| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2016/00504/И |
| Дугаар | 874 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 874
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Өндөрхаан 07-06 тоотод оршин суух Жавхлант овгийн Чойжилсүрэнгийн Пүрэвсүрэнгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ж.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Миний бие 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тэр үеийн Октябрын районы Партизан САА-н Хүний их эмчинй салбарт сувилагчаар ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал бичигдсэн боловч хөдөлмөрийн дэвтрийг минь 1992 онд шинэчилж бичихдээ ажилд орсон тушаал, дэвтэр нээсэн он сарыг зөрүүлж бичсэн учир ажилд орсон тушаалын эх хувийг авч ирэхийг НДБайгууллага шаардсан боловч Нийслэлийн архив, Улсын төв архиваас олдохгүй байна. иймд намайг 1981 оны 09-р сарын 01-ний өдрөөс 2016 оныг хүртэл СХДүүргийн 24-р хороо, Жаргалант тосгоны эрүүл мэндийн төвд ажиллаж байгааг тогтоож өгнө үү.Ч.Пүрэвсүрэн би ажиллаж байсанаа тогтоолгохоор хүсэлт гаргасан юм. Үүнтэй холбогдуулан байгаа баримтуудаг гаргаж өгсөн. Миний энэ асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаан 2016 оны 09-р сарын 14-ны өдрийн 11 цаг 30 минутад зарлагдсан байна. Миний бие энэ хуралдаанд очих боломжгүй байгаа тул намайг байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Жавхлант овгийн Чойжилсүрэнгийн Пүрэвсүрэн “Партизан хороо”-ны Сангийн аж ахуйн хүн эмнэлэгт сувилагчаар 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оныг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Чойжилсүрэнгийн Пүрэвсүрэн нь “Партизан хороо”-ны Сангийн аж ахуйн хүн эмнэлэгт сувилагчаар 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улаанбаатар хотын Партизан хорооны Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 63 тоот захирамж, Жаргалант дүүргийн 1994 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 59 тоот тушаалын хуулбар, Жаргалант дүүргийн хүн эмнэлгийн ерөнхий эмчийн 1993 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 44 тоот тушаалын хуулбар, Партизан хорооны хүн эмнэлгийн 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 24 тоот тушаалын хуулбар, Партизан хорооны хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 03 дугаар сарын 23-ны 01 тоот тушаалын хуулбар, Партизан хорооны хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1990 оны 041 дүгээр сарын 23-ны өдрийн 13 тоот тушаалын хуулбар, Жаргалант тосгоны эрүүл мэндийн төвийн 2016 оны 08 дугаарсарын 02-ны өдрийн цалингийн цэсний лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 426 тоот тодорхойлолт, цалингийн түүвэр, 1981 оны 09 дүгээр сараас 1987 оны 08 дугаар сарыг хүртэлх цалингийн хүснэгтийн хуулбар, Ч.Пүрэвсүрэнгийн 1990 оны 04 сарын 13-ны өдөр шагнуулсан “Наймдугаар таван жилийн гавшгайч”-ийн үнэмлэхний хуулбар, “Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны 116-р цэцэрлэгийн 30 жилийн ойн” ном зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Харин Ч.Пүрэвсүрэн нь 1981 оны 9-р сараас 2016 он хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан ба Нийгмийн даатгалдын багц хууль нь 1994 онд батлагдаж 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оныг хүртэл ажиллаж байсан байдлыг шүүх тогтоохгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ж.Пүрэвсүрэнд шүүх хуралдааны товыг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 77-р зүйлд зааснаар мэдэгдсэн боловч хэргийг эзгүйгээр шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг эзгүйгээр хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар Хүсэлт гаргагч Жавхлант овгийн Чойжилсүрэнгийн Пүрэвсүрэнг “Партизан хороо”-ны Сангийн аж ахуйн хүн эмнэлэгт сувилагчаар 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Пүрэвсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ