| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/02167/И |
| Дугаар | 210/МА2026/00188 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2026/00188
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/08090 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
Зээлийн төлбөрт 300,470,978 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
*******-ийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зарлагын гүйлгээ хууль бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 236,057,401.19 төгрөг гаргуулах, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн БГ1205141964 тоот барьцааны гэрээний дагуу ******* улсын дугаартай, арлын ******* дугаартай, цагаан өнгийн суудлын зориулалттай Мерседес бенз /Мегсerdes benz/ маркийн автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн тооцооллыг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл тооцон зээлийн гэрээний үүрэгт 300,470,978 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.
1.2. ******* нь *******-тай 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ******* тоот автомашины зээлийн гэрээг байгуулж 92,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан. ******* тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр БГ1205141964 тоот барьцааны гэрээ байгуулж, ******* улсын дугаартай Мерседес бенз /Мегcedes benz/ C180 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, арлын ******* дугаартай, цагаан өнгийн суудлын зориулалттай автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нь дээр дурдсан зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн бөгөөд ******* тоот зээлийн гэрээний хувьд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 77,746,167.01 төгрөг, зээлийн хүү 73,567,882.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,442,359.13 төгрөг нийт 159,756,408 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд уг зээлийн гэрээний үүрэгт 159,756,408 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээгээр барьцаалсан хөрөнгөнөөс хангуулж өгнө үү.
1.3. Мөн ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг бэлэн мөнгө авсан тохиолдолд хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан. ******* тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 9,849,273.35 төгрөг, хүүнд 18,053,560.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,418,864.91 төгрөг, нийт 46,321,698.48 төгрөгийн өр төлбөртэй.
1.3. Улмаар дахин 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/120956848 тоот хосолсон валюттай алтан американ экспресс картын гэрээ байгуулж 5,000,000 төгрөг, 5,000 ам.долларын зээлийн эрхтэй кредит картыг бэлэн мөнгө авсан тохиолдолд хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар авсан. Тус ЗГ/120956848 тоот зээлийн гэрээний үүрэгт ам.долларын ханшийг 3,408.95 төгрөгөөр тооцож, ам.долларын үндсэн зээл 14,581,033.65 төгрөг, зээлийн хүү 29,716,567.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,236,813.22 төгрөг, нийт 70,534,413.98 төгрөг, 5,000,000 төгрөгийн зээлийн үндсэн зээл 5,081,904 төгрөг, зээлийн хүү 9,282,971.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,493,581.43 төгрөг, нийт 23,858,456.94 төгрөгийн өр төлбөртэй байна.
Иймд дээрх зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 300,470,978 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* нь нэхэмжлэлд дурдаж буй тус зээлийг хугацаандаа тогтмол төлж хариуцлагатай зээлийн гэрээний үүргийг биелүүлж байсан боловч *******-ийн буруутай үйлдлийн улмаас зээл тасалдсан тул нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас зээл төлөлт зогссон үеэс зээлийн гэрээний хүүг төлөх боломжгүй. Харин үндсэн зээлийг төлөхөд татгалзах зүйлгүй. Дэлхийн бүх улсад Ковид-19 цар тахал дэлгэрч, бүх улс хил хязгаараа хааж, хатуу хөл хорионы дэглэмд шилжиж, эдийн засгийн хүнд байдалд орсон. *******-аас авсан зээлээ төлөөд явж байсан боловч хувийн харилцах данс болох 1205141958 тоот дансанд байсан 48,000,000 төгрөгөөс зөвшөөрөлгүйгээр 43,614,878.56 төгрөгийн таталт хийж холбогдох хууль дүрмээ зөрчиж, миний эрхэнд ноцтой халдаж, автомашины зээл болон кредит картын зээл төлөх тооцоот төлөвлөгөөг тасалдуулснаар маргаан үүссэн болно. Миний зөвшөөрөлгүйгээр 2019 оны 05 дугаар сард татсан 43,614,878.56 төгрөгийг татаагүй байсан бол 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай зээл болон кредит картын зээл нь цаг тухайдаа зээл, зээлийн хүүнд төлөгдсөн бол өнөөдрийн их хэмжээний мөнгийг ******* нэхэмжлэхгүй байх байсныг шүүх анхаарна уу. Иргэний хуулийн 25 дугаар зүйлд хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээхээр заасан байх ба тухайн компани нь нүүрс тээвэр хийдэг автомашинуудаа барьцаалсан байдаг. Хуульд зааснаар картнаас татаж авсан rэх 43,614,878.56 төгрөг нь тухайн үеийн зээлийн төлбөрт төлөгдсөн гэж тооцвол шүүхэд нэхэмжлэл гаргасан тооцооллыг дахин шинээр тооцоолох шаардлага үүснэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар шүүхэд үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй атал өөрсдийн буруутай үйлдлээ огт дурдалгүй их хэмжээний төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 43,614,878.56 төгрөгийг хууль бусаар хувийн данснаас татсан асуудлаар банкинд гомдол гаргахад ******* өөрсдийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байсан атал энэхүү ээдрээт нөхцөл байдлаа засаж залруулж, харилцан тохиролцохгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч *******ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний агуулга:
3.1. ******* нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хуулийн этгээдийн өр төлбөрт иргэн *******ын данснаас эзэнд нь мэдэгдэлгүй 43,614,878.56 төгрөгийн суутгал хийсэн байна. Банкны тухай хууль, Иргэний хууль, аль ч хуулинд татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн өр төлбөрт иргэний эд хөрөнгийг дайчлан авч болдог зохицуулалт байхгүй байна. ******* нь зээлийн эргэн төлөлт, хүүний төлөлт нь хэвийн явж байх үед дээрхи суутгалыг хийснээр цаашид зээл, зээлийн хүү төлөлт, эргэн төлөлтийн график зөрчигдсөн үйлдэл нь *******ын буруугаас болоогүй, банкны буруутай үйл ажиллагаанаас болсон бөгөөд эргэн төлөлт болон хүү нэмэгдүүлсэн хүүний төлөлттэй холбогдон үүссэн тооцооллууд нь бүгд буруу, хууль бус тооцоолол болно.
Иймд *******-ийн 2019 оны 05 дүгээр сарын 23-ны өдрийн зарлагын гүйлгээ хууль бус болохыг тогтоож өгнө үү. Ийнхүү хууль бус болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойших хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч *******-ний сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
4.1. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ******* нь хариуцагч *******ын дансанд байсан мөнгөнөөс *******-ийн төлөх зээлийн төлбөрийг татсан. Тухайн үед ковидын үе таарч байсан. Банк мэдээж хүний данснаас шууд гүйлгээ хийхгүй. Ямар нэгэн байдлаар утсаар холбогддог учир харилцагчтай утсаар ярьж, зөвшөөрөл аваад тухайн гүйлгээг хийсэн. Хэрэв хариуцагч энэ гүйлгээг эс зөвшөөрсөн бол эрх бүхий байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан ч ийнхүү хандаагүй. Харин шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа маргасан. Иймд хариуцагч тухайн үед өр төлбөрийг барагдуулахтай холбоотой гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэж байна. Тухайн зээлийн төлбөрийг *******-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох иргэний хэргээр шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ хэрэгт хариуцагч ямар нэг маргаан гаргаагүй. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гүйлгээ хийснээс хойш 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хүү тооцооллыг харахад үндсэн зээл 82,159,805.64 төгрөг байх ба үүнээс хойш хариуцагч зээлийн өр төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч 5 удаагийн төлөлт хийсэн нь уг гүйлгээг хүлээн зөвшөөрснийг нотолж байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээний талуудынхаа хувьд санхүүгийн байдал нь илтэд доройтсон байгаа тохиолдолд банкинд мэдэгдээд зээлийн гэрээнээс татгалзах эрх нь хариуцагчид байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээнээс татгалзаагүй.
Иймд дээрх гүйлгээнээс болж зээлийн төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон гэдэг нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 220,921,552 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79,549,150 төгрөгийг болон ******* -ийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зарлагын гүйлгээ хууль бус болохыг тогтоолгож, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоололыг хүчингүйд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот зээлийн гэрээний үүрэгт 134,043,125 төгрөгийг сайн дураар төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд ******* улсын дугаартай, арлын ******* дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, суудлын зориулалттай ******* C180 маркийн автомашиныг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ******* -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,046,407 /1,338,238+70,200+405,883+232,086/ төгрөгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 1,262,558 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан ******* тоот зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасныг үндэслэн банк тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хууль болон гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзээд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж заасан байдаг. Банк хэдий тус шүүх хуралдаанд оролцоогүй ч хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан цааш үргэлжилж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлж, зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулах боломж бүрэн байсан. 102/ШЗ2022/16175 тоот шүүгчийн захирамжид *******, *******, ЗГ/120956848 тоот зээлийн гэрээнүүдийг цуцалж, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тодорхойлсон агуулга байхгүй байх тул зээлийн гэрээг цуцалсан гэж үзэхгүй байна. Уг захирамжаар тухайн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний харилцааг дүгнээгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн байхад 2022 онд шаардлага гаргаснаар гэрээ цуцлагдсан тул дээрх зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэж хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 25,713,283 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн зээлийн гэрээ цуцлах талаарх хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна.
6.2. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан ЗГ/120956848 тоот кредит картын гэрээний төгрөг болон ам.долларын хосолсон эрхтэй зээлийн тухайд 5,000,000 төгрөгийн зээлийн эрхийг кредит карт хэлбэрээр ашигласан болох нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Банк нэхэмжлэл гаргахдаа 379892*****5655 дугаартай (Американ экспресс) кредит картын хуулгыг ам.доллар болон төгрөгийн эрхийг ашигласан хуулгыг тус тусад нь гаргаж өгсөн. Хариуцагч ******* нь 379892*****5655 дугаартай кредит картын төгрөгийн эрхийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нээлгэж, ЗГ/120956848 тоот кредит картын гэрээний 2.1-д заасан нэг жилийн хураамж 350,000 төгрөгийг картын эрхээсээ суутгуулсан байдаг. Улмаар 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 29-ний хооронд 7 удаа бэлэн зарлага (АТМ-с бэлэн мөнгө авсан), 29 удаа бэлэн бус зарлага (посоор уншуулж) гаргаж нийт 5,134,404 төгрөгийг хувийн хэрэгцээндээ авч ашигласан нь картын хуулга болон гүйлгээний утгаар нотлогдож байна. Мөн 379892*****5655 дугаартай кредит картын эргэн төлөлтийг ******* нь 2019 оны 07 дугаар сарын 04-нд 1 удаа 52,500.00 төгрөгөөр төлсөн байдаг. Хариуцагч ******* нь 379892*****5655 дугаартай картын төгрөгийн эрхийг ашигласнаа хүлээн зөвшөөрдөг ба төлөх үндэслэлгүй гэж маргасан үйл баримт хэрэгт байхгүй болно. Иймд ЗГ/120956848 тоот кредит картын гэрээний төгрөгийн эрхэд хамаарах үндсэн зээлийн төлбөр 5,081,904 төгрөг, үндсэн хүү 9,282,971 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,493,581 төгрөг нийт 23,858,456 төгрөгөөр бүхэлд нь хангуулж өгнө үү.
6.3. Мөн талуудын хооронд байгуулсан *******, ЗГ/120956848 тоот кредит картын гэрээнүүдийг байгуулахдаа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу хариуцагчийн банканд гаргасан хүсэлтийн дагуу тэгш эрхийн үндсэн дээр, гэрээг хууран мэхлэх, хүч хэрэглэх болон өөр бусад аргаар нэг талын давуу эрхийн үндсэн дээр байгуулаагүй болно. Гэтэл шүүх *******, ЗГ/120956848 тоот кредит картуудын нэмэгдүүлсэн хүүг хасаж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд хариуцагч *******аас Голомт банктай байгуулсан *******, *******, ЗГ/120956848 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 300,470,978 төгрөг гаргуулах, ******* тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БГ1205141964 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд тухайн асуудлаар шүүхэд маргаантай байх үед зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зогсох уу, хэрэв зогсвол хэзээ зогсох вэ гэдэг асуудлаар маргасан. Мөн гэрээний нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлах эрх хэзээ үүсэх вэ гэх асуудлаар талууд мэтгэлцсэн. Автомашины зээлийн талаар дурдаж байна. Нэхэмжлэгч нь автомашины зээл 77,000,000 төгрөг, үндсэн хүү 73,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,000,000 төгрөг, 2024 оны орлого гэж 159,000,000 төгрөг, анх нэхэмжлэл гаргахдаа 118,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээнээс татгалзсан бөгөөд нэхэмжлэл гаргаснаас хойш нэмэгдүүлсэн хүү өгөхгүй гэх агуулгаар мэтгэлцсэн. Анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хязгаарлалт тавьсан. Тухайн үйл баримтын талаар би анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбар гаргасан. ******* шүүхэд нэхэмжлэл гаргаж ******* хариуцагчаар татагдах цаг хугацаанд талуудад тэгш эрх үйлчилнэ. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотолж, хариуцагч хариу тайлбар буюу татгалзлаа нотолж талуудад эрх үүрэг танилцуулснаар тэгш эрхийг зарчим үйлчилнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь зээлийн хүү, болон нэмэгдүүлсэн хүүг тооцож байгаа үйл баримт нь талуудын тэгш эрхийн зарчмыг зөрчиж байна. Иймд 3-4 удаа нэмэгдүүлсэн шаардлагад нь тайлбар гаргахдаа ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхэлж гэрээний хүү, алдангийг зогсоох эсэх асуудалд шүүх бүрэлдэхүүнийг анхаарч өгөхийг хүссэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй байгаа нь нэхэмжлэгч санаатайгаар нэхэмжлэлээ буцаалгаж, хэдэн жилийн дараа дахин нэхэмжлэл гаргах гэж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийг төлбөрөө төлөхгүй учир шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү авах зорилготой байна. Иймд шүүхийн шийдвэр бодитой, биелэгдэх боломжтой байх нөхцөл алдагдаж байна.
7.2. ******* нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү гэж 100,000,000 гаруй төгрөгийг үндэслэлгүйгээр үндсэн төлбөрөөс гадна нэхэмжилсэн. Хэрэв тухайн нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэр гаргах бол цаашид хариуцагч хэдэн жилийн хугацаанд хөдөлмөрлөж тухайн төлбөрийг төлж барагдуулах вэ гэдэг асуудал үүснэ. Хариуцагч ******* нь нүүрс тээвэрлэдэг автомашинуудыг залиланд алдсан бөгөөд энэ талаарх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
8.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь хүний хувийн данснаас түүний зөвшөөрөлгүйгээр 42,000,000 төгрөгийг өөрийнх нь үүсгэн байгуулсан компанийн өр төлбөрт татаж авсан. ******* нь тухайн иргэнээс зөвшөөрөл авсан үйл баримтыг нотлох ёстой. Иргэн болон хуулийн этгээд нар нь тусдаа бөгөөд хэрэв дээр дурдсанаар өр төлбөрт мөнгө татаж авсан бол тухайн иргэний данснаас компанийн өр төлбөрийг татаж авсан үйл баримтаа нотлох ёстой. Тухайн үйл баримтыг нотлоогүй учир 42,000,000 төгрөгийг татаж авсан цаг үед автомашины зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нь зогсоно. Учир нь банкны үйл ажиллагаа нь итгэлцлийн үндсэн дээр явдаг. Банк нь харилцагч нараас мөнгө татаж, татсан мөнгөө зээл хэлбэрээр олгож, бусад хэлбэрээр үйл ажиллагааны орлого олгоно. Гэтэл ******* нь харилцагч этгээдийн хувийн данснаас түүний зөвшөөрөлгүйгээр мөнгө татаж байгаа явдал нь ******* хүү болон нэмэгдүүлсэн хүүг авах эрхээ энэ үед алдсан гэж мэтгэлцэж байгаа юм. ******* нь хариуцагчаар татагдсан үеэс эхэлж татгалзлаа нотлохын тулд нэхэмжлэгч *******-ийг тухайн компанийн өр төлбөрийг *******ын данснаас татаж авах үедээ түүнээс зөвшөөрөл авсан эсэх үйл баримтыг нотлох шаардлагатай учир энэ талаарх үйл баримтыг нотлуулъя гэж хариуцагчийн зүгээс хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, *******-ийн Сансар дахь салбарын эрхлэгч, менежер, теллер нарыг гэрчээр оролцуулахаар хүсэлт гаргасан. Шүүх тус хүсэлтийг хангасан боловч эдгээр гэрчүүд нь олдохгүй байна гэх үндэслэлээр хүсэлт хангасан захирамжийг хүчингүй болгосон. Бид тус захирамжид гомдол гаргасан. Анхан шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тухайн захирамжид гаргасан гомдлыг хангасан. Тухайн үед н.Хулан шүүгч шүүх бүрэлдэхүүнд байсан. Шүүх бүрэлдэхүүн надаас та татгалзлаа нотлох гэж байгаа юм байна. Та *******-ийн гэрчүүдийг дуудах гэж байгаа бол тухайн гэрчүүдийг олж ирэх ажиллагааг хийсэн үү гэж асуусан. Удаа дараа ******* дээр очиж тухайн ажилчдын нэрсийг өг, бид хүний хувийн данснаас хэрхэн мөнгө татаж авсан үйл баримтыг нотолж, тухайн ажилчдыг гэрчээр оруулах шаардлагатай байна гэж хүсэлт гаргасан боловч ******* иргэний хувийн мэдээллийг өгөхгүй гэсэн. Давж заалдах шатны шүүх тус захирамжийг хүчингүй болгосон бөгөөд хариуцагч нь татгалзлаа нотлох гэж байгаа учир гэрч нарыг асуух нь зүйтэй гэх агуулгатай тогтоол гаргаж хэрэгжсэн. Шүүх хуралдаанд гэрч ирээгүй үндэслэлээр хуралдаан удаа дараа хойшилсон. Энэ агуулгаар ******* нь зээлийн хүүг нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмж байсан.
8.2. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзлаа нотлохын тулд удаа дараа шүүх хуралдаан хойшилж, холбогдох ажиллагаануудыг хийсэн. Энэ хугацаан дахь нэмэгдүүлсэн хүүг ******* нь авна гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлдэг. *******-ийн Сансар дахь салбарын захирал ******* олдоогүй. Тухайн үед шүүх хуралдаанд үргэлжилнэ гэхэд би давж заалдах шатны шүүхийн тогтоол хүчинтэй байгаа. 3 гэрч асуух ёстой бөгөөд 1 гэрч олдохгүй байна гэж хэлсэн. Хэрэв тухайн 1 этгээдийг асуухгүй бол шүүгч захирамжаа хүчингүй болгох ёстой. Өөрөөр хэлбэл, шүүгч өөрийн гаргасан хүчин төгөлдөр захирамж, тогтоолыг хүчингүй болгож байж тухайн ажиллагааг цааш үргэлжилнэ. Тухайн тогтоол хүчинтэй байхад энэ тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай талаар хэлэхэд тухайн гэрч хайх ажиллагааг хийхэд олдоогүй гэх агуулгатай тайлбар өгсөн. Энэ тохиолдол шүүгч тухайн захирамж, тогтоолыг хүчингүй болгосноор тухайн процесс дуусгавар болно. Гэтэл шүүх хуралдаан цааш үргэлжилсэн бөгөөд энэ нь процессын зөрчил болж байгаа талаар хэлсэн. Тухайн зээлийг шаардах эрх хэзээ үүсэх вэ. Гэрээний нэг тал төлбөрөө төлөөгүй нөхцөлд нөгөө тал шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа процесс нь талуудын байгуулсан гэрээний нөхцөл биелэгдэхгүй байна гэсэн үг. Тухайн гэрээг цуцалъя гэж шүүхэд хандаж байгаа цаг мөчид гэрээний нэг тал тухайн гэрээнээс татгалзаж байгаа хэлбэр гэж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүд байдаг. Энэ талаар би нэхэмжлэлдээ дурдсан. Иймд ******* нь талуудын байгуулсан гэрээнээс татгалзаж байгаа. Тус гэрээнд зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд ноцтой зөрчилд тооцно гэж заасан. Ноцтой зөрчил гэдэг нь гэрээнд заасан хуваарийг зөрчих явдал юм. Ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Монгол банкны мэдээллийн санд тухайн зөрчил гаргасан этгээдийг бүртгэдэг. Энэ цаг үед би нотлох баримтыг гаргуулъя гэх агуулгатай хүсэлт өгсөн бөгөөд шүүх тухайн нотлох баримт хэрэгт ач холбогдолгүй гэсэн. Хариуцагчийн зүгээс *******-ийн үндэслэлгүй нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүг багасгах зорилготой тухайн хүсэлтийг гаргасан. Тухайн нотлох баримтыг гаргуулахаас татгалзсан үйл баримт нь хариуцагчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Дээр дурдсан 2 үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гарсан. Автомашины зээлийн төлбөрт 125,588,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч тал энэ талаар дурдаж байна. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхэлж гэрээний нэг тал гэрээг цуцлах шийдвэр гаргасан байна гэж дүгнэсэн атал 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд тооцоо хийсэн. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 118,804,066 төгрөгийг автомашины төлбөрт гаргуулъя гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байсан. Анхан шатны шүүх энэ агуулгаар гэрээ цуцлагдсан байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч зээлийн гэрээнд 11,680 ам.доллар болон 46,158,566 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хэрэв тухайн цаг хугацаанд гэрээний нэг тал гэрээг цуцалсан гэж үзвэл гэрээний нийт төлбөр 250,000,000 төгрөг болно. Гэтэл анхан шатны шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэлийг буцаасан бөгөөд тухайн цаг үеэс талуудын байгуулсан гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн хэр нь нэхэмжлэгчийн 2024 онд нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд тооцооллыг хийсэн нь учир дутагдалтай байна.
8.3. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн агуулга нь банк харилцагчийн зөвшөөрөлгүй түүний данснаас мөнгө татсан үйл баримтад маргасан байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрлөөр түүний данснаас мөнгө татсан гэх үйл баримтыг нотлоогүй. Хэрэв нэхэмжлэгч хариуцагчийн зөвшөөрлөөр мөнгө татсан үйл баримтыг нотолсон тохиолдолд хариуцагчид автомашины төлбөрийг татсан үеэс хойш нэмэгдүүлсэн болон үндсэн хүүг төлөх үүрэг нь байгаа. Гэхдээ тухайн гэрээ 4 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусах хүртэл тухайн төлбөрийг төлөх ёстой байсан гэж үзэж байна. Төлбөрийн тооцооллын аль хэсгийг зөвшөөрөхгүй байгаа талаараа гомдолдоо дэлгэрэнгүй дурдсан. ******* нь *******-аас 800,000,000 төгрөгийн зээл авч 5 автомашин авсан бөгөөд тухайн автомашинуудыг залилуулсан. Тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шүүх хуралдаан болоход нэхэмжлэгч тал тус хуралдаанд оролцоогүй бөгөөд тухайн автомашинуудыг олж авах талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. ******* нь 2020 онд залилуулсан бөгөөд түүнээс хойш төлбөр төлөх боломжгүй болсон. Энэ талаарх үйл баримтад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Эдгээр нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзэх ёстой байсан бөгөөд шүүх энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдийг бичгээр гаргасан гомдолдоо тодорхой дурдсан. Шүүх нь банканд давуу байдал олгож байгаа нь хэр шударга явдал вэ. Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хууль гарахаас өмнө иргэн хүн бусдад зээл олгоход шүүх энэ асуудлыг дараах байдлаар шийдвэрлэдэг байсан. Хэрэв талууд 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан бол тус гэрээг хугацаанд нь дуусгаж, энэ хугацааны хүү болон алдангийг төлүүлэхээр шийдвэрлэдэг байсан. Гэтэл ******* нь 6 жилийн хүү, нэмэгдүүлсэн хүү авч байна. Иймд тухайн хэргийг хууль ёсны хүрээнд шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
9.1. ******* -ийн нэхэмжлэлтэй ******* болон ******* нарт холбогдох иргэний хэрэг өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа төлөөлөгч тус шүүх хуралд нь оролцсон. Тухайн үед 42,000,000 төгрөгийн төлбөр төлөх асуудалд хариуцагч нар маргасан үйл баримт байдаггүй. Тус хэрэг нь анхан болон давж заалдах, Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн учир дахин нотлох шаардлагагүй гэх үндэслэлээр хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг ******* 2022 оны 10 дугаар сард цуцалсан гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаар ойлгохгүй байна. Талуудын байгуулсан 205,000,000 төгрөгийн гэрээг дүгнэхдээ Банк, эрх бүхий этгээд зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр банк нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй. Анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцлагдсан гэж дүгнээгүй учир банк нэхэмжлэлийн шаардлагаа хууль заасан үндэслэлээр нэмэгдүүлсэн. Банк шүүхээс гаргасан захирамжийн дагуу цаг тухайд нь нотлох баримтыг гаргаж өгч байсан. Иймд анхан шатны шүүх нэг талыг баримталж шийдвэрлэж гаргасан гэж хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэл үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сард автомашины зээлийн гэрээг цуцлагдсан гэж дүгнэсэн хэр нь бусад 2 гэрээг цуцлагдсан гэж үзээгүй. 2022 оны 10 дугаар сард анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2022 оны 11 дүгээр сард банк дахин нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг үндэслэж шүүх хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан. Хэрэв тухайн үед анхан шатны шүүх гэрээг дуусгавар болгосон гэж дүгнэсэн бол 2023 онд дахин хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан талаар ойлгохгүй байна. Энэ хэрэгт хариуцагч талын 2 төлөөлөгч оролцож байсан бөгөөд үйл баримтыг мэдэж байсан. Иймд хариуцагч талын тайлбарласнаар шаардах эрх хэмжээ, хязгааргүй байна гэх үндэслэл үндэслэлгүй байна.
9.2. Банк нь зээлийн гэрээний шаардах эрхийг байнга хэрэгжүүлж байсан. Хариуцагч тал зөвхөн банк шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна. Банк шаардах эрхээ хэрэгжүүлсэн бөгөөд хариуцагч ямар шалтгааны улмаас гэрээ цуцлах талаар банкийг дуудаагүй вэ. Хариуцагч талд гэрээ цуцлах үндэслэл байсан. Хариуцагч ******* нь зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн талаараа ******* -д хэлж байгаагүй. Энэ талаар хариуцагч тал өөрсдийн ойлголтоор тайлбарлаж байх бөгөөд тус тайлбар үндэслэлгүй байна. 2022 оны хэргийн материалд 3 зээлийн гэрээ, 4 дансны харилцааны үйл баримт байсан учир тус зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иймд ******* нь шаардах эрхийн дээд хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан ******* тоот зээлийн гэрээний үүрэгт 159,756,408 төгрөг гаргуулах, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн БГ1205141964 тоот барьцааны гэрээний дагуу ******* улсын дугаартай, арлын ******* дугаартай, цагаан өнгийн суудлын зориулалттай ******* автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан ******* тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт 46,321,698 төгрөг гаргуулах, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ЗГ/120956848 тоот хосолсон валюттай алтан американ экспресс картын гэрээний үүрэгт ам.долларын зээлийн үүрэгт 70,534,413.98 төгрөг, төгрөгийн зээлийн үүрэгт 23,858,456.94 төгрөг, нийт 300,470,978 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1. Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот Автомашины зээлийн гэрээ-г нэг талаас зээлдүүлэгч *******, нөгөө талаас зээлдэгч ******* нар байгуулж, тус гэрээгээр зээлдүүлэгч нь 92,000,000 төгрөгийг, нэг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, урьдчилгаа төлбөрийн хэмжээ 22.03 хувь, зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцлийг тус тус тохиролцсон. /1хх 9-10/
3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр БГ1205141964 тоот Барьцааны гэрээ байгуулж, тус гэрээгээр зээлдэгч нь ******* улсын дугаартай ******* C180 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, арлын ******* дугаартай, цагаан өнгийн суудлын зориулалттай автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан./1хх 11-13/
3.3. Зохигч талууд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг бэлэн мөнгө авсан тохиолдолд хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай байхаар тохиролцсон. /1хх 14/
3.4. Талууд дахин 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/120956848 тоот кредит картын гэрээ байгуулж, уг гэрээгээр 24 сарын хугацаатай, 5,000 ам.доллар, 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг бэлэн мөнгө авсан тохиолдолд хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувийн хүүтэй байх нөхцлийг харилцан тохиролцсон. /1хх 15-17/
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг тооцохдоо зөрүүтэй тооцсон, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцсон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулна.
5.1. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот Автомашины зээлийн гэрээ-ний хувьд зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний дагуу 92,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлдэгч буюу хариуцагч *******ын эзэмшлийн ******* дахь 1205141958 тоот дансанд дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн ба хариуцагч ******* нь тус зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд үндсэн зээл 14,253,832.99 төгрөг, зээлийн хүүнд 12,770,378.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,076.01 төгрөг, нийт 27,024,210 төгрөг төлсөн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1хх 19, 205/
******* нь дээрх гэрээний үүргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар тодорхойлж, үндсэн зээл 77,746,167.01 төгрөг, зээлийн хүү 73,567,882.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,442,359.13 төгрөг, нийт 159,756,408 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Анхан шатны шүүх хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаанд болон зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байхад нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан, гэрээг цуцалснаас хойших хугацаанд бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх талаар эрх зүйн дүгнэлт үндэслэлгүй.
Тодруулбал, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Иймд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот Автомашины зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 77,746,167 төгрөг, үндсэн хүү 73,567,882 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,442,359 төгрөг, нийт 159,756,408 төгрөгийг хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт гаргуулж, нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.
5.2. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр хариуцагч ******* нь дээрх 10,000,000 төгрөгийн эрх бүхий кредит картыг эзэмшиж, бэлэн болон бэлэн бусаар гүйлгээ, зарлага гаргасан үйл баримтад талууд маргаагүй ба хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд 30,553,891 төгрөг, хүүнд 1,349,698 төгрөг, эрх хэтрүүлсний хүүнд 2,714 төгрөг, шимтгэл 47,805 төгрөг тус тус төлжээ./1хх 210-211/
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар ******* нь тухайн зээлийн гэрээний үүргийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш биелүүлээгүй, үүргийн зөрчил гаргасан байх тул гэрээнд заасны дагуу хүү, хуульд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг тооцооллыг ирүүлээгүй, хэрэгт авагдсан дансны хуулгаар уг үйл баримтыг тогтоох боломжгүй гэж зээлийн хүүг 2,75 хувиар тооцсон нь талуудын тохиролцоонд нийцэхгүй байна. Учир нь, талууд гэрээндээ зээлийн хүүг хэрхэн тооцох талаар харилцан тохиролцох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдал бөгөөд нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-ний үүрэгт хариуцагч *******аас үндсэн зээлд 9,849,273.35 төгрөг, хүүнд 18,053,560.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,418,864.91 төгрөг, нийт 46,321,617 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хүү, нэмэгдүүлсэн хүү нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасанд нийцэх ёстой.
Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн хүүг тооцохдоо эрх хэтрүүлсний хүү гэж тооцсон, нэмэгдүүлсэн хүүг хууль буюу гэрээнд зааснаас өөрөөр тооцоолсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, үндсэн зээл 9,849,273 төгрөг, хүү 14,254,758 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,850,950 төгрөг, нийт 26,954,982 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
5.3. Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/120956848 тоот кредит картын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 24 сарын хугацаатай, 5,000 ам.доллар, 5,000,000 төгрөгийн зээлийн эрхийг зээлдэгч *******т кредит картны хэлбэрээр ашиглах эрхийг олгосон байх ба тус гэрээний дагуу ******* нь 379892*****5655, 622445*****1957 дугаар картыг эзэмшиж, ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан кредит картын тооцооллын хүснэгтээр нотлогдож байхад анхан шатны шүүхээс 5,000,000 төгрөгийн зээлийн эрхийг кредит карт хэлбэрээр ашиглахаар тусгаагүй, зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэргийн баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.
Тодруулбал, хэрэгт авагдсан 379892*****5655 тоот картны дансны хуулгаар хариуцагч ******* нь дээрх ам.долларын картыг эзэмшиж, бэлнээр болон бэлэн бусаар гүйлгээ, зарлага гаргасан, мөн хариуцагч ******* нь картын дансны хуулгаар 5,000,000 төгрөгийн зээлийн эрхийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд кредит карт хэлбэрээр ашигласан боловч тухайн зээлийг төлөөгүй байна. /2хх 21-22/
Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасныг зөрчиж, гэрээний үүргээ гүйцэтгээгүй байх тул хариуцагч *******аас 5,000 ам.долларын зээлийн эрхтэй картын зээлийн үлдэгдлийг нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн кредит картын тооцооллын хүснэгтийг үндэслэн үндсэн зээл 4,266.78 ам.доллар, үндсэн хүү 6,239.74 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1,247.94 ам.доллар, нийт 11 754.46 ам.долларыг 1 ам.долларыг 3,408.95 төгрөгөөр /Монгол банкны 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ханш/ тооцож, зээлийн төлбөр 14,538,528 төгрөг, хүү 21,262,512 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,252,502 төгрөг, нийт 40,053,542 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгоно.
Мөн талуудын хооронд байгуулагдсан 5,000,000 төгрөгийн кредит картын үндсэн зээл 4,784,304 төгрөг, зээлийн хүү 7,323,077 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,464,615 төгрөг, нийт 13,571,995 төгрөгийг хариуцагч нь төлөх үүрэгтэй.
6. Хариуцагч талын дараах үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
6.1. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр харилцагчийн зөвшөөрөлгүйгээр түүний дансанд байсан мөнгөн хөрөнгийг дур мэдэн өөр зээлийн төлбөрт суутгасны улмаас зээлийн гэрээнүүдийн төлөлт тасалдсанд, хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдэхэд нэхэмжлэгч буруутай гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргасан боловч хариуцагч нь хууль бусаар мөнгөн хөрөнгийг суутгасан талаар, гэрээнээс татгалзах талаар банкинд хүсэлт, гомдол гаргасан болох нь тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
6.2. Анхан шатны шүүх *******-ийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зарлагын гүйлгээ хууль бус болохыг тогтоолгож, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг хүчингүйд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан баримт /зээлийн төлбөр суутгах шийдвэр, зээлийн дансны хуулга/, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч *******ын эзэмшлийн ******* дахь 1205141958 тоот данснаас 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 42,114,578 төгрөгийн зарлага Зээл төлөв:1205141951 гэсэн гүйлгээний утгатайгаар шилжсэн, 1205141951 тоот *******-ийн зээлийн дансны хуулгаар 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1205141958 тоот данснаас 42,114,578 төгрөгийг 25,562,065.17 төгрөг зээлийн төлбөрт суутгав, 102,700.66 төгрөг нэмэгдүүлсэн хүү төлөв, 16,449,812.73 төгрөг үндсэн хүү төлөв гэсэн гүйлгээний утгатайгаар суутгагдсан болох нь тогтоогддог. /1хх 94/
Тодруулбал, хариуцагч ******* нь *******-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байх бөгөөд ******* болон *******-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ЗГ1205141951 дугаартай 842,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулагдсан байна. /1хх 91-93/ Энэхүү зээлийн гэрээний төлбөрийн үүрэгтэй холбоотой маргаан буюу *******-ийн нэхэмжлэлтэй *******, *******, *******, нарт холбогдох зээлийн төлбөрт 1,024,707,745.93 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/01581 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1722 дугаар магадлалаар хянан шийдвэрлэсэн байх бөгөөд тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1хх 96-106/
Дээрх нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд хариуцагчийг төлөөлж ******* оролцсон байхаас гадна тухайн хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагчийн маргаж буй 42,114,578.56 төгрөгийн зарлага нь *******-ийн төлвөл зохих төлбөрөөс хасагдсан байна. Өөрөөр хэлбэл, дээрх шийдвэрт 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш энэ өдрийг хүртэл хугацаанд төлөлт огт хийгээгүй болох нь зохигч талуудын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна гэж дүгнээд ЗГ1205141951 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 743,764,709.90 төгрөг гэсэн нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1205141958 тоот данснаас 42,114,578 төгрөгийг суутгасны дараах 743,764,705.90 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ. /1хх 94/
Түүнчлэн, хэргийн 1 дүгээр хавтас 110 дахь талд авагдсан 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн банкны зээлийн төвийн зээлийн төлбөр суутгах шийдвэрээр *******ын эзэмшлийн ******* дахь 1205141958 тоот данснаас *******-ийн 1205141951 тоот данс руу зээлийн төлбөрт суутгав гэх утгатай 42,114,578.56 төгрөгийг шилжүүлж, харилцагчийн хүсэлтээр *******ын харилцах данснаас зээлийн төлбөр суутгав гэх нэмэлт тайлбарыг бичиж, салбар бизнес төвийн захирал Б.Энхдолгион, харилцааны ахлах менежер *******, харилцааны менежер ******* гэх гарын үсэг зурагдсан байна. /1хх 110/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг зөв гэж үзнэ.
6.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хүчин төгөлдөр захирамжийн биелэлтийг хангаагүй, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, хариуцагчийн татгалзлаа нотлох эрхийг хязгаарласан гэсэн боловч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШЗ2024/07881 дугаартай захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гэрч оролцуулах хүсэлтийг хангаж, гэрчээр н.Оргилболд, н.Төгсжаргал, ******* нарыг дуудаж мэдүүлэг авахаар шийдвэрлэж, гэрчээр *******, *******ын нараас мэдүүлэг авч, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан, /1хх 232-245, 2хх 128-134/, гэрч С.Энхдолгионыг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн боловч гэрч нь шүүхэд ирүүлсэн хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудсаар тогтоогдсон тул хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгах үндэслэлгүй.
Мөн хариуцагчийн нотлох баримт гаргуулах тухай 2024 оны 04 дүгээр сарын 12-ны хүсэлтэд нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тайлбар ирүүлсэн /1хх161/, мөн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2024/08895 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасанд хамаарахгүй үндэслэлээр хангахгүй орхисон /1хх 178/ нь хууль зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
7. Давж заалдах шатны шүүх зохигчдын гомдолд дурдсан үндэслэлэээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт шаардсан үнийн дүнг буруу бичсэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тусгаагүйг дурдав.
8. Дээр дурдсан үндэслэлээр, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/08090 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 240,336,928 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,144,050 төгрөгт холбогдох хэсэг болон ******* -ийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зарлагын гүйлгээ хууль бус болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөлт оруулж,
2 дах заалтыг ...134,043,125 төгрөг гэснийг ...159,756,408 төгрөг гэж,
3 дахь заалтыг ...1,262,558 төгрөг гэснийг ...1,359,634.64 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 555,696 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч талаас төлсөн 621,874 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Д.ХУЛАН