| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 106/2019/0501/Э |
| Дугаар | 808 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 808
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Э.Б- түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
иргэний нэхэмжлэгч А.А-түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос С овогт Э-гийн Б-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803004870269 тоот хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот ........... дүүргийн ... дугаар хороо ..... байр ... тоотод оршин суух, урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, С овогт Э-гийн Б-.
Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 16 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хороо “BSB” дэлгүүрийн зүүн талын замд “Тoyota Mark-X zio” маркийн ...... УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг ханган” гэснийг зөрчсөний улмаас А.А-ын жолоодон явсан “Kawasaki Z1000SX” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж зорчигч Т.Х-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б- мэдүүлэхдээ: “Өгөхгүй. Өмнөх шүүх хуралдаанд ярьсан мэдүүлэг үнэн зөв” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А.А-мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр мотоциклтэй явж байгаад машинд мөргүүлсний улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон. Тухайн үед адилхан эр хүмүүс гээд эрүүл мэндийн зардал нэхэмжлээгүй, Шүүгдэгчийг хохирол төлбөрийг өгөх байх гээд удаан хугацаанд хүлээсэн. Би өөрөөсөө эрүүл мэндийнхээ зардлыг гаргасан тул хохирол төлбөрийг нэхэмжилж байна. Мотоциклын хохирол болох 4.579.399 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн намайг хагалгаанд ороход 10.000.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн тул уг мөнгийг нэхэмжилж байна” гэв.
Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 16 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хороо “BSB” дэлгүүрийн зүүн талын замд “Тoyota Mark-X zio” маркийн ...... УБҮулсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг ханган” гэснийг зөрчсөний улмаас А.А-ын жолоодон явсан “Kawasaki Z1000SX” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж зорчигч Т.Х-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 10-17 дугаар хуудас/
Хохирогч Б.Хулангийн “2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр найз А.А-ын мотоциклд сундалж явж байтал баруун гар талаас нэг машин дараад ороод ирсэн. Тэгээд цааш нь санахгүй байна. Миний толгойн баруун чамархайн яс цөмөрсөн.
... Гомдолтой байна эмчилгээнд баримтаар 4.014.000 төгрөгний хохирол гарсан. Энэ мөнгөнөөс ямар ч мөнгө төгрөг аваагүй. Тийм болохоор энэ мөнгөө нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч А.А-ын “... 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хороо BSB дэлгүүрийн зүүн талын замд T.Марк X zio маркийн ...... УБҮулсын дугаартай автомашин Kawasaki маркийн улсын дугааргүй мотоцикл унаж яваад мөргөлдөж миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Kawasaki маркийн улсын дугааргүй мотоциклд 4.589.399 төгрөгийн хохирол учирсан. Мөн эмчилгээндээ зарцуулсан баримттай дүн 909.610 төгрөг нийлээд 5.489.009 төгрөгний хохирол учирсан. Энэ хохирлоо нэхэмжилж байна. Би энэ жолоочид гомдолтой байна. Баримтаар гарсан мөнгөн дүнгээ нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/
Иргэний хариуцагч Б.Б-гийн “... Б- барьж яваад Баянгол дүүргийн 13 дугаар хороо BSB дэлгүүрийн зүүн урд талын замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байгаад мотоциклтой мөргөлдөж миний автомашинд нийт 995.000 төгрөгний хохирол учирсан. Гэхдээ би энэ хохирлоо нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин нөгөө хохирсон хүмүүсийн хохирлыг би өөрийнхөө автомашины даатгалаар гаргаж өгнө. Үлдсэн мөнгийг нь Э.Б- өөрөө төлөх байх. Би өөрөө зөвшөөрч Б-ээр тухайн өдөр машин бариулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-35 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7341 дугаартай:
“1. Т.Х-гийн биед баруун чамархайн ар хэсгээс баруун чихний суваг, баруун хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, хамар, уруул, эрүү, гарын алга, сарвуу өвдөгт олон тооны зулгаралт, сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заагдсанаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 68 дугаар хуудас/
Мөрдөгчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 89 дугаартай “... 1......... УБҮ улсын дугаартай Тoyota Mark-X zio маркийн автомашины жолооч Э.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Kawasaki маркийн удсын дугааргүй мотоцикдийн жолооч А.А-нь МУ-ын ЗХД-н 2.1а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирор Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн магадлагаа. /хэргийн 80 дугаар хуудас/
Э.Б-ийн яллагдагчаар өгсөн “Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Сонсгож байгаа зүйл ангитай холбоотой санал хүсэлт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Э.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд охирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, тэрээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Түүнчлэн дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Э.Б-ийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас А.А-ын жолоодон явсан “Kawasaki Z1000SX” маркийн улсын дугааргүй мотоциклыг мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч А.А-т Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7111 дугаартай дүгнэлтээр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл, /хэргийн 72 дугаар хуудас/ мөн Ашид Билгүүн ХХК-ний Автомашин техникийн үнэлгээгээр “Kawasaki Z1000SX” маркийн улсын дугааргүй мотоциклд 4.579.399 төгрөгийн хохирол учирсан байна. /хэргийн 74-75 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч А.А-нь 909.610 төгрөгийн хохирол нэхэмжилж холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргасан байна. /хэргийн 168-173 дугаар хуудас /
Шүүгдэгчийн зүгээс өөрийн даатгалаар А.А-т 710.710 төгрөг, сайн дураар 238.000 төгрөгийг нийт 948.710 төгрөгийг төлсөн байх тул хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулжээ.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А.А-аас “хагалгааны зардалд 10.000.000 төгрөг” нэхэмжилсэн бөгөөд дээрх төлбөрийн талаархи баримтууд байхгүй тул шүүгдэгчээс уг төлбөрийг гаргуулах боломжгүй юм.
Түүнчлэн “Ашид билгүүн” ХХК-нд төлсөн 170,000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул уг мөнгийг хохиролд тооцох боломжгүйг дурдах нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр иргэний нэхэмжлэгч А.А-нь “Kawasaki Z1000SX” маркийн улсын дугааргүй мотоциклийн төлбөрт 4.589.399 төгрөг нэхэмжилж байгаа боловч уг мотоцикл нь хэний өмчлөлийн болохыг нотлох баримтаар тогтоогдоогүй тул уг төлбөрийг А.А-т олгуулах хууль зүйн үндэслэлгүй.
Гэхдээ А.А-нь уг мотоциклийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг нотлосон баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хохирогч Т.Х-д эмчилгээний зардал нийт 1.102.070 төгрөгний хохирол тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчээс хохирогчид 1.597.320 төгрөг төлсөн тул шүүгдэгчээс нэмж гаргуулах төлбөргүй байна.
Харин түүний диплом гэмтсэн, гар утас эвдэрсэн, гоо сайханы хэрэглэл авсан зэрэг зүйлсийн үнэлгээ тодорхойгүй тул гаргуулах боломжгүй.
Гэхдээ хохирогч Т.Х- нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ийн энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 146 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүх, шүүгдэгч Э.Б- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан холбогдсон зүйл, хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Э-гийн Б-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь зааснаар Э.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Б-эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ийн цагдан хоригдсон 146 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Э.Б-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Хохирогч Т.Х-, иргэний нэхэмжлэгч А.А-нар нь хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ