| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/03497/И |
| Дугаар | 210/МА2026/00033 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00033
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/07895 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,033,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. БНСУ-ын хуулийн этгээд ******* ХК нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай ******* ХХК-ийг 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан. Уг компанийн 100 хувийн хувьцааг компанийн эзэмшиж буй эрхийн хамт худалдахаар ******* болон ******* ХХК-тай харилцан тохиролцож 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 2.1-д ******* ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч ******* ХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал ******* нь ******* ХХК-д өөрийн эзэмшиж буй нэг бүр нь 1 ам.долларын үнэтэй 9,230,291 ширхэг хувьцаа буюу компанийн дүрмийн санд оруулсан 10,843,206,700 төгрөгийн хөрөнгөө 100 хувь *******т хувьцааны анхны үнээр худалдаж шилжүүлэх, гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох бөгөөд талууд үүргээ биелүүлсэн тохиолдолд дуусгавар болохоор тохиролцсон. Уг гэрээг үндэслэн эрх шилжүүлэн өгөх, шилжүүлэн авах гэрээг байгуулсан.
******* ХК болон ******* нар дээрх гэрээнд заасан хувьцааны төлбөр, хугацааг харилцан тохиролцож өөрчлөн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу ******* ХК нь 10,843,206,635.51 төгрөгийн дүрмийн сан бүхий ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон тус компанид Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 612 дугаар захирамжаар олгосон Хан-Уул дүүргийн нд байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай нэгж талбарын дугаар бүхий 12,500 м.кв талбайтай газрын ашиглах эрхийг *******т худалдахаар харилцан тохиролцсон. Хувьцаа худалдах, худалдан авах нийт үнэ 4,000,000,000 төгрөг байх ба гэрээний урьдчилгаа 500,000,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 2,000,000,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, үлдэгдэл 1,500,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус төлж дуусгахаар тохиролцон, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хувьцааг ******* ХК-д буцаан шилжүүлэхээр гэрээнд заасан. Мөн ******* нь 2018 оны 06 дугаар сарын 18, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд төлбөр төлөх баталгааны бичгийг нотариатаар баталгаажуулан нэхэмжлэгчид гаргасан. Гэвч ******* гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг компанийн нэр дээрх газар ашиглах эрхийн хамт 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж шилжүүлсэн. *******өөс гэрээний төлбөрийг хүү, алдангийн хамт төлөхөө амлаж, удаа дараа төлбөр төлөх баталгаа гаргаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй.
Үүний дараа ******* болон түүнээс ******* ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан ******* ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээг байгуулсан. Уг гэрээгээр талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр болон 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрээнүүдийг дүгнэх, уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар зааж, гэрээний худалдан авагч талыг *******, ******* ХХК-ийг хамтад нь худалдан авагч тал гэж тодорхойлсон. Гэрээний 2.1-д талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.1 дэх хэсгийн ******* ХХК-д өөрийн эзэмшиж буй нэг бүр нь 1 ам.долларын үнэтэй 9,230,291 ширхэг хувьцаа буюу компанийн дүрмийн санд оруулсан 10,843,206,700 төгрөгийн хөрөнгөө 100 хувь *******т хувьцааны анхны үнээр худалдаж шилжүүлнэ гэснийг ******* ХХК-д өөрийн эзэмшиж байгаа нэг бүр нь 1 ам.долларын үнэтэй 9,230,291 ширхэг хувьцаагаа *******т 4,000,000,000 төгрөгөөр худалдаж шилжүүлнэ гэж өөрчлөв.
Гэрээний 2.3-т талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх заалтуудыг нэгтгэн дараах байдлаар өөрчлөв. Үүнд: гэрээний дагуу төлөх 4,000,000,000 төгрөгийн төлбөр дээр нэмж хугацаа алдуулсны төлбөрт 300,000,000 төгрөг, нийт 4,300,000,000 төгрөгөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1,300,000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 200,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 500,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 300,000,000 төгрөг, үлдэгдэл 2,000,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,833,000,000 төгрөг болгон төлнө гэсэн. Үүнээс ******* ХХК болон ******* нар нэхэмжлэгчид нийт 5,133,000,000 төгрөг төлөхөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 3,770,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 1,363,000,000 төгрөгийг төлөөгүй.
Түүнчлэн, гэрээний 5.2-т гэрээний 5.1-д заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.07 хувийн алдангийг төлнө гэж заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 638 хоногийн алдангид 608,715,800 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Иймээс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,363,000,000 төгрөг, алданги 608,715,800 төгрөгийн хамт нийт 1,971,715,800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна.
1.2. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ыг гэрчээр оролцуулсан. Тэрээр 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээний дагуу ******* ХХК нь 4,300,000,000 төгрөгийг хариуцан төлөхөөр, үлдэх 800,000,000 төгрөгийг ******* төлөхөөр тохиролцсон бөгөөд ******* 800,000,000 төгрөг төлнө гэсэн учраас уг гэрээнд түүнийг оруулсан гэж мэдүүлсэн. ******* ХХК гэрээний дагуу төлсөн төлбөрөө хэрхэн яаж төлсөн болохоо баталгаажуулж, төлбөр төлсөн баримтыг гаргаж өгсөн. Уг баримтаар шилжүүлсэн гэх гүйлгээнүүд хэрэгт авагдсан ******* ХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ы Хаан банкны данстай тохирч байна. Харин гэрчийн мэдүүлгээр хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцож олгосон Жи класс автомашиныг *******т шилжүүлж өгсөн бөгөөд ******* төлбөрийг нэхэмжлэгчид төлөхөөр болсон гэж мэдүүлсэн.
Иймд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээний үлдэгдэл төлбөр 833,000,000 төгрөг, Жи класс автомашины төлбөр 200,000,000 төгрөг, нийт 1,033,000,000 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* ХХК-ийг ******* ХХК-д шилжүүлсэн бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Мөн ******* нь ******* ХХК-тай 2018 онд гэрээ байгуулж, уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. ******* ХХК-ийн захирал тайлбарлахдаа гэрээгээр компани худалдаж аваагүй, харин тус компанийн нэр дээр байсан газрын эрхийг худалдаж авахаар тохиролцсон. *******ийн хувьд энэ харилцаанд зөвхөн зуучлагчийн үүрэгтэй оролцсон бөгөөд ямар нэг ашиг олоогүй. Уг газар дээр ******* ХХК барилга барьж түүнээс ******* ХК-д төлбөрийг төлнө гэсэн ерөнхий агуулгатай байсан.
Мөн компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлж авсан ******* ХХК төлбөр төлөх үүрэг хүлээнэ. Хэрэв хувьцаа худалдаж авсан бол хувьцааны нэрлэсэн үнээр худалдаж авах байсан. Гэрээнд хувьцаа худалдаж авахаар бичигдсэн боловч бодит байдалд газар худалдаж авсан. Гэрээний төлбөр гэж *******өөс төлж байгаагүй, харин ******* ХХК-аас төлсөн. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээ биелэгдэх боломжгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Тодруулбал, ******* нь ******* ХХК-ийн хувьцааг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* ХХК-д шилжүүлээд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ******* ХХК нь улсын бүртгэлд 100 хувь хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Компанитай холбоотой бүх хөрөнгө ******* ХХК-д шилжсэн. Түүнчлэн, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээнд 833,000,000 төгрөгийг ******* төлнө гэсэн үг байдаггүй. Автомашины мөнгөний хувьд гар бичмэл баримт дээрх гарын үсэг *******ийн гарын үсэг мөн болохыг тогтоох боломжгүй, Автотээврийн үндэсний төвөөс уг машиныг шилжүүлж өгсөн талаарх баримт байхгүй.
Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******өөс 1,033,000,000 төгрөг гаргуулах тухай ******* ХК-ийн нэхэмжлэлийлг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,016,530 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээний үлдэгдэл төлбөр болох 833,000,000 төгрөг болон жи класс автомашины төлбөр 200,000,000 төгрөг, нийт 1,033,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүхээс жи класс автомашины төлбөрийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ зээлийн гэрээ гэх гар бичмэл бүхий баримтад жи класс автомашины талаар дурдаагүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Шүүх нэхэмжлэгчээс тус нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор шүүхэд гаргасан баримтуудыг хэрхэн яаж үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй байхаас гадна тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Тодруулбал, шүүхээс жи класс автомашины талаар дурдаагүй байна гэх ганцхан өгүүлбэрээр нэхэмжлэгчийн тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлага болоод хэргийн нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн гэрээний үлдэгдэл төлбөр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
4.2. Нэхэмжлэгч нь жи класс автомашины төлбөрт шаардсан 200,000,000 төгрөгийн шаардлагаа нотлон *******ХХК-аас жи класс автомашиныг хариуцагч *******т хүлээлгэн өгсөн тооцооны баримт, *******ХХК-ийн гүйцэтгэх захирал ын гэрчийн мэдүүлэг, хариуцагч Ц. Гантөмөрөөс автомашины төлбөрийг төлөхөө илэрхийлж байгуулсан гар бичмэл бүхий зээлийн гэрээг нотлох баримтаар гаргасан. Гэтэл шүүхээс дээрх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс гадна эдгээр баримтуудыг хэргийн агуулгад хэрхэн үнэлж дүгнэсний эцэст хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдаагүй. Өөрөөр хэлбэл, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ямар үндэслэлээр эдгээр баримтыг үнэлээгүй тухайгаа, энэхүү нэхэмжлэлийн шаардлагад тус баримтуудын ач холбогдолтой, хамааралтай байсан эсэхийг дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон *******ХХК-ийн гүйцэтгэх захирал тус автомашиныг надаас ******* авч мөнгийг нь нэхэмжлэгчид төлнө гэж хэлсэн талаар мэдүүлсэн. Мөн уг мэдүүлэг ******* ХХК-ийн тооцооны баримт болон автомашины төлбөр төлөхөө илэрхийлж үйлдсэн зээлийн гэрээгээр давхар нотлогдоно. Гэвч шүүх дээрх нотлох баримтуудыг хоорондоо хэрхэн уяалдаа холбоотойгоор үйлдэгдсэн болохыг болон нэг үйл баримт өөр баримтаар давхар нотлогдож байгаа зэрэг нөхцөл байдлуудыг дүгнэхгүйгээр тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд жи класс автомашины төлбөрт шаардсан 200,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь 1,033,000,000 төгрөгийг нэхэмжилж, үүнээс 200,000,000 төгрөгийн үнэ бүхий жи класс автомашины төлбөрийг шаардсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт 200,000,000 төгрөгийг ы дансанд шилжүүлэх, хэрэв шилжүүлээгүй бол төлөх бичгийг хариуцагч ******* хийж өгсөн гэж дурдсан. дээрх мөнгийг төлөхгүйн тулд ******* төлнө гэж хэлсэн. Нэхэмжлэгч нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гаргасан тул шүүх энэ талаар дүгнээгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК, *******т нарт холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 1,363,000,000 төгрөг, алданги 608,715,800 төгрөг, нийт 1,971,715,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа 1,033,000,000 төгрөг болгон багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. ******* ХХК нь 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, БНСУ-ын ХК нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн боловч энэ хуулийн этгээдийн нэр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* ХК болж өөрчлөгдсөн байна. /1-р хх164-165, 217-218, 192-198/
3.2. ******* ХК нь *******тэй 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээгээр худалдагч ******* ХК нь ******* ХХК-ийн нэг бүр нь 1 ам.долларын үнэтэй 9,230,291 ширхэг хувьцаа буюу компанийн дүрмийн санд оруулсан 10,843,206,700 төгрөгийн хөрөнгийг худалдан авагч *******т хувьцааны анхны үнээр худалдахаар харилцан тохиролцжээ. /1-р хх-ийн 30-31/
3.3. Дээрх гэрээг үндэслэн талууд мөн өдөр Эрх шилжүүлэн өгөх, шилжүүлэн авах гэрээ-г байгуулж, гэрээгээр ******* ХК-аас өөрийн эзэмшлийн ******* ХХК-ийн эрх, үүрэг болон компанийн хувьцааг 100 хувь эрх шилжүүлэгчид бүрэн шилжүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга тэдгийг эрх хүлээн авагч тал улсын бүртгэлийн байгууллагаас хүлээн авах хүртэл хүчин төгөлдөр байхаар тохиролцсон. /1-р хх-ийн 27/
3.4. Үүний дараа ******* ХК нь *******тэй 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нд нэмэлт оруулж, уг гэрээгээр ******* ХК нь ******* ХХК-ийн 9,230,291 ам.доллар буюу 10,843,206,635.51 төгрөгийн дүрмийн сан бүхий хувьцаа, тус компанийн Хан-Уул дүүргийн нд байрлах, 13,500 м.кв талбай бүхий 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай орон сууц, үйлчилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл бүхий газрын хамт *******т шилжүүлэх, ******* нь компанийн хувьцаа болон газрын төлбөрт 4,000,000,000 төгрөг төлөх ба үүнээс 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000,000 төгрөгийг тус тус ******* ХК-д төлөхөөр тохиролцжээ. Улмаар ******* нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /1-р хх-ийн 37-39/
3.5. Хариуцагч ******* нь дээрх гэрээгээр тохиролцсон төлбөр болох 4,000,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхөөр баталгааны бичгийг 2018 оны 06 дугаар сарын 18, 2018 оны 07 дугаар сарын 02, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тус тус үйлдсэн боловч төлбөрийг төлөөгүй байна. /1-р хх-ийн 57-61/
3.6. Дээрх 2 гэрээг байгуулснаас хойш ******* ХХК-ийг төлөөлж 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* нь ******* ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээгээр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулагдснаар ******* ХХК-ийн 60 хувийн хувьцааг ******* ХХК-д шилжүүлсний дараа 2,500,000,000 төгрөгөөс *******т 500,000,000 төгрөгийг үлдэх 2,000,000,000 төгрөгийг түүний нэрлэн заасан дансанд шилжүүлэх, энэ төлбөр шилжсэний дараа үлдэгдэл 40 хувийн хувьцааг шилжүүлж, ******* ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, 2019 оны 07 дугаар сарын 15-ны дотор 500,000,000 төгрөг болон баригдаж буй 16 давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгаас 1,300,000,000 төгрөгт ногдох талбайг шилжүүлэх, мөн 2,000,000,000 төгрөгт тооцон барилгын ажил гүйцэтгэх, барилгын ажил дууссаны дараа 1,700,000,000 төгрөг шилжүүлэхээр тус тус тохиролцсон. Улмаар ******* ХХК нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ. /хх-164/
3.7. ******* нь ******* ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээнд нэмэлт заалтыг оруулж, мөн ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг *******өөс ******* ХХК-д шилжсэн тул гуравдагч этгээдэд төлөх төлбөрийг 100 хувь ******* ХХК хариуцахаар тохиролцжээ. /1-р хх-ийн 203-204/
3.8. Иймд нэхэмжлэгч ******* ХК болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.
3.9. Улмаар нэхэмжлэгч ******* ХК нь ******* ХХК болон ******* нартай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээг байгуулж, дараах өөрчлөлтийг оруулсан байна. Үүнд:
-Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №01 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.1-д ******* ХХК-д өөрийн эзэмшиж байгаа нэг бүр нь 1 ам.долларын үнэтэй 9,230,291 ширхэг хувьцаа буюу компанийн дүрмийн санд оруулсан 10,843,206,700 төгрөгийн хөрөнгөө 100 хувь *******т хувьцааны анхны үнээр худалдаж шилжүүлнэ гэснийг ******* ХХК-д өөрийн эзэмшиж байгаа нэг бүр нь 1 ам.долларын үнэтэй 9,230,291 ширхэг хувьцаагаа *******т 4,000,000,000 төгрөгөөр худалдаж шилжүүлнэ гэж,
- Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №01 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг энэхүү нэмэлт гэрээний 2.1-д заасан нөхцөл өөрчлөгдсөнөөр тооцож, уг худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дахин байгуулсан тул гэрээний зөрчлийг арилгах зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эхний гэрээг дүгнэн нэмэлт өөрчлөлт оруулах,
- Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх заалтуудыг нэгтгэн өөрчлөв. Үүнд: гэрээний дагуу төлөх 4,000,000,000 төгрөгийн төлбөр дээр хугацаа алдуулсны төлбөр 300,000,000 төгрөгийг нэмж, нийт 4,300,000,000 төгрөг төлөх ба үүнээс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1,300,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 200,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 500,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 300,000,000 төгрөг, үлдэгдэл 2,000,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,833,000,000 төгрөг болгон төлөх, хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,07 хувийн алданги тооцох, төлбөр төлж дуусах хүртэл хугацаанд баталгаа болгож худалдагч тал нь үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрх барьцаалах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдагч тал ******* ХХК-ийн хувьцааг үл маргах журмаар буцаан авах эрхтэй байхаар тохиролцсон.
3.10. Дээрх гэрээний нэмэлтээр хувьцааны үнэ 4,000,000,000 төгрөг дээр хугацаа алдуулсны 300,000,000 төгрөгийг нэмж сүүлийн байдлаар 4,300,000,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон атал хэсэгчилж төлөх хуваарьт 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1,300,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 200,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 500,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 300,000,000 төгрөг, үлдэгдэл буюу хамгийн сүүлд төлөх 2,000,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,833,000,000 төгрөг болгоно гэж бичсэний улмаас талуудыг нийт төлөх дүнг 5,133,000,000 төгрөг болгон өөрчилж төлөхөөр тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
3.11. Харин дээрх гэрээний дагуу ******* ХХК-аас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 3,836,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, гуравдагч этгээдээр дамжуулан 80,950,000 төгрөг, Пак Жон Миний дансанд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 18,650,000 төгрөг, мөн 185,515,600 төгрөгт тооцон орон сууц шилжүүлж, нийт 4,121,115,600 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй болно. /1-р хх-ийн 142-151/
4. Нэхэмжлэгч нь гэрч шүүхэд ...******* ХХК нь 4,300,000,000 төгрөг төлөх, харин үлдэх 800,000,000 төгрөг болон жи класс автомашины төлбөр болох 200,000,000 төгрөг, нийт 1,033,000,000 төгрөгийг ******* төлөхөөр болсон гэж мэдүүлсэн тул уг мөнгийг хариуцагч *******өөс гаргуулна гэж, хариуцагч ******* нь ...гэрээгээр төлбөрийг ******* ХХК-аас нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхөөр тохиролцсон, харин 833,000,000 төгрөгийг ******* төлөх талаар гэрээгээр тохиролцоогүй, гэрээ хүчин төгөлдөр бус, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн автомашины төлбөрийн талаарх гар бичмэл авагдсан боловч *******ийн гарын үсэг болохыг тогтоох боломжгүй, түүний нэр дээр автомашин шилжүүлсэн баримт байхгүй гэж тайлбарлан маргасан.
4.1. Анхан шатны шүүх хариуцагч *******өөс 1,033,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
4.2. Учир нь нэхэмжлэгч ******* ХК нь ******* ХХК, ******* нартай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээгээр ******* ХХК-ийн нэг бүр нь 1 ам.долларын үнэтэй, 9,9230,291 ширхэг хувьцааны үнэ 4,000,000,000 төгрөг дээр нэмж хугацаа алдуулсны төлбөрт 300,000,000 төгрөг, нийт 4,300,0000,000 төгрөгийг ******* ХХК, ******* нар төлөх үүрэг хүлээсэн бөгөөд үүнээс ******* ХХК нь 4,121,115,600 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлсөн, нэхэмжлэгч ******* ХК нь гэрээний дагуу *******т ******* ХХК-ийн 100 хувь хувьцааг, *******өөс ******* ХХК-д шилжүүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.
4.3. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК болон ******* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид байна. Иймд нэхэмжлэгч ******* ХК нь гэрээгээр тохирсон 4,300,0000,000 төгрөгийн зөрүү төлбөр болох 178,884,400 төгрөгийг ******* ХХК болон ******* нарын хэн алинаас шаардах эрхтэй.
4.4. Харин шүүх нэхэмжлэгчийг гэрчийн мэдүүлгийг үндэслэн хариуцагч *******өөс гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 854,115,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээв.
5. Хэргийн 240 дугаар талд авагдсан гар бичмэл баримтад ...200,000,000 төгрөгийн 100,000,000 төгрөгийг 7 дугаар сарын 25-нд, 100,000,000 төгрөгийг 8 дугаар сарын 25-нд -ий дансанд төлнө, хэрэв төлөөгүй бол Энхболдоос нэхэмжлээрэй, мөнгө зээлсэн ******* гэжээ.
5.1. Гэрч шүүхэд ...би 4,300,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан түүнийг төлж дуусгасан. Бенз маркийн тээврийн хэрэгслийг -ийг ав гэхэд би солонгос хүн аваад энд унахгүй гэхэд ******* нь би аваад энэ хүнд мөнгийг нь өгчихье гэж хэлээд амаар тохироод салсан. Уг мөнгөнд бенз маркийн тээврийн хэрэгслийн үнэ орсон гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн. /1-р хх-ийн 231-233/
5.2. Дээрх бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээс дүгнэвэл, ******* ХХК-аас нэхэмжлэгч ******* ХК-д гэрээний төлбөрт тооцож өгсөн гэх жи класс бенз маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч ******* хүлээн авсан гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй. Харин хариуцагч ******* нь 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн байх боловч уг төлбөрийг дээрх тээврийн хэрэгслийн үнэ гэж үзэж хариуцагч *******өөс эргэлзээгүйгээр гаргуулах үндэслэлгүй. Учир нь дээр дүгнэсэн зөрүү төлбөр болох 178,884,400 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч талын ...шүүх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
6. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг дээрх байдлаар зөвтгөж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******өөс 178,884,400 төгрөгийг /4,300,000,000-4,121,115,600=178,884,400/ гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. ******* болон ******* ХХК-ийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу зөрүү төлбөр болох 178,884,400 төгрөгийг хариуцагч ******* эсхүл ******* ХХК хариуцах талаар харилцан шаардлага гаргах эрх нээлттэй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/07895 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******өөс 178,884,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 854,115,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 1,052,372 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 1,157,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ