| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2023/03086/И |
| Дугаар | 210/МА2026/00158 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2026/00158
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/08362 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Дундговь аймгийн Цахилгаан түгээх сүлжээ салбарт ашиглалт, засварын инженер албан тушаалд ажилд орсонтой холбогдуулан тоот хаягт шилжин ирж, ажиллаж байгаад 2019 онд БНСУ руу ажиллахаар явсан. Энд байх хугацаандаа миний нэрээр хуурамч итгэмжлэл хийж, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2 ширхэг трактор авсан зээл байгааг дүүгээсээ мэдсэн.
1.2. 2021 оны 8 дугаар БНСУ-аас ирж, 11 дүгээр сард Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Өмнөговь аймгийг хариуцсан мэргэжилтэн ******* гэх хүнтэй уулзаж, холбогдох материалыг үзэхэд огт танихгүй хүн итгэмжлэл, оршин суух хаягийн тодорхойлолт, гарын үсэг зэргийг хуурамчаар үйлдэж тус сангаас зээл авсан талаар бүрэн мэдээлэл авч, Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргахад харьяаллын дагуу Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг рүү шилжүүлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 746 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол гарсныг 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр авсан.
1.3. Иймд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хайхрамжгүй, магадгүй эрх мэдлээ урвуулан ашиглан миний нэрийн өмнөөс зээл хөөцөлдсөн этгээдэд зээл өгч, аваагүй зээлийн төлбөрийг төлөх, төлөгдөөгүй зээлийн улмаас муу зээлдэгч болж хохирч байгаа тул 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь өөрийгөө төлөөлөх итгэмжлэл олгож, 2 ширхэг трактор худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөнгийг зээлээр төлөхөөр болсон. Итгэмжлэлийг Нотариатын тухай хуульд зааснаар нотариатч ******* гэрчилж, бүртгэл хөтөлсөн, энэ нь гэрч *******, нотариатч нарын мэдүүлгээр батлагдаж байгаа тул гэрээ хүчин төгөлдөр. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн тайлбарын агуулга:
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******-д холбогдуулан гаргасан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Бот/2016-56 тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 104,750 төгрөгийг нэхэмжлэгч *******оос нөхөн гаргуулж, улсын төсөвт оруулж, хариуцагч *******-иас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Хэргийн материалд гэрч *******гээс авсан гэрчийн мэдүүлэгт төлөөлөгч, төлөөлүүлэгч аль аль өөрийн биеэр байж итгэмжлэлийг батлах боломжтой гэж мэдүүлснийг шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ гэрчийн мэдүүлгийг худал бичсэн, мөн техник тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудас дээр гуравдагч этгээд ******* хүлээн авсан гэдэг дээр гарын үсэг зурсан байтал ямар ч гарын үсэг зураагүй мэтээр дүгнэсэн, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс гэрээний үүргийг шаардаж байсан талаар баримтаар нотлоогүй гэсэн боловч нэхэмжлэгч ******* нь Солонгос Улсад амьдарч байсан тул холбогдох боломжгүй байсан тул аймаг сумдын төрийн байгууллагаар дамжуулан нэхэмжилж байсныг түүний хэрэгт өгсөн мэдүүлгээр буюу “Манай дүү Өмнөговь аймгийн Манлай сумын захиргаанд ажиллаж байхдаа зээлийн зургийг дараад явуулсан тэгээд мэдсэн” гэх мэдүүлгээр нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7.7-д заасан дүгнэлт нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.
5.2. Хариуцагч ******* /регистрийн дугаар / Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаад Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.4.1.9 дэх заалтын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам түүний харъяа байгууллагуудыг Дархан-Уул аймагт нүүлгэн шилжүүлэх Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 32 дугаар тэмдэглэлийн дагуу оршин байгаа хаяг өөрчлөгдсөн. Хаяг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу одоогийн байрлаж байгаа хаягаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлж өгөхийг хүссэн удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон нь нэг талыг барьсан нэхэмжлэгчид давуу байдлыг бий болгосон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
6.1. Итгэмжлэлийг нотариатын бүртгэлд бүртгэдэг тул төлөөлүүлэгч өөрийн биеэр ирээгүй тохиолдолд гэрээ байгуулагдах боломжгүй гэх агуулгатай мэдүүлгийг гэрч өгсөн боловч нотариатын бүртгэлийн хуудас гэх гар бүртгэлийн хуудсанд зурагдсан *******ын гарын үсэг болон итгэмжлэл дээр зурагдсан гарын үсэг нь *******ын гарын үсэг биш гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлтийг хариуцагч талын зүгээс ямар нэгэн байдлаар эс зөвшөөрч гомдол гаргаагүй. Иймд уг баримт нь Иргэний хуульд заасан итгэмжлэл олгоход тавигдсан шаардлагуудыг зөрчсөн учир талуудын хооронд хийгдсэн хэлцэл хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд хэргийг ямар үндэслэлээр шилжүүлж болох талаар зааж өгсөн. Үүнд нотлох баримтын дийлэнх нь байгаа газрын шүүхэд хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл шилжүүлж болох боловч хэргийг шилжүүлэх хүсэлт гаргаснаас хойш хариуцагч талаас ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд дийлэнх нотлох баримт цугларсан байсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж, хаяг нь өөрчлөгдсөн. Иймд Хан-Уул дүүргийн шүүх энэ хэрэг маргааныг хүлээн авч шийдвэрлэсэн нь ямар нэгэн процессын алдаа гаргасан зүйл байхгүй. Хэрэв үнэхээр процессын алдаа гэж үзэж байгаа бол энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх алдаа биш гэж үзэж байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ”-г хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
3. Хариуцагч байгууллага нь 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Ботх/2016-56 дугаартай “Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ”-гээр ******* нь FT-250 маркийн бага оврын 2 ширхэг тракторыг өрхийн аж ахуйг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар 10,000,000 төгрөгөөр худалдан авсан, *******оос олгосон итгэмжлэлийг үндэслэн *******тай гэрээ байгуулсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
4. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, үйл баримтыг зөв тогтоосон, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
4.1. 1хх-ийн 39 дүгээр талд 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр *******оос *******д олгосон итгэмжлэл авагдсан байх ба уг итгэмжлэлээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас FT-250 маркийн трактор, анжис зээлээр худалдан авах, зээлийн болон худалдан авах гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг *******д олгожээ.
Нэхэмжлэгч дээрх итгэмжлэлийг олгоогүй, трактор худалдан авахаар хариуцагч байгууллагад хандаж байгаагүй гэж маргаж, итгэмжлэлд зурагдсан гарын үсэгт шинжээч томилуулах түүний хүсэлтийг үндэслэн шүүх Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ЕГ0125/1091 дугаартай шинжээчийн дүгнэлтээр итгэмжлэлд зурагдсан *******ын гэх гарын үсэг нь түүний гарын үсгийн загваруудтай тохирохгүй гэж дүгнэжээ. /1хх-ийн 176, 202-209 дүгээр тал/
Улмаар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь нэхэмжлэгчийг танихгүй, зээл авч байгаагүй, энэ талаар мэдэхгүй гэж тайлбар гаргасан байна.
5. Энэ тохиолдолд нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч трактор худалдан авах хүсэлт гаргасан, төлөөлөгчөөр дамжуулан хүсэл зориг илэрхийлж, гэрээ байгуулсан болохыг нотлох үүрэгтэй.
5.1. Талуудын маргаж буй 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Бот/2016-56 дугаартай “Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ”-гээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь FT-250 маркийн бага оврын 2 ширхэг тракторыг /анжис/ өрхийн аж ахуйг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар олгох, ******* нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 31-35 дугаар тал/
Тус гэрээнд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар тусгаж, талуудын төлөөлөгч нар гарын үсэг зурж Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хэлбэрийн хувьд хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна.
Гэвч дээрх гэрээнд 2 ширхэг тракторыг өрхийн аж ахуйг дэмжиж, хөгжүүлэх зориулалтаар олгох, гэрээний үнийг урт хугацаанд хэсэгчлэн төлөх зэргээр тодорхой зорилго, нөхцөлийг заажээ. Иймд нэхэмжлэгчийн хувьд хөдөө аж ахуйн салбарт хамаарах өрхийн аж ахуй эрхэлдэг, дэмжлэг шаардлагатай зэрэг шалгуурыг хангасан байх нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үндэслэл болохоор байх тул дээрх нөхцөл байдлыг хариуцагч байгууллага гэрээ байгуулахаас өмнө тогтоосон байх учиртай.
Гэтэл нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2023/13427 дугаартай захирамжаар хариуцагч байгууллагаас гэрээний хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулахад 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ, урьдчилгаа төлбөр төлсөн гэх баримт, техник, тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудас, *******оос *******д олгосон итгэмжлэл, оршин суугаа газрын тодорхойлолтоос өөр баримт ирүүлээгүй байна. /1хх-28-40 дугаар тал/
6. Иймд хэргийн баримтаар нэхэмжлэгч трактор худалдан авах хүсэлт гаргасан, хөдөө аж ахуйн салбарын өрхийн үйл ажиллагаа эрхэлдэг нь тогтоогдоогүй байх тул *******оос *******д олгосон итгэмжлэлийг үндэслэн гэрээ байгуулагдсан гэх хариуцагчийн тайлбар нь бодит байдалд нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, өрхийн аж ахуйг дэмжих, хөгжүүлэх зорилгын хүрээнд нэхэмжлэгч зохих шаардлагыг хангасан эсэхийг хариуцагч байгууллагаас тогтоогоогүй нөхцөлд нэхэмжлэгчээс төлөөлөгчөөр дамжуулан гэрээ байгуулахаар итгэмжлэл олгосон нь гэрээ байгуулах шууд үндэслэл болохгүй.
Иймд хариуцагч байгууллага нь худалдах, худалдан авах гэрээний зорилгыг нэхэмжлэгч хангах эсэхийг тогтоох үүрэгтэй этгээдийн хувьд нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл хуульд нийцсэн эсэхийг мэдэх боломжтой байхад уг үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан нь уг гэрээнд нэхэмжлэгчийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж дүгнэх үндэслэл болно. Энэ тохиолдолд гэрээ хуулийн шаардлага хангаагүй буюу гэрээ эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж шүүх зөв дүгнэсэн.
7. Гэрч ******* “...итгэмжлэлийн төлөөлөгч байхгүй байж болно төлөөлүүлэгч байх ёстой, ...нэхэмжлэгч байсан уу, санаж байна уу гэх асуултад: Би тэрийг мэдэхгүй байна. ...8 жилийн өмнөх үйл баримтыг санахгүй” гэж мэдүүлсэн байх ба тус мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн 7.7-д “...итгэмжлэлийг батлахад нэхэмжлэгч байсан эсэхийг мэдэхгүй байна, итгэмжлэлийг батлахад төлөөлөгч байхгүй байж болно төлөөлүүлэгч байх ёстой” гэж тусгасан нь агуулгын алдаагүй байна. Иймд гэрч *******гийн мэдүүлгийг худлаа бичсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
8. Мөн 1хх-ийн 10, 58 дугаар талын арын хуудсанд Техник, тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудас гэх баримтад “...Foton Lovol-250 трактор анжисын хамт /хоёр/ ширхэгийг олгох” гэж бичигдэж, олгосон нярав ******* гарын үсэг зурсан, харин хүлээн авсан хүний гарын үсгийн тайлал бичигдээгүй.
Харин 1хх-ийн 9, 34 дүгээр талд авагдсан Техник, тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудас гэх баримтад хүлээн авсан тэмдэглэгээ хийгдээгүй байна.
Дээрх баримтуудаар тракторыг хүлээн авсан гэх этгээд тодорхойгүй нөхцөлд анхан шатны шүүх гэрээний зүйл болох тракторыг хүлээлгэн өгсөн талаар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд техник тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудас дээр гуравдагч этгээд ******* хүлээн авсан гэдэг дээр гарын үсэг зурсан байтал ямар ч гарын үсэг зураагүй мэтээр дүгнэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.
9. Нэхэмжлэгчийн “Өмнөговь аймгийн Төрийн банкнаас 8 сая төгрөгийн зээл авсан гэж ярьсан” гэх тайлбар нь хариуцагч байгууллагаас шаардах эрх хэрэгжүүлсэн гэж дүгнэхгүйгээс гадна шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь гэрээний хүчин төгөлдөр байдалд хамааралгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.
10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг мөн хангахгүй орхино.
10.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШЗ2025/38256 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
Учир нь нэхэмжлэл гаргах үед хариуцагч байгууллага нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт нийцжээ.
Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын оршин байгаа газар, хаяг өөрчлөгдсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг шилжүүлэх үндэслэл болохгүй. Иймд шүүхийн харъяалал зөрчсөн тул хэргийг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
11. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/08362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА