Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2026/00118

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/16111 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******-д тус тус холбогдох,

 

Гэм хорын хохирол 15,627,096 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-нд тус тус холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 15,627,096 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь ...Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор *******, *******-ийн ажилтан *******, *******, ******* нарыг миний эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул иргэний хэргийн хариуцагч нараас эрүүл мэндэд учирсан хохиролд 15,627,096 төгрөгийн гаргуулна гэж, хариуцагч ******* нь ...гэм хор, асаргааны зардал, оношилгоо хийх зардал болох 40,707,850 төгрөгийг төлсөн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.3-т хэсэгт Жороор олгох эмийг цаасан, эсхүл цахим жорын кодоор олгох гэж заасан байдаг тул эдгээр эмийг хэрэглэх шаардлагатай болохыг баримтаар нотлоогүй гэж, хариуцагч ******* нь ...эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ *******ад үзүүлсэн 57,956,755 төгрөгийн тусламж, дэмжлэгийг хэвээр үлдээж, хариуцагч *******-иас зохих хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрт заагаагүй боловч манай компани нэхэмжлэгчид цахилгаан дугуйтай тэргэнцэр, тусгай зориулалтын ор зэргийг авч өгсөн, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасны дагуу 18,000,000 төгрөгийн тэтгэмжийг олгосон, уг мөнгийг олгоход нэхэмжлэгч дахин мөнгө нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон гэж тус тус тайлбарлан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Хариуцагч *******, *******-иудын ажилтан *******, *******, ******* нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох журам, хэм хэмжээг зөрчсөний улмаас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагийн үед ******* аймгийн *******ын нутаг дэвсгэрт байрлах *******-ийн Цогтцэций ачилт, буулгалтын талбайд ачаа буулгах үед нэхэмжлэгч ******* нь чиргүүл дээрээс унасны улмаас нэхэмжлэгчийн сээрний 7, 8 дугаар нугалмын их биеийн бяцарсан ил хугарал, 5, 6 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, нугасны бүрэн тасрал, няцрал, цээжний хөндийн шингэн хурагдалт, баруун, зүүн уушгины няцрал, хоёр хөлийн саа саажил гэмтэл тогтоогдож, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6, 3.1.7, 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарчээ. /1хх 12-34/

3.2. ******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч *******-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байсан *******, тус компанийн Цогтцэций өртөөний гаалийн ачилт буулгалтын талбай, аюултай бүсэд авто кранистаар ажиллаж байсан *******, *******-ийн дэд захирал ******* нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох журам, хэм хэмжээг зөрчсөний улмаас *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон байна. /1хх 12-34/

3.3. Дээрх шийдвэрийг ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцээд, ******* дугаар магадлалаар хэвээр үлдээж, улмаар Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн 2025 оны 02 дугаар 17-ны өдрийн 112 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. /1хх 35-42/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч компаниудын ажилтнуудын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн биед хүнд гэмтэл учирсан үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгээс гаргасан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй алдааг залруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.

4.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж зааснаар *******, *******, ******* нарын учруулсан гэм хорын хохирлыг тэдгээрийн ажил олгогч буюу хариуцагч *******, ******* нараас арилгахыг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.  

4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эмчилгээ, эм тариа, зайлшгүй шаардлагатай шатахууны зардалд 11,029,496 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцсэн боловч эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэнээс хойшхи хугацаанд хамаарах эмчилгээ, сувилгааны зарим зарлыг оруулж тооцоогүй байна.

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нь эд хөрөнгөд учирсан хохиролтой нэгэн адил шууд үнэлэгдэж, арилгах боломжгүй тул гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан гэмтэл, хохирлыг эмчлүүлэх зорилгоор төлбөртэй хийгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгслийн зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, зардал гарсан бол түүнийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

Хэрэгт баримтаар авагдсан *******-ийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Мэдээлэл өгөх тухай баримтаар нэхэмжлэгч ******* нь тус компанийн борлуулж буй дархлаа дэмжих буюу үений шингэн нөхөх биологийн идэвхт бүтээгдэхүүнээс нийт 7 удаа худалдан авалт хийсэн зардлыг тодорхойлсон баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахын зэрэгцээ нэхэмжлэгч ...эрүүл мэндийг хэвийн байдалд оруулахтай холбоотой зардал гэж тайлбарласныг үгүйсгэх боломжгүй тул хариуцагчийн нарын ажилтны учруулсан гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид эрүүл мэндэд учруулсан хохирлыг арилгахад шалтгаант холбоотой байна.

Тодруулбал, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, нунтаг, 1 ш-376,200 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, нунтаг, 1 ш-376,200 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, нунтаг, 1 ш-376,200 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, нунтаг, 1 ш-356,400 төгрөг, нийт 1,485,000 төгрөгийн үений шингэн худалдан авсан зардлын хэмжээгээр хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн энэ талаарх гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

4.3. *******-ийн баримтаас 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, нунтаг, 1 ш-396,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, нунтаг, 1 ш-396,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр, нунтаг, 1 ш-396,000 төгрөг, нийт 1,188,000 төгрөгийн зардал нь ******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоос өмнөх хугацааны баримтад хамаарч байх тул дээрх хугацаанд хамаарах бэлдмэл худалдан авсан гэх 1,188,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон зөв болжээ.

5. Зохигчдын гаргасан дараах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Эстер мэд эмнэлгээс үйлчилгээ авахдаа эмийн сангаас буюу эмнэлгээс эм тариа авсан 1,924,600 төгрөгийн зардлыг давхардсан гэж хассан нь үндэслэлгүй гэх боловч хэрэгт авагдсан *******-ийн *******ийн тодорхойлолтод эмчилгээг 2024.10.21-ээс 2025.01.27-ны өдрийг хүртэл нийт 30 удаагийн өдрийн эмчилгээнд хамрагдлаа. Эмчилгээний зардал нэг өдрийн 100,000-120,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөг гэсэн байх ба хэргийн 1 хуудасны 92-101, 108-124, 146, 148, 158 дугаартай баримтууд нь *******гийн ерөнхий үйлчилгээ гэсэн байх тул эм, тариа авсан зардал хамаарахгүй, цаг хугацаатай давхар тооцогдож байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2. Хариуцагч ******* нь ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 40,707,850 төгрөгийг сайн дураар төлсөн, нэхэмжлэлийн шаардлага болох 15,627,096 төгрөгийн эмчилгээ, эм тариаг зайлшгүй хийлгэх шаардлагатай гэх баримт байхгүй... гэж, хариуцагч ******* нь ...шүүхийн шийдвэрт заагаагүй боловч манай компани нэхэмжлэгчид цахилгаан дугуйтай тэргэнцэр, тусгай зориулалтын ор зэргийг авч өгсөн, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасны дагуу 18,000,000 төгрөгийн тэтгэмжийг олгосон, дахин мөнгө нэхэмжлэхгүй гэсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Хариуцагч нар нь эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хохирол төлсөн, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар нөхөн төлбөрийг олгосон нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан гарсан зардлыг шаардахад саад болохгүй.

Түүнчлэн, хариуцагч ******* нь 18,000,000 төгрөгийн нөхөн олговор олгосон нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нэрлэн заасан хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг шаардах эрхийг хязгаарлахгүй.

5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын биед учирсан хохирлыг эмчлэх, нөхөн сэргээхэд чиглэсэн баримтуудыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас үнэлсэн байх тул хариуцагч ******* эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.3-т зааснаар жороор олгосон гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, мөн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/16111 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 6,257,248 төгрөг, хариуцагч *******-иас 6,257,248 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,112,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,512 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид олгож, хариуцагч *******-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,200 төгрөг, хариуцагч *******-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.ХУЛАН