэг эмгэгүүд хамаарах талаар бидэнд ирүүлсэн бөгөөд үүнийг талийгаачийн нас барах үндсэн шалтгаан болсон ...өндгөвчний уйланхайн задралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж шокод орж амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас барсан-ыг зүрхний архаг өвчинд хамаатуулан авч үзэх үндэслэлгүй байтал нэхэмжлэгч талаас Эмчийн тодорхойлолт гэсэн гарчигтай ямар эрх бүхий байгууллагад ажилладаг нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлтийг гаргахад оролцоогүй, эмч гэх этгээд болох Б.Энхжаргалаар гаргуулсан үндэслэлгүй тодорхойлолтыг шүүх хэргийн үйл баримтыг хагалах гол баримт болгон үндэслэлгүй дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал нь амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөлийн талаар маргадаг. Гэтэл шинжээчийн тодорхойлолтоор амь хохирогч ******* нь цус алдаж, шокт орж амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан болохыг тогтоосон. Мөн хоромхон зуурын хугацаанд үүссэн шокоос болж зүрх судасны дутагдлын улмаас нас барсан талаарх эмчийн тодорхойлолтыг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргаж өгсөн. Гэтэл ******* шалтгаангүйгээр зүрх гэнэт зогсох өвчнийг даатгасан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Эрүүл мэндийн яамны гаргаж өгсөн дүгнэлтэд зүрх гэнэт зогсох шалтгаануудад маш олон шалтгаануудыг дурддаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч талын хэлж байгаачлан гадны нөлөөгүй, зүрхний анхан шатны алдагдлаас болж нас барах гэдэг нь байх боломжгүй тохиолдол юм. Энэ талаар ямар нэгэн байдлаар даатгалын гэрээний зүрх гэнэт зогсох үндэслэлийн тодруулгад бичсэн зүйл байхгүй. Тиймээс тухайн үндэслэлд зүрх гэнэт зогсох тохиолдлуудыг бүгдийг нь оруулахаар байгаа бөгөөд үүнийг анхан шатны шүүх зөв үнэлж, дүгнэсэн. Хэрэв зүрх гэнэт зогсох шалтгаануудад зөвхөн энэ тохиолдлыг оруулна гэж гэрээнд заасан бол түүнийг тодруулгатайгаар тайлбарлан өгч, оруулах ёстой байсан. Гэтэл гэрээнд огт энэ талаар тусгагдаагүй тул зүрх гэнэт зогсох бүхий л шалтгаанууд орно гэж үзэж байна. Түүнчлэн зүрх зогсох бүхий л шалтгаануудыг Эрүүл мэндийн яамнаас гаргаж өгсөн тодорхойлолтод дурдсан бөгөөд эмчийн гаргаж өгсөн тодорхойлолт нь өндгөвчний уйланхайн задралын улмаас нас барсан нь зүрх гэнэт зогсоход хамаарна гэж тухайлан ******* амь хохирогчийн тохиолдолд нь гаргаж өгч байгаа тодорхойлолт юм. Эрүүл мэндийн яам тус тодорхойлолтыг зөвхөн ерөнхий нэршлээр нь гаргаж өгдөг тул эмчийн тодорхойлолтыг үндэслэлтэй гэж үзэж байна. Жишээлбэл, хариуцагч тал цус өтгөрсний улмаас зүрх нь гэнэт зогсож нас барсан тохиолдлыг мөн л даатгалын тохиолдолд оруулахгүй мэтээр буюу цус өтгөрөх өвчний улмаас зүрх нь зогссон байна гэж тайлбарладаг. Гэтэл шалтгаангүйгээр зүрх зогсох боломжгүй. Мөн хариуцагч тал нь анхан шатны шүүх хуралдааны үед болон давж заалдах гомдолдоо өвчний кодчиллын талаар байнга дурдаад байдаг. Хэрэв өвчний кодыг оруулах байсан бол тухайн өвчний кодыг даатгалын гэрээнд бичих ёстой байсан. Гэтэл даатгалын гэрээнд энэ талаар огт тусгагдаагүй. Өвчний кодыг яагаад даатгалын гэрээнд тусгаагүй вэ гэж шүүгч болон нэхэмжлэгчийн зүгээс асуусан асуултад хариуцагч талын зүгээс өвчний кодыг бичүүлж ирдэг учир бид код бичдэггүй гэх үндэслэлгүй тайлбар хэлдэг. Иймд хариуцагч талын өвчний кодчиллын талаар ярьж байгаа гомдол үндэслэлгүй. Ипотекийн зээл авч байгаа хүмүүс бүгд амь насны даатгал хийлгэдэг боловч амь насны даатгалын тохиолдлуудыг тухайлан тайлбарлаж өгдөг даатгалын ажилтан байхгүй. Шууд *******К-ийн бичиг баримтад гарын үсэг зур, зурахгүй бол зээл олгох боломжгүй гэх байдлаар гарын үсэг зуруулдаг. Ямар тохиолдлууд нь даатгалын тохиолдолд орох болон орохгүй эсэхийг тайлбарлаж өгсөн тайлбарыг даатгалын байгууллага огт хийгээгүй. Зөвхөн маягт бөглүүлж, гарын үсэг зуруулж, тухайн баримтад юу бичигдсэнээс үл хамаарч уг баримтыг эс зөвшөөрсөн тохиолдолд зээл нь бүтэх боломжгүй болдог учир шууд гарын үсэг зурдаг нөхцөл байдал байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч болон даатгагч нарын хооронд үүссэн маргааныг анхан шатны шүүхийн журмаар шийдвэрлэдэг. Санхүүгийн зохицуулах хорооноос энэ нь даатгалын тохиолдол мөн байна, бид хуулийн хүрээнд урьдчилсан байдлаар энэ тохиолдлын нөхөн төлбөрийг өг гэж шийдвэрлэж байна гэх шийдвэрийг 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан. Мөн тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар хэрэв энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүчингүй болгуулахаар ******* захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байсан. Гэтэл хариуцагч тал дээрх байдлаар огт захиргааны хэргийн шүүхэд хандаагүй учир уг шийдвэр хүчинтэй. Түүнчлэн, тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч талын зүгээс огт маргаагүй атлаа даатгалын нөхөн төлбөрийг өгөхгүй, хуулиа биелүүлэхгүй байгаа нь үндэслэлгүй. Даатгалын нөхөн төлбөр олгох тохиолдлууд үүссэн тул Санхүүгийн зохицуулах хорооноос тус нөхөн төлбөрийг олго гэх шийдвэр гарсан. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 153,224,415 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, өндгөвчний уйланхайн задралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж шокод орж амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас барсныг зүрхний архаг өвчинд хамаатуулан авч үзэх үндэслэлгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

3.1. *******, ******* нар нь *******К-тай 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ******* дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, *******К нь 317,880,000 төгрөгийг 264 сарын хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдэгч *******, ******* нар нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх 5-7/

 

3.2. *******, ******* нар нь *******-тай 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ******* дугаар даатгалын гэрээ байгуулж, орон сууцыг даатгуулж, улмаар 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдөр ******* дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаа байгуулж, уг гэрээгээр ******* нь гэрээнд заасан даатгалын эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгох, даатгуулагч *******, ******* нар нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх 6,14/

Даатгалын гэрээний талууд даатгалын үнэлгээг 317 880 000 төгрөгөөр тогтоож, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг ******* 50/тавь/ хувь, ******* 50/тавь/ хувь байхаар, даатгалын гэрээг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаатайгаар байгуулж, гэрээний хугацааг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгаж, даатгагч нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид нөхөн төлбөр төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулга нь даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

5. Зохигч талуудын байгуулсан даатгалын гэрээний 3.1.1, 3.1.1.1, 3.1.1.2-т тус тус зааснаар даатгалын тохиолдол буюу амь насны үндсэн эрсдэлд даатгуулагч нь гэнэтийн ослын улмаас нас барах, мөн гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах тохиолдлыг хамааруулсан бол гэрээний 3.1.2.1, 3.1.2.2, 3.2-д тус тус заасан нэмэлт эрсдэлд даатгуулагчийн зүрх гэнэт зогсох, цус харвасны улмаас нас барсан тохиолдолд даатгалын тохиолдол бий болсонд тооцож, даатгалын нөхөн төлбөрийг төлөгдөөгүй зээлийн үлдэгдлээс тооцож олгохоор тохиролцсон байна.

 

6. Хэрэгт авагдсан баримтаар даатгуулагч ******* нь даатгалын гэрээний хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр амьсгал давчдан ухаан балартаж 103 түргэн тусламж дуудан УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн нас барсан байна. /хх 15/

 

6.1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд ...амь хохирогч нь зүүн өндгөвчний уйланхайн задралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж шокод орж амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ гэж тэмдэглэсэн, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн эмчийн тодорхойлолтод ...дотуур цус алдалтаас үүдэлтэй их хэмжээний цус алдагдал нь геморрагийн шок үүсгэж, улмаар гэнэтийн зүрх зогсолтод хүргэн нас барсан. Энэ нь шинж тэмдэг илрэн түргэн тусламж ирэн анхны тусламж үзүүлэн УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн ирэхдээ амьсгал, зүрхний үйл ажиллагаа зогсон ирсэн гэх тэмдэглэл дээр үндэслэсэн болно гэжээ. /хх 16, 17, 77-82/

 

7. Нэхэмжлэгч ******* нь *******гийн нас барсан шалтгааныг хэвлийн хөндийд цус алдаж шоконд орж амьсгал зүрх судасны дутагдлаар зүрх зогсон нас барсан гэснийг хариуцагч *******-ийн зүгээс эс зөвшөөрч, нас барсан шалтгаан буюу өвчний онош нь өндгөвчний уйланхайн задралын улмаас нас барсан, зүрх зогсох өвчний оношид хамаарахгүй, зүрх зогсох оношийг олон улсын 10-р ангиллаар кодоор тэмдэглэсэн байдаг гэж маргаж, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. /хх 97, 98/

Өөрөөр хэлбэл, зохигч даатгалын гэрээний 3.1.2.1-д заасан зүрх гэнэт зогсох нэмэлт эрсдэл буюу даатгалын тохиолдол бий болсон эсэх асуудлаар маргажээ.

 

7.1. Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 9/2461 дугаартай албан бичгээр ...даатгуулагч нь даатгалын гэрээнд зүрх гэнэт зогсох, цус харвах, эрсдэлийг нэмэлт эрсдэлээр сонгон даатгуулсан байх ба энэ тохиолдолд даатгуулагч нь гэрээнд заасан нэмэлт эрсдэл буюу Зүрх гэнэт зогсох эрсдэлийн улмаас нас барсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзлээ гэх хариуг *******-д хүргүүлжээ. /хх 19/

 

7.2.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

Талуудын байгуулсан даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2.1-д даатгалын нэмэлт эрсдэлд зүрх гэнэт зогсох гэж заасан бөгөөд зохигч талууд даатгуулагчийн бусад өвчнөөс хамаарч амьсгал зүрх судасны дутагдлын улмаас зүрх зогсох тохиолдлыг даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж харилцан тохиролцоогүй, өөрөөр хэлбэл даатгалын гэрээний 10-т заасан нэр томъёоны тайлбарт зүрх гэнэт зогсох эрсдэлд ямар тохиолдлуудыг ойлгох талаар нарийвчлан зааж, тайлбарлаагүй байх ба зүрх гэнэт зогсох нь өвчний олон улсын ангиллын ямар кодод хамаарах тохиолдлыг ойлгох талаар тодруулга тэмдэглэгээ хийгээгүй байна.

 

7.3.Зүрх гэнэт зогсох нь даатгуулагчийн зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох бусад өвчинтэй шууд шалтгаант холбоогүй, бүх өвчний эцсийн шат нь зүрх зогсох байдаг бөгөөд үүнтэй хамааралгүйгээр бие даасан зүрх зогсох гэсэн өвчний онош байх ёстой, энэ нь өвчний олон улсын кодоор /I46 (Зүрх зогсох), I46.0 (Зүрх зогсоод сэрэх), I46.1(Зүрхний шалтгаант гэнэтийн үхэл), I46.9 (Зүрх зогсох, тодорхойгүй)/ тэмдэглэгддэг гэх хариуцагчийн татгалзал нь гэрээгээр тохиролцсон даатгалын нэмэлт эрсдлийн тохиолдлын хамрах хүрээг хэт багасгаж байгаагаас гадна амьсгал зүрх судасны дутагдлаас зүрхний үйл ажиллагаа зогсохыг зүрхний өвчинтэй огт хамааралгүй гэсэн нь даатгуулагчийн эрх ашигт нийцэхгүй байна.

 

7.4. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ., мөн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж тус тус заасан.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь хариуцагчийн даатгалын мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэхдээ энэ төрлийн, нэг загварын гэрээг байнга хэрэглэх зорилгоор урьдчилан бэлтгэж нөгөө талдаа санал болгодог, дээрх хуулийн зохицуулалтад заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.

 

7.5. Талууд гэрээндээ зүрх гэнэт зогсох гэсэн нөхцөлийг нэмэлт эрсдэл болгон даатгалын тохиолдолд хамруулахаар тохиролцсон, маргаан бүхий тохиолдолд зүрх зогссон нь эцсийн шат болсон, эмчлүүлсэн бол амь нас аврагдах боломжтой ердийн өвчин байсан энэ шинжээрээ даатгалын тохиолдолд хамаарахгүй байсан гэж хариуцагч мэтгэлцсэн боловч Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д зааснаар даатгагч нь даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид тодорхой танилцуулах үүрэгтэй.

Гэтэл талууд ямар тохиолдлыг гэнэтийн гэж үзэхийг зүрх гэнэт зогсох тохиолдолд ямар онош хамаарах талаар гэрээндээ тодорхой нэрлэн зааж тохиролцоогүйгээс уг нөхцөлийн утга санаа тодорхой биш байхаас гадна дээрх хуульд зааснаар гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах нь даатгагчийн үүрэг тул уг нөхцөлийг даатгуулагчид ашигтайгаар тайлбарлах нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д нийцнэ.

Өөрөөр хэлбэл, даатгуулагч ******* нь өндгөвчний уйланхайн задралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж шоконд орж амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан байх ба энэ нь түүний оношлогдож эмчлүүлж байсан өвчний хүндрэлээс болоогүй, цус алдаж шоконд орж амьсгалын дутагдлын улмаас зүрх зогсож, богино хугацааны гэнэтийн үйл явдал болсон нь хэргийн баримтаар тогтоогдсон тул гэрээнд заасан нэмэлт эрсдэл үүсч даатгалын тохиолдол бий болсон гэж дүгнэнэ.

 

Дээрхээс үзвэл, анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, даатгуулагч *******г даатгалын гэрээнд заасан нэмэлт эрсдэл буюу өндгөвчний уйланхайн задралын улмаас шоконд орж амьсгал зүрх судасны дутагдлын улмаас зүрх зогсож нас барсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Даатгалын гэрээний 7.8, 7.13-т зааснаар даатгуулагч нас барсан тохиолдолд зээлийн төлбөрт эзлэх хувиар нөхөн төлбөр олгоно, нөхөн төлбөр олгох дүн нь даатгалын тохиолдол болсон өдрөөр зээлийн төлбөрийн үлдэгдэл байна гэж зааснаас үзэхэд даатгалын тохиолдол гарах үед зээлийн үлдэгдэл 306,448,831.14 төгрөг, зээлийн үлдэгдлийн 50 хувь нь 153,224,415 төгрөг байсан болох нь зохигчийн тайлбар, *******К-ийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн № 7-457/401 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна. /хх 40, 62-64/ 

 

8.1. Мөн, даатгалын гэрээний 6.2.1, 7.2-т зааснаар даатгуулагч нас барсан тохиолдолд хууль ёсны өв залгамжлагч даатгалын нөхөн төлбөр олгох талаар өргөдөл гаргах эрхтэй ба Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, *******0.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь ******* агсны хууль ёсны өвлөгч талаар зохигчид маргаагүй байна.

 

9. Иймээс Даатгалын гэрээний 4.2.1-д Даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг энэхүү гэрээ болон даатгалын гэрээт баталгаанд тохиролцсон, хугацаа хэмжээгээр олгох, 7.8-д Хамтран зээлдэгчтэй зээлийн хувьд даатгуулагч нас барсан тохиолдолд ... нас барсан зээлдэгчийн зээлийн төлбөрт эзлэх хувиар нөхөн төлбөр олгоно. гэж тус тус зааснаар даатгалын нөхөн төлбөрийн хувь хэмжээг үндэслэн тухайн үед төлөгдөөгүй байсан орон сууцны зээлийн үлдэгдлээс 50 хувьд ногдох 153 224 415 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасантай нийцсэн, шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн.

9.1. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 924,073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН

 

 

Д.ХУЛАН