Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 440

 

         Д.Өлзийзаяад холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор О.Багшбаяр,

            хохирогчийн өмгөөлөгч Т.Энхтөр, Д.Баттөмөр,

            ялтан Д.Өлзийзаяагийн өмгөөлөгч О.Баяраа,  

           нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Өлзийзаяа, түүний өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Өлзийзаяад холбогдох 201625011825 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Заяахан овгийн Доржсүрэнгийн Өлзийзаяа, 1984 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлжийн 10-3 тоотод оршин суух,

- 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2005 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 2сар 26 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн,

- 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтийг үндэслэн 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар оногдуулсан 8 жил 1 сарын хорих ялыг 5 жил 1 сар болгон өөрчилж, үлдсэн хорих ялаа эдэлж байгаад 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: СГ84091310/;

   Д.Өлзийзаяа нь ялтай байх хугацаандаа, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар хоолойн Бэрхитийн амны задгай тоотод байрлах хохирогч Кет Свенсоны зуслангийн чингэлгийн хаалгыг тусгайлан бэлдсэн лопатка төмрөөр хөшин орж, 8.500.000 төгрөгийн үнэ бүхий америк стандартын ширэн эмээл 1 ширхэг, 6.500.000 төгрөгийн үнэ бүхий америк стандартын ширэн эмээл 3 ширхэг, мөн байшингийн хаалгыг лопатка төмрөөр хөшин орж, 550.000 төгрөгийн үнэ бүхий барууны загвартай ширэн хазаар 1 ширхэг, 80.000 төгрөгийн үнэ бүхий барууны загвартай ширэн хазаар 1 ширхэг, 160.000 төгрөгийн үнэ бүхий барууны загвартай бугуйл 1 ширхэг, 45.000 төгрөгийн үнэ бүхий бугуйл 1 ширхэг, 55.000 төгрөгийн үнэ бүхий олсон ногт 1 ширхэг, 200.000 төгрөгийн үнэ бүхий ширэн жолоо 1 ширхэг, 35.000 төгрөгийн үнэ бүхий хутга, хутганы хуй, 150.000 төгрөгийн үнэ бүхий 2 нүдний дуран 1 ширхэг, 80.000 төгрөгийн үнэ бүхий 1 нүдний дуран 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий олон үйлдэлтэй багаж 1 ширхэг, 550.000 төгрөгийн үнэ бүхий нум сум 1 ширхэг, нийт 29.955.000 төгрөгийн эд зүйл хулгайлж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Өлзийзаяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Өлзийзаяад  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг болгон өөрчилж, Д.Өлзийзаяаг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Д.Өлзийзаяагаас 100.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Өлзийзаяад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Өлзийзаяагийн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 109 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Өлзийзаяагаас 12.955.000 төгрөг гаргуулан, хохирогч Кит Свэнсонд олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Д.Өлзийзаяа давж заалдах гомдолдоо: “... Миний бие анхан шатны шүүхээс 6 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон. Уг үйлдсэн гэмт хэргийн захиалагч нь Ц.Энхмаа гэдэг хүн байгаа. Гэвч Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Баяр-Эрдэнэ нь захиалагч Ц.Энхмааг мөрдөн байцаалтын явцад ямар учраас гэрчээр татсан нь ойлгомжгүй байна. Уг хэрэг нь 2016 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө болсон ба захиалагч Ц.Энхмаагийн дүү Солонго, Энхмаагийн эгч Болороо нартай хамтран хохирогч Кет Свенсоны хувийн чингэлгээс 4 ширхэг эмээл, хазаар, ногт, бугуйл зэргийг хулгайлсан. Гэвч мөрдөн байцаагч Солонго, Болороо нараас байцаалт авалгүй, улмаар албан тушаалаа ашиглан надад дарамт учруулж, ганцаараа хэргээ үүрч ялаа аваад яв гэж хэлсэн. Миний бие гомдолтой байгаа учир захиалагч Ц.Энхмаа болон хамтран үйлдсэн Солонго, Болороо нартай уг эрүүгийн хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлмээр байна...” гэжээ. 

Ялтан Д.Өлзийзаяагийн өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Д.Өлзийзаяад холбогдох хэргийг зөвхөн яллах талыг баримтлан шийдвэрлэсэн ба хэргийн талаар нотолбол зохих цугларсан баримтуудыг шинжлэн судалж, үнэн бодит дүгнэлт гаргасангүй. Үүнд:

            - Хохирогчийн алдсан эд зүйлд 2 байдлаар үнэлгээ гаргуулсан. “Хөрөнгө истимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээг үндэслэн шийдвэрлэсэн. Энэ компани нь үнэлгээ явуулах тусгай зөвшөөрөлгүй компани юм.

            - Америк стандартын эмээл гэж ямар эмээл байдгийг албан ёсоор тодорхойлуулж, тогтоолгох,

         - Алдсан гэх эмээлүүд нь хэдэн кг жинтэй, овор хэмжээ ямар болох, 1 хүн дааж авч явж чадах эсэхийг тогтоох,

          - Өлзийзаяа нь хулгайлсан эд  зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсээр байтал дээр нь аваагүй эд зүйлийг авснаар тулгаж шийдвэрлэсэн.

       - Шүүх хуралдаан дээр шүүгдэгч үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, хамтран хулгай хийсэн хүмүүсээ мэдүүлсээр байтал шүүх хүлээн авч шийдвэрлэсэнгүй.

 Хулгайд алдагдсан эмээлүүд нь овор хэмжээний хувьд маш том. Эмээл хэдэн килограмм жинтэй вэ гэдгийг тогтоогоогүй. Д.Өлзийзаяа өөрөө маш жижиг биетэй хүн тул тийм хүнд эмээлүүдийг ганцаараа авч явж чадах эсэхийг шалгах ёстой байсан.

            Иймд Д.Өлзийзаяагийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв. 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг нотолж, тогтоогоогүй гэж байна. Д.Өлзийзаяа уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн байх боломжгүй гэдэг асуудлыг удаа дараа тавьсан боловч шүүгдэгч Д.Өлзийзаяа ганцаараа үйлдсэн гэж мэдүүлсээр байсан. Хазаар, ногт, бугуйл зэрэг нь үнийн хувьд өндөр байдаг. Жингийн хувьд нэг эмээл дунджаар 15-16 килограмм орчим жинтэй бөгөөд 4 ширхэг эмээл, дагалдах хэрэгслүүдийн хамт нэг хүн авч явах боломжгүй. Д.Өлзийзаяа нь Гачуурт руу автобусанд сууж очоод замдаа лоом олж авч, эд зүйлсийг хулгайлж аваад өөрөө үүрч явсан гэдэг. Шүүхийн шатанд шүүгдэгч нь Солонго, Энхмаа нартай бүлэглэн хулгай хийсэн гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Д.Өлзийзаяагийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тэрээр нум сум, хутга, багажнуудыг авсан гэдгээ хүлээдэггүй ч эдгээр эд зүйлс байсан гэдгийг хохирогч мэдүүлдэг. Эдгээрийг Өлзийзаяа аваагүй бол өөр хэн авсан байх вэ. Шүүх бүх эд зүйлсийг нь нэг дор авсан гэж шийдвэрлэсэн нь буруу. Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр Үржинтогтохыг тогтоосон ч иргэний нэхэмжлэлийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолоос харагддаггүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, буруутай этгээдүүдийг олж тогтоох нь зөв” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Энхтөр тус шүүх хуралдаанд нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хэн нэгнийг сэжигтнээр тооцвол заавал үндэслэл байх ёстой. Хэний ямар мэдүүлэгт үндэслэн нэр дурдагдсан хүмүүсийг татах ёстой вэ. Мөрдөн байцаалтын шатанд Д.Өлзийзаяа нь “Энхмаа захиалагч, Болороо, Солонго нар хамжигч” гэж огт мэдүүлж байгаагүй. Тэрээр сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Дарь-Эхэд байр хөлсөлж байсан. Тэндээс автобусаар Гачуурт руу явж байх замдаа лопатка олоод Шар хоолой руу алхан очиж, чингэлгийн хаалгыг хөшиж эвдэн, эд зүйлсийг авсан” гэдэг. Шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй. Тэрээр эд зүйлсийг хайрцагт хийгээд үүрч явсан. Ингэхдээ хэдэн ч удаа үүрч явсан байж болно. Д.Өлзийзаяа тэр байрыг хөлслөж байхдаа Энхмаатай танилцаж, эмээл зарах гэж байгаагаа хэлсэн. Үүний дараа эмээлийг Айраг сум руу авч явсан байдаг. Д.Өлзийзаяагийн ярьж байгаа зүйлс хэргийг ээдрээтэй болгож, удаашруулах арга гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх үнэлгээний комисс нь эд зүйлийг үнэлж, үнэлгээ тогтооход хохирогч талаас хэтэрхий хямд үнэлсэн гэсэн гомдол гаргасны дагуу дахин үнэлгээ хийлгэсэн. “Хөрөнгө эстимэйт” үнэлгээний газар нь хуулийн дагуу үнэлгээ хийдэг байгууллага юм. Хохирогчийн эхнэр нь АНУ-аас эмээлийн материал авчирч, гар аргаар уг эмээлүүдийг хийдэг. Хохирогчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн байр суурийг дэмжиж оролцож байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

                                                                 ХЯНАВАЛ:

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

   Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Д.Өлзийзаяа нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар хоолойн Бэрхитийн амны задгай тоотод байрлах хохирогч Кет Свенсоны зуслангийн чингэлгийн хаалгыг тусгайлан бэлдсэн лопатка төмрөөр хөшин орж, америк стандартын ширэн эмээл 4 ширхэг, зуслангийн байшингийн хаалгыг лопатка төмрөөр хөшин орж, ширэн хазаар 2 ширхэг, бугуйл 2 ширхэг, олсон ногт, ширэн жолоо, хутга, хутганы хуй, хоёр нүдний болон нэг нүдний дуран, олон үйлдэлтэй багаж, нум сум зэрэг нийт 29.955.000 төгрөгийн эд зүйл хулгайлж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Кит Свенсоны: “...Алдсан эмээлүүдийг үйлдвэрийн аргаар бус гар аргаар манай эхнэр Сабинэ Шмидт хийсэн бөгөөд хэзээ ч дахин давтагдашгүй хийцтэй юм. Уг эмээлүүдийг хийсэн материалууд нь маш өндөр үнэтэй, чанартай зүйлээр хийсэн... Д.Өлзийзаяа нь 2016 оны 1 дүгээр сард гэнэт гарч ирээд амьдрах газаргүй гээд Ядмаагийнд амьдарч байсан. Тэгээд Ядмаагийн гэрт амьдарч байгаад манай эд зүйлийг бүгдийг нь хаана юу байгаа гэдгийг мэдэж байсан. Энэ хэрэг гарахаас сарын өмнө намайг байшиндаа байж байхад Д.Өлзийзаяа орж ирээд надаас мөнгө зээлээч гэж хэлж байсан, хэдэн төгрөг гэдгийг нь хэлээгүй, тэгэхээр нь би юу ч дуугараагүй. Ядмаа гуайд Д.Өлзийзаяа “энэ контейнерийг эвдээд ороход амархан юм байна” гэж хэлж байсан. Мөн хэрэг гарахаас 3 хоногийн өмнө Д.Өлзийзаяа “би яваад эхнэр хүүхдээ аваад ирье” гэж хэлээд явсан. Тэрнээс хойш Ядмаа утсаар ярихаар утсаа авахгүй холбогдохгүй байсан. Хэрэг гарснаас хойш 2-3 хоногийн дараа Ядмаа Д.Өлзийзаяагийн эхнэр лүү ярихад “над дээр ирээгүй байна, гэхдээ Д.Өлзийзаяа их хэмжээний мөнгөтэй болсон юм шиг байна” гэж хэлсэн гэсэн. Д.Өлзийзаяаг чимээгүй байгаа шалтгааныг нь энэ хэргийг хийсэн гэж үзэж байна...” /хх 64-66/,

Гэрч Д.Ядмаагийн: “...2016 оны 4 дүгээр сард хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Нэг өглөө манай эзний контейнерт хулгай орсон байсан гэсэн. Тэгээд европ стандартын 4 ширхэг эмээл алдагдсаныг мэдсэн... Д.Өлзийзаяа урьд нь Кит Свенсоныд жуулчны морь хөтөлдөг ажил хийдэг байсан... Нум сум нь байшин дотор баруун хойд буланд өлгөсөн байсан, дуран нь бас уг байшингийн хаалганы зүүн талд өлгөсөн байсан, хутга нь хаана байсныг мэдэхгүй байна, ком багаж нь хаана байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Сүүлд ямар ч байсан нум, сум, дуран 2 нь байхгүй болсон байсан...” /хх 76, 77/,

 Гэрч Сабинэ Мария Шмидтын: “...Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд байгаа эмээлийг 2010 онд хийсэн, уг эмээлийн дотор талыг тусгайлсан материалаар хийсэн. Нас гүйцсэн бухын ширийг сайтар боловсруулсан, уг шир нь дэлхий дээр байдаг хамгийн өндөр чанартай шир юм. Уг эмээлийн онцлог нь гэвэл эмээл дээр хийсэн хээ нь дахин давтагдашгүй, ямар ч өөр эмээл дээр ийм хээ байхгүй. Манай бүх эмээлийн дөрөө нь чанартай хөнгөн төмрөөр хийгдсэн, дөрөө хэсэг доороо зөөлөн хаймер тавьсан, урд талдаа хамгаалалттай... Уг эмээлүүдийг би өөрийн гараар хийсэн...” /хх 78/,

   Гэрч Н.Батжаргалын: “...Яг хэдэн сард гэдгийг нь санахгүй байна. Намар гэртээ байж байхад Д.Өлзийзаяа “эмээл худалдаж авах уу, 500.000-600.000 төгрөг” гэсэн. Тэгээд манайхаас өмнө нь мал худалдаж аваад мөнгийг нь өгөөгүй болохоор би барьцаанд аваад үлдсэн байсан. Хоёр эмээл авч ирсэн, нэгийг нь авсан...” /хх 80-81/,

            Гэрч Ц.Энхмаагийн: “...Заяа гэх эрэгтэй надад хандан “та Айраг сумаас ирсэн гэсэн үү, би Айраг сумын хүүхэд байгаа юм, та надаас эмээл авахгүй юу” гээд 1 ширхэг шаргал өнгөтэй, шинээр хийсэн юм шиг том эмээл надад үзүүлсэн. Тухайн үед би авахгүй гэж хэлтэл, Заяа гэх эрэгтэй надад хандан “эгчээ манай хүүхэд Айраг суманд байдаг юм аа, хүүхдийн бие өвдөөд яаралтай мөнгө явуулах хэрэгтэй болоод байна. Би түрүү сард нэг газарт ажил хийгээд цалингаа өгөхгүй удаад байсан ба сүүлдээ надад цалингийнхаа оронд энэ эмээлийг өгсөн юм. Дүү нь одоо энэ эмээлийг зараад хүүхэд рүүгээ явуулах хэрэгтэй байна, та надаас энэ эмээлийг авчих” гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрч “ямар эмээл, хэдээр зарах юм” гэхэд “надад ийм 2 эмээл байна, та нийлүүлээд 500.000 төгрөгөөр авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг 2 эмээлийг 500.000 төгрөгөөр худалдан авсан... 2016 оны 8 дугаар сард хот руу явах ажлын хажуугаар уг хоёр эмээлийг Нарантуул захын Мангасын ам гэж нэрлэгддэг арын хэсэгт очоод гадаа ил тавьж байгаад 600.000 төгрөгөөр 2 эмээлээ үл таних хүнд зарсан...” /хх 82-84/,

Д.Өлзийзаяагийн сэжигтнээр: “... Яг хэдний өдөр гэдгээ санахгүй байна. Орой гараад гудамжнаас лопатка төмөр олоод Гачууртын унаанд суугаад эцэс дээр буугаад хойшоо шар хоолой руу алхсан. Шөнө харанхуй болсон байхад чингэлэгний цоожийг лопатка төмрөөр хөшиж онгойлгоод 4 эмээл, хазаар, ногт, бугуйл зэргийг аваад цаасан хайрцагаар тойруулж ороогоод Гачууртын төв рүү үүрч алхсан. Замдаа бүгдийг нь модон дунд төгөлд хийж нуугаад хот руу явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа таксины жолоочтой тохироод юмнуудаа аваад буцаж ирсэн...” /хх 103/ гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх 18, 53/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 55-56/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

   Д.Өлзийзаяад холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Прокуророос Д.Өлзийзаяаг ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг анхан шатны шүүх Д.Өлзийзаяагийн ялтай байдлыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг болгон хөнгөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. 

Түүнчлэн анхан шатны шүүхээс Д.Өлзийзаяад оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Ялтан Д.Өлзийзаяа гаргасан давж заалдах гомдолдоо “захиалагч Ц.Энхмааг захиалагчаар, түүний дүү Солонго, эгч Болороо нарыг гэмт хэрэгт хамтран оролцсоноор шалгаж өгөхийг” хүсчээ.

Гэрч Ц.Энхмаагийн “...Уг эмээлийг би хулгайн эмээл гэдгийг мэдээгүй...” /хх 171/, гэрч Н.Батжаргалын мэдүүлэг /хх 80/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар Д.Өлзийзаяа нь бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг бусадтай хамтран үйлдсэн, мөн Ц.Энхмааг дээрх гэмт хэрэг үйлдэхийг захиалсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Ялтны өмгөөлөгч О.Баяраа нь “...Эд зүйлийн үнэлгээг болон Америк стандарт гэж юу болохыг, мөн алдагдсан эд зүйлийн овор, хэмжээ болон 1 хүн дааж явах боломжтой эсэхийг тогтоох, Д.Өлзийзаяагийн хулгайлаагүй эд зүйлийг нэмж хохиролд тооцсон тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Хохирлын үнэлгээг тооцохдоо хуульд заасан аргачлалыг үндэслэсэн ба эд зүйлийн үнэлгээг хохирогчийн гаргасан үнэлгээ, эрх бүхий үнэлгээний байгууллагын үнэлгээг үндэслэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

             Түүнчлэн “Хөрөнгө эстимэйт” ХХК нь тусгай тамга тэмдэг бүхий үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний компани болох нь хавтаст хэргийн 71 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

            Д.Өлзийзаяа нь сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэргийг хэрхэн үйлдсэн талаар тодорхой мэдүүлсэн байх ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Кит Свенсонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлийг сануулж, мэдүүлэг авсныг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд ялтан Д.Өлзийзаяа, түүний өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.