Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00044

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/08519 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3,932,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний нөхөр ******* 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ******* сумын Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт приус 20 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явж байх үед Сонота-6 маркийн ******* улсын дугаартай, тээврийн хэрэгслийн жолооч ******* Замын хөдөлгөөний дүрмийн 11.3., 12.3. дахь заалтуудыг тус тус зөрчиж автомашинд хохирол учруулсан.

1.2. Төв аймгийн Эрдэнэ сумын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж ******* Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил үйлдсэн нь тогтоогдсон.

1.3. Зам тээврийн ослын улмаас авто тээврийн эвдрэл хохирлын үнэлгээгээр 2,995,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 105,000 төгрөг, ачилт тээвэрлэлтийн зардалд 430,000 төгрөг, явах эд ангийн оношлогоо 50,000 төгрөг нийт 3,932,300 төгрөгийн хохирол учирсан.

1.4. Би өнөөдөр хүртэл цагдаагаар шалгуулж байгаа гэж маргаж байгааг ойлгохгүй байна. Надад хохирол учруулсан үйлдэлдээ гомдол гаргаж явж байгаа гэсээр энэ хэрэг шийдэгдэхгүй 3 жил болсон. Иймд хариуцагчаас 3,932,300 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн чиглэлд явж байгаад Соната-6 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад *******, Эрдэнэ сумын нутагт Тоёота Приус 20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байдаг. Тухайн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 2,995,000 төгрөгийн хохирол гарсан. Ингээд хэрэг шалгагдаж байх явцад 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эрх бүхий албан тушаалтан надад шийтгэх хуудас танилцуулсан. Мөн зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зуруулсан.

2.2. Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 83 дугаартай шийдвэрээр ...тухайн осол гарах шалтгаан нөхцөл нь зам орчны ашиглалтын нөхцөл хангагдаагүйгээс иргэнд хохирол учирсан. Үүнд авто зам арчлалт хамгаалалт хариуцсан байгууллага уг хохирлыг нөхөн төлөх үүрэг үүсэж байна. Зөрчлийн тухай хуулийн 11.5.5 дахь заалтаар зам арчлалт, аюулгүй байдлыг хангахад саад учруулсан аж ахуйн нэгж байгууллагыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэсэн заалтыг зөрчиж, тухайн Соната маркийн ******* улсын дугаартай мөн Тоёота Приус-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөлдүүлж, зам тээврийн ослыг зам засвар, аюулгүй ажиллагаа хариуцсан байгууллагын үйл ажиллагааны улмаас энэ осол гарсан байна гэсэн гэж шийдвэрлэсэн.

2.3.Улсын дээд шүүхийн 15 дугаар тогтоолоор эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэргээр шийдвэрлэнэ гэж шүүх хуралдаан хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан хүний эрхийг ноцтой зөрчсөн. Иймд тухайн шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд буюу зам засвар, арчлалт, аюулгүй байдлыг хариуцсан компани тухайн хохирлыг төлөх нөхцөл байдал үүссэн тул тухайн хохирол төлбөрийг барагдуулахгүй гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Хариуцагч талын жолоочийн үүрэг хариуцлага, жолоодох ур чадвар самбаачлах хугацаа мөн замын хальтиргаа гулгаа эвдрэл гэмтэл зэргээ тухайн цаг үед нь тохируулж яваагүй эсрэг урсгалд орсон гэх мэт зөрчлүүд харагдаж байна. Иймд нэхэмжлэгч талын хохирлыг барагдуулах үүрэгтэй гэж бодож байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч *******өөс 3,580,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 352,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,867 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 72,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ******* сумын нутаг Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар-Хэнтий чиглэлийн АО501 дугаартай асфальтан зам дээр Соната-6 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн Тоёота Приус-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан болох нь Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, магадлалаар тогтоогдож байна.

5.2. Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн магадлалаар Соната-6 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3-т ...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн, Тоёота Приус-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж дүгнэсэн.

5.3. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийтгэвэрээр Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч *******ын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэлээс холбогдогч *******ийг чөлөөлж шийдвэрпэсэн байна. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №******* дугаартай магадлалаар Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийтгэвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээрх шийтгэвэр, магадлалаар хариуцагч *******ийг Зөрчлийн хуулиар оногдуулсан торгох шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн хэдий ч түүнийг Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3-т ...Жолооч хөдөлгөөнд аюул,саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гарсан үйл баримттай холбоотой эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэр, магадлагааг үгүйсгэсэн гэм буруугийн талаар гаргасан шийдвэр гэж үзэхгүй. Түүнчлэн, Төв аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *******дугаартай прокурорын тогтоолоор хариуцагч талын гаргасан зам тээврийн ослын акт дээр шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд зам тээврийн ослын талаарх эрх бүхий албан тушаалтны шийтгэвэр, магадлагаа хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар *******ийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан байна.

5.4. Нэхэмжлэгчээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,995,000 төгрөг, үнэлгээний төлбөр 105,000 төгрөг, автомашин тээвэрлэлтийн зардал 430,000 төгрөг, явах эд ангийн оншилгооны зардалд 50,000 төгрөг, шатахууны зардал 352,000 төгрөг, нийт 3,932,300 төгрөгийг гаргуулах шаардлагын дагуу Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны төлбөр 352,300 төгрөгийг хасаж хариуцагчаас 3,580,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5.5. Эрх бүхий албан тушаалтан 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар №******* дугаартай шийтгэлийн хуудсаар Соната-6 маркийн *******УБЕ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* зам тээврийн осол гаргасан болох нь Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг, схем зураг, мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ....зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал... буюу эрх бүхий албан тушаалтны магадлагааг огт бичээгүй байсан юм.

5.6. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийтгэвэртээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэж зөрчлийн 2234000868 дугаартай холбогдогч *******т холбогдох зөрчлийн материалыг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

5.7. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй иргэний хэргийн шүүх Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №******* дугаар шийтгэвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн №******* дугаар магадпалыг хүчин төгөлдөр хэвээр гэж үзсэн атлаа Төв аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *******дугаартай прокурорын тогтоолоор хариуцагч талын гаргасан зам тээврийн ослын акт дээр шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн гэж одоогийн хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийдвэрийг анхаарч үзсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Уг хэрэг 2022 оны 11 дүгээр сард болсон. Төв аймаг дахь давж заалдах шатны шүүхээр орсон гэж хариуцагч тал тайлбарласан. Энэ талаар би мэдээгүй. Даатгалаас мөнгө орж ирэхээр шилжүүлье гэсэн тул даатгалын байгууллагаас хариу ирүүлэхийг хүлээсэн. Гэтэл даатгалаар мөнгө өгөх боломжгүй боллоо гэж хэлсэн тул хариуцагчаас мөнгө нэхэмжилж шүүхэд хандсан. Үүний дагуу 8 удаагийн шүүх хуралдаан болсон. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож байсан ч манай өмгөөлөгч шантраад явчихсан тул ганцаараа үлдсэн. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд 3,932,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...гэм буруугүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад маргааныг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийтгэвэрээр Төв аймгийн Замын цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч *******ын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэлээс холбогдогч *******ийг чөлөөлж, зөрчлийн 2234000868 дугаартай холбогдогч *******т холбогдох зөрчлийн материалыг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

 

Дээрх 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийтгэвэр, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай магадлалаас үзэхэд хариуцагч нь гэм буруугийн талаар маргаж, зөрчлийн материалыг буцааж шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч *******т холбогдох дээрх зөрчлийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн үйл баримтыг тодруулах шаардлагатай байжээ.

 

******* сумын Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гарсан зам тээврийн ослын гэм буруугийн асуудал хэрхэн шийдвэрлэгдсэнээс шалтгаалан түүний үр дагавар буюу эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хэн, ямар хэмжээгээр хариуцах нь тогтоогдох учиртай. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байхад түүний үр дагаврыг шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/08519 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******өөс төлсөн 72,230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.ХУЛАН