Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2026/00119

 

 

 

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/15431 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь тус сургуульд өөрийн хүүхдийг суралцуулах сургалтын гэрээ байгуулж, ******* нь 2023 оны 12 сарын эхний долоо хоног хүртэл суралцсан. Сургалтын гэрээнд 2023-2024 оны хичээлийн жилийн төлбөр 20,000,000 төгрөг, гэрээ байгуулсны дараа 30 хувийг төлөхөөр заасан боловч төлөөгүй тул 10 долоо хоногийн хичээлийн төлбөр 7,000,000 төгрөгийг гаргуулна гэж,

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...хүү ******* нь 2023 оны 10 сарын сүүлийн долоо хоногоос 12 сарын 10 хүртэл хугацаанд суралцсан. Энэ хугацаанд долоо хоног бүр гар хөл нь хөхөрсөн байдалтай ирж байсан ба хамгийн сүүлд ангийн багш нь танай хүүхдийн хөл эвгүй болчихлоо, яаралтай ирээрэй гэж утсаар мэдэгдсэнээр очиж хүүхдээ авсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлж, зургийг нь авахуулсан бөгөөд хугаралт үүсээгүй тул гэрээр эмчилж тухайн сургуульд суралцахаас татгалзсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

 

3.1. *******, ******* нарын хооронд 2023 оны 10 сарын 22-ны өдөр Төлбөртэй сургалтын гэрээ байгуулагдаж, суралцагч *******т Монгол Улсын суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг Кембрижийн олон улсын хөтөлбөртэй хослуулан, сургалтын үйл ажиллагаа үзүүлэхээр, 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 24,800,000 төгрөг, нийт төлбөр 20,000,000 төгрөг байхаар, тухайн төлбөрт дотуур байр, хоол, хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн төлбөр, дүрэмт хувцас, автобусны төлбөр багтахаар тохиролцож, ******* сургуулийн хөтөлбөрт хамрагдаж эхэлснээр уг гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

3.2. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв, энэ талаар зохигч талууд маргаагүй.

 

3.3.Нэхэмжлэгч нь, хариуцагчийн хүү *******ыг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 12 сарын 29-ний өдрийг хүртэл 10 долоо хоног суралцсан, сургалтын жилийн төлбөр болох 24,800,000 төгрөгийг тухайн хичээлийн 35-н долоо хоногт хувааж, нэг 7 хоногийн сургалтын төлбөр 700,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Учир нь нэхэмжлэгч сургалтын жилийн төлбөрийг 24,800,000 төгрөгийн хэмжээгээр тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтаар буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д ...нийт төлбөр 20 сая төгрөг гэж тохиролцсон болох нь тогтоогдсон байна. /хх 5-12/

 

3.4. Мөн, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар суралцагч хүү *******ын суралцсан хугацааны ирцийг бүртгэсэн байдлыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч нь хүү *******ыг 10 долоо хоногийн хугацаанд суралцсан болохыг нотлоно гэж 6а ангийн химийн хичээлийн хагас жилийн хичээлийн дүн, 2 улирлын шалгалтын анализ, 1 улирлын шалгалтын анализ, 3 улирлын шалгалтын анализ гэсэн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч дээрх баримтад огноог 2023.03.26, 2023.10.31, 2023.12.18 гэж тэмдэглэжээ. /хх 41-44/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг буюу сурагчийн ирцтэй холбоотой баримтыг ирүүлээгүйгээс тухайн суралцагч 10 долоо хоног суралцсан болох нь тогтоогдохгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

3.5. Харин, хариуцагч ******* хүү *******ыг 8 долоо хоног суралцсан гэж тайлбарласан, энэ нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогддог боловч ...манай хүүхэд 7 хоног нь гараа бэртээгээд хичээлдээ явж чадаагүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан байгаа учраас хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ буюу суралцсан хугацааг 7 долоо хоногоор тооцсон нь үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч нь, хүү *******ыг гэмтсэн талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар сургуулийн эмчийн тэмдэглэлд тэмдэглэгдээгүй гэж маргасан боловч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

 

3.6. Иймд, хариуцагч *******ын хүү *******ыг тухайн сургуульд 6а химийн ангид 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын эхний долоо хоног хүртэл 7 долоо хоногийн хугацаанд суралцсан хугацааны сургалтын төлбөрт 2,058,823 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,941,177 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь сургалтын төлбөрийг нэг жилд хичээлийн 34-36 долоо хоног байдаг, дунджаар 35-н долоо хоног гэж тооцон жилийн төлбөр болох 24,800,000 төгрөгийг 35-д хуваан 1 долоо хоногийн төлбөрийг тооцож гаргасан байхад хичээлийн жилийг 4 улиралтай нэг улирлын төлбөр 5,000,000 төгрөг, 1 улиралд 17 долоо хоног байдаг гэж тооцон 1 долоо хоногийн төлбөрийг 294,117 төгрөгөөр тооцсон нь буруу гэх боловч сургалтын хөтөлбөр, төлбөрт хамаарах бусад зардлын задаргааны баримтыг шүүхэд ирүүлээгүй, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтад үндэслэн хичээлийн жилийг улирлаар тооцон төлбөрийг гаргуулсан байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/15431 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН

 

 

Д.ХУЛАН