| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0150/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/153 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.8.1., |
| Улсын яллагч | Д.ДУЛАМЖАВ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Золзаяа
Улсын яллагч Д.Дуламжав
Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 1936000000157 дугаартай, 178/2019/0150/Э/ индекстэй хэргийг 2019 оны 09 сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ******* оны 08 сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, хувиараа ажилладаг, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, урьд оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 31 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 01 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан гэх, дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Л.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эхнэр Д.ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт хохирогч Ш.ын эд зүйлийг хууль бусаар устгаж, хохирогч Ш.ад 1049000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч овогт гийн ын / 1977 оны 10 сарын 01-ний өдөр төрсөн, эмэгтэй, 42 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, цолцолбор сургуульд багш ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Л.******* гэх хүний эхнэр Д.тай тохиролцоод лагерт байх гэрийг нь түрээслэхээр болсон. Тэгээд тухайн гэрт эд зүйлээ тавьчихаад зах гарч, хонь авч махыг янзалчихаад, лагерт гэрт ирэхэд манай эд зүйл байхгүй байхаар нь нөхөр лүүгээ залгаад асуусан чинь гайхаад “ чи өөр гэрт орчихсон юм байлгүй” гэсэн. Тухайн үед хогийн цэг дээр байх пошкин дотор их хэмжээний зүйл шатаж харагдсан, тэрийг анзаараагүй. Тэр орой гэр бүлээрээ буудалд хоночихоод маргааш нь гэртээ ирээд байж байтал Л.******* согтуу ирэхээр нь танихгүй болохоор “та юун хүн бэ” гэхэд “ би энэ гэрийн эзэн “ гэсэн. Тэгэхээр нь танай эхнэртэй тохиролцоод бид энэ гэрийг түрээсэлж байгаа юм” гэж хэлсэн чинь яваад өгсөн.Тухайн үед Л.******* шал согтуу машины шил хагална гээд орилоод байхаар нь би гарсан чинь чулуугаа хаяад яваад өгсөн. Маргааш нь Л.Ган-Эрдэний гэрийг хайж очоод эхнэрээс нь “ манай эд зүйл яасан юм болоо “ гэхэд “мэдэхгүй” гэсэн. Тэгээд өчигдөр танай нөхөр ирээд агсам тавиад байхаар нь гэрт хоноогүй гэж хэлэхэд “ манай нөхөр согтуудаа юм шатаадаг өвчтэй, аягүй бол таны юмыг шатаасан байж магадгүй” гэхээр нь тухайн юм шатаж байсан газар очоод үзэхэд манай хөнжил эд зүйлийн тасархайнууд байсан.Тэгээд Л.Ган-Эрдэнийг хайж олоод асуухад “ би шатаасан” гэж хэлсэн. Бид хоёр ярилцаад 8 сарын 2 гэхэд хохирлыг төлж барагдуулахаар бичиг бичиж өгсөн боловч өгөхгүй болохоор нь би цагдаагийн газар дагуулж ирсэн... гэх мэдүүлэг / хэргийн 6-7-р хуудас/
Эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн ....тэмээний ноосон хөнжил / монгол/-2 ширхэг-200000 төгрөг, даавуун хөнжил-3 ширхэг-75000 төгрөг, углаа дэвсээ-4 хос-200000 төгрөг, дэр -2 ширхэг-40000 төгрөг, орны бүтээлэг-2 ширхэг-90000 төгрөг,эсгий гудас 2 хүний өргөн-4 ширхэг-144000 төгрөг, куртик том -2 ширхэг-140000 төгрөг, куртик / хүүхдийн/-2 ширхэг-80000 төгрөг, гэрийн халад -1 ширхэг-50000 төгрөг, хүүхдийн десант хослол – 1 ширхэг-30000 төгрөг, нийт-1049000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 11-р хуудас/
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр машинаа засуулахаар аймагт гэр бүлээрээ орж ирээд манай эхнэр хүнтэй яриад лагерт гэр түрээслэхээр болсон тул тэнд очоод эд зүйлээ тухайн гэрт оруулчихаад зах гарч хонь авч гаргаж янзлаад ирсэн. Өдөр нь манай эхнэр тухайн гэрт ирэхэд манай эд зүйл алга байна гэхээр нь бид нар тэр шөнө буудалд хоносон. Тэгээд маргааш нь Д. гэдэг хүнийг хайж олоод асуухад мэдэхгүй, гэхдээ манай нөхөр юм шатаачихдаг гэхээр нь Д.ийг дагуулаад лагерт байх хог хийдэг саван дээр ирж үзэхэд манай хөнжил гудасны тасархай байсан... гэх мэдүүлэг / хэргийн 30-р хуудас/
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай лагерт байсан гэрийг гэх айл түрээслэхээр болоод тэд нар юмаа зөөгөөд оруулсан. Би “ цоож нь гараар гарчихдаг, солиорой” гэж хэлээд явсан. Маргааш нь Д. эхнэрийн хамт ирээд манай гэрт оруулсан эд зүйл алга байна” гэхээр бид нар лагерт очоод хогийн саванд үзэхэд шатаасан үлдэгдэл байсан. Манай нөхөр эхлээд шатаагаагүй гэж байснаа согтуудаа шатаачихсан гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хэргийн 31-32-р хуудас/
Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр лагерт айлд хуушуур захиалаад 3 найзын хамт очоод байж байтал Д. над руу яриад “ нөгөө түрээслэх гэр чинь хаана байна” гэхээр нь би ирээд эзэнтэй нь уулз гэж хэлсэн. Тэгээд удалгүй Д. эхнэр хүүхдүүдийн хамт ирээд уг гэрийг түрсээлэхээр болоод гэрт эд зүйлээ оруулж тавьсан.Өглөө нь Д. манайд ирээд нөгөө гэрт оруулж тавьсан хөнжил гудас алга байна гээд намайг дагуулж аваад Л.Ган-Эрдэний гэрт очоод эхнэрийг нь аваад лагерт ирж хогийн саванд үзэхэд эд зүйлийг нь шатаасан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 23-р хуудас/
Шүүгдэгч Л.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн өдөр айлын найранд очоод архи уучихаад эхнэртэйгээ маргалдсан байсан болохоор лагерт байх гэртээ очиход манай гэрт хүмүүс архи уугаад сууж байхаар нь яваад өгсөн. Орой нь дахиад гэртээ ирэхэд гэрт хөнжил гудас зэрэг зүйл тавьчихсан байхаар нь өдөр архи ууж байсан хүмүүсийнх юм байна, орой ирж унтах гэж байгаа юм байна гэж бодоод хогийн саванд аваачаад шатаачихсан. Дотор нь юу байсныг үзээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 43-44-р хуудас/
Хохирогч овогт ийн ийн / НЩ регисрийн дугаартай, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоот хашаанд гэртээ байж байтал манай нөхөр Л.******* согтуу ирсэн. Тухайн үед хашаа байшингаа зарах гээд зар тавьчихсан байсан ба хүмүүс ирээд үзээд байж байтал Л.******* “ чи миний гэр орон зардаг хэн бэ “ гээд над руу гэрийн унь бариад цохиод эхэлсэн. Би нүүрээ дараад доошоо хараад хэвтэхэд миний дээрээс гэрийн униар цохисон.Тэгтэл гэрээс манай 12-р ангийн хүү гарч ирээд бид хоёрыг салгасан. Би охиноо аваад гэрээс гараад зугтсан.Бид хоёр гэр бүл болоод 23 жил болж байна. Урьд өмнө бас намайг зодож цохиж байсан. 2017 онд хүрзээр миний толгой руу цохиод би эмнэлэгт 7 хоног хэвтэж байсан. Мөн 2016 онд архи уучихаад зурагтаар миний толгой руу цохиж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 54-55-р хуудас/
Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр аав Л.Ган-Эрдэнийн хамт гол дээрээс гэрээ хашаанд нүүлгэж ирчихээд гэрт ороод хоол идэх гээд байж байтал манай дүү гаднаас орж ирээд “ аав ээжийг зодоод байна “гэхээр нь гарахад аав ээжийг гэрийн униар цохиж байхаар аавыг очиж салгаж аваад гэр лүү оруулсан.Өмнө нь аав согтуу ирэхээрээ ээжтэй хэрүүл маргаан үүсгээд цохиж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 60-61-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 481 дугаартай шинжээчийн ...Д.ийн биед баруун өвдөгний дотор хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, бүсэлхий нурууны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Д.ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хэргийн 63-р хуудас/
Аюулын зэргийн эрсдлийн түвшин “ өндөр” гэх үнэлгээ / хэргийн 66-67-р хуудас/
Шүүгдэгч Л.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүүгийнхээ хамт лагераасгэрээ оруулж ирээд байж байтал эхнэр Д. согтуу ирээд машин авч явна гэхээр нь би машины түлхүүр өгөхгүй гэхэд машины ард ачсан байсан хана унийг буулгаж шидээд байхаар нь би унь аваад Д.ийг цохисон.Тухайн үед би эрүүл байсан. Бид хоёр гэр бүл болоод 23 жил болж байна. 3 хүүхэдтэй... гэх мэдүүлэг / хэргийн 73-74-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:
Шүүгдэгч Л.******* нь 2019 оны 07 сарын 19-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт лагерийн гэрт байсан Ш.ын эд зүйлийг шатааж, бусдын эд зүйлийг хууль бусаар устгасан болох нь хохирогч Ш.ын мэдүүлэг, гэрч Д.,С., Д. нарын мэдүүлэг, эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт,шүүгдэгч Л.Ган-Эрдэнийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,
Мөн шүүгдэгч Л.******* 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эхнэр Д.ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.ийн мэдүүлэг, гэрч Г.ын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Л.Ган-Эрдэнийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Ган-Эрдэнийг хохирогч Ш.ын эд зүйлийг шатааж устгасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд зүйлийг хууль бусаар устгасан гэмт хэрэг, эхнэр Д.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.******* нь оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 31 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 01 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан нь хэргийн 102 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх боловч Эрүүгийн хуульд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Л.Ган-Эрдэнийн хувийн байдлын талаар гэрч Ч.гийн өгсөн...Л.******* нь ЗХ-ний дугаар ангид дарга хийж байсан.Олон ааш зан байхгүй,ажилдаа идэвхи зүтгэлтэй, хамт олонч хүн.Тэтгэвэртээ гараад нэг жил болж байна.Тэтгэвэрт гарснаас хойш архи уугаад байгаа сурагтай байсан....гэх мэдүүлэг / хэргийн 24-р/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Л.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, нэмж нэгтгээд 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, хохирогч Ш.ад учирсан 1049000 төгрөгийг шүүгдэгч Л.*******эр төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн зурагт битүүмжлэгдсэнийг тус тус дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх ... гэх санал, дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Миний бие нь гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байна.Улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлөх болно гэх тайлбар,
Шүүхээс шүүгдэгч Л.Ган-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай болохыг тогтоосон тул Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохиролоо төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Л.Ган-Эрдэнийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн 1936000000157 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн 42 инчийн зурагт битүүмжилсэн прокурорын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/89 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.*******эс 1049000 төгрөг гаргуулж хохирогч Ш.ад олгуулах, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, 36.1, 36.2 36.6-36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн Ган-Эрдэнийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******д тайлбарласугай.
5. Эрүүгийн 1936000000157 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн 42 инчийн зурагт битүүмжилсэн прокурорын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/89 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурьдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.*******эс 1049000 / нэг сая дөчин есөн мянган/ төгрөг гаргуулж хохирогч Ш.ад олгуулсугай.
7. Шүүгдэгч Л.*******д оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
8. Шүүгдэгч Л.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС