Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 875

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Х.Оюунжаргал даргалж, тус шүүхийн танхимд  хийсэн  шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын 11-94 тоотод оршин суух Биндэр овгийн Даянгийн Баасанбатын хүсэлттэй “Төрсөн он тогтоолгох” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:  нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг  оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Хүсэлт гаргагч Д.Баасанбат шүүхэд гаргасан хүсэлтэд болон тайлбартаа: Миний бие Баасанбат нь 1957 оны 08-р сарын 08-нд төрсөн гэснийг холбогдох бичиг баримт материалыг үндэслэн 1956 оны 06-р сарын 20-нд төрсөн болохыг тогтоож өгнө үү. Миний бие Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг одоогийн 3-р багийн Дөтийн ам гэдэгт 1956 оны зуны эхэн сард төрснийг багийн эх баригч эмч Ё.Ханд мөн багийн иргэн Б.Мядаг болон Улсын төв архивын лавлагаа зэргээр тодорхойлсон болно ... иргэний бүртгэлд бүртгүүлэх болоход засаг захиргаа нь хагас жилийн хүн амын тооллогоор ээж Бибишээр овоглож, дараа нь аавын нэрээр овоглохдоо 1957 онд төрсөн гэж бүртгэсэн. Энэ бүртгэлээрээ явсаар сургуульд орж, одоог хүртэл явсан ... Миний бие Даян овогтой Баасанбат 1956 оны 06-р сарын 20-нд төрсөн болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг гаргж өгсөн ба шинжээч томилуулан дүгнэлт гаргуулсан. Иймд нэмж гаргахж өгөх нотлох баримт байхгүй тул хэргийг миний биеийг эзгүйд шийдвэрлэж  өгнө үү  гэв.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Хүсэлт гаргагч Биндэр овгийн Даянгийн Баасанбат нь “Нас тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд  гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “1956 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болохыг тогтоолгохоор өөрчилсөн байна.

 

   Хүсэлт гаргагч Даянгийн Баасанбатын Баянхонгор аймгийн Галуут суманд 1956 оны 06-р сарын 20-нд төрсөн тухай хүсэлт, тайлбар нь хэрэгт авагдсан төрөлт бүртгэлийн лавлагаанд ... Нанжидийн Биивэш 1956 оны 06-р сарын 20-нд төрөхөд төрүүлсэн хүү Бийвэшийн Баасанбатыг 1956 оны 07-р сарын 09-нд Баянхонгор аймгийн Галуут сумын  14-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэсэн, гэрч Ц.Дэнсмаа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... миний эгч Бибиш нь Даян гэж хүнтэй гэр бүл болж байсан. Д.Баасанбат нь 1956 оны 6-р сард Баянхонгор аймгийн Галуут сумын 3-р багт гэртээ төрөхөд манай багийн Ханд гэж хүн хүүхдийг нь эх барьж авсан ... дээр үед хүүхдээ сургуульд оруулахдаа эцэг, эх нь насыг нь дарж оруулдан байсан. Тэр үеэс л бичиг баримт нь зөрүүтэй явсан байх. Би 10 настайдаа сургуульд орж байсан гэсэн, гэрч Б.Мядаг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... Бибиш нь 1955 онд Баянхонгор  аймгийн Галуут сум, Дөтийн ам гэдэг газар Даян гэж хүнтэй гэр бүл болж, 1956 оны зун Д.Баасанбатыг төрүүлсэн. Тэрээр айлын ууган хүүхэд. Би тухайн үед 21 настай байсан. Манайх айл саахалт буюу Галуут сумын Цагаан довон гэдэг газар амьдарч байсан. Ц.Бибишийн олон хүүхэдтэй эхийн тэтгэвэрийн 077770 тоот  1972 оны 06-р сарын 06-ны өдрийн дэвтэрт ... Эх Цул овогтой Бибишийн хүүхдийн тодорхойлолт: Дайян Баасанбат 1956.06.20 гэрчилгээний дугаар 14 гэсэн, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08-р сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №11503-д ... 1.Д.Баасанбат нь 1956 онд төрсөн байх боломжтой гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

   Иймд Д.Баасанбатын хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч Д.Баасанбатад  шүүх хуралдааны товыг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 77-р зүйлд зааснаар мэдэгдсэн боловч хэргийг эзгүйгээр шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг  ирүүлсэн байх тул Иргэний  Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг эзгүйгээр хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.         Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар  хүсэлт гаргагч Биндэр овгийн Даянгийн Баасанбатыг 1956 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн болохыг тогтоосугай.

 

2.         Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар  хүсэлт гаргагч Д.Баасанбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.         Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

      

4.         Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОЮУНЖАРГАЛ