Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ХШТ/69

 

П.Г, А.Т нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар магадлалтай, П.Г, А.Т нарт холбогдох 1929001070077 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Тэнгис, Э.Энххэрлэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1974 оны ** дугаар сарын **-ны өдөр *** төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 20.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Т овогт П-ийн Г,

2.Монгол Улсын иргэн, 1972 оны ** дугаар сарын **-ны өдөр *** төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 500 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт А-ийн Т.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Г, А.Т нар нь бүлэглэн байгалийн ховор ургамал болох 1236.25 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Х сумын Х багийн нутаг “Ц” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө “Истана” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т овгийн П-ийн Г, Б овгийн А-ийн Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлын үндсийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-т 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-т 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч П.Г, А.Т нарыг өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г, А.Т нараас 61.812.500 /жаран нэгэн сая найман зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 30.906.250 /гучин сая есөн зуун зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г, А.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Истана” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 8.000.000 /найман сая/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, улсны төсвийн орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай актаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1236.25 /нэг мянга хоёр зуун гучин зургаа зууны хорих тав/ кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг шүүгдэгч П.Г, А.Т нарт буцаан хүлээлгэн өгсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Тэнгис, Э.Энххэрлэн нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо “...  Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол болон магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргах үндэслэл нь:

1.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Г, А.Т нарын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Учир нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 63 дугаар цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 622 дугаар тогтоолтой, П.Г, А.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 /хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол/-т заасныг үндэслэн гаргасан прокурорын дүгнэлтээр хэлэлцсэн билээ.

Уг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дүгнэлт гаргуулах Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд Б.Тэнгис, Э.Энххэрлэн бид оролцсон бөгөөд бүрэлдэхүүн зөвлөлдөж гаргасан шийдвэр нь тухайн хэргийн оролцогч буюу Байгаль орчны улсын байцаагч Б.А гэх хүн нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоосон хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдсөн талаар дахин хэлэлцүүлэх шаардлагатай хэмээн үндэслэлээ тайлбарласан.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх Байгаль орчны улсын байцаагч хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-ийг анхан шатны шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулан, хэрэв оролцох боломжгүй, өөр ажилд томилогдсон тохиолдолд төлөөлөх эрх бүхий албан тушаалтныг оролцуулан ээдрээ төвөгтэй энэхүү хэрэгт онцгой анхаарч шийдвэрлээгүй нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хэлэлцүүлэхээр буцаасан Улсын дээд шүүхийн тогтоолд заасан хохирогч буюу оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзсэн хууль зүйн дүгнэлт нь биелэгдээгүй байна.

2.П.Г, А.Т нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд зарлагдсаныг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өмгөөлөгч надад мэдэгдсэн. Улмаар уг зарлагдсан шүүх хуралдаан нь урьд Хэнтий аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Н-д холбогдох шүүх хуралдаантай давхацсан тул давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй, шүүх хуралдааныг боломжит хугацаанд хойшлуулж, өмгөөлөгчийг биечлэн оролцуулах тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн [email protected] цахим хаягаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд ..., оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна/-т заасныг үндэслэн холбогдох баримтуудаа хавсаргаж, хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлтээ гаргасан, мөн Э.Энххэрлэн өмгөөлөгч шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжоор хангаагүй, түүнчлэн үйлчлүүлэгч П.Г, А.Т нар нь давж заалдах гомдолдоо шүүх хуралдаанд өмгөөлөгч нартайгаа биечлэн оролцох тухай гомдолдоо дурдсаар байтал хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчихөөс гадна шүүх хуралдаанд мэтгэлцэх талын байр сууринаас оролцож гомдлын үндэслэл, тайлбарыг гаргах боломжоор хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэх үндэслэлтэй.

3.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г, А.Т нараас 61.812.500 /жаран нэгэн сая найман зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 30.906.250 /гучин сая есөн зуун зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь “Б” ХХК болон “А” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан албан ёсны зөвшөөрлийн дагуу тухайн дэрэвгэр жиргэрүүг түүж бэлтгэсэн бөгөөд тухай бүрдээ улсын тэмдэгтийн хураамж болон бусад нөхцөлүүдийг шаардлагын дагуу бэлтгэсэн ургамлыг П.Г, А.Т нар  худалдаж авсан байхад миний үйлчлүүлэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт ямар үндэслэлээр 61.812.500 төгрөгийг ямар аргачлалаар хэрхэн тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Хавтаст хэрэгт Байгаль орчны улсын байцаагч Б.А-ийн мэдүүлэгт /1хх 160-162/ “тухайн дэргэвэр жиргэрүүг хууль ёсны түүж бэлтгэсэн бөгөөд байгаль орчинд нөхөн сэргээлт хийсэн, манай яамнаас хохирол учраагүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх утга агуулга бүхий мэдүүлэг авагдсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 03 дугаар сарын         19-ний өдрийн 06/1775 дугаартай албан тоот болон дээрх өгсөн мэдүүлгийн дагуу дүгнэлт хийхэд хууль ёсны түүж бэлтгэсэн дэрэвгэр жиргэрүүг буюу Байгалийн ургамлын тухай хуульд заасны дагуу зохих зөвшөөрлөөр түүж бэлтгэсэн байгалийн ургамлыг зарж борлуулах, худалдан авах, тээвэрлэхэд тус яамнаас нь зөвшөөрөл олгодоггүй зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ бүхий байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн магадлалыг хүчингүй болгож миний үйлчлүүлэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хяналтын шатны шүүхэд Э.Энххэрлэн өмгөөлөгчтэй хамт гомдол гаргасан. Гомдлын агуулгыг гурван үндэслэлтэйгээр гаргасан. Нэгдүгээрт нь Улсын дээд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар прокурорын дүгнэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн гэж үзэж энэ хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Энэхүү үйл баримтыг тогтоолоос харахад хохирогч гэж байгаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Б.А гэх хүн анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй байна. Хоёрдугаарт нь давж заалдах шатны шүүхээс товлогдсон шүүх хуралдаанд миний бие Хэнтий аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Н-д холбогдох хуралдаантай давхацсан тул давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй, шүүх хуралдааныг боломжит хугацаанд хойшлуулах хүсэлтээ Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд мэдэгдэх хуудасны хамт хүргүүлсэн. Гэтэл шүүх хуралдааны ирцтэй холбоотой миний гаргасан хүсэлтийн харгалзан үзэлгүй шүүх хуралдааныг явуулсан нь Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар оролцогчийн эрхийг хязгаарласан байна гэх нөхцөл байдлыг зөрчиж, шүүх хуралдааныг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий явагдсан гэдэгт эргэлзээтэй байгаа тул гомдол гаргасан. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хэргийг үйл баримтай холбоотой асуудлыг ойлгомжгүй байдлаар дүгнэсэн. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заалтад “хууль бусаар” гэсэн зүйл заалт байгаа. Гэтэл шүүгдэгч П.Г, А.Т хоёрыг буруутгаж байгаа үндэслэл нь Байгаль орчны яамнаас албан ёсны зөвшөөрлөөр түүж авсан үйл баримтыг зөвшөөрөлгүй худалдаж авсан гэж дүгнэсэн. Хоёр шатны шүүхүүдэд худалдаж авах, худалдах талаар Байгаль орчны яамнаас албан ёсны тоотоор хариу авсан байгаа. Түүнд худалдан борлуулах юм уу, худалдаж авах нөхцөл байдалд ямар нэгэн байдлаар тус яамнаас тусгай зөвшөөрөл шаардагдахгүй болохыг тусгасан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгахдаа Байгаль экологид хохирол учруулсан байна гэж дүгнэсэн. Гэтэл тус дүгнэлтийг хэр үндэслэлтэй болохыг нь гайхаж байна. Шүүх шүүгдэгч П.Г, А.Т нарын хувьд “дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг байгалиас өөрсдөө түүж бэлтгээгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь ургамлын аймагт шууд хохирол учруулаагүй учраас “дэрэвгэр жиргэрүү” ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлэн гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Харин шүүгдэгч П.Г, А.Т нараас Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар 1236.25 кг “дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийн үнэ болох 61,812,500 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 30,906,250 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулах нь зүйтэй байна гэж дүгнэсэн. Энэхүү Байгаль орчин, уур амьсгалын сан нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдаад 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хууль зүйн зохицуулалтай. Гэтэл тухайн цаг хугацаанд хууль журам байхгүй байхад энэ хууль журмыг өнгөрсөн цаг хугацаанд үндэслээд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. “Истана” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэнтэй холбоотой хохирлыг хууль бус аргаар буюу гэмт хэргийн улмаас ашигласан гэх үндэслэлээр 8,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан энэ үйл баримтад машин болон экологид учирсан хохирол гэх зэрэг эд зүйл байхгүй байсан учраас түүнд шүүхээс дүгнэлт хийж өгөхийг хүсье. Эргэлзээ бүхий нөхцөл байдлууд нотлох баримтын хэмжээнд хоёр шатны шүүхээс хэдийгээр эргэлзээгүй гэж шийдвэрлэсэн ч гэсэн хэргийн үйл баримт, нөхцөл байдлын хувьд эргэлзээ төрүүлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар хэргийг шийдвэрлэх хууль зүйн зохицуулалтыг хэрэглэхээр заасан байгаа учраас энэ хэргийг тал бүрээс нь хянаж шүүгдэгчийг цагаатгааж өгнө үү” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Хоёр шатны шүүхээс П.Г, А.Т нарыг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Түүнд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Энэ ургамал нь байгальд ховор болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Тус ургамлыг түүж худалдаж авах, иргэн ашигласан тохиолдолд холбогдох этгээдээс зөвшөөрөл авахыг Байгалийн ургамлын тухайн хуулийн 10 дугаар зүйлд “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч мөн бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр ашиглахаас бусад тохиолдолд халдашгүй байна”, Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т “иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.13-т заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно” гэж тус тус холбогдох хуулиар тухайлсан салбар эрх зүйн хэмжээгээр байгалийн нэн ховор болон ховор ургамлыг хамгаалсан байгаа. Харин ашиглах тохиолдолд тодорхой зөвшөөрөл авах хэм хэмжээг хуульчилсан байдаг. Гэтэл хоёр шүүгдэгчийн хувьд ямар нэгэн ашиглах зөвшөөрөлгүйгээр тухайн байгалийн ховор ургамлыг бусдаас худалдан авч хадгалсан, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэн ховор болон ховор ургамлыг хамгаалсан тухай заалт гэдгийг анхааралдаа авч  үзэх нь зүйтэй байх. Тиймээс гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүхээс Э.Энххэрлэн, Б.Тэнгис өмгөөлөгч нарын хүсэлтийг хоёр удаа хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан. Эхний удаа хоёр өмгөөлөгч нь шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр хоёулаа хүсэлт гаргасан учраас хүсэлтийг хүлээж авч хуралдааныг хойшлуулсан. Дараа нь шүүх хуралдаан зарлагдахад хоёр өмгөөлөгчөөс Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр энэ хэргийг хэлэлцүүлэхгүй гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан. Тус хүсэлтийг шүүх хүлээж авч, шүүх хуралдааныг хойшлуулж татгалзлыг эрх бүхий шүүхээр шийдвэрлүүлсэн. Түүний дараа дахин хуралдаан товлогдож 9 хоногийн өмнө шүүх хуралдааны товыг хоёр өмгөөлөгчид мэдэгдсэн. Гэтэл Б.Тэнгис өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдаанд биечлэн оролцох тухайгаа илэрхийлж шүүх хуралдаанд хүсэлтээ ирүүлсэн. Харин Э.Энххэрлэн өмгөөлөгчийн хувьд ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй байсан тул тус нөхцөл байдлуудыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Б.Тэнгис өмгөөлөгчийн хувьд удаа дараа зарлагдсан шүүх хуралдааныг явуулах сонирхол байгаагүй, хурал хийлгэх гэсэн эрмэлзэл харагдахгүй байгаа учраас давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй. Хяналтын шатны шүүх тухайн хэргийн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэл байгаа эсэхийг хянаж үзэх тул Б.Тэнгис өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүйгээр хэргийн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн зүйл байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдөөгүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон үйл баримтаас харахад шүүгдэгч нар нь тухайн “дэрэвгэр, жиргэрүү” ургамлыг  байгалиас шууд түүж бэлтгээгүй, түүж бэлтгэсэн байсан ургамлыг бусдаас худалдаж авсан. Энэ нь байгальд учирсан шууд хохирол биш гэж хоёр шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэсэн. Шууд бусаар хохирол учирсан гэж үзэж байна. Нэгэнт Монгол улс Эрүүгийн хууль болон бусад салбар хуулиудаар нэн ховор болон ховор ургамлуудаа хамгаалсан, тус хамгаалсан журмыг нь зөрчиж худалдан авч тээвэрлэн борлуулж байгаа үйлдэл нь шууд бус байдлаар байгаль орчинд экологийн хохирол учруулж байна. Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан байгаа. Тиймээс хоёр шүүгдэгч нь 61 сая орчим төгрөгийг экологи-эдийн засгийн үнэлгээтэй ургамлыг гэмт хэргийн замаар олж авсныг улсын орлого болгож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангах үндэслэл бүхий шүүхийн шийдвэр болсон. Мэдээж шууд учирсан хохирол биш учраас 5 дахин нэмэгдүүлэх хуулийн зохицуулалтыг энэ хэрэгт хэрэглэх боломжгүй байгаа тул хоёр шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Тэнгис, Э.Энххэрлэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн П.Г, А.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

            2.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Тэнгис, Э.Энххэрлэн нар хамтран гаргасан гомдолдоо “... үйлчлүүлэгч П.Г, А.Т нар нь давж заалдах гомдолдоо шүүх хуралдаанд өмгөөлөгч нартайгаа биечлэн оролцох тухай гомдолдоо дурдсаар байтал хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчихөөс гадна шүүх хуралдаанд мэтгэлцэх талын байр сууринаас оролцож гомдлын үндэслэл, тайлбарыг гаргах боломжоор хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэх үндэслэлтэй” гэжээ.

            Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх П.Г, А.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан байх ба 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хойшлуулах, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр товлон зарласан шүүх хуралдааныг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтээр тус тус хойшлуулсан байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дахин шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлснийг давж заалдах шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулсан тул тэдгээрийн дахин гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзан хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчилд зөрчилд хамаарахгүй болно.

            Иймд шүүдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “... хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн” гэсэн агуулга бүхий гомдлыг хангах үндэслэлгүй байна.

3.Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... “Б” ХХК болон “А” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан албан ёсны зөвшөөрлийн дагуу тухайн дэрэвгэр жиргэрүүг түүж бэлтгэсэн бөгөөд тухай бүрдээ улсын тэмдэгтийн хураамж болон бусад нөхцөлүүдийг шаардлагын дагуу бэлтгэсэн ургамлыг П.Г, А.Т нар  худалдаж авсан байхад миний үйлчлүүлэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт ямар үндэслэлээр 61.812.500 төгрөгийг ямар аргачлалаар хэрхэн тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй” гэжээ.

Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэр гаргахдаа 1 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 50.000 төгрөгөөр тогтоож хохиролд тооцсон нь Байгаль орчин, Ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар батлагдсан “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ”-нд нийцсэн  бөгөөд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж дүгнэв.

Учир нь Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А\677 дугаартай тушаалаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ”-г шинэчлэн баталж, уг тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, Ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон ба шинэчлэн батлагдсан тушаалын хавсралтын 381 дүгээрт “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын хуурай жингийн үнэлгээ 217.100 төгрөг, нойтон жингийн үнэлгээ 112.900 төгрөг байхаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарах үед буюу 2019 оны 04 дүгээр сарын 11-12-ны өдөр Байгаль орчин, Ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар батлагдсан “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ” хүчин төгөлдөр үйлчилж байсан бол 2023 оны 06 дугаар сарын     16-ны өдөр буюу шийтгэх тогтоол гарах үед Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А\677 дугаартай тушаалаар шинэчлэн батлагдсан “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ” хүчин төгөлдөр үйлчилж байжээ.

Түүнчлэн шүүгдэгч П.Г, А.Т нар нь 1236.25 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг өөрсдөө түүж бэлтгээгүй, харин бусдын түүж бэлтгэсэн ургамлын үндсийг худалдан авсан тул тэдний үйлдлийн улмаас ургамлын аймагт шууд хохирол учирсан гэж үзэхгүй.

Тиймээс тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж гаргуулах үндэслэлгүй учир Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 1 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үнэлгээ болох 50.000 төгрөгийг шүүгдэгч нарын тээвэрлэж явсан 1236.25 кг ургамлаар үржүүлж нийт 61.812.500 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “... ямар үндэслэлээр 61.812.500 төгрөгийг ямар аргачлалаар хэрхэн тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй” гэсэн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

4.Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэсэн гурван төрөлд ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаардаг байна. 

Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata) ургамлын модлог үндэс нь  газрын хөрсний чийгийг барьж экосистемийн тэнцвэрийг хадгалах үүрэгтэй төдийгүй үндсээр нь түүсэн тохиолдолд дахин төлждөггүй тул тухайн орчмын хөрс сийрэгжин доройтож цөлжилт үүсгэдэг онцлогтой аж.

            Мал аж ахуй болон хүний хүчин зүйлээс шалтгаалж дэрэвгэр жиргэрүү ургамлын тархац, нөөц багасаж, устаж болзошгүй эрсдэлд орсон тул Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад хамруулжээ.  

            Байгалийн ургамлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар иргэн ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болох ба судалгаа, шинжилгээ, ахуйн зориулалтаар түүж бэлтгэсэн ургамлыг орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглоно.

            Гэтэл П.Г, А.Т нар нь дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг бусдад худалдах зорилготойгоор тээвэрлэж явсан болох нь яллагдагч П.Г-ын “... би тэр ургамлыг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтэй, мөн худалдан авах БНХАУ-ын иргэд нь Гашуун сухайтын хилийн боомтоор авах сонирхолтой байгаа гэхээр нь ойртуулж хадгалах зорилгоор тээвэрлэж ирсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал/, яллагдагч А.Т-ийн “... нөхөр Г Оюу толгойн замын пост дээр гал авах гэж буугаад эргэхэд араас цагаан машин хөөсөн. Бид тэрийг цагдаагийн машин гэж мэдээгүй. Тэгээд саатуулагдсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53 дахь тал/, гэрч Б.М-ын “... Хилээр нэвтрүүлж, бичиг баримт бүрдүүлж өгөх талаар тохиролцсон асуудал надад байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал/, гэрч Ш.Д-ын “... Би наадах чинь ховор ургамал, хэн дуртайд нь өгдөггүй юм гэж хүртэл хэлж байсан. ... Тэд нар надаас хүнд өгөх гэж байгаа юм, хүнд өгөх ёстой юм гэж гуйсаар байгаад авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 168 дахь тал/, мөрдөгчийн “... тээврийн хэрэгслийн арын суудалнуудыг авч хөх өнгийн гялгар ууттай зүйлийг таазанд тултал өрж ачсан байх бөгөөд П.Г, А.Т нар нь уг ачсан зүйлийг ургамлын үндэс, нүүрс тээврийн автомашинд ачуулж Ганц мод руу гаргахаар Дорнод аймгаас Улаанбаатар хотоор дамжин Цагаан хаданд орж ирсэн гэж тайлбарлаж байх бөгөөд тээвэрлэх зөвшөөрөл байгаа эсэхийг шалгахад зөвшөөрөл байхгүй байсныг тэмдэглэв” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/ зэргээр тус тус нотлогдсон байна.

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч П.Г, А.Т нар нь бүлэглэн байгалийн ховор ургамал болох 1236.25 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Х сумын Х багийн нутаг “Ц” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө “Истана” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

5.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй,  хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

6.Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, хязгаарлалтын бүсийг хэт өргөн буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Ял шийтгүүлсэн этгээдийг гэрт буюу байнга амьдрах газарт нь тусгаарлах хэлбэрээр хэрэгждэг, өөрөөр хэлбэл хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслалцаа үзүүлэх, гэмт хэрэг дахин үйлдэх зан үйлээс татгалзуулах, урьдчилан сэргийлэх, хохирогч бусад хүнийг хамгаалахад зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго оршино.

Зорчих эрхийг хязгаарлах нутаг дэвсгэрийн хил хязгаар, хэмжээг хумьж, багасгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “... ялыг хүндрүүлэхгүйгээр   ... өөрчлөлт оруулах” гэсэн заалтад хамаарахгүй, хэлбэр болон агуулгын хувьд ялыг бодитойгоор хүндрүүлж байгаа, хяналтын шатны шүүх хуулийг Үндсэн хуулийн үзэл санаа, хууль ёсны зарчмын агуулгаас өөрөөр, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулсан байдлаар тайлбарлаж буй хэрэг гэж үзэхгүй.

Иймд шүүгдэгч П.Г, А.Т нарын оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Тэнгис, Э.Энххэрлэн нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... Улаанбаатар хотын ...” гэснийг “... Баянзүрх дүүргийн ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоол болон Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч П.Г, А.Т нарын өмгөөлөгч Б.Тэнгис, Э.Энххэрлэн нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

С.БАТДЭЛГЭР

М.ПҮРЭВСҮРЭН

Б.ЦОГТ