Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1806

 

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2016/01806

 

Б.Нямдоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар дугаар 23-ны өдрийн 102/ШШ2016/04930 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Нямдоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ганбилэг, Ц.Дондогбаатар нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 17 647 500 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Ц.Дондогбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Нямдорж

Хариуцагч: Ц.Дондогбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Энхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Нямдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Д.Ганбилэгт 10.200 америк долларыг 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлсэн. Хариуцагч Д.Ганбилэг болон түүний аав Ц.Дондогбаатар нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа шаардуулж байж 2015 оны 10 дугаар сард 1.150 америк долларыг өгч, 9.050 америк долларыг удахгүй өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Би анх Ц.Дондогбаатар, Д.Ганбилэг нартай хамтран ажиллах санал тавьж, худалдах худалдан авах аман гэрээний дагуу Соната 7 маркын 4 ширхэг автомашинаа хариуцагч нарт  өгч явуулсан. Ингээд 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч нараас надад “4 ширхэг автомашиныг Казакстан улсруу авч яваад 2 ширхэг автомашиныг нь худалдаж, 2 ширхэг автомашиныг нь хулхидуулсан тул бидэнд дахин 3 автомашин өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу 10,200 ам.долларын үнийн дүнтэй худалдах худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Өмнөх авсан 4 ширхэг автомашиныг үнийг нийт 4 500 ам.доллараар тооцон тээврийн зардлаа нэмж  нийт 22 000 ам.доллар хариуцагч нар төлөхөөр аман гэрээ байгуулсан. Сүүлд өгсөн 3 ширхэг автомашины Соната-7 маркын 1 ширхэг автомашиныг 10 000 000 төгрөгөөр, Соната-6 маркын 2 ширхэг авто машиныг тус бүр 6 000 000 төгрөг, нийт 22 000 000 төгрөгөөр үнэлж, худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Миний бие нийт 33,000 ам.долларын үнэ бүхий 7 ширхэг Соната маркын автомашиныг хариуцагч нарт өгсөн. Энэ мөнгөнөөс 24,000 ам.долларыг хариуцагч нараас авсан байгаа. Үлдэгдэл 9,050 ам.доллар буюу 17 647 500 төгрөгийг Д.Ганбилэг, Ц.Дондогбаатар нараас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Ганбилэг, Ц.Дондогбаатар нар шүүхэд гаргасан  тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Биднийг 2014 оны 02 сард тээвэр зуучийн “Наос” компани дуудаад та 2 Казакстан улс руу манай Соната 7 маркийн 4 машиныг зараад өгөөч гэсэн тул менежер Б.Нямдоржтой амаар тохирсон. Б.Нямдорж сүүлд нь хоёулаа дүр үзүүлсэн гэрээ хийчихье гээд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дүр үзүүлсэн зээлийн гэрээг хийсэн юм. Бид машиныг хүлээн авч Ганбилэг, Гантулга, Золбадрах нарын хамт хоёр тасран Казакстан улсруу явсан. Гантулгаас Соната 7 маркийн машин худалдан авч байсан залуу, Гантулгаас урьд нь авсан машины кроп муу тул авч ирсэн машинаар солих буюу дахин нэг машин арай хямдхан зарахаар тохиролцсон. Гантулга бид хоёрын үлдсэн машинууд тааруухан машин байсан учир зарах гээд 80 гаруй хоносон. Ингээд би нэг машинаа зарж Гантулга хоёр машин зарчихаад Гантулга надаас Дондогоо хоёулаа их шатлаа нэг машинаа барьцаанд алдчихаад мөнгө авч чадахгүй байна нийт 4 000 000 гаруй төгрөгийн зардал гарсан тул хоёулаа энэ зарсан машиныхаа мөнгийг дахин нэг удаа машин авч ирээд зараад алдагдлаа нөхье гэхээр нь би зөвшөөрсөн юм. Гэтэл Гантулга нь хоёр машиныхаа мөнгөөр ганцаар бие даан надаас салаад 4 машин аваад Казакстан улсруу явсан байсан. Би зарсан нэг машиныхаа мөнгийг “Наос” компанид талыг нь өгөөд миний хүү болох Ганбилэгтэй нотариатаар үлдсэн мөнгөн дээрээ гэрээ хийсэн юм. Өмнө нь авч явсан 4 ширхэг Соната 7 маркийн машинаас Дондогбаатар  нэг машиныг зарж үлдсэн 3 машин Гантулгын гараар орсон. Ингээд би хүү Ганбилэгийн хамтаар Гантулгаас хоёр машины 10,000 доллар авах гэтэл нийт 3 500 ам.доллар өгсөн.  Бид 3 машин оруулах гэж нийт 11 710 000 төгрөгний зардал гаргаж Казакстан улсад очсон бөгөөд машин зарах хугацаанд нийт 2 500 000 төгрөгийн зардал гаргасан. Бид уг 3 машиныг зарах гэж 14 500 000 төгрөгийн зарлага гарсан ба Соната 7 маркийн машиныг 6000 доллар буюу 11 400 000 төгрөг, Соната 6 маркийн хоёр машин тус бүр 3 500 доллараар буюу 13 300 000 төгрөг, нийт 27 800 000 төгрөгөөр зарж “Наос” компанид 22 000 000 төгрөгөөр бодож өгсөн ба 6 800 000 төгрөг үлдсэнийг зарлагаасаа хасаад 7 700 000 төгрөгийн алдагдалд орсон. Бид машины үндсэн мөнгийг гаргаад “Наос” компанид өгчихсөн байхад Б.Нямдорж биднээс машины дамын үнийг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, хариуцагч Ц.Дондогбаатар, Д.Ганбилэг нараас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 17 647 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нямдоржид олгож, талуудын хооронд байгуулагдсан  2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Дондогбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 02 сард тээвэр зуучийн "Наос" компаниас та манайд орж ирсэн  "Соната 7" маркийн 7 машиныг зараад өгөөч гэж гуйсны дагуу тус компанийг төлөөлөн менежер Б.Нямдорж бидэнтэй уулзаад уг асуудлаар хоорондоо ярилцаад амаар тохирч нэг бүрийг нь 5000 долларт бодож 7 машины нийт үнийг 31 000 доллараар тооцон авч бид 5ш машиныг, Гантулга 2ш машиныг нь тус тус авч явсан. Би "Наос" ХХКомпаний 5 машины төлбөрт нийт 24 450 долларыг тус компаний менежер Б.Нямдоржид буцаан төлөлт хийсэн. Бидний зүгээс компаний үндсэн мөнгийг төлж тооцоо дууссан байхад тухайн үед компанийн менежер байсан Б.Нямдорж нь одоо компанийн зүгээс биш хувиараа үндэслэлгүйгээр машины дамын үнийг нэхэмжилж байгааг болон  маргаж буй 7 машины жинхэнэ өмчлөгчийг нарийвчлан тогтоохгүйгээр анхан шатны шүүх хэргийг шийдсэнд гомдолтой. Шүүх талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Гэтэл талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ хийсэн гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. "Наос" ХХК нь өөрийн төлөөлөгч гэх Б.Нямдоржоор дамжуулан бэлэн мөнгө зээлсэн гэх хуурамч зээлийн гэрээг бидэнтэй байгуулсан.

Нэхэмжлэгч Б.Нямдоржтой анх аман гэрээг хийх үед хамтарч ажиллаж байсан, 2 машины төлбөр болох 6 500 доллар төлөөгүй Г.Гантулгыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шүүхэд удаа дараа бичгээр өгсөн боловч шүүх хүсэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд үндэслэлгүйгээр 17 647 500 төгрөг гаргуулж Б.Нямдоржид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн холбогдох заалтыг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг бүрэн тодруулж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Нямдорж нь хариуцагч Д.Ганбилэг, Ц.Дондогбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 647 500 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 7 ширхэг автомашины үнэ гаргуулна гэж тайлбарлажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “..,Б.Нямдоржоос зээл аваагүй, Наос ХХК-иас машинууд зарж өгөхөөр аваад 5 машины үнэ болох 24 450 ам.долларыг тус компанийн менежер Б.Нямдоржид өгсөн, үлдэх 2 машиныг Г.Гантулга авсан” гэж маргаж 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах агуулга бүхий сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх талуудын хооронд худалдах худалдан авах, зээлээр худалдах худалдан авах эсхүл даалгаврын гэрээний харилцааны аль нь үүссэнийг тодорхойлохгүй хэргийг шийдвэрлэснээс зохигчдын маргааны талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх, хэргийг шийдвэрлэх боломжгүй болжээ. 

 

Нэхэмжлэгч Б.Нямдорж нь маргааны зүйл болсон 7 автомашиныг өөрийн өмчлөлийн зүйл гэж, хариуцагч нар  “.., уг машинуудыг Наос ХХК-иас авсан” гэж зөрүүтэй  тайлбарласан. Хэргийн баримтаар уг 7 автомашин хэний өмч болох, ямар үндэслэлээр хариуцагч нарын эзэмшилд шилжсэн, нэхэмжлэгч Б.Нямдоржид иргэн Т.Бат-Эрдэнэ, Б.Сүхбаатар нараас шүүхэд төлөөлөхөөр олгосон итгэмжлэх хэрэгт хэрхэн хамааралтай болох нь тодорхойгүй. Түүнчлэн Чуй Абрахам болон Б.Сүхбаатар нараас гаргасан тодорхойлолт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 43 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлагад нийцээгүй байх тул уг хэргийн үйл баримтыг тогтооход хамааралтай нотлох баримт гэж үзэх боломжгүй юм.  

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Сиди бичлэгийг шүүх шинжлэн судалсан эсэх нь тодорхойгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар уг цахим мэдээллийн эх сурвалжийн агуулгыг тэмдэглэж бэхжүүлээгүй, баримттай холбоотой дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг мөн хуулийн 47 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэхгүй орхигдуулсан нь буруу байна.

 

Хариуцагч нар болон хариуцагчийн өмгөөлөгч нь хэргийн үйл баримтыг тодорхой мэдэх, 2 машиныг авсан гэх, маргааны зүйлтэй холбоотойгоор эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэн  Г.Гантулгыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг гаргасан боловч, шүүх хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь зохигчийн хуулиар олгогдсон эрхийг  ноцтой зөрчжээ.  /хх-15, 25 дугаар тал/

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар зохигчоос нотлох баримт гаргуулахаар шаардсан байх бөгөөд шүүхэд ирүүлсэн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг гэх Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хуулбар үнэн тэмдэг бүхий баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй.

 

Энэ хэрэгт Ж.Сэлэнгэ шүүгч ажиллагаа хийж байсан боловч Х.Энхзаяа шүүгч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар шүүх хуралдаан даргалагчийг томилсон захирамж хэрэгт авагдаагүй байгаа нь хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүний талаар тодорхой бус байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх  боломжгүй, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/04930 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Дондогбаатараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 188 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                    Ш.ОЮУНХАНД