| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0149/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/152 |
| Огноо | 2019-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа
Улсын яллагч Э.Ууганзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал
Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэr ирүүлсэн, шүүгдэгч Х.*******т холбогдох эрүүгийн 1936002140180 дугаартай, 178/2019/0149/Э/ индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс-урианхай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ү.*******тэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчтой эвлэрсэн гэх мэдүүлэг,
Хохирогч ******* овогт *******гийн *******гийн / ******* регистрийн дугаартай, 39 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манайд манай нөхөр *******ын үеэл гэдэг залуу ирчихсэн байсан.Тэгээд болон нөхөр бид хоёрыг гэр лүүгээ дагуулж явсан. Бид нар тэднийд цай уучихаад 5-уулаа Дуут сум орсон. Тэндээсээ 3 шил архи авч замдаа уусан.Замдаа явж байгаад манай аавыг болон намайг хэл амаар доромжилж “ гуйлгачин, банзал пизда” гээд миний нүд рүү цохихоор нь би машинаас буухад манай нөхөр намайг явъя гэхээр нь би машины кабин руу орох гэтэл миний өрц рүү өшиглөөд машинаас унагаасан... гэх мэдүүлэг / хэргийн 9-10-р хуудас/
Гэрч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр би эхнэртэйгээ ахын хамт Дуут сум орчихоод гэртээ ирэхэд манай манай авга ахын хүүхэд болох Х.******* буюу ирчихсэн байсан.Тэгээд бид нарыг Х.******* гэртээ дагуулж очоод тэднийд цай уучихаад тавуулаа сумын төв ороод 3 шил архи аваад замдаа уусан. Замдаа Х.******* манай эхнэр Ү.*******г “чиний эцэг чинь гуйлгачин, банзал пизда” гэж доромжилсноос болоод тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад манай эхнэр ******* миний нүд рүү цохичихлоо гээд уйлаад буугаад явсан, Тэгэхээр нь би тэр хоёрыг явцгаая гээд машинд ороод суухад манай эхнэр Х.******* миний өмнөөс тийрээд унагачихлаа гээд уйлаад суучихсан.Би эхнэрээ гэртээ буулгачихаад бусад хүмүүсийг гэрт нь хүргэчихээд ирэхэд манай эхнэрийн 2 нүд нь хөхөрч хавдсан байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 463 дугаартай шинжээчийн...Ү.*******гийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархины зүүн , дух, зулай, чамархайн түвшинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Ү.*******гийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ү.*******гийн биед учирсан гэмтлүүдийн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.Ү.*******гийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хэргийн 29-30-р хуудас/
Шүүгдэгч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ү.******* “ манай нөхөр боож үхлээ” гээд явчихлаа гэхээр нь би өөрөө олж ир гээд би Ү.*******гийн дух руу нэг удаа гараараа цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 35-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч Х.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.*******, хохирогч Ү.******* нар нь хамаатан садны холбоотой ойр дотно хүмүүс бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэж үл ялих зүйлээр хоорондоо маргалдаж, улмаар хохирогч Ү.*******г толгойн тус газар нь цохисноос биед нь гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.******* нь хохирогч Ү.*******г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ү.*******гийн мэдүүлэг, гэрч Х.*******ын мэдүүлэг болон 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Х.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.*******ыг хохирогч Ү.*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-43/-аар, хохирогч Ү.*******гийн ... бид хоорондоо эвлэрсэн, хохиролд 500.000 төгрөг авсан, одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ... гэх / хх-10/ мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Х.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулж, зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч Х.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа.Хохирогчид хохирол төлбөр төлсөн. Шүүгдэгчийн 450.000 төгрөгтэй дансыг битүүмжилсэн байгаа. Иймд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...гэх санал,
Шүүхээс шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 600.000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******т тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох Прокурорын саналыг прокурорын шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид танилцуулж, гарын үсэг зуруулсан бөгөөд хэргийн зүйлчлэл, ялын санал дээр маргаангүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эзэмшлийн Ховд аймаг дахьТөрийн банкны 110500018165 тоот дансанд байгаа 451215 төгрөг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5/102 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 6000.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан торгох ялын зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгийг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******т тайлбарласугай.
5.Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Ховд аймаг дахьТөрийн банкны 110500018165 тоот дансанд байгаа 451215 төгрөг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5/102 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
6.Шүүгдэгч Х.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Х.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form