| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/06811/И |
| Дугаар | 210/МА2026/00264 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2026/00264
2026 01 30 210/МА2026/00264
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,951,140 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******ХХК нь 2021.10.01-ний өдөр 21/231 тоот Бараа нийлүүлэх гэрээг ******* ХК-тай байгуулсан. Тус гэрээгээр нэхэмжлэгч нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, FTTH Box маркийн төхөөрөмж 190 ширхэгийг 15,200,570 төгрөгөөр, Splitter 1/8 маркийн төхөөрөмж 190 ширхэгийг 4,750,570 төгрөгөөр, нийт 19,951,140 төгрөгийн барааг нийлүүлэх, хариуцагч нь тухайн төхөөрөмжүүдийг шалган хүлээн авч, эдгээр барааны үнэ болох 19,951,140 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Бид дээрх гэрээнээс гадна өөр бусад гэрээ байгуулж, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж хамтран ажиллаж байсан.
Манай байгууллагын зүгээс захиалагчийн тавьсан шаардлага, шалгуурт нийцсэн бараа бүтээгдэхүүнийг цар тахал буюу Ковид 19 халдварт өвчний хүнд үед хил, гаалиар бараа бүтээгдэхүүн нэвтрэх удаашралтай үед хамгийн боломжит хурдан хугацаанд авчирч хүлээлгэн өгсөн. FTTH Box маркийн төхөөрөмжийн 190 ширхэгийг өөр гэрээний дагуу нийлүүлэх 165 ширхэгийн хамт буюу 355 ширхэг нийлүүлэхээс 5 ширхэгийг илүү нийлүүлж, нийт 360 ширхэгийг 2021.12.21-ний өдөр хариуцагч компанийн ерөнхий менежер *******, нярав ******* нарт хүлээлгэн өгч, бараа хүлээлцсэн актаар баталгаажуулсан. Splitter 1/8 маркийн төхөөрөмж 190 ширхэгийг өөр гэрээний дагуу нийлүүлэх барааны хамт 190 ширхэг нийлүүлэхээс 10 ширхэгийг илүү нийлүүлж, нийт 200 ширхэгийг 2022.03.03-ны өдөр хариуцагч компанийн ерөнхий менежер *******, НББА-ны нярав ******* нарт хүлээлгэн өгч, бараа хүлээлцсэн актаар баталгаажуулсан. Улмаар 2022.03.03-ны өдөр нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болохыг тодорхойлж, гэрээ дүгнэсэн акт үйлдэж баталгаажуулсан.
Гэтэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, маш хүнд суртал гаргаж, биднийг хохироож байгаа тул ******* ХК-аас 19,951,140 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь 2021 онд 4 төрлийн бараа нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй, чанарын шаардлага хангахгүй, ашиглагдах боломжгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн. Маргааны зүйл болох Splitter маркийн төхөөрөмжийн хувьд унтралт их буюу стандарт хэмжээнээс өндөр байгаа нь эд хөрөнгийн доголдолд хамаарч байгаа тул Иргэний хуулийн 253 дугаар зүйлд заасны дагуу уг доголдлыг арилгах, солих үүрэгтэй байтал төлбөр нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Манайхаас хүсэлт гаргаснаар төхөөрөмжид хэмжилт хийлгэхэд стандартын шаардлага хангахгүй нь тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч нь гэрээний 4.1-д заасны дагуу захиалагчийн тавьсан шаардлага, техникийн тодорхойлолтыг бүрэн хөтөлсөн чанартай барааг гэрээ байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор нийлүүлээгүй, 5 сарын дараа нийлүүлсэн. Гэрээний 4.2-т заасны дагуу барааг захиалагчийн зүгээс тавьсан шаардлагын дагуу захиалагчийн холбогдох мэргэжилтнээр шалгуулж, туршиж ажиллуулсны дараа актаар хүлээлгэж өгөөгүй. Өөрсдөө хэмжилтийн утга гэх 6 хуудас стандарт утгатай хамт шууд бараагаа авчирч өгөөд, шууд зуруулсан.
2022.03.03-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар талуудын хооронд 2021.10.01-ний өдөр байгуулсан 21/231 тоот гэрээний хугацаа дуусаж, гэрээг дүгнэж, тооцоо нийлүүлсэн. Гэрээ дүгнэсэн актын 2.2-т гэрээг хүлээсэн үүргээ талууд зохих ёсоор биелүүлсэн бөгөөд гэрээний үүргийн биелэлтийн талаар талууд ямар нэгэн маргаан байхгүй, төлбөр тооцоо байхгүй болохыг хүлээн зөвшөөрч байна гэж байгаа. Иймд гэрээг дүгнээд төлбөр тооцооны асуудал байхгүй гэж ойлгож байна. Гэрээ дүгнэсэн актын 3.1-т талууд гэрээ дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү гэрээ дүгнэсэн актын талаар аливаа гомдол, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж байгаа. Гэрээгээ дүгнэчихсэн, төлбөр тооцоо байхгүй гэдгийг талууд харилцан хүлээн зөвшөөрөн гарын үсэг зураад баталгаажуулчихсан. Мөн бараа нь шаардлага хангахгүй байсан тул тухайн үед буцааж ав гэдгийг хэлсэн боловч аваагүй. Нэхэмжлэгч талын бараа бүтээгдэхүүн тоо ёсоороо манай агуулахад байж байна. Нэг, хоёр ширхэгийг ашиглаж үзэх гэсэн боловч стандарт утгаас давж байгаа учраас унтралт өгөөд ашиглаж чадаагүй.
Талууд 2021.10.01-ний өдөр гэрээ байгуулсан, нэхэмжлэлийг 2024.11.12-ны өдөр гаргасан учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Манайд 2023.05.23-ны өдрийн 2340 дугаартай бичиг нь ирээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХК-аас 19,951,140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч *******ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,705 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 257,705 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн ... гэрээний 3.1-т захиалагч байгууллага нь нийлүүлэгч байгууллагын хамтаар барааг чанарын болон техникийн шаардлага, тоо хэмжээ, иж бүрдэл бүрэн эсэхийг нягтлан шалгаж, туршиж ажиллуулсаны дараа хүлээн авна. 4.2-т нийлүүлэгч нь барааг захиалагчийн зүгээс тавьсан шаардлагын дагуу захиалагчийн холбогдох мэргэжилтнээр шалгуулж, туршиж ажиллуулсны дараа хүлээн авах, хүлээлгэн өгөх, акт үйлдэхээр харилцан тохиролцсон байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн тоног төхөөрөмжийг хариуцагчид актаар хүлээлгэн өгөхдөө түүвэрлэн шалгасан гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй гэсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй гэж үзэхээр байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д зааснаар төхөөрөмжийг хүлээлгэн өгөхдөө инженерээр шалгуулж, туршиж ажиллуулсны дараа хүлээлгэн өгөх үүргээ нэхэмжлэгч тал огт биелүүлээгүй буюу өөрсдөө шалгасан гэх баримт бүрдүүлэн захиалагч талаар шалгуулахгүй, туршиж ажиллуулахгүйгээр бид өөрсдөө шалгаж туршсан хэмээн бэлдэж ирсэн актад гарын үсэг зуруулсан ба уг гэрээ дүгнэсэн акт дээр гэрээний үүргийн биелэлтийн талаар хэн аль нь маргаан байхгүй гэсэн баримт үйлдсэн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар худалдан авагч хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлж гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь гэрээний 4.3, 5.2-д заасан үүргээ нийлүүлэгч тал буюу *******ХХК биелүүлээгүй ба захиалагч талаас нийлүүлэгдсэн барааны доголдлыг илрүүлж чанарын шаардлага хангахгүй байгаа талаар болон барааг буцааж шаардлага хангасан бараагаар солиулах талаар удаа дараа мэдэгдэж байсан ч *******ХХК-аас ямар нэгэн арга хэмжээ аваагүй ба 2022.10.19-ний өдөр Орхон аймгаас инженерээ явуулж төхөөрөмжөөс зарим хэсгийг нь туршиж байсан баримтаас үзэхэд хуулийн хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн бараа нь биет байдлын доголдолтой байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс *******ХХК-ийн нийлүүлсэн төхөөрөмж болох Splitter 1/8 нь стандарт утгаас зөрүүтэй, унтралт өндөр, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа явдал нь биет байдлын доголдолгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Splitter 1/8 болон FTTH box-ыг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж эрхийн зөрчилтэй, биет байдлын доголдолтой эсэхийг тодруулахаар шинжээч томилуулсан боловч холбогдох байгууллагуудаас шалгах багаж хэрэгсэл байхгүй гэсэн шалтгаанаар дүгнэлт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзаж дүгнэлт гаргаагүй нь тухайн төхөөрөмжийг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй гэж үзэх үндэслэл биш юм.
Иймд *******ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний төлбөрт 19,951,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн. Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал ярьдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4-т гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор төлөх үүрэгтэй гэж заасан. Үүний дагуу 2022.03.03-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж эцэслэсэн. Үүнээс хойш 7 хоног олгосон ба хөөн хэлэлцэх хугацаа буюу 3 жилийн хугацаа дуусаагүй гэдгийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарласан. Энэ асуудлыг шүүх зөв дүгнэсэн гэж үзэж байна.
Бараа бүтээгдэхүүнтэй холбоотой доголдлын асуудлыг хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ болгодог. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч компанид ямар нэгэн доголдол үүссэн талаар мэдэгдэж байсан үйл баримт байхгүй. Хариуцагч тал 1, 2 ширхэгийг нь ашиглаж үзсэн гэж тайлбарладаг боловч хариуцагч компанийн инженер бүхэлд нь буюу 190 ширхэг төхөөрөмжийг бүгдийг нь ашиглаж, тэдэн ширхэг төхөөрөмж нь ажиллахгүй байсан гэж үгүйсгэсэн баримт үйлдээгүй буюу үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл, татгалзаж байгаа хэр нь анхнаасаа төхөөрөмжүүдийг шалгаж аваагүй. Иргэний хуульд заагдсан гэрээ байгуулсан тохиолдолд талууд эрх, үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,951,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.Талуудын хооронд 2021.10.01-ний өдөр 21/231 дугаартай Бараа нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нийлүүлэгч *******ХХК нь FTTH box маркийн төхөөрөмж 190 ширхэг, Splitter 1/8 маркийн төхөөрөмж 190 ширхэгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч ******* ХК нь хэлэлцэн тохирсон үнэ 19,951,140 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. (хх 12-15)
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаныг зөв дүгнэсэн, уг гэрээ хүчин төгөлдөр байна.
3.2.Түүнчлэн талууд 2021.12.21-ний өдөр МХЦ ХК-ийн бараа хүлээлцсэн акт үйлдэж, 3 төрлийн тогтог төхөөрөмж хүлээлцсэн байх ба үүнд FTTH box төхөөрөмж 360 ширхэгийг хүлээлцжээ.
Мөн 2022.03.03-ны өдөр МХЦ ХК-ийн бараа хүлээлцсэн акт-аар Splitter 1/8 төхөөрөмжийг 200 ширхэгийг хүлээлцсэн байна.
Анхан шатны шүүх дээрх актуудыг гэрээний талуудын төлөөлөл баталгаажуулсан, хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжийн хэмжилтийн стандарт утгыг тусгасан гэрэл зураг, баримтыг хавсаргасан талаар үндэслэлтэй дүгнэжээ. (хх 19-32)
Хариуцагчийн давж заалдах гомдолд инженерээр шалгуулж, туршиж ажиллуулсны дараа хүлээлгэн өгөх үүргээ нэхэмжлэгч тал огт биелүүлээгүй буюу өөрсдөө шалгасан гэх баримт бүрдүүлэн захиалагч талаар шалгуулахгүй, туршиж ажиллуулахгүйгээр бид өөрсдөө шалгаж туршсан хэмээн бэлдэж ирсэн актад гарын үсэг зуруулсан гэж дурдсан байх боловч хэргийн баримтаар ийм нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
3.3.Хэрэгт 2022.10.19-ний өдөр талууд *******ХХК-аас 21/231 тоот гэрээгээр нийлүүлсэн Splitter 1/8 төхөөрөмжид хэмжилт хийсэн акт үйлдэж, 190 ширхэг Splitter 1/8 төхөөрөмжөөс түүврээр 35 ширхэг Splitter-т хэмжилт хийж, шилэн кабелийн дохио үүсгэгчээс +5db дохио дамжуулсан эхний дамжлагаар -4.5 db-ээс -5.2 db хооронд, 2 дахь дамжлагын хэмжилтээр -14.95 db-ээс -15.95 db хооронд хэмжигдсэн тул дээрх утгууд нь стандарт утгыг хангаж байна гэж тусгажээ. (хх 34-35)
3.4.Түүнчлэн хариуцагч нь талууд 2022.03.03-ны өдөр үйлдсэн Гэрээ дүгнэсэн актад 2021.10.01-ний өдрийн 21/231 дугаартай гэрээг дүгнэж, тооцоо нийлж, төлбөр тооцоогүй болохыг баталгаажуулсан гэж маргажээ.
Уг актын 2.1-д Гэрээний хугацаанд МЦХ нь 19,951,140 төгрөгийн төлбөрийн үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний хэрэгжих хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулж болно, 2.2-т *******ХХК нь гэрээний хугацаанд дараах нэр төрлийн нийлүүлэх ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн болно. Гэрээгээр хүлээсэн үүргээ талууд тухай бүрт нь зохих ёсоор биелүүлсэн бөгөөд гэрээний үүргийн биелэлтийн талаар талууд хэн аль нь ямар нэгэн маргаан байхгүй болохыг, харилцан ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй болохыг тус тус үүгээр хүлээн зөвшөөрч байна... гэж дурдсан байх боловч хариуцагч талаас төлбөр төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн нэхэмжлэгч төлбөр хүлээн аваагүй гэж тайлбарласантай харьцуулж үзвэл, актад үндэслэн төлбөр тооцоо дууссан гэж эргэлзээгүй байдлаар дүгнэх боломжгүй. (хх16-17)
3.5.Хэргийн 50 дахь талд авагдсан 2024.12.03-ны өдрийн огноотой Дотоод албан бичиг гэсэн баримтад Санхүү бүртгэл, аж ахуйн газраас 2024.12.02-нд ирсэн хүсэлтийн дагуу 8 портын 5 ширхэг сплиттерийг шалгахад сплиттерийн гаралтанд сигналын унтралт 13db байгаа нь унтралтын үзүүлэлтээс хэтэрсэн байна гэж дурдагдсан байх боловч уг баримт нь нэхэмжлэгч талаар баталгаажуулаагүй, хариуцагчийн буюу нэг талын баримт учир маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлэхгүй.
3.6.Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг үндэслэн гэрээний зүйл доголдолтой эсэх асуудлыг тогтоолгохоор Шинжлэх ухаан технологийн газрын Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн хяналт шалгалтын газар, Шинжлэх ухаан технологийн газрын Инженерчлэлийн сургууль, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, ******* ХХК-д тус тус хандсан боловч эдгээр байгууллагаас дүгнэлт гаргах боломжгүй тухай хариу ирүүлсэн байна.
3.7.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд хэрэгт авагдсан дээрх баримтуудын хүрээнд нэхэмжлэгчийг биет байдлын доголдолгүй хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.
4.Мөн шүүх хариуцагчийг гэрээний 3.4-т заасны дагуу гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор буюу 2022.03.10-ны өдрийн дотор гэрээний үнийг төлөх үүргийг хүлээсэн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил өнгөрөөгүй гэж дүгнэсэн нь зөв. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох журамтай тул дээрх 2022.03.10-ны өдрөөс тоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2025.03.10-ны өдөр дуусна. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрээний үүрэг гүйцэтгэхийг шаардсан нэхэмжлэлээ шүүхэд 2024.11.12-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргаж шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.
5.Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гэрээний үнэ төлөх үүргийн биелэлтийг шаардах эрхтэй тул анхан шатны шүүх хариуцагчаас 19,951,140 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарахгүй зохицуулалт болох Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг тусгасан нь алдаатай байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
6.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний алдааг залруулсан өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/09202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...254 дүгээр зүйлийн 254.1, 75 дугаар зүйлийн 75.2.1... гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 257,705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА